Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1638

 

 

 

 

 

 

 

 

                                     

“Шинжиан шинфа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/00057 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт холбогдох

 

Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замыг барих шилжүүлэх концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.17, 1.19 дэх заалт нь Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7, 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2009 оны "Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" 64 дүгээр тогтоол, 2016 оны "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөр батлах тухай" 37 дугаар тогтоол, Концессын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 317 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн "Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай" 70 дугаар тогтоолыг тус тус үндэслэн "Шинжиан шинфа" ХХК нь Монгол Улсын Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр "Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа" чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төслийн "барих-шилжүүлэх" концессын гэрээ байгуулсан. Дээрх гэрээг Хөрөнгө оруулалтын газар нь гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг биелүүлээгүй гэсэн үндэслэл буюу эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцалсан. Дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.14, 1.15, 1.16. 1.18, 1.19 дэх заалтууд нь өөр хоорондоо зөрчилтэй төдийгүй Иргэний хуульд нийцээгүй, агуулгын хувьд хууль зөрчсөн, гэрээний нэг талын эрхийг хэт өндөрсгөсөн буюу гэрээний нөгөө талын хариуцлагыг үндэслэлгүйгээр хязгаарласан зэрэг хүчин төгөлдөр бус заалтууд болно.

Иймд “Шинжиан шинфа" ХХК нь Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн "Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа" чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төслийн барих-шилжүүлэх, концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.19 дэх заалт нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7, 43.2 дахь тус тус зөрчиж байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анх нэхэмжлэл гаргахдаа техникийн алдаа гаргаад Концессын гэрээний 1.17 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа орхисон байсан. Концессын гэрээний 1.17 дахь заалт нь 1.19 дэх заалттай салшгүй холбоотой учраас тэмдэгтийн хураамжийг нэмж төлөх шаардлагагүй гэж үзсэн. Концессын гэрээний 1.17, 1.19 дэх заалт нь гэрээний 6.2, 6.4-д заасан гэрээ цуцлах үндэслэлд нийцэхгүй байна. Концессын гэрээний 6.3-т Концессын тухай хуулийн 24.2.3-т зааснаар гэрээ дуусгавар болох эсхүл цуцлагдана гэж заасан. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т зааснаар Концессын гэрээний үүрэг гэрээнд заасан 135.5 км хатуу хучилттай замыг чанар стандартын шаардлагад нийцсэн байдлаар гэрээний хугацаанд Хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгөх үүрэг юм. Бодит байдал дээр энэ нөхцөл байдал үүсээгүй, ямар ч ажил хийгдээгүй байхад урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэдэг үндэслэлээр гэрээ цуцлагдсан. Концессын гэрээний урьдчилсан нөхцөл нь маш өндөр хариуцлагыг "Шинжиан шинфа" ХХК-д хариуцуулахаар зааж гэрээний эрх тэгш байдал, шударга ёсны зарчим, хууль ёсны зарчмыг зөрчсөн. Гэрээнд заасан урьдчилсан нөхцлүүдийг 1 сарын дотор биелүүлэх нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн "Шинжиан шинфа" ХХК-ийн хувьд өндөр босго байсан. Гэтэл энэ босгыг давж чадаагүй бол 1 тэрбум төгрөгийг авна гэж байгаа нь бусдын хөдөлмөрийг шулж байгаа хэлбэр гэж үзэхээр байна. Концессын гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөний зэрэгцээ гүйцэтгэлийн баталгааны дүнг хуульд заасан 5-10 хувиас хэтрүүлж тогтоосон. Хариуцагч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад 1 км замын өртгөөр гүйцэтгэлийн баталгааг тогтоож байгаа гэж тайлбарлаж байна. Хуулиар гүйцэтгэлийн баталгааг тогтоосон байхад Засгийн газрын тогтоолын дагуу харилцан тохиролцдог гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан журмыг зөрчсөн тул Концессын гэрээний 1.17, 1.19 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоол, 2015 оны 70 дугаар тогтоолын дагуу "Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа" чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төслийн "барих-шилжүүлэх" концессын гэрээг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр "Шинжиан шинфа" ХХК-тай байгуулсан. Концессын гэрээний 1.13-т уг гэрээ хүчин төгөлдөр болох нөхцлийг заасан бөгөөд концесс эзэмшигч гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцлийн нэгийг нь ч хангаагүй тул хуулийн дагуу концесс эзэмшигчид мэдэгдсэн. Ингэж мэдэгдэхдээ уг урьдчилсан нөхцлөө биелүүлэх нэмэлт 1 сарын хугацааг олгосон. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн талаар дахин мэдэгдсэн. Концессын гэрээний 1.19 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний 1.17 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан бол гүйцэтгэлийн баталгааг үл маргах журмаар эрх бүхий этгээдийн дансанд шилжинэ гэж заасан ба энэ нь Концессын тухай хуулийн 35.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. "Шинжиан шинфа" ХХК нь гэрээний энэ заалтыг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Бид холбогдох журмын дагуу уралдаант шалгаруулалтыг явуулсан, холбогдох журмын дагуу гэрээний нөхцлийг тохирох хэлэлцээрийг хийсэн. Хэлэлцээрээр гэрээний зүйл, заалт тус бүрийг харилцан тохиролцож тогтоосон. Концессын гэрээгээр концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг. Тухайн харилцаа нь Концессын хуулиар зохицуулагддаг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулдаггүй. Иймд концессын гэрээний заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7, 43.2 дахь заалтаар тайлбарлах, уг хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд "Шинжиан шинфа" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Концессын гэрээний 1.17 дахь заалтад дээрх тайлбар нэгэн адил хамаарна гэжээ.

 

            Шүүх: Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 21 дүгээр зүйлийн 21.1.23-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замыг барих, шилжүүлэх концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.17, 1.19 дэх заалт нь Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7, 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн зүгээс тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.19 дэх заалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг агуулгын хувьд ноцтой зөрчсөн, Иргэний хуульд нийцээгүй, гэрээний нэг талын эрхийг хэт үндэслэлгүйгээр өндөрсгөсөн буюу хязгаарласан, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн, гэрээний талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа ба анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглсэн, хуулийг буруу тайлбарласан төдийгүй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК нь хариуцагч Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Сонгино сум Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 километр хатуу хучилттай авто замын төсөл”-ийн барих шилжүүлэх концессын гэрээний 1.17, 1.19 дэх заалт хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Сонгино сум Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 километр хатуу хучилттай авто замын төсөл”-ийн барих шилжүүлэх, концессын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ “Шинжиан шинфа” ХХК биелүүлээгүйгээс Хөрөнгө оруулалтын газрын санаачилгаар гэрээг цуцалсан талаар талууд маргаагүй байна.

 

Концессын гэрээний 1.17-д “концесс эзэмшигч нь гэрээг байгуулах мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор нэг тэрбум төгрөгтэй тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Монгол Улсын аль нэг арилжааны банкнаас гаргуулан эрх бүхий этгээдэд ирүүлнэ”, мөн гэрээний 1.19-д “гэрээний 1.15-д заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан бол гүйцэтгэлийн баталгаа нь үл маргах журмаар Эрх бүхий этгээдийн дансанд шилжинэ” гэж тохирчээ.

 

 Талууд Концессын гэрээний 1.13-т гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцлүүдийг тохирсон бөгөөд энэхүү урьдчилсан нөхцөл хангагдаагүйн улмаас хариуцагч тал гэрээний 1.15-д заасан үндэслэлээр уг гэрээг цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гүйцэтгэлийн баталгаа нь Концессын тухай хуулиар зохицуулагддаггүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 5 дугаар зүйлийн 5.1.7-т зааснаар зохицуулагддаг тул мөн хуулийн 43.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ гэж тайлбарлажээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь улсын хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авч байгаа тендерийн харилцааг зохицуулдаг бол Концессын тухай хууль нь хувийн хэвшлийн өөрийн хөрөнгө оруулалтаар ажил үйлчилгээг уралдаант шалгаруулалтын үндсэн хэрэгжүүлдэг харилцааг зохицуулдаг тул дээрх хоёр хуулийн зохицуулалтыг хооронд нь хамааруулж хэрэглэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүхийн Концессын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь өөр хоорондоо нөхөн хэрэглэгдэх боломжгүй, өөр өөр шинж цар хүрээ бүхий гэрээний эрх зүйн хэм хэмжээг агуулсан нарийвчилсан зохицуулалт гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэлийн баталгааны агуулга нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд баталгаагаар зөрчлийг арилгуулах агуулгатай гэтэл концессын гэрээ цуцлагдсан тул гэрээний 1.17, 1.19 дэх заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заалтыг зөрчсөн гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан концессын гэрээний үүрэг дуусгавар болсон тул уг гэрээний  1.17, 1.19 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон хэлцэл нь байгуулагдсан үеэс хойш хүчин төгөлдөр бус байх бөгөөд сонирхогч этгээд нь уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг баримтлахыг шаардах эрхтэй бөгөөд уг шаардлагыг гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлын талаарх дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болон уг баталгааг гэрээний үүргийг хангахаар дэнчингийн зорилгоор хэрэглэхээр харилцан тохиролцож талуудын тогтоосон мөнгөн төлбөр гэрээний хариуцлагын талаарх зохицуулалт гэж шүүх дүгнэх шаардлагагүй байжээ.

 

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах тохиолдолд талуудын хооронд хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар маргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хууль хэрэглээ болон найруулгын хувьд зөвтгөж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан гаргасан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Сонгино сум Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 километр хатуу хучилттай авто замыг барих шилжүүлэх концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.17, 1.19 дэх заалт хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүхэд нэхэмжлэл гаргахад Концессын гэрээний 1.17 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 5 157 950 төгрөг төлсөн, Концессын гэрээний 1.19 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй боловч улсын тэмдэгтийн хураамжийг анхан шатны шүүх 5 157 950 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Учир нь “гүйцэтгэлийн баталгааг үл маргах журмаар эрх бүхий этгээдийн дансанд шилжүүлэх”, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус эрхтэй холбоотой тул Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар зохицуулагдах юм.

 

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэлийн шаардлагадаа зөрүүлж төлсөн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 5 087 750 төгрөг нөхөн гаргуулах үндслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/00057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан гаргасан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Сонгино сум Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 километр хатуу хучилттай авто замыг барих шилжүүлэх концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.17, 1.19 дэх заалт хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5 087 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                       

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ