| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00252/И |
| Дугаар | 00259 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 00259
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг Аргалант сумын 1 дүгээр баг, Аргалын уул 3-2 тоотод оршин суух, 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, Өндөр батлай овогт Батболдын Угийн нэхэмжлэлтэй /РД: МЗ87022508/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Хараагийн 1-11 тоотод оршин суух, 1974 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Сартуул овогт Түвшинжаргалын Эд холбогдох /РД: МР74050216/
гэрлэлт цуцлуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2004 онд Т.Этэй танилцаж нэг гэрт хамт амьдрах болсон. Анхны хүү Э.Анхбат 2005 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. 2007 онд бид хоёр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж батлуулсан. 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бага хүү Э.Бат-Эрдэнэ төрсөн. Хамт амьдрах хугацаанд Т.Э нь архи ууж байнга агсан согтуу тавьж хэл амаар их доромжилдог байсан. Барьж аваад зоддоггүй байсан ч гэсэн их хэцүү байдаг байсан. Тэгээд 2010 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд бид хоёр хоёулаа өөр хүнтэй гэр бүл болон амьдарч байна. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч байгаа. Анхбат нь миний асрамжинд Э.Бат-Эрдэнэ болохоор аавынхаа асрамжинд үлдэж байгаа юм. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр 2004 онд танилцаад гэр бүл болсон. 2005 оны 07 дугаар сарын 03-ны өдөр том хүү Э.Анхбат, 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бага хүү Э.Бат-Эрдэнэ төрсөн. Хамт амьдрах хугацаандаа би архи их ууж эхнэр хүүхдээ зовоодог байсан нь үнэн. Одоо бага хүү Э.Бат-Эрдэнэ миний асрамжинд байгаа. Бид хоёр тусдаа амьдраад олон жил болсон, мөн хоёулаа өөр хүмүүстэй гэр бүл болсон тул гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийг нь бүхэлд нь зөвшөөрч байна гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Т.Э нар нь 2004 онд гэр бүл болж 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2005 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү Э.Анхбат, 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Бат-Эрдэнэ нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийг бүртгэсэн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.У нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, уулзалт ярилцлага хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас буюу 2010 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд Т.Э, Б.У нар нь өөр хүнтэй гэр бүлийн хамтын амьдралтай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул Т.Э, Б.У нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Угийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдээ хэний асрамжинд үлдээхээр тохиролцсон болон хүүхдээс асуухад гаргасан санал зэргийг харгалзан хүү Э.Анхбатыг эх Б.Угийн асрамжинд, хүү Э.Бат-Эрдэнийг эцэг Т.Эгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт Түвшинжаргалын Э, Өндөр батлай овогт Батболдын У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дах хэсэгт заасныг баримтлан 2005 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Анхбатыг эх Б.Угийн асрамжинд, 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Бат-Эрдэнийг эцэг Т.Эгийн асрамжинд тус тус үлдээсүгэй. 3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эгөөс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны захирагчийн албаны иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б. ХЭРЛЭН.