Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/127

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Балдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд- Эрдэнээс    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Данхар маань овогт Батхүүгийн Балданд холбогдох, эрүүгийн 1936001330143 дугаартай, 178/2019/0125/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 07  сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 сарын 26- ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                          Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 03 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд  боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл-6, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овооны 38-36 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол Тэмүүлэл хотхоны 104-79 тоотод оршин суух, аминдаа хашаа, хувийн 2 өрөө орон сууцтай, Хамтын үр  ХХК-д захирлын ажилтай  ял шийтгэлгүй, Данхар маань овогт Батхүүгийн Балдан

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.Балдан нь Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 сарын сүүлээр иргэн Д.Батбилэг, Л.Базар нараас  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч 30275000 төгрөгийн үнэ бүхий 276 тооны бог малыг залилж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт  оршин суух, 1974 оны 01 сарын 17-нд төрсөн, 45 настай, эмэгтэй, ард халх, бүрэн  дунд боловсролтой,   малчин, ПГ74011707 дугаарын регистртэй/ Олхон овогт Даваажавын Батбилэгийн өгсөн...Б.Балдан 2018 оны 11 сарын   эхээр ирсэн байх.  Яг хэзээ Дарви суманд ирсэнийг сайн мэдэхгүй байна. Жил бүр 11 сар ирж мал авдаг. Дарви сумын малчдаас мал авдаг.  Хэн хэнээс  мал яаж авч мөнгийг нь  хэзээ өгсөнийг мэдэхгүй. Том ачааны машинаар махаа хот руу ачуулсан гэж сонссон. Манай нөхөр Л.Базар бид хоёр  Б.Балдантай урьд наймаа хийж байсан. Мөнгийг нь цаг тухайд нь өгдөг байсан. 2018 оны эхээр 60 гаруй бог мал зарах үед Б.Балдан мөнгийг нь тухайн үед нь өгсөн. Дараа нь буюу 2018 оны 11 сарны дундуур 276 бог зарах үед “мөнгийг чинь сумын төв ороод дансаар шилжүүлье” гэж хэлээд өгөхгүй удсан. Сумын төв ороод дансаар шилжүүлэхээр тохироцсон.  4-5 хоногийн дараа утсаар ярихад мөнгөө өгөлгүй хот явсан байсан. Баянхонгор аймаг дээр явж байна “хот ороод шилжүүлье” гэж хэлсэн. Тэгээд цувуулж 10275000 төгрөг өгсөн. 2019 оны 06 сарын 7, 10, 11-ний өдрүүдэд цувуулаад 10500000 төгрөг өгсөн.  Одоо 9500000 төгрөг авах дутуу байгаа.  Цагдаад хандаад байхад утсаа авахгүй унтраагаад таг чиг байсан. Одоо утсаа асаагаад 96135035, 98008099 гэсэн дугаараас ярьж байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг / хх-ийн 11-12-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Базарын гэрчээр өгсөн...2018оны 11 сарын сүүлээр манайх Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэр “Цахиуртай” гэх газар байсан бөгөөд өөрийн эзэмшлийн бог малнаасаа иргэн Б.Балданд зарж борлуулахаар тохиролцоод нийт 276 тооны бог малыг хотноосоо эхнэрийн хамт ялгаад Б.Балданд  өгөхөөр “Харганы худаг” гэх газар луу тууж очоод Батмөнх гэх хүний хашаанд шахаж хоноод маргааш нь Б.Балдан ирээд бэр болох Оюун-Эрдэнийн хамтаар манай малыг авсан. Нийт бог малын үнэ  30275000 төгрөг болсон. Б.Балдан нь мөнийг бэлнээр данс руу хийнэ гэж хэлээд хэд хоног байж байгаад Улаанбаатар хот руу явсан байсан. Тэрнээс хойш миний данс руу цувуулаад 10275000 төгрөг хийсэн. 20000000 төгрөгийг өгөхгүй байна. Холбоо барихгүй байсан. Сүүлд 2019 оны 05 сарны 15-ны үед утсыг нь олж байгаад ярьсан. Урьд өмнө нь барьж байсан дугааруудыг бүгдийг нь ашиглахгүй болсон байсан. Иргэн Б.Балдан гэх хүнээс  20000000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-рт/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Балдангийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би Улаанбаатар хотоос 2018 оны 11 сарын сүүлээр Ховд аймгийн Дарви суманд ирж иргэн Д.Батбилэг, Л.Базар нартай уулзаад мал худалдаж авахаар болоод 276 тооны бог малыг нийт 30275000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд тэр доор нь мөнгийг нь өгнө гэж хэлээд би тухайн малыг гаргаад Улаанбаатар хот руу  ачих унаа хайгаад хөлсөөр Говь-Алтай нэг залуу байхаар нь  үнэ ханшаа тохироод тээврийн хөлсөнд 450000 төгрөг төлсөн. Тухайн үед яараад Д.Батбилэг Л.Базар нарт хэлэлгүй яваад өгсөн юм. Ховд аймгийн Дарви сумаас 1500 бог мал, 100 бод мал худалдаж авсан юм. Улаанбаатар хотод очоод мөнгийг нь өгөх гэсэн боловч авч явсан бог малыг борлуулах гэж удсан болохоор хугацаа алдсан. Д.Батбилэг, Л.Базар нар луу Улаанбаатар хотод очоод залгаагүй. Л.Базар Д.Батбилэг нар өөрсдөө миний дугаарыг  олоод мөнгө нэхэхэд би цувуулаад 10000000 төгрөг өгсөн юм. Тэгээд үлдэгдэл 20000000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. Тэгтэл Л.Базар, Д.Батбилэг нар мөнгөө нэхээд утасдаад байхаар нь сарын дараа гэсээр байгаад мөнгийг нь өгч чадаагүй юм. Тэгээд 2019 оны 05 сарын сүүлээр Л.Базар, Д.Батбилэг нар надтай холбогдоод хуулийн байгууллагад өгсөн гэж хэлсэн. Би түүний дараа 2019 оны 06 сарны 10-ны дотор үлдэгдэл 20000000 төгрөг өгч барагдуулсан. Анх мах худалдаж авахдаа 98008099 гэсэн дугаар өгсөн. Тус дугаар эрх нь хаагдсан байсан. Эрх хаагдах хүртэл энэ Л.Базар, Д.Батбилэг нар 2018 оны 12 сарын эхээр холбоо барьж 2018 оны 12 сарын 03-нд өөрийн ХААН банкны 5925316101 дансаар Л.Базарын 5849026755  дансруу 3000000 төгрөг хийсэн. 2019 оны 01 сарын 07-нд 1500000 төгрөг 5700000 төгрөг, 02 сарын 19-нд 2000000 төгрөг, 03 сарын 03-нд 700000 төгрөг 03 сарны 09-нд 500000 төгрөг, 03 сарын 19-нд 1000000 төгрөг мөн 2018 оны 12 сарын 03-наас 2019 оны 03 сарын 09-ний хооронд 14700000 төгрөгийг өгсөн. Түүний  дараа миний 98008099 дугаарын ярианы эрх нь хаагдаад холбоо бариагүй. Л.Базар, Д.Батбилэг нар миний 86135035 дугаарыг олоод өөрсдөө мөнгөө нэхэж залгасан юм. Би мөнгөний бололцоо байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд  мөнгөө нэхээд залгаад байхаар нь өөрийнхөө утсыг унтраасан юм. 2019 оны 03 сараас 05 сарын хооронд утсаа унтраагаад хааяа хүнтэй ярих болохоор утсаа  асааж яриад байж байсан. Тэгээд цагдаагаас 2019 оны 05 сарын 24-ний үед залгаад “цагдаа дээр ир” гэхээр нь  мөнгийг нь барагдуулааад очихоор болоод 2019 оны 06 сарын 07-нд Л.Базарын эхнэр Д.Батбилэгийн ХААН банкны 5845-9098186 данс руу эхнэр Б.Болормаагийн 5057354572 данснаас 2500000 төгрөг, 2019 оны 06 смарын 10-нд 6000000 төгрөг, өөрийн 5925316101 данснаас 06 сарын 11-нд 2000000 төгрөг 06 сарын 12-нд 6500000 төгрөг, 06 сарын 17-нд 3000000 төгрөг буюу үлдэгдэл 20000000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед 1500 бог мал, 100 гаруй бод малыг Улаанбаатар хотод аваачиж супер маркет болон махны ченжүүдэд өгсөн. Тэгээд тэр хүмүүс махны мөнгийг хэд хэдэн хоногийн зайтай өгч байсан. Тус мөнгийг дансруу орж ирэхэд нь би 1500 бог мал 100 гаруй бод малыг худалдаж авахдаа найз нөхдөөсөө мөнгө зээлж авсан болохоор тэр хүмүүсийн  мөнгийг өгч байсан. Бас Ховд аймгийн Дарви сумаас зарим хүмүүсээс мал авсан дутуу үлдэгдэл мөнгийг өгөөгүй. Тэр хүмүүсийн мөнгийг өгч байсан. Тухайн үед миний дансанд мал зарж борлуулсны дараа Л.Базар, Д.Батбилэг нарын мөнгийг өгөх боломж байсан юм. Тэгээд ч би нэг нутгийн хүмүүс юм чинь жаахан хүлээх байх гэж бодсон юм. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү .. гэх мэдүүлэг

            Б.Балдан, Б.Болормаа, Л.Базар, Д.Батбилэг  нарын  дансны  дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-126-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Б.Балдан нь Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 сарын сүүлээр иргэн Д.Батбилэг, Л.Базар нараас  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч 30275000 төгрөгийн үнэ бүхий 276 тооны бог малыг залилж авсан хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдож  байна.

Шүүгдэгч Б.Балдан нь хохирогч Д.Батбилэгээс 30275000 төгрөгийн үнэ бүхий 276 бог мал  худалдан авсан нь хохирогчийн өгсөн...2018 оны 11 сарны дундуур 276 бог зарах үед” мөнгийг чинь сумын төв ороод дансаар шилжүүлье” гэж хэлээд өгөхгүй удсан. Сумын төв ороод дансаар шилжүүлэхээр тохиролцсон 4-5 хоногийн дараа утсаар ярихад мөнгөө өгөлгүй хот явсан байсан. Баянхонгор аймаг дээр явж байна “хот ороод шилжүүлье” гэж хэлсэн. Тэгээд цувуулж 10275000 өгсөн. 2019 оны 06 сарын 7, 10, 11 ний өдрүүдэд  10500000 төгрөг өгсөн. Одоо 9500000 төгрөг авах дутуу байгаа Цагдаад хандаад байхад утсаа авахгүй унтраагаад таг чиг байсан. Одоо утсаа асаагаад 96135035, 98008099 гэсэн дугаараас ярьж байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг, гэрч Л.Базар нарын мэдүүлгүүдээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Балдан нь Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 сарын сүүлээр иргэн Д.Батбилэг, Л.Базар нараас  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч 30275000 төгрөгийн үнэ бүхий 276 тооны бог малыг залилж авсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол...гэх гэмт хэргийн шинжийг   хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Балдангийн  үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд  нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. .

Шүүгдэгч Б.Балдан нь  гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Балданг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батбилэг нь Б.Балдан 30275000 төгрөгийг төлж өгсөн нэхэмжлэх зүйлгүй...гэх  хүсэлтийг Цагдаагийн газарт гаргасан байх тул  түүнийг бусдад төлөх 30275000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.                            

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.Балдан нь  хохирогчид учруулсан хохирол 30275000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б. Балдан нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хэргийн 128 дугаар хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.Балдан нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  иргэн Д.Батбилэгийн 30275000 төгрөгийн  үнэ бүхий 276 толгой бог мал авсан,  өгнө гэсэн хугацаандаа мөнгөө төлөхгүй хохирогчид удаа дараа мөнгийг нь өгнө гэж залилсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгчид  дөрвөн зуун жаран  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогчид төлөх 30275000 төгрөгийг төлсөн, торгох ял биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Балдангийн 460000 төгрөг бүхий ХААН банкын 5925316101 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 24-ний  өдрийн 5/80 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр үлдээх саналтай гэв. 

Шүүгдэгч Б.Балдан нь өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа.  Мал авсан мөнгийг хугацаандаа өгч чадаагүй. Миний буруу Улсын яллагчийн санал болгосон 460000 төгрөгний торгох ялыг дансан дахь мөнгөөрөө  төлнө. Хохиролын 30275000 төгрөгийг төлсөн гэв. 

Шүүхээс шүүгдэгч Б.Балданг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Балданг  дөрвөн зуун  жаран  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун  жаран  мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Балданд оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 3 сарын сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936001330143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Балдангийн 460000 төгрөг бүхий ХААН банкны 5925316101 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 24-ний  өдрийн 5/80 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус  хэвээр хэрэглэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Данхар маань овогт Батхүүгийн Балданг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Балданг  дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Балданд оногдуулсан   460000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

4.Эрүүгийн 1936001330143  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 30275000 төгрөгийг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Балданд  тайлбарласугай.

6. Шүүгдэгч  Б.Балдангийн 460000 төгрөг бүхий ХААН банкны 5925316101 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 24-ний  өдрийн 5/80 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч Б.Балданд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА