Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 562

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч С.Оюунжаргал,

          Шүүгдэгч Б.М/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.М-т холбогдох хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Хөх майдар” ХХК-нд барилгачин ажилтай,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

        Яллагдагч Б.М нь цахилгаанаар ажилладаг унадаг дугуй унаж явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-  д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 16 настай М.Оюун-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн, Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

        Шүүгдэгч Б.М нь цахилгаанаар ажилладаг унадаг дугуй унаж явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 16 настай М.Оюун-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн, Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч М.Оюун-Эрдэнэд хохирол учирсан байх тул Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.   

         Шүүгдэгч Б.М-ны гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

          Эрүүгийн   хэргээс:              

         Насанд хүрээгүй хохирогч М.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны 19 цаг 30 минутын орчимд найз Баясаа болон Сийлэгмаа нартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Арслантай гүүрний хойноос урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зорчих хэсгийн 3 эгнээнд явж байхад ертөнцийн зүгээр баруун гар талаас унадаг дугуйтай хүн ирээд намайг мөргөсөн, тухайн үедээ газарт зүүн гар талын эрхий хуруу хэсгээр дараад газарт унасан юм шиг байна лээ, их л хурдан болоод явчихсан. Тэр унадаг дугуйтай хүн бас газарт уначихсан босож ирээд намайг босгоод замын хажуу руу гаргасан. Тэгээд бид 3-ыг Сайд нарын 2 дугаар эмнэлэг рүү очоод байж бай гээд зам дээрээс таксинд суулгаж явуулсан. ...тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлээд нөгөө ахыг эмнэлэг дээр 1 цаг гаруй хүлээж сууж байгаад ирэхгүй байхаар нь найзуудтайгаа гэртээ ирсэн. Тэгээд тухайн орой эгчдээ хэлсний дараа Төмөрчөдөр гээд хүргэн ах манайд ирээд бид 4 замын цагдаад өргөдөл бичиж өгсөн. Ослын улмаас нуруу болон толгой хүзүү өвддөг болсон, мөн зүүн гарын эрхий хуруу зовиуртай байгаа, гомдолтой байна зүүн гар хугарснаас болж 7 хоног хичээлдээ явж чадаагүй. Би ээжийн картыг авч ойр зуурын эм тариа, таксинд хэрэглэж байсан, картнаас такси, хоол, эмчийн сангаас авсан мөнгө гээд 1.427.990 төгрөгийг хэрэглэсэн, одоо энэ мөнгөн дээр физик эмчилгээний мөнгө нийлээд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна, би гэмтлийн эмнэлэг болон өөр бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж зургаа авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 11 дүгээр хуудас/,                

          Тээврийн Цагдаагий албанд гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар худас/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, Осол, хэрэг гарсан газар дээр  хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 11-13 дугаар хуудас/, хохирлын тооцооны баримтууд /хх-ийн 55-61 дүгээр хуудас/,

               Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “М.Оюун-Эрдэнийн нуруу болон толгой өвдөж байгаа, мөн эрхий хуруу зовиуртай, нийт 1.500.000 төгрөг зарцуулсан ба физик эмчилгээнд явуулах шаардлагатай байгаа, хохирол мөнгөө барагдуулчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

         

          Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 216/1205 дугаартай: “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Арслантай гүүрний явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүн явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй болно’’ гэх албан бичиг /хх-ийн 48 дугаар хуудас/,

             Замын хөдөлгөөний удирдлагын төвийн /НӨҮГ/ 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн: “2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цаг 35 минутын орчим явган зорчигч М.Оюун-Эрдэнийг унадаг дугуйтай хүн мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх зам тээврийн ослын холбогдолтой мэдээлэл байхгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 46 дугаар хуудас/,

            Гэрч Б.Сийлэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэмтлийн эмнэлэг дээр очоод М.Оюун-Эрдэнийн зургийг авахуулсан чинь зүүн гарын хуруу хугарсан байна гээд гипс тавьж өгсөн, дугуйтай явж байгаад мөргөсөн залуу гэмтлийн эмнэлэгт араас чинь очно гээд салсан, эмнэлэг дээр бараг 1 цаг гаран болоход тэр дугуйтай ах ирээгүй, гэмтлийн эмнэлгээс такси бариад М.Оюун-Эрдэнийн гэрт очоод болсон асуудлыг хэлсэн чинь ах нь цуг явж цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

         Шинжээчийн “М.Оюун-Эрдэнийн биед зүүн гарын эрхий хурууны 2-р шивнүүрийн далд хугарал, тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 4253 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         Иймд шүүгдэгч Б.М-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Эрүүгийн   хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

     Ял шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, “Хөх Майдар” ХХК-ийн ажлын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М-ны үйлдэлд үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Хохирогч М.Оюун-Эрдэнэ “Б.М нь хохирлыг төлж барагдуулсан тул

цаашид гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.                   

             Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Б.М-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.М-ыг шүүхээс оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.М торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ