| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0084/э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ад холбогдох 1916001730107 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... харьяат, ... өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ..., Ц овогт Д-н А гэв.
Шүүгдэгч Д-ийн А нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч П.Мын Самсунг галакси вайд маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.А нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч П.Мын Samsung галакси вайд маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.А гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 04-нд П, А хоёртой Пгийн машинтай Анагаахын байрны үүдэн дээр очоод үл таних 2 хүнийг дуудсан. Машины гадаа ирэхээр нь суучих гэж суулгаад машинаа асааж яваад та хоёрт мөнгө байна уу? гэхэд байхгүй гэсэн. Утсаа гаргаад ир гэхэд утсаа гаргаад ирэхээр нь би халаасандаа хийгээд Пг дэлгүүрийн үүдэнд очоод зогсчих гэсэн. Тэгэхэд талд нэг дэлгүүрийн үүдэнд зогссон. Тэр дэлгүүрт утсыг нь тавиулж нэг шил архи, нэг ундаа авсан. Хорооныхоо шийдэн дээр би буугаад П машинаа тавьчихаад ирье гэсэн. Тэгээд орой 19 цагийн үед ирээд цагдаагаас ирж уулз гэж байна гэсэн. Буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Цэргээс ирээд 2, 3 хоносон байсан. Гэрт хүн байхгүй байсан. Тэгээд ийм үйлдэл хийсэн. Миний ялыг багасгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Д.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2019 оны 05 сарын 04-ний өдөр өөрийн найз Сын хамтаар дотуур байрнаасаа гараад явж байтал улсын дугааргүй саарал өнгийн приүс-20 маркын машины арын хаалганаас нэг үл таних ах дуудсан. С бид 2 яваад очтол үл таних ах суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 суутал тус машин дотор урд талд нь жолооч, жолоочийн хажуу талд нэг үл таних эгч 3 сууж байсан. Тус 3 хүнийг С бид 2 танихгүй. Гэтэл хойд талын суудал дээр сууж байсан ах жолоочыг машинаа хөдөлгөөд нэг дэлгүүрийн үүдэнд очоод зогсоотох гэж хэлсэн. Тус машин хөдөлтөл арын суудал дээр сууж байсан ах та хоёрт мөнгө байна уу? гэж хэлсэн. Бид хоёрт мөнгө алга гэтэл тэр ах гар утас байна уу? гар утсаа гаргаад ир ах нь яах ч үгүй гэхээр нь би өөрийн эзэмшлийн 2018 онд Ховд аймгаас шинээр нь 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг галакси вайд маркын гар утсаа гаргаж иртэл тэр ах аваад шууд үгийн зөрүүгүй халаасандаа хийчихсэн. Тэгээд ахаа утсаа авъя гэтэл юу гээд байгаа юм бэ. Дэмий шүү. Эвгүй л юм болно шүү гээд сүрдүүлээд байсан. Тухайн үед жолооч ах гар утсаараа өөр хүнтэй яриад байсан. Тэгээд тус ах жолоочийг нэг дэлгүүрийн үүдэнд зогс гэж хэлээд зогсмогц нь миний утсыг халааснаасаа гаргаж ирээд жолооч ахад май энийг барьцаанд тавиад юм аваад ир гэж хэлсэн. Жолооч ах энэ юун утас юм бэ гэж хэлтэл тус ах миний гар утсаа чи зүгээр оруулаад барьцаанд тавиадах гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй жолооч ах дэлгүүрээс тортой юм аваад гарч ирсэн. Гэтэл арын суудал дээр сууж байсан ах за аймгийн төв оръё гэж хэлээд бид хоёрыг дотуур байрны замын эсрэг талд буулгачихаад хойшоо төв замаар яваад өгсөн. Тэгээд С бид хоёр орой болтол миний гар утсыг авч ирэх байх гэж бодоод хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн газар ирж дээрэмдүүллээ гэж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх21-рт/,
Гэрч А.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бид 2 яваад очтол тус машинд 2 эрэгтэй, 1 эмэгтэй нийт үл таних 3 хүн сууж байсан. Тэгээд тус машины арын суудал дээр сууж байсан ах бид хоёрыг машиндаа суу гэж хэлсэн бөгөөд арын суудал дээр сууж байсан залуу нь бид хоёрыг 10.000 төгрөг өг гэж хэлсэн. Бид хоёр мөнгө алга гэж хэлсэн. Гэтэл тэр залуу гар утсаа гаргаад ир ах нь яах ч үгүй гэж хэлэхээр нь манай найз М самсунг галакси вайд маркын шар өнгийн гар утсаа гаргаад иртэл тус утсыг нь үг дуугүй халаасандаа хийсэн. Тэгээд тэр ах машин жолоодож байсан ахыг ямар хамаагүй дэлгүүрийн үүдэнд зогс гэж хэлээд Баяншанд багт байдаг нэг дэлгүүрт зогсоосон. ...их өндөр дуугаар гар утсаа гаргаад ир гэж хэлсэн. Бид 2 мөнгө байхгүй байна гэж хэлтэл зодно шүү гэсэн утгатай үгнүүд хэлээд сүрдүүлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-рт/,
Гэрч Б.Пгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...миний унаж явсан машины ар талын суудалд явсан А гэх залуу М, С нараас мөнгө асуугаад байсан. Гэтэл тэр хоёр мөнгө байхгүй гэж хэлтэл А утас байгаа юу гэж асуусан. Гэтэл тэр 2 залуу байгаа гэж хэлсэн. Гэтэл А утсаа түр дэлгүүрт барьцаанд тавиад өгчих гэж хэлсэн. Гэтэл тус 2 залуу үгүй ахаа яах юм гэж хэлээд байх шиг байсан... дэлгүүрээс нийт 24.000 төгрөгөнд бодож барьцаалсан...” гэсэн мэдүүлэг /хх31-рт/,
Гэрч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...А тэр 2 залууг хаанахынх вэ? мөнгө байна уу гэж асуугаад байсан. Гэтэл тус 2 залуу бид 2-т мөнгө алга байна гэсэн. А тэгвэл 10.000 төгрөг олоод өгчих гэж жаахан дээрэнгүй хэлсэн. Гэтэл тэр 2 залуу үнэхээр мөнгө олдохгүй гэж хэлсэн. Гэтэл А та 2-т гар утас байгаа юу. Тэрийг чинь авахгүй санаа зоволтгүй гэж хэлсэн. Гэтэл нөгөө 2 залуугийн нэг нь гар утаа гаргаад ирсэн. А тус утсыг нь авчих шиг болсон... ” гэсэн мэдүүлэг /хх35-рт/,
Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай танил Дэлгэр сумын харьяат П гэх залуу 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний ажиллуулдаг “Их Мөрөн” гэх дэлгүүрт орж ирээд шаргал өнгийн самсунг галакси маркын ухаалаг гар утсыг гаргаж ирээд манай найзын утас юм. Барьцаанд тавих гэсэн юм. Манай найз 23.000 төгрөгөнд бодоод барьцаанд тавиад өг гээд байна гэж хэлээд ундаа архи авсан. Утсаа оройхон 2, 3 цагийн дараа ирээд авъя гэж хэлсэн юм. ...гэтэл П над дээр ирээд хэлэхдээ наад утсыг чинь манай найз хүнээс дээрэмдээд авчихсан байсан байна. Би тэр асуудалд нь хамаагүй юм гэж хэлээд цагдаа наад утсыг чинь ирж хурааж авах байх шүү. Та зарж үрж алга болгуузай гэж хэлээд 23.000 төгрөг надад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх40-рт/ болон эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-10/, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын
шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон, гэм буруугийн талаар маргаагүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Агийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйтус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Д-н Аг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Д.Аг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Агийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА