Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2025/00004

 

Б.Х нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Т, шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************** багт оршин суух И овогт Б.Х нэхэмжлэлтэй, хариуцагч **************багт оршин суух С овогт Х.А холбогдох,

 

“Хадлангийн газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан зайлуулах тухай, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Б.Х,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч Х.А, орчуулагч А.Ах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1.  Би тус аймгийн Бугат сумын Бугын голын хойд хөндийн Домоожихын зүлэг гэх газрын Ганц бургасаас Арслангийн өвөлжөөний арын зүлэг хүртэлх хадлангийн газартай билээ.

1.2.Би сүүлийн 2 жилд өвчний учир Улаанбаатар хотод түр байж ирж буцах хугацаанд өөрийн хэдэн малаа төрсөн ах Б.Х малтай нийлүүлэн маллуулж мөн өөрийнхөө дээрх хадлангийн газарт ургасан өвсийг хадаж авч малд минь тэжээл болгоорой гэж хэлж захисан юм. Ах маань өөрөө ч өвчтэй ба бас хүн хүчний туслалцаа дутмаг бөгөөд уг хадлангийн газар ургасан өвсийг бүрэн гүйцэт хадаж авч чадаагүй байхад зарим хүмүүс хадлангаас зөвшөөрөлгүй өвс хадаж авч, бас хадлангийн хэсэг газрыг тойруулан ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн хашаа татаж авлаа гэж надад ах мэдэгдсэний дагуу би ирж хадлангаа үзэхэд тус Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Х.А гэгч залуу намайг өвдөөд Улаанбаатар хотод байсан түр хугацаанд ахыг дээрэлхэж миний хадлан өвс авах газрын ургац сайтай хэсэг газрыг тойруулан зөвшөөрөлгүйгээр мод бургасаар хашаа татаж авсан байсан. Өөрт нь хэлэхэд Очоод заргалд хашааг буулгахгүй газрыг хууль бусаар эзэмшинэ гэсэн.

1.3. Сумын газрын даамалд гомдол гаргахад шүүхэд гомдлоо гаргаж маргаанаа шийдвэрлүүл гэж бичгээр хариу өгсөн тул тус шүүхэд хандаж байна.

1.4.Энэ нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан юм. Тус шүүх нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 130/ШЗ2023/02844 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн сумын Засаг дарга нь нэхэмжлэл гаргах ёстой гэсэн. Мөн сумын Засаг даргын дэргэдэх газрын даамал /Б.Б / нэхэмжлэл тодорхойлолт гаргах урьдчилан шийдвэрлэх эрхгүй гэсэн. Тэгээд сумын Засаг дарга Х.Ерланд өргөдөл гаргаж газрын маргааныг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэхэд өргөдлийн дагуу энэ маргааныг шийдвэрлэх гэж удаа дараа Х.А-г дуудуулан ярилцаж хурлаар хэлэлцэх гэхэд ирэхгүй ба хашаагаа буулгахгүй гэж эсэргүүцсэн тул маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд урьдчилан шийдвэрлэж зохицуулах боломжгүй байна гэж үзэж шүүхэд та өөрөө газраа хамгаалж нэхэмжлэл гаргаарай гэж хэлж 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 189 дугаартай хариу албан бичгийг надад өгсөн. Үүнд ...А-тай холбоотой маргааныг сумын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй байгаа тул зохих хууль журмын дагуу хуулийн байгууллагад хандаж шийдвэрлэнэ үү гэж хариу өгсөн.

1.5.Энэ хугацаанд би Х.А болон бусад холбогдох хүмүүстэй уулзаад хашааг нь зайлуулах талаар хүлээцтэй хандаж байхад хашаагаа зайлуулаагүй. Мөн Засаг даргад та шүүхэд хашааг зайлуулж өг гэж нэхэмжлэл гарга, эсвэл та Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэхэд шийдвэрлэж өгөлгүй удаасан тул аргагүй болж шүүхэд хандаж байна.

1.6.Хөдөөгийн малтай иргэд бид өөрсдөө хууль ёсоор хуваарилагдсан хадлан ашиглах талбайгаас жилд ганц удаа малын тэжээл болгон өвс хадаж авдаг. Мөн хадлангийн талбайгаа усалж, чулууг нь түүж, зарим өвсний үр цацаж ургуулж арчилдаг билээ. Гэтэл сумын захиргаанаас хадлангийн газар олгосон байгаа. Дараагийн асуудал бидэнд хамаагүй гэж иргэдийн маргааныг шийдвэрлэж өгөлгүй хариуцлагагүй байдал гаргасан тул би аргагүй болж хадлан авах талбайд зориуд хашаа барьсан Х.А-г хашааг зайлуулж өгнө үү гэж шүүхэд хандаж байна.

1.7. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бамбайн эмчилгээнд хамрагдаж Улаанбаатар хотод түр оршин сууж, амьдарч байгаа. Хариуцагчийн хувьд Бугат суманд 3, 4 хадлан, өвөлжөө, хаваржааны газартай. Хэрвээ хашаагаа буулгавал би нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой. Хэрвээ хашаагаа буулгахгүй гэвэл би шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Б.Х хадлангийн талбайд хашаа татсан асуудал байхгүй. Тухайн газар нь хадлангийн талбай биш, чулуулаг газар байгаа ба Б.Х хадлангийн талбайгаас 500 метр зайтай газар байдаг.Тэнд ямар ч хадлангийн өвс ургадаггүй.

2.2. Би тухайн газарт 2012 онд хоёр модон хашаа татсан. Тэрнээс хойш тухайн хоёр модон хашааг ашиглаж ирсэн.Тэр үед Б.Х нь ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. Б.Х нь тэнд огт амьдардаггүй, Улаанбаатар хотод очиж хөлсний ажил хийж явдаг.

2.3. Би тухайн газрыг эзэмшихээр Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хуралд хүсэлт гаргаж, тус хурлын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хаваржааны зориулалтаар газар олгохыг зөвшөөрсөн. Б.Х тэнд ямар нэгэн газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00898 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х хариуцагч Х.А холбогдуулан гаргасан Хадлангийн газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан зайлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00898 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Х би дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна.

4.2. Бугат сумын 4 дүгээр баг Бугын голын “Домоожихын зүлэг” гэх газрын “Ганц бургаснаас Арслангийн өвөлжөөний арын зүлэг” гэдэг хэмжээст газруудын хооронд миний жил болгон хадаж авдаг байсан өвс хадлангийн талбайд тус багийн иргэн боловч өвөлжөө нь 2,5 км газарт байрлалтай Х.А- нь дур мэдэн ямар ч зөвшөөрөлгүй хашаа татан авснаас болж би 3 жил хадлан авч чадсангүй намайг хохироосон тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох баримт материалаа бүрдүүлж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна гэж дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

4.3. Түүнээс өмнө ч шүүхэд нэхэмжлэл өгөхөд тус шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0284 дугаартай захирамжаар ч хэрэгсэхгүй болгож байсан. Би зав зайтайдаа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шалтгааныг дурдъя. Үүнд:

4.4. Газар ашиглах зөвшөөрөлгүйгээр Х.А нь 2022 оноос хойш миний өвс хадлан хадаж авахаар ашиглах, 2024 он дуустал зөвшөөрлийг нь авч хуудсанд нь Засаг даргын тэмдгийг даруулсан байсан газарт том хэмжээний бургасан хашаа татан авсныг би 3 жил Засаг даргад өргөдөл, хүсэлт, гомдол гаргаад зайлуулж эс чадсанаас болж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байсан.

4.5. Түүнээс гадна Засаг даргын зүгээс хадлангийн энэ газрыг чөлөөлж чадахгүй байгаа тухай аймгийн Засаг даргад 2 удаа гомдол бичиж, нэг удаа биечлэн очиж газрыг минь чөлөөлүүлж өгч туслаач ээ гэж Газрын тухай хуулийн холбогдох хуулиудыг үндэслэн туслалцаа хүссэн. Хуулийн хэлтэс, газрын албанаас хэрэгжүүлнэ гэж хэлж явуулсан ба газрын алба нь “Бугат сумын Засаг даргад үүрэг өгсөн таны газрыг янзалж өгөх болно” гэсэн хариу өгсөн ч Бугат сумын Засаг дарга зөвшөөрөлгүй барьсан Х.А-г хашааг миний хадлангийн газраас зайлуулж өгсөнгүй, тийм захирамж гаргасангүй.

4.6. Энэ маргаанаар сумын Засаг даргад саяхан дахин гомдол гаргахад Засаг дарга нь 2024 оны 11 дүгээр сарын эхэнд /хэрэг дотор Засаг даргын бичсэнийг үзнэ үү/ сумын газрын даамал Б.Буяндэлгэр, Байгаль орчны улсын байцаагч Г.Тилеубек, 4 дүгээр багийн Засаг дарга нарт үүрэг өгч миний гомдлын мөрөөр Х.А-г хашаа татсан гэх маргаантай газрыг шалгуулсан. Дээрх эрх бүхий албан тушаалтнууд нь газар дээр нь очиж хэмжилт хийж үзлэг шалгалт явуулж тайлбар бичсэн. /хэрэгт авагдсан байгаа/ Уг тайлбарт “Б.Хы хадлангийн талбай дээр иргэн Х.А барьсан хашаа нь газар зохион байгуулах тухай төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрх бүхий этгээдийн /Хурлын тогтоол, Засаг даргын захирамж шийдвэр гараагүй байхад дур мэдэн газар хашаалсан зөрчилтэй байна/” гэж бичиж тэмдгээ дарж гарын үсгээ зурсан байгаа. Мөн энэ маргааны талаар улсын байцаагч Г.Тилеубек 2024 оны 11 дүгээр сарын 11-нд “.... Х.А нь хашаа барих зөвшөөрөл аваагүй...” гэж тэмдэг дарж, гарын үсгээ зурж баримт тодорхойлолт өгсөн.

4.7. Би эдгээр баримтуудыг үндэслэл болгож хашааг зайлуулж өг гэж сумын Засаг даргад өргөдөл, хүсэлт, гомдол гаргахад Бугат сумын Засаг дарга нь “...газрын маргааныг Шүүхээр шийдвэрлүүлж ав" гэсэн хариу өгсөн /хэрэг дотор уг баримт байгаа/ Тодруулбал: Аймгийн Засаг дарга, Газрын алба, сумын Засаг даргаас 3 жилийн хугацаанд Х.А-г хашааг миний хадлангийн талбайгаас чөлөөлүүлэх ямар ч арга хэмжээ аваагүй, би 3 жил хадлангаа хадан авч чадахгүй хохирч маргааныг шийдвэрлүүлж чадаагүй. Нэхэмжлэгч эрх бүхий /Засаг дарга/ этгээд нь “Шүүхэд гомдлоо гарга” гэж байгаа болохоор нь би шүүхэд “хадлангийн газраас Х.А-г хашааг зайлуулахыг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэл гаргасан юм.

4.8. ҮНДЭСЛЭЛ: Би Газрын тухай хуульд зааснаар бүх байгууллага албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлүүлсэн.

4.9. Холбогдох бүх албан тушаалтан сумын Засаг дарга нь шүүхэд ханд гэж шийдвэрлэж өгөөгүй.

4.10. Х.А нь хашаа татах албан ёсны зөвшөөрөлгүй бөгөөд үүнийгээ шүүх хуралд хүлээн тайлбарласан ба хэрэгт нотлох баримт алга байна. Ийм байхад шүүх нь удаа дараа нэхэмжлэлийг минь буцааж хэрэгсэхгүй болгосон юм.

            4.11. Хянаад нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэгч Б.Х хариуцагч Х.А холбогдуулан гаргасан хадлангийн газарт зөвшөөрөлгүй татсан хашааг албадан зайлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн, бусдын хууль бус эзэмшлээс  газар чөлөөлүүлэх тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв дүгнээж, Газрын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тодорхойлж хэрэглэж, Б.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан  байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Бугат сумын газрын даамлаас 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгосон 0305582 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр И овгийн Б.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт Бугын хойд хөндий /Хар дэгнүүл/ 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээтэй.

8.1.  2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Бугат сумын Засаг даргын тамгын газрын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Альфараби, газар ашиглагч Б.Х нар Хадлангийн талбай ашиглах гэрээ байгуулж, уг гэрээг Засаг даргын орлогч баталсан байх ба 2021-2023 онуудад сунгасан талаар тамга дарагджээ.

8.2. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 163 дугаартай тодорхойлолтоор тус сумын 4 дүгээр багийн иргэн Б.Хы хадлангийн газарт иргэн Х.А хууль бусаар хашаа барьсан гэх гомдлын дагуу сумаас зохих ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан нь үнэн болно гэж тодорхойлсон байх ба Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Б.Х-ы гомдлын мөрөөр 4-р багийн Бугын хөндийд очиж ажилласан тухай тайлбараар газрын даамал Б.Буяндэлгэр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Тилеубек, 4-р багийн Засаг дарга У.А нар очиж ажиллаж Б.Х хадлангийн талбай дээр зөвшөөрөлгүй хашаа барьсан гэх иргэн Х.А шинээр барьсан хашаа нь газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн газар хашаалсан зөрчилтэй байна гэж тогтоожээ.

8.3. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолтоор Бугат сумны 4-р багийн оршин суугч Х овогтой А нь Бугын голд амьдардаг ба 2020 оноос хойш одоо хүртэл хус модны зөвшөөрөл болон хашаа барих зөвшөөрөл аваагүй болохыг тодорхойлсон хариуцагч Х. нь тухайн газрыг хууль ёсоор эзэмших, өмчилдөггүй, гэрээ болон хуульд зааснаар ашигладаггүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах  эрхтэй” гэж хуульчилсан тул хэрвээ нэхэмжлэгч тухайн газрыг өөрийн өмч гэдгийг нотолсон тохиолдолд энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Х хууль ёсоор эзэмшиж, өмчилж байсан, эсхүл гэрээгээр ашиглаж байсан газарт нь хариуцагч малын хашаа барих зэргээр халдсан буюу түүний өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд нь саад учруулсан ямар нэгэн үйлдэл хийсэн, үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал хэргээс тогтоогдохгүй байна.

 

10. Нэхэмжлэгч Б.Х нь  Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг  “Домоожихын зүлэг” гэх газрын “Ганц бургасаас Арслангийн өвөлжөөний арын зүлэг” гэх хадлангийн газрыг гэрээнд зааснаар хууль ёсоор ашиглаж байгаа боловч, хариуцагч Х.А-гийн газар эзэмших зохих зөвшөөрөлгүй татсан малын хашаа нэхэмжлэгч Б.Хы хадлангийн газартай давхцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч Х.А-гийн  Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт Бугын голын хөндий гэх газарт малын хашаа барьсан үйлдэл нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндсөн, зөрчсөн, эсхүл түүний өөрийн эзэмшлийн газрыг ашиглах эрхэд саад учруулсан гэх бодит нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Х.А малын хашаа барьсан гэх газрыг өөрийн өмч, эсхүл хууль ёсны эзэмшигч мөн болохыг нотлоогүй тохиолдолд тэрээр уг шаардах эрхийг Х.А холбогдуулан хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

12. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй, эсхүл түүний уг эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагчийн дээрх үйлдэл саад учруулсан гэх нөхцөл байдал бодитой тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит, жинхэнэ байдалд нийцжээ.

               

13. Нэхэмжлэгч Б.Х нь үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, газар эзэмших үндсэн эрхтэй боловч тухайн маргаан бүхий, хариуцагчийн хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа газрыг өөрсдийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд шилжүүлж аваагүй учир нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших, ашиглах субьектив эрх хөндөгдөөгүй, өөрийн өмчлөл, хууль ёсны эзэмшлийн, эсхүл ашиглаагүй үл хөдлөх хөрөнгө буюу газрыг Иргэний  хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгийг баримтлан бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

14. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Гэтэл Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт Бугын голын хөндий гэх газарт хариуцагч Х.А нь малын хашаа барьж  газрыг хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт зохигчдын тайлбар, газрын даамал Б.Буяндэлгэр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Тилеубек, 4-р багийн Засаг дарга У.Аманкелди нар тайлбар, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар бүрэн тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

15. Өмчлөгч, эзэмшигч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул хариуцагч Х.А- нь зохих зөвшөөрөлгүй газарт малын хашаа барьж, газрыг дур мэдэн эзэмшсэн энэ тохиолдолд тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргах, албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүргийг Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5д дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, 57.5 дахь хэсэгт зааснаар аймаг, сумын Засаг даргад харьяалуулсан байна.

 

16. Нэхэмжлэгч Б.Х нь хуульд зааснаар бусдын нэрийн өмнөөс тухайн асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах субъект биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл”-д иргэний хэрэг үүсгэхээр хуульчилснаас үзвэл зөвхөн хуулиар эрх олгосон этгээдүүд бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байдаг.         

 

17. Нэхэмжлэгчийн гаргасан  гомдол тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн уг давж заалдах гомдлыг үндэслэж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хууль ёсны дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Х давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.К      

 

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.Т

                                                   ШҮҮГЧ                                      Ж.О