Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 60

 

Н.Б-, Г.П- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Тулга, О.Сарантуул, шүүгдэгч Г.П-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хохирогч Ч.Б-, хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч Д.Д-, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Н.Б-, Г.П- нарт холбогдох 1925003000022 дугаартай хэргийг прокурор Г.Эрдэнэзулын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарны 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль хамгаалал, газрын менежмент мэргэжилтэй, “***” ТӨҮГ-н баяжуулах үйлдвэрт бутлан тээвэрлэх цехэд тэжээгүүрийн машинист ажилтай, ам бүл 5, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ш овогт Н-н Б-, (РД:**),

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т овогт Г-н П- (РД:**).

Н.Б-, Г.П- нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Б-ийг тус багийн 3-6 дугаар байрны 6 дугаар орцонд оруулж хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн монетон бөгжийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-, Г.П- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн 1925003000022 дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж,

шүүгдэгч Н.Б-, Г.П- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч Ч.Б- болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Д- нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Эрдэнэзул бичсэн эсэргүүцэлдээ “…Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Үүнд, гэрч Г.А-ын ...мэдүүлэг, гэрч Э.Н-, Г.А- нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Г.А-, Д.Д- нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрч Б.Ж-, А.Э-, Г.Д- нарын мэдүүлэг, мэдүүлгүүдийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэгүүд, бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, бусад гэрчүүдийн мэдүүлгүүд зэргээр Н.Б-, Г.П- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хохирогч Ч.Б-ийн эсрэг үйлдсэн болох нь эргэлзээгүйгээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж дүгнэсэн атлаа хөндлөнгийн гэрч Г.А-ын удаа дараа өгсөн “хохирогч Ч.Б-, шүүгдэгч Н.Б- нарыг таньж, цаг хугацааг хэлж байгааг, 3-н эрэгтэй хүн явж байсан талаар, хохирогч гэмтэл шархгүй байсан талаарх” мэдүүлэг, түүнээр таньж олуулах ажиллагааг хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн гэрч мөн эсэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн.

Гэрч Г.А- болон Г.Д-, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирогч Ч.Б- нь Орос цэцэрлэг, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-13 дугаар байрны голын зам дээр гэмтэл шархгүй хэвтэж байсан талаар мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч шинжээч эмчийн мэдүүлсэн гэмтэл авсны дараах саармаг үедээ “3 хүн байсан, миний бөгжийг авсан” гэж мэдүүлсэн ба хагалгаанд орсны дараа гэмтлийн гаралтай сэтгэцийн эмгэгтэй болж үйл явдлыг санахгүй болсон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- Г.А-ын эхнэрээс гэрт нь очиж хохирогчийн цүнхийг авсан, эд зүйл нь бүрэн байсан талаар мэдүүлсэн гэрч Г.А-ыг энэ хэрэгт хувийн ашиг сонирхолтой гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй атал шүүх гэрч Г.А-ын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн.

Мөн Д.Д-ын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-6 дугаар байрны 6 дугаар орцноос гарч байгаа хүнийг мөрөө хавчин явж байгаа байдал, өмссөн хувцас зэргээр нь хохирогч Ч.Б-ийг мөн гэж таньж байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд бусад гэрч таниагүй үндэслэлээр эргэлзээтэй тул үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлгүйгээр гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг эргэлзээтэй үндэслэлээр үнэлэх боломжгүй гэж дүгнэн эцсийн дүнд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээтэй байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. 2 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар талд хавсаргагдсан мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлийг шүүгдэгч нарын голд яваа хүн хохирогч Ч.Б- мөн эсэхэд эргэлзээ бүхий байгааг давхар нотолж байна гэж дүгнэсэн нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт хийх боломжгүй гэсэн дүгнэлттэй илт зөрж байгаа ба үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

Гэрч Г.А-ын мэдүүлэг, түүгээр тань олуулах ажиллагааг хийсэн тэмдэглэлийг, мөн гэрч Д.Д-ын хохирогч Ч.Б-ийг таньж байгаа таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар тооцогдох төдийгүй хохирогчийн мэдүүлгүүдийг давхар нотолж буй дээрх нотлох баримтуудыг шүүх хянаж үзээгүй, няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, яллагдагч Н.Б-, Г.П- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Миний нөхөр Ч.Б- 2019.04.31-ны шөнө бусдад зодуулсан байдалтай маргааш өглөө 7:55 цагийн үед гэртээ ирсэн. Би 10 цагийн үед 3 дугаар микрийн цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага камерын бичлэгээр тэр этгээдүүдийг шуурхай олж тогтоосон. Камерын бичлэгийг таньж олуулахад би нөхөр Ч.Б-ийг явж байгаа байдал, биеийн хэмжээ, төрх өмссөн хувцас зэргээр шууд таньсан үүнийг байнга үгүйсгэдэг. Манай охин гадаадад удаан хугацаагаар яваад аавынхаа бие мууг сонсоод ирсэн, маргааш нь таниулахад эргэлзсэн.“Бадрах” дэлгүүрээс утсаар ярихад гарт нь бөгж байсан камерын бичлэгт харагдаж байгаа бөгжийг бас үгүйсгэдэг. Мөн Г.А-, Г.Д-, Э.Н- нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үгүйсгэдэг. Энэ маш буруу үүнд ач холбогдол өгдөггүй.

Хохирогч Ч.Б-ийг энэ гэмтлээс болж сэтгэцийн өөрчлөлтэй болсныг эмч нарын баг үзэж шинжилгээ, зөвлөгөө хийж тодорхойлсон үүнийг бас үгүйсгэдэг энэ туйлын буруу. Н.Б-ын өмгөөлөгч О.Сарантуул, Ч.Б- хохирогчийг тэнэг дүлий болж жүжиглэдэг гэж байнга доромжилдог. Хохирогчийн бие төлөөлөгчийг цагдаа шийдвэр гаргаж төлөөлөх шаардлагатай гэсэн шийдвэрийг үгүйсгэдэг. Үүнд маш их гомдолтой байна. Н.Б-, Г.П- нар урьд өгсөн мэдүүлгээ шууд үгүйсгэж цагдаа нар дарамталж худлаа яриулсан гэдэг боловч энэ нь батлагдаагүй.

Одоо хохирогч Ч.Б-ийн биеийн байдал улам доройтож, ааш араншин хэвийн бус, уурласан үедээ юу ч хийхээс буцахгүй тайван бус байна. Хамт амьдарч байгаа би сэтгэл санааны маш их дарамтанд амьдарч байна. Хохирогч Ч.Б-ийн хэргийн буруутай этгээдүүд тодорхой байхад сум дундын шүүх гэмт этгээдүүдийг ял завшиж цагаатгаж байгаад маш их харамсаж байна. Хохирогчийн эрүүл мэнд хэзээ ч эргэж сэргэх боломжгүй байна. Эм, эмчилгээтэй байх шаардлагатай учир энэ цагаатгах шийдвэр туйлын буруу, хохирогчийн хууль ёсны амьд, эрүүл байх эрх зөрчигдөж байна.

Камерын бичлэгээр 3-6 дугаар байрны тодорхой орц руу орж байгаа тухайн үед чирэгдэж яваа хүн нь хохирогч Б- мөн байсан. Тэр н.Ж- бол урьд нь өөрөө биш гэж мэдүүлсэн. Дараа худал ярьж эхэлсэн би мөн гээд гэрчээр орж ирсэн энэ бүр худал зүйл. Ч.Б- өглөө гэрийн гадаа хөршийн н.О-тэй тааралдаж байсан гэрчийн мэдүүлэг байгаа. Ер нь бүх үйл явдал процессыг гуйвуулж энэ этгээдүүдийн ял завшиж цаашид ийм зүйл хийж болох юм байна гэсэн гүтгээд гарчихдаг болдог гэсэн ойлголттой болгож байгаад маш их харамсаж гомдож байгаагаа өөрийн үгээр товч бичив. Маш их гомдолтой их сэтгэл санааны дарамттай байна” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын /10 хуудасны/ хэсэгт “Мөрдөгч нь шүүгдэгч Г.П- Н.Б- нарыг бүлэглэн хүний биед хүнд гэмтэл учруулсан, хүний эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт сэжиглэн 2019.05.02, 2019.05.13, 2019.11.29-ний өдөр авсан гэрчийн мэдүүлгийг гэмт хэргийг илрүүлэх арга болгон ашигласан байх бөгөөд анхан шатны шүүх үүнийг нотлох баримтаар тооцохгүй атал, нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ” гэх дүгнэлт хийсэн нь яллагдагч, шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн гэж үзэж, шийдвэрлэлээ гэж ойлгогдож байх ба энэхүү баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан цагаатгах үндэслэлд хамаарах нотлох баримт биш байхад магадлалын тодорхойлох хэсэгт хамаатуулан заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг шууд заасан гэрч болох Г.Д-ын /1 хавтас 58 хх / мэдүүлгийн хэрэгт хамааралтай ач холбогдолтой байдлыг үгүйсгэн няцаасан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч Г.П-, Н.Б- нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг шууд гэмт хэрэг илрүүлэх арга болгосон гэх хийсвэр, нотлох баримтгүй дүгнэлт хийснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

2. Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн нотлох баримтуудын агуулгад шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хуульд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Гэрч Г.А-ын /1хавтас 33хх, 5 хавтас 29хх тал/ мэдүүлгийг үгүйсгэн няцаасан анхан шатны шүүхийн үндэслэл нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн гэрч мөн эсэхэд эргэлзээ үүсэж байх тул гэх байдлаар дүгнэсэн ба энэхүү эргэлзээ үүсгэж байгаа гэх үндэслэл нь хэрэгт баримтаар нотлогдоогүй, нотлох ажиллагаа огт хийгдээгүй үндэслэлийг заасан, давж заалдах шатны шүүх эргэлзээ бүхий гэж өөр зөрүүтэй үндэслэлийг заахдаа гэрч Г.А-ын мэдүүлгийн ач холбогдлыг буюу газар согтуу хэвтэж байсан хүн Б- мөн болохыг заасан мэдүүлэг нь гэрч Э.Н- гэрчийн мэдүүлэг, мэдүүлгийг шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдсоныг үгүйсгэн няцаах баримтаар....хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ж.Э-, Б.Ж-, Ж.П-, Г.Г- нарын мэдүүлэг зэрэг баримтыг зааж эргэлзээ бүхий гэж няцаасан байх бөгөөд эдгээр няцаан үгүйсгэсэн баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай буюу Ч.Б-ийг биш болохыг хангалттай нотолсон баримт биш байхад няцаасан баримт гэж тооцон үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Нотлох баримтын агуулгад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шалгаж үнэлэх ба хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ж.Э-, Б.Ж-, Ж.П-, Г.Г- нарын мэдүүлгүүд нь орцонд хохирогчоос өөр хүнийг оруулсан гэдгийг хангалттай нотлогдохгүй байхад цагаатгах баримт гэж үзсэн, хохирогч Ч.Б- мөн эсэх нь тогтоогдсонгүй гэх дүгнэлт хийж, улмаар гэрч Г.А-, Э.Н-, Г.Д-, Д.Д- нарын мэдүүлэг, мэдүүлэг шалгах ажиллагаа, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтын агуулгад буруу дүгнэлт хийсэн байна.

Хохирогч Ч.Б- нь тухайн өдөр, өөрийн хуруундаа бөгжтэй явсан бөгөөд үүнийг камерын бичлэг, гэрч Г.А- /1 хх 247-248 хх / гэрч Э.Н- /1хх-243-246 тал/ гэрч Г.Д-, Л.О-, Э.Н-, Ч.Б-, Г.П-гийн нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бид нар тухайн хүн дээр очсон, босгох гэж зөөлөн өшиглөсөн гэх мэдүүлэг нь гэрч Э.Н-ын тухайн газарт хэвтсэн хүнийг зөөлөн өшиглөсөн гэх мэдүүлгүүд тохирч байгаа эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн няцаасан баримт хэрэгт авагдаагүй атал байгаа мэтээр хийсвэр дүгнэлт хийж, хэн болохыг тогтоогоогүй агуулгатай шинжээчийн дүгнэлтийг баримтлан үгүйсгэсэн баримт гэж үзсэн нь үндэслэлгүй, уг шинжээчийн дүгнэлтээр Ч.Б- биш, өөр хүн гэдэг нь хангалттай нотлогдоогүй баримт байхад эргэлзээтэй гэх байдлаар хохирогчийг биш гэж үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна.

Б.Б- толгойд үүссэн гэмтлээс шалтгаалан үйл явдлын талаар бүрэн мэдүүлэг өгч чадахгүй байгаа байдлыг нотлох баримт гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хууль зүйн дүгнэлтдээ “Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэзул хяналтын журмаар гаргасан эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлдээ “...Анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг эргэлзээтэй үндэслэлээр үнэлэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь илт үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт хавсаргагдсан мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлийг шүүгдэгч нарын голд яваа хүн хохирогч Ч.Б- мөн эсэхэд эргэлзээ бүхий байгааг давхар нотолж байна гэж дүгнэсэн нь шинжээчийн “дүгнэлт хийх боломжгүй” гэсэн дүгнэлттэй зөрж байна. Гэрч Г.А-, түүнээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрч Д.Д-ын хохирогч Ч.Б-ийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд байхад шүүх хянаж үзээгүй, няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох… ” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцахад 2019 оны 04 дүгээр сарын 29-ны шөнө хохирогч Ч.Б- нь бусдад зодуулж бөгжөө дээрэмдүүлсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Н.Б-, Г.П- нар нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ны шөнө явган хүний зам дээр хэвтэж байсан согтуу хүнийг Уурхайчин багийн 3-6 дугаар байрны 6 дугаар орцонд оруулж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан камерын бичлэг болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, шүүгдэгч нарын уг орцонд оруулж өгсөн хүн нь хохирогч Ч.Б- мөн эсэх, хохирогч нь шүүгдэгч Н.Б-, Г.П- нарт зодуулж хүнд гэмтэл авсан, эд зүйлээ дээрэмдүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэг, хохирогч, шүүгдэгч нарын өндрийг хэмжиж мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр дээрх нөхцөл байдал эргэлзээтэй байна.  

Иймд 2 шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Сарантуул хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Уурхайчин багийн 3-6 дугаар байрны 6 дугаар орцонд оруулж өгсөн хүн нь Ч.Б- эсэх нь эргэлзээтэй байдлыг шүүх хуралдааны явцад тогтоосон. Энэ нь камерын бичлэг, хохирогч, шүүгдэгч нарын өндрийг хэмжиж мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, хүмүүс тус орцноос гарч буй цаг хугацаа зэрэг нь орцонд оруулсан хүн Ч.Б- эсэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэсэн. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Б.Тулга хэлсэн саналдаа “Хоёр шатны шүүх хүний эрхийг хамгаалж, хэлмэгдэхээс урьдчилсан сэргийлсэн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүх энэ хэрэгт нэг алдаатай зүйл байгааг харсан болохоор хэд хэдэн удаа буцааж, цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, шударга шийдвэр гаргасан тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү”  гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.П-гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн  хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үздэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед туршилт хийхэд миний бие биечлэн оролцсон бөгөөд тухайн газарт хохирогч байгаагүй гэж дүгнэж байсан. Прокурор хууль зүйн дүгнэлтдээ хэрэгт авагдсан баримтуудыг эргэлзээтэй гэж үзсэн нь үндэслэлтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэзулын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-, Г.П- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Прокуророос шүүгдэгч Н.Б-, Г.П- нарыг бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Б-ийг тус багийн 3-6 дугаар байрны 6 дугаар орцонд оруулж хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн монетон бөгжийг нь дээрэмдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

4. Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд оролцогчдын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын агуулгыг нэг бүрчлэн бичсэн байх боловч харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нь хууль зүйн болон эрх зүйн ухамсарт тулгуурласан үнэлэмжээр хэргийн бодит байдалд нийцсэн гэж үнэлж байгаа, түүнчлэн бусад эсрэг агуулга бүхий нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар хангалттай дүгнэлт хийхгүйгээр хэт ерөнхий, товч дүгнэлт хийсэн Н.Б-, Г.П- нарт холбогдох хэргийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна гэж үзэв.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдлын шаардлага, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж буй ач холбогдол зэргийг үнэлж, дүгнэхгүйгээр шууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлгүй юм.

6. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үүссэн эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулах, эсхүл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзвэл шүүх энэ талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй болно.

7. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд мөн л харилцан зөрүүтэй дүгнэлтийн аль нь хэргийн бодит байдалд нийцсэн, үнэн зөв эсэхийг үнэлж дүгнээгүй, мөн шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ хангалттай тусгаагүйн зэрэгцээ прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлтийг  няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохоор хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                           М.ПҮРЭВСҮРЭН

                           Ч.ХОСБАЯР

                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН