Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00641

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01268 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06599 тоот захирамжаар "******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2,025,916,870 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5,143,767 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******,*******д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны зүйл болох ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, хороо 11, *******,******* тоот хаягт байршилтай 298 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн хороо, ******* гудамж, байр хаягт байрлах 1,025.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, ХХК-иар 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулахад үл хөдлөх хөрөнгүүдийг илт бага үнээр үнэлсэн байна.

1.3. Өөрөөр хэлбэл том талбайтай газартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, төвд байрлах, төв зам дагуу байршилтай, үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн. Энэ нь компанид эргээд өртэй үлдэх эрсдэл үүсч байна.

Иймд ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дугээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/06599 дугаар захирамжаар "*******" ХХК-иас 2,025916,870 төгрөгийг гаргуулж **************"-д олгохоор шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18261603 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч ******* ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн боловч төлөх талаар санал санаачлага гаргаагүй.

2.2. Иймд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн хороо, 11 *******,******* тоот хаягт байршилтай 298 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн хороо, ******* гудамж, байр хаягт байрлах 1,025.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авсан бөгөөд талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 9/27 тогтоолоор шинжээч томилж 1,945,906,384 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг тус газарт 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн.

2.3. Үнэлгээний тайланг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны талуудад мэдэгдэхэд үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг өөрийн хөрөнгийн бие даан худалдах 1 сарын хугацаа авсан боловч худалдан борлуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур, хэт бага үнэлсэн мөн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, тодорхой бус тухай тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан хариуцагч *******т холбогдох ******* дугаарт бүртгэгдсэн, СБД-ийн хороо 11, *******,******* тоот хаягт байршилтай 298 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэгдсэн СБД-ийн хороо, ******* гудамж, байр хаягт байрлах 1025,5 м.кв талбайтай тус тус үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үнэлгээг үл зөвшөөрч, нэхэмжлэлдээ www.unegui.mn дээрээс авсан мэдээллийг хавсаргаж өгсөн байдаг. Үнэлгээний тайлан дээр үнэлгээчин нь мөн www.unegui.mn дээрээс авсан ижил төстэй хөрөнгийн үнэлгээн дээр суурилж хөрөнгүүдийг үнэлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргаж өгсөн баримт, үнэлгээний тайлан дээрх баримт 2 адилхан эх сурвалжаас л авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх үнэлгээчний яг ижил эх сурвалжаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлсэн атлаа нэхэмжлэгчийн ижил эх сурвалжаар өгсөн мэдээллийг огт үнэлээгүй, баримтаа гаргаж өгөөгүй гэж дүгнэж, ялгавартай байдал гаргасан.

4.2. Хөрөнгий үнэлгээний тайлан нь захилагч болон үнэлгээчний хооронд сайн дураар хийгдэж байгаа үнэлгээ биш, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед хийгддэг үнэлгээ юм. Гэтэл шүүх хэрэглэх ёсгүй, хуулийн буруу заалт хэрэлэж дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1. Шинжээч нь хөрөнгүүдэд гурван аргачлалаар үнэлгээг хийсэн. Зөвхөн үнэгүй.мн /unegui.mn/ сайтын үнэлгээтэй харьцуулж үнэлгээг гаргаагүй. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналтай төлбөр авагч харилцан тохиролцоогүй тул шинжээч томилох талаар мэдэгдсэн бөгөөд маргаагүй. Хөрөнгийн үнэлгээг талуудад гардуулсан бөгөөд үнэлгээний талаар нэхэмжлэгч тал маргаагүй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Хөрөнгө-Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06599 дугаартай захирамжаар ******* ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,025,916,870 төгрөгийг гаргуулж, Монголын аж үйлдвэрийн яамны **************-д олгож, ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, хороо 11, *******,******* тоот хаягт байршилтай 298 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, хороо, ******* гудамж, байр хаягт байрлах 1,025.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* ХХК сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2018/07092 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 668 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын сарын 05-ны өдөр үүсгэжээ.

4.1. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүрэг, хороо 11, *******,******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэгдсэн, 298 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, хороо, ******* гудамж, байр хаягт байрлах, ******* дугаарт бүртгэгдсэн, 1,025.5 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус битүүмжилж, дээрх хөрөнгүүдийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хураан авсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал олгох доод үнийг харилцан тохиролцуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК-иас тус компанийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, хороо 11, *******,******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэгдсэн, 298 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, хороо, ******* гудамж, байр хаягт байрлах, ******* дугаарт бүртгэгдсэн, 1,025.5 м.кв талбайтай, контор, агуулах, автогараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 10,0 тэрбум төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасныг төлбөр авагч *******, дунд үйлдвэрийн газар хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9/27 тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

 

5. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх бөгөөд орон сууцны зах зээлийн үнэлгээг хийхдээ ижил төрлийн обьекттой харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч тухайн орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нотлох зорилгоор remax.mn сайтад байршсан СБД 1-р хороо Сүхбаатар талбайн урд 1420 м.кв гарын эрх шилжүүлнэ. Үнэ: 20 тэрбум, хотын ААА зам дагуу Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд гэх зарын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг зард дурдаж буй мэдээлэл нь газар эзэмших эрх худалдах санал байна. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар худалдан борлуулах эд хөрөнгө нь үйлдвэр үйлчилгээ болон контор, агуулах, автогараашийн зориулалттай байх тул нэхэмжлэгч талын гаргасан баримт харьцуулах боломжгүй хэрэгт хамааралгүй байна.

 

7. Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох баримтуудыг тайландаа хавсаргасан байна. Үүнийг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу үгүйсгэж, нотлоогүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА