| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 101/2017/01205/И |
| Дугаар | 001/ХТ2017/01434 |
| Огноо | 2017-11-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2017/01434
С.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101//ШШ2017/01132 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1246 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.А-д холбогдох,
7 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Д.А-гийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Э- нь 2014 оны 03 дугаар сараас 2015 оны 02 дугаар cap хүртэл нийт 6 700 000 төгрөгийг Д.А-д зээлдүүлсэн. Гэвч Д.А- нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн төлбөр болон хүүг огт төлж барагдуулж байгаагүй бөгөөд удаа дараа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад удахгүй мөнгө орж ирэхээр өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Улмаар С.Э- нь Д.А-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №183/ШШ2017/00037 тоот шүүхийн шийдвэрээр, Д.А-г эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Баян монгол хорооллын 418 дугаар байрны 2-70 тоотод оршин суудаг болохыг тогтоосон болно.
Иймд, Д.А-гаас 2014 оны 03 дугаар сараас 2015 оны 02 дугаар cap хүртэл 5 удаагийн зээл нийт 6 700 000 төгрөг, Д.А-г эрэн сурвалжлуулах хүсэлтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний төлбөрийн 50 хувь болох 300 000 төгрөг, нийт 7 070 200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Дансны хуулгаар 6 700 000 төгрөг өгсөн нь нотлогдоно. Гэрээг амаар байгуулсан тул хүү тооцоогүй. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн 300 000 төгрөг баримт байхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
С.Э-ийн 1 700 000 төгрөгийг сар болгон 200 000 төгрөгөөр төлж дуусгах хүсэлтэй байна. Ах н.Эрдэнэбатаас авсан 5 000 000 төгрөгийг өөрт нь өгнө гэсэн саналтай байна. 370 000 төгрөг төлж чадахгүй. Нийт 4 000 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сард авсан. 1 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сард төлсөн. 2016 оны 2-4 сард хүү гээд 560 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын үед 500 000 төгрөгийг өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Наймаа ашиггүй болсон. Ах дүү улс тул дараа төлнө гэхэд зөвшөөрч байсан. Багаар ч гэсэн төлнө гэдэг. Би одоо 1 700 000 төлөх ёстой ойлгож байгаа.
1 000 000 төгрөгийг н.Эрдэнэчулуунаар дамжуулж өгсөн. Би 6 700 000 төгрөг аваагүй. Харин анх 4 000 000 төгрөг л авсан. 500 000 төгрөгийг ажил дээрээ бэлнээр өгсөн, 560 000 төгрөгийг дансаар цувуулж өгсөн байгаа. Гэхдээ надад баримт байхгүй.
Хаан банкны 5133026169 тоот данс нь миний данс мөн гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101//ШШ2017/01132 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.А-гаас 6 700 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 370 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1246 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ217/01132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 073 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх С.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ би зээлсэн мөнгөө бага багаар С.Э-т төлж байсан боловч миний өгсөн мөнгийг өгөөгүй гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Би өөрөө хууль эрх зүйн мэдлэг байхгүй, өгч байсан мөнгөө хаан банкны дансны хуулгаа аваад нотлох баримтаар шүүхэд гаргаж өгнө гэдгийг мэдээгүй.
Би шүүх хурал дээрээ хэлж байсан би мөнгөө төлж байсан, яагаад намайг төлж байгаагүй гээд байгаа юм бэ гээд, анхан шатны шүүх мөнгө шилжүүлж байсан дансны хуулгыг Хаан банкнаас гаргуулаад шийдэж болох байсан. Гэтэл энэ асуудлыг шийдэхгүйгээр нэг талыг барьж шийдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Харин шүүх “гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол”, “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол” гэх хоорондоо уялдаа холбоотой боловч хоёр өөр эрх зүйн ойлголтыг зохицуулсан Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг баримтлаагүй нь алдаатай болсон байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Э- хариуцагч Д.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6 700 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 370 000 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.А- нэхэмжлэлээс 1 700 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй маргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, ийнхүү дүгнэх үндэслэл болсон нотлох баримтыг шийдвэр, магадлалд заасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргасан нотолгоог үгүйсгэж чадаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй тайлбараа нотлоогүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг нотлогдсон хэмжээгээр хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал, мөн эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид төлсөн хөлс зэргийг хангах үндэслэлгүй гэж үзэж, дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д заасан зохицуулалтыг баримталсан нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Зээлийн гэрээний зээлдэгч тал үүргээ зөрчсөн боловч зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч С.Э- гэрээнээс татгалзах бус харин гэрээний үүргийн биелэлтийг шаардсанаас гадна гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжилжээ. Энэ шаардлагын эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д туссан байна. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, харин хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1246 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101//ШШ2017/01132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.1.-д” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1.-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН