Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2024/0129

 

                         “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын

                        ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн

                      газрын татварын улсын байцаагч нарт холбогдох

                                     захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Д.Батбаатар

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     М.Батсуурь

                                     Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:            Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0365 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2024/555 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Ц.Т, С.М, Э.Ц нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, үндсэн төлбөр хуулийн хугацаанд төлөөгүй” гэсэн үндэслэлээр 2,966,359,633.15 төгрөгийн нөхөн татвар, 923,933,394.13 төгрөгийн торгууль, 546,441,810.04 төгрөгийн алданги, нийт 4,436,734,837.32 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Анхан шатны шүүхийн шийдвэр:

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0365 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14-т заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2024/555 дугаар магадлалаар 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэл: Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Татварын ерөнхий хуулийн 5.1.2.Тодорхой байх 5.1.3.шударга байх зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн нөхөн татвар ногдуулах уу, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлгүй болсон.

5.2.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэх ба манай тохиолдолд бидний зүгээс АМНАТ-ыг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг анхаарч үзэх хэрэгтэй.

5.3.Татварын улсын байцаагч нар нь ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулахдаа татварыг бодитой, шударгаар ногдуулах зарчмыг зөрчсөн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж үзсэнгүй. Тухайлбал, татварын улсын байцаагч нар нь тооцоолол дээр алдаа гаргаж жоншны ачилт болгон дээр болон зарим үед дээж өгөх бүрд сар бүр жишиг үнэд өөрчлөлт орж байсныг харгалзан үзэхгүйгээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй юм.

5.4.Түүнчлэн манай компани нь жоншны нөөцийг ашиглаж олборлосон уул уурхайн компаниудаас худалдан авч зөвхөн экспортод гаргах худалдааны бизнес эрхэлсэн бөгөөд энэ тохиолдолд жонш олборлогч компаниуд нь АМНАТ-аа хуульд заасан үүргийнхээ дагуу төлсөн гэдэг тайлбарыг татварын улсын байцаагч нар шалгаж үзэхгүйгээр нөхөн ногдуулалтын акт ногдуулсан. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бүтээгдэхүүн дээр 2 удаа буюу татварыг давхардуулан ногдуулсан болохыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.5.Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх үндэслэл: Татварын улсын байцаагч нар нь манай компанийн экспортод гаргасан жоншны бүтээгдэхүүний жин (тнн) бүхий гаалийн мэдүүлэг болон бэлэн бусаар дансаар шилжүүлсэн гүйлгээний хуулга, жонш худалдах гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрэн шалгаж тогтоосон атлаа бодит үнээр биш харин олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа нь хууль хэрэглээний хувьд илэрхий ноцтой зөрчилд тооцогдоно.

5.6.Манай улс дэлхийн зах зээл рүү жоншийг шууд худалдах боломжгүй бөгөөд далайд гарцгүй зөвхөн 2 хөрш улсдаа экспортлох боломжтой учраас олон улсын зах зээлийн өрсөлдөөнд оролцох, улмаар жишиг үнээр бүтээгдэхүүнээ борлуулах бодит боломж байхгүй. Мөн жонш нь биржийн бус бараа бүтээгдэхүүн тул олон улсын биржүүдээр арилжаалах боломжгүйн зэрэгцээ бүтээгдэхүүний овор хэмжээ ихтэйгээс шалтгаалж тээвэр ложистикийн хүчин зүйлээс шууд шалтгаалдаг бүтээгдэхүүн юм. Уурхайн аман дээрх жоншны үнэ болон ачилт хийсэн, тээвэрлэж төмөр замын өртөө хүргэсэн, улсын хил хүртэл тээвэрлэгдсэн нэгж жоншны үнэ хүртэл харилцан адилгүй нэмүү өртөг, зардал шингэсэн үнэтэй байдаг.

5.7.Гэтэл татварын улсын байцаагч нар нь тухайн улсын орон нутгийн үнийг мэдээлдэг, зөвхөн мэдээллийн шинжтэй албан бус цахим хуудас болох www.indmin.com хаяг дээрээс БНХАУ-ын Тянь-жин боомт дээр FОВ (Free On Board) үнэ буюу усан онгоцны тавцан дээрх үнээс тооцож татвар ногдуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Монгол улсын хилээр экспортод гарсан жоншны бүтээгдэхүүн БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр хэдэн мянган километр тээвэрлэгдэж, ачилт буулгалтын үнэ, тээврийн үнэ, орон нутгийн болон улсын татвар хураамж тооцогдож улмаар далайн боомтоос дэлхийн өнцөг булан бүр лүү хамгийн хямд усан тээврээр зөөвөрлөгдөх боломжтой бүх үнэ, зардал, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнээс тооцож татвар ногдуулж байгаа нь эрүүл ухаанаар ойлгох боломжгүй зүйл юм.

5.8.Аливаа эрдэс баялаг нь шат дамжлаг бүрээр үнэ өсөж, мөн эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ өртөг зардал шингэж нэмүү өртөг үүсгэдэг тул анхны баяжмалын борлуулалтаас үйлдвэрийн дамжлагад шингэх үеийн үнээр тооцож татвар ногдуулах үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

6.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг залруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

8.Хяналт шалгалт хийх тусгай удирдамж, томилолтын дагуу “Х” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.С, Н.Х нар хийж гүйцэтгэжээ.

9.2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар “хайлуур жоншны хүдэр экспортод гарган борлуулахдаа борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, хуулийн хугацаанд үндсэн төлбөр төсөвт төлөөгүй” үндэслэлээр нийт 48,531,341,669.16 төгрөгийн зөрчилд 2,966,359,633.15 төгрөгийн нөхөн татвар, 923,933,394.13 төгрөгийн торгууль, 546,441,810.04 төгрөгийн алданги, нийт 4,436,734,837.32 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

10.“Х” ХХК-аас “... манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах боломж татварын албанд байсан. ... Улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ... Татварын улсын байцаагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д заасны дагуу нөхөн татвар ногдуулах уу, Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмын 2.2.6-г ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлтэй болж чадсангүй” гэж маргажээ.

11.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... манай компани нь жоншны нөөцийг ашиглаж олборлосон уул уурхайн компаниудаас худалдан авч зөвхөн экспортод гаргах худалдааны бизнес эрхэлсэн бөгөөд энэ тохиолдолд жонш олборлогч компаниуд нь АМНАТ-аа хуульд заасан үүргийнхээ дагуу төлсөн ... нэг төрлийн бүтээгдэхүүн дээр 2 удаа буюу татварыг давхардуулан ногдуулсан болохыг шүүхээс анхаарч үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой” гэжээ.

12.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүргээ хэрэгжүүлж, маргааны үйл баримттай холбоотой зарим нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

13.Тухайлбал, талуудын маргааны гол зүйл болох 1) экспортын гэрээний үнээр хайлуур жоншны АМНАТ-ыг тооцох эсэх эсхүл 2) олон улсын зах зээлийн үнийг баримтлах эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай жоншийг экспортод гаргасан гэрээ, бусад холбогдох баримт хэрэгт авагдаагүй, улсын байцаагч нарын хяналт шалгалт явуулсан цаг хугацааны (2018.01.01-ний өдрөөс 2021.12.31) зарим хэсэгт хамаарах нэхэмжлэгч хуулийн этгээдийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас өөрөөр жоншийг нэхэмжлэгч хэдэн төгрөгөөр экспортолсон талаарх баримт авагдаагүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй гэх үйл баримтад хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.

14.Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлээ АМНАТ-ыг гэрээний үнийн дүнгээс тооцох ёстой гэж маргахаас гадна 1) ашигт малтмалыг өөр аж ахуйн нэгжээс худалдан авсан байхад нэг төрлийн бүтээгдэхүүн дээр 2 удаа буюу татварыг давхардуулан ногдуулсан, 2) 40 хувийн агуулгатай шороог ФК75 хувиар тооцсон зэргээр тайлбарлан маргаж байх бөгөөд татварын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгчийн татварын албанд өгсөн ярилцлагын тэмдэглэлд “... 2019-2021 онд жонш худалдан авч экспортод гарган борлуулсан”[1] гэж тусгагдсан, мөн жонш худалдах, худалдан авах гэрээ, гарал үүслийн бичиг зэрэг холбогдох баримт хэрэгт авагдсан байх тул шүүхээс уг үндэслэлд хамаарах баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ асуудлаар “нэхэмжлэгч маргаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

15.Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар “ашигт малтмал экспортолсон этгээд”-ийн хувьд экспортолсон хайлуур жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 47.7-д “ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэж ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн бусад этгээдээс жоншийг худалдан авсан нь гэрээ, төлбөрийн баримт, худалдсан этгээдийн суутган төлсөн тайлан мэдээ зэргээр нотлогдох тохиолдолд суутган төлсөн төлбөрийг хасаж тооцож болохоор байна.

16.Хэдийгээр “Ч” ЗБН болон “Х” ХХК-ын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Жонш болон жоншны шороо худалдах, худалдан авах”, “Т” ХХК-ийн “Хэнтий аймаг Бор-Өндөр сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу ... Т ХХК-ийн жоншны уурхайгаас зохион байгуулалттай нөхөрлөлөөс шороог ... Х ХХК-д худалдан борлуулсан болно” гэх гарал үүслийн бичиг гэсэн баримтууд хэрэгт авагдсан байх боловч “Ч” ЗБН-тэй байгуулсан гэрээгээр 3000 тн жонш, жоншны шороо нийлүүлэхээр харилцан тохиролцсон, “Т” ХХК-аас худалдан авсан гэх гарал үүслийн бичигт худалдсан жоншны хэмжээ тусгагдаагүй байна.

17.Иймд маргаан бүхий актад дурдагдсан 2018 онд 1,215.12 тн, 2019 онд 22,345.07 тн, 2020 онд 17,639.76 тн, 2021 онд 10,385.28, нийт 51,585.22 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж, борлуулахдаа хэдий хэмжээний хайлуур жоншийг бусад этгээдээс худалдан авсан талаарх гэрээ, төлбөрийн баримт, худалдсан этгээдүүдийн суутган төлсөн тайлан мэдээ зэрэг холбогдох баримтыг бүрэн цуглуулж, хариуцагч нар хяналт шалгалт явуулахдаа мэдээлэл, баримт цуглуулах, хяналт шалгалт хийх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэх, нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой гаргаж, нотлох баримтыг зааж, гаргаж өгөх ёстой харин эдгээр нь тодорхойгүй нөхцөлд тодруулах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргийг хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.

19.Хариуцагч татварын байцаагч нараас нэхэмжлэгчийг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193, 2014 оны 220, 342, 2019 оны 465, 2016 оны 81 дүгээр тогтоолын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж, нэхэмжлэгчээс хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг хэрэглэсэн гэж маргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү үндэслэлд дүгнэлт өгөлгүй “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт албан татвар ногдох бөгөөд хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөхөөр зохицуулсан” гэсэн ерөнхий дүгнэлт хийж, хэргийг шийдсэн нь буруу байна.

20.Хариуцагчаас “Х” ХХК-ийн 2018-2020 оны АМНАТ-ын тооцоолол, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2019-2021 онуудад гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон барааны мэдээллийг ирүүлсэн байх боловч аль аль нь хяналт шалгалт хийсэн цаг хугацаанд хамаарах баримтуудыг дутуу ирүүлсэн, нэхэмжлэгч хуулийн этгээд жоншийг улсын хилээр экспортод гаргах үед хийсэн гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлт, лабораторийн дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байна. Ашигт малтмалын агуулга, боловсруулалтын түвшнээс хамаарч мөн татвар ногдуулах үнэ, хувь хэмжээ өөр байгааг шүүхүүд анхаараагүй байна.

21.Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0365 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2024/555 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                    М.БАТСУУРЬ

         Х.БАТСҮРЭН

         Ц.ЦОГТ

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал,