| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/08793/И |
| Дугаар | 210/МА2025/00577 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00577
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/01713 дугаар шийдвэртэй,
*******-ны нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
801,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 801,520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 801, 802, 803, 804 дүгээр байрнуудын оршин суугчдын байгуулсан *******-нд 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон тул тус СӨХ-ны төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй.
4. Хариуцагч ******* нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* орон сууцны өмчлөгч болох талаар талууд маргаагүй, тэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
5. *******-ны бүх гишүүдийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/24 дугаартай тогтоолоор төлбөр авах хэмжээг СӨХ-ны үйл ажиллагааны зардлын төлбөрийг 79,900 төгрөг, гараашийн төлбөр 21,500 төгрөг, засвар үйлчилгээ, урсгал засварын төлбөрийг м.кв тутамд 200 төгрөг байхаар тус тус тогтоожээ. Уг тогтоол хүчин төгөлдөр байна.
5.1. Дээрх тогтоолын дагуу сар болгон төлөх зардлын хэмжээ 101,400 /79,900+21,500/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 100,190 төгрөгөөр нэхэмжлэлээ тодорхойлжээ. Улмаар хариуцагч ******* нь 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарыг дуустал 8 сарын төлбөрт 812,800 / 100,190* 8сар/ төгрөг төлөхөөр байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 801,520 төгрөг гэж тодорхойлсон хэмжээгээр хариуцагчийн төлсөн 521,600 /456,400+65,200/ төгрөг төлснийг хасч тооцвол тэрээр зардалд 291,200 төгрөг төлөөгүй байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч *******ыг 279,920 төгрөг төлөөгүй гэж дүгнэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байх бөгөөд хариуцагчийн гаргасан гомдлоор түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.
6.1. Нэхэмжлэгч *******-ны гаргасан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлд шүүх 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
6.2. Хариуцагч *******т 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, түүнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно. гэж заасан байх ба тэрээр 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр буюу 3 сар орчим хугацааны дараа сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/01713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЗОЛЗАЯА