Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 00272

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 1-10 тоотод оршин суух, 1962 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, Боржигон овогт Дашпилийн Нэргүйгийн хүсэлттэй /РД:МИ62042501/

Хэрх тосгоны хүүхдийн цэцэрлэгт ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1983 оны 06 дугаар сард багшийн  их сургуулийн хөгжмийн багшийн ангийг төгссөн юм. Сургууль төгсөхөд намайг Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн 10 жилийн дээд дунд сургуульд дуу хөгжмийн багшаар томилсон боловч би ар гэрийн гачигдлын улмаас тэр байгуулагад очиж ерөөсөө ажиллаагүй. Тэгээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар 1983 оны 07 дугаар сард ажилд орж тасралтгүй 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр Хэрх тосгоны цэцэрлэгт ажилд орсон тушаалыг бичсэн байгаа боловч уг тушаал нь холбогдох газруудын архиваас шүүлгэхэд олдохгүй байгаа тул би энэ ажилласан жилээрээ хохироход хүрээд байна. Иймд миний Хэрх тосгоны цэцэрлэгт ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Боржигон овогт Дашпилийн Нэргүйг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хүүхдийн цэцэрлэгт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ¹ 207 дугаартай ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын 2.-д Д.Нэргүйг 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Шаамар сумын 8 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар томилсугай гэснээр болон Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсээс Д.Нэргүйд 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон ¹ 046265 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, хамт ажиллаж байсан Л.Оюунчимэг, Ч.Эрдэнэбилэг, Б.Нансалмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Мандал сумын Хэрх тосгоны хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Д.Нэргүйгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Дашпилийн Нэргүйг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хүүхдийн цэцэрлэгт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Нэргүйгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.