Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2025/00005

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ө даргалж, шүүгч Д.К, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Т нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00831 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч ****************үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК /гүйцэтгэх захирал Б.Ж /-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******************* багт үйл ажиллагаа явуулдаг “Е” ХХК /захирал Х.А /-д холбогдох,

 

“Шатахууны үнэ 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг, нийт 22,939,770 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Хариуцагч “Е” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Р” компанитай 35 тоот "Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ" байгуулж, уг гэрээний дагуу 24,793,780 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдаж авсан. Гэрээгээр талууд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “Е” ХХК нь хоорондын тооцоогоор 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж, тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл төлбөрийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон.

1.2. Гэтэл хариуцагч тал одоо болтол уг төлбөрийг төлөхгүй байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т зааснаар хэрэглэгч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байдаг.

1.3. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх алдангийг тооцоход 7,666,316 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-с хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-аар тооцоход алданги нь 7,646,590 төгрөг болж байна. Тооцоо бодсон тухай баримтыг хавсаргав.

1.4. Иймд хариуцагч "Е" ХХК-аас шатахууны үндсэн төлбөрт 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг нийт 22,939,770 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. “Р” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. “Е” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бугат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн хувьцааг халаалтын төвийн бүх хөрөнгийн хамт худалдаж авч, тус сумын гэрээт байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангах ажлыг хийж гүйцэтгэж байна.

2.2. Тус халаалтын төвийн үйл ажиллагааг 2023 оны 9 дүгээр сараас эхэлсэн ба тухайн үед компанийн эрх шилжээгүй байсан учир нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээг “Е” ХХК-ийн нэр дээр байгуулсан. Тооцоо нийлсэн актаар 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Шатахууны үнийг төлж чадахгүй байгаа шалтгаан нь дулааны эрчим хүчний үнэ тарифыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөр хэлэлцэн баталсан боловч зөвлөлийн дарга миний төрсөн ах учир ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж тогтоолд гарын үсэг зурахгүй байгаа юм. Үүнээс болж Бугат сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн алба нь тогтоол баталгаажиж ирээгүй гэж 2024 оны 4 дүгээр сараас хойш санхүүжилт олгохгүй байгаагаас төлбөрийг төлж чадаагүй болно.

2.3. Мөн “Е” ХХК-ийн захирал Х.Аргон миний “А” гэх компани болон миний 200,000,000 төгрөгтэй дансыг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байх тул өр төлбөрөө төлж чадахгүй байна. Иймд алдангийг зөвшөөрөхгүй байна.

 

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00831 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 -д заасныг тус тус баримтлан хариуцагч “Е” ХХК-аас шатахууны үндсэн төлбөр 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг, нийт 22,939,770 /хорин хоёр сая есөн зуун гучин есөн мянга долоон зуун далан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Е” ХХК-аас 272,649 /хоёр зуун далан хоёр мянга зургаан зуун дөчин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. “Е” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.н би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бугат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн хувьцааг халаалтын төвийн бүх хөрөнгийн хамт худалдаж авч тус сумын гэрээт байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангах ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус халаалтын төвийн үйл ажиллагааг 2023 оны 9 дүгээр сараас эхэлсэн ба тухайн үед компанийн эрх шилжээгүй байсан учир Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээг “Е” ХХК-ийн нэр дээр байгуулсан.

4.2. Тооцоо нийлсэн актаар 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Шатахууны үнийг төлж чадахгүй байгаа шалтгаан нь дулааны эрчим хүчний үнэ тарифыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөр хэлэлцэн баталсан боловч зөвлөлийн дарга миний төрсөн ах учир ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж тогтоолд гарын үсэг зурахгүй байгаа. Үүнээс болж Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба нь тогтоол баталгаажиж ирээгүй гэж 2024 оны 4 дүгээр сараас хойш санхүүжилт олгохгүй байгаагаас төлбөрийг төлж чадаагүй.

4.3. Мөн “А” ХХК-аас манай “А” ХХК-д холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс “А” ХХК болон иргэн Х.А миний банк дахь харилцах данснуудыг битүүмжилсэн. Үүнээс болж данснаас ямар нэгэн гүйлгээ хийх боломжгүй болж өр төлбөр үүссэн. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүй.

4.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор хуульчилсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд алдангийн хэмжээг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тусгасан байгаа ба тухайн гэрээ байгуулах үед дараа нь ийм маргаан гарна гэж төсөөлөөгүй учир гэрээг нарийвчлан хянахгүйгээр “Р” ХХК-аас боловсруулан ирүүлсэн бэлэн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.

4.5. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд анзын хэмжээг багасгах бүрэн боломжтой байхад хуулийн дээрх энэ зохицуулалтыг хэрэглээгүй явдалд гомдолтой байна.

4.6. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00831 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 7,646,590 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгох, эсхүл алдангийн хэмжээг багасгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч “Е” ХХК-д холбогдуулан гаргасан “шатахууны үнэ 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг нийт 22,939,770 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

7. Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч “Е” ХХК-д холбогдуулан 22,939,770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...”Е” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Р” компанитай 35 тоот "Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ" байгуулж, уг гэрээний дагуу 24,793,780 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдаж авсан. Гэрээгээр талууд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “Е” ХХК нь хоорондын тооцоогоор 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж, тооцоо нийлсэн акт үйлдэж, энэхүү үлдэгдэл төлбөрийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч тал одоо болтол уг төлбөрийг төлөхгүй байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна. Талууд хооронд байгуулсан гэрээний 4.3-т зааснаар хэрэглэгч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх алдангийг тооцоход 7,666,316 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-с хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%- иар тооцоход алданги нь 7,646,590 төгрөг болж байна. Иймд хариуцагч "Е" ХХК-иас шатахууны үндсэн төлбөрт 15,293,180 төгрөг, алданги 7,646,590 төгрөг нийт 22,939,770 төгрөг гаргуулж өгнө үү”  гэж тайлбарлажээ.

8. Хариуцагч хариу тайлбартаа “... “Р” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. “Е” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бугат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн хувьцааг халаалтын төвийн бүх хөрөнгийн хамт худалдаж авч тус сумын гэрээт байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангах ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус халаалтын төвийн үйл ажиллагааг 2023 оны 09 дүгээр сараас эхэлсэн ба тухайн үед компанийн эрх шилжээгүй байсан учир нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээг “Е” ХХК-ийн нэр дээр байгуулсан. Тооцоо нийлсэн актаар 15,293,180 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Шатахууны үнийг төлж чадахгүй байгаа шалтгаан нь дулааны эрчим хүчний үнэ тарифыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөр хэлэлцэн баталсан боловч зөвлөлийн дарга миний төрсөн ах учир ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж тогтоолд гарын үсэг зурахгүй байгаа юм. Үүнээс болж Бугат сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн алба нь тогтоол баталгаажиж ирээгүй гэж 2024 оны 04 дүгээр сараас хойш санхүүжилт олгохгүй байгаагаас төлбөрийг төлж чадаагүй болно. Мөн “Е” ХХК-ийн захирал Х.А миний “А” гэх компани болон миний 200,000,000 төгрөгтэй дансыг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байх тул өр төлбөрөө төлж чадахгүй байна. Иймд алдангийг зөвшөөрөхгүй байна” гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

9. Хэрэгт авагдсан баримтуудаар “Р” ХХК-ийг төлөөлж Б.Ж, нөгөө талаас “Е” ХХК-ийг төлөөлж Х.Аргон нар харилцан тохиролцож, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 35 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах” гэрээг байгуулжээ. Талуудын 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлцэн актаар “Е” ХХК нь 15,293,180 төгрөгийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг “Р” ХХК-д төлөөгүй, өглөгтэй болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаангүй байна.

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах” гэрээний 4.3-т хэрэглэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нийлүүлэгч байгууллагад төлнө гэж гэрээгээр тохиролцжээ. Хариуцагч  “Е” ХХК нь тооцоо нийлсэн актаар тогтоогдсон төлбөр болох 15,293,180 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч гэрээнд зааснаар алдангийн хэмжээг хариуцагч “Е”  ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15,293,180 төгрөгийн 50 хувь болох 7,646,590 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтад нийцсэн байна.

10. Анхан шатны шүүхээс хариуцагчаас 22,939,770 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан” гэж хууль ёсны дүгнэлт хийсэн нь хэрэгт талуудаас гаргаж өгсөн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад тулгуурласан, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

11. Хариуцагчаас “...“А” ХХК-аас манай “А” ХХК-д холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс “А” ХХК болон иргэн Х.А миний банк дахь харилцах данснуудыг битүүмжилсэн. Үүнээс болж данснаас ямар нэгэн гүйлгээ хийх боломжгүй болж өр төлбөр үүссэн. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүй. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд анзын хэмжээг багасгах бүрэн боломжтой байхад хуулийн дээрх энэ зохицуулалтыг хэрэглээгүй явдалд гомдолтой байна...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч шүүхэд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 867 дугаартай захирамжийг нотлох баримтаар гарган өгч уг захирамжаар “Х.А миний дансыг 220,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилснээс болж болж өр төлбөр үүссэн” гэж тайлбарлах боловч тус захирамжаар Х.Аргоны дансны гүйлгээг зогсоосон боловч “Е”  ХХК-ийн дансны гүйлгээг зогсоогоогүй, энэхүү нөхцөл байдал нь хэрэгт хамааралгүй буюу нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлэхийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үндэслэлийг нотлохгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх  ба анхан шатны шүүх талуудаас хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудын хэмжээнд маргааны үйл баримтыг тогтоож, түүнд Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00831 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Е” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.Ө

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.Т

 

                       ШҮҮГЧ                                                            Д.К