Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 282

 

 

 

Т.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах  даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Э.Ундраххэрлэн,

Ялтан Т.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Майбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Ган-Эрдэнэд холбогдох 201625013795 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Тунгалагийн Ган-Эрдэнэ, 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамжны 1-60 дугаар байрны 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УП93071477/,

Т.Ган-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60 дугаар байрны 53 тоот орон сууцыг захиран зарцуулах, хувь хүнтэй гэрээ хийх, барьцааны үндсэн зээлдэгчийг төлөөлөн гарын үсэг зурах зэрэг эрхийн талаарх итгэмжлэлийг хуурамчаар үйлдэж дээрх хуурамч итгэмжлэлийг ашиглан 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Г.Рэнцэнхандыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн 27.000.000 төгрөгийг зээлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Ган-Эрдэнэд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Ган-Эрдэнийг бусдыг хуурч мэхлэх бусдын эд зүйлийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Т.Ган-Эрдэнээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Т.Ган-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Н.Мөнхтулгын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1/60 дугаар байрны 53 тоот орон сууц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор хууль ёсны  эзэмшигч, өмчлөгч  Г.Хажид, Ч.Тунгалаг, Т.Ганбаяр нарт буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ган-Эрдэнээс 11.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Рэнцэнхандад /РД:ХГ81030403/ олгож, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Ган-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ган-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Т.Ган-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 5 жил 1 сар хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүнддэж байгаа билээ. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, залуу насны бодлогогүй зангаас болон буруутай үйлдлийн улмаас ар гэрийнхэн болон өөрийгөө хүнд байдалд оруулж байгаадаа туйлын их харамсаж байна. Миний эх Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилладаг, би өөрөө 74 настай эмээгээ асарч хамт амьдардаг байсан. Анх зээл авахдаа Г.Рэнцэнхандтай шууд холбогдоогүй, 91111230 дугаартай, эрэгтэй хүнтэй холбогдож хохирогчтой танилцан зээл авсан билээ.

Тухайн үед ресторан ажилуулан амьдралаа дээшлүүлэх зорилготой байсан. Гэвч зах зээлийн ханш болон санхүүгийн байдлаа зөв тооцолгүй энэхүү зорилгодоо хүрч чадаагүй. Хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахын тулд Сингапур улсыг зорин ажил хийх гэсэн боловч тус улсад байх хугацаандаа 10.000.000 төгрөгийг үгүй хийж, визний асуудлаас болж буцаж ирсэн. Би гэр бүлийнхэндээ ойлгуулж, эмээ тэтгэвэрийн, эх цалингийн зээл тус тус авч, мөн орон сууцаа банкны барьцаанд тавьж хохирлыг барагдуулсан. Өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан чин сэтгэлээсээ гэмшин харамсаж байна. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өндөр настай эмээгээ асардаг байдлыг минь харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Ялтан Т.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Үүнд:

Хохирогч Г.Рэнцэнханд нь ялтан Т.Ган-Эрдэнийн үйлдсэн хуурамч итгэмжлэлд итгэхээс илүү, түүний эх болж ярьсан С.Бямбажав, “Пирамид” ХХК-ийн захирал болж ярьсан Н.Мөнхжаргал нарын ярианд итгэж зээлийн гэрээ байгуулах гол үндэслэл болсон. Тэд Т.Ган-Эрдэнэтэй санаа зорилгоороо нэгдээгүй боловч үйлдлээрээ нэгдсэн байхад шүүх үүнд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан гомдлоо өөрчилж, Т.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэсэн байр суурьтай оролцож байна. Хохирогч Г.Рэнцэнханд давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөр төлж барагдуулсан, гомдол, саналгүй ялтны ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлтээ ирүүлсэн.

Түүнчлэн Т.Ган-Эрдэнийн итгэмжлэл хийлгэсэн нотариатын үйлдэлд бус хохирогч Г.Рэнцэнхандын буруутай үйл ажиллагаа нь гэмт хэрэг гарахад гол нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Учир нь тухайн орон сууц 4 хүний эзэмшилд байдаг. Т.Ган-Эрдэнэ хамтран өмчлөгч байсан. Итгэмжлэл хийлгэхдээ Т.Ган-Эрдэнэ хуурамч бичиг баримт бүрдүүлээд байгаа мэт боловч хохирогчид нотариат дээр очиход “зээлийн гэрээ шаардлага хангахгүй” гэдгийг хэлсэн байдаг. Түүний дараа хохирогч өөрөө “нотариат руу ганцаараа орж уулзана” гэж хэлээд орсон. 30 гаруй минутын дараа Т.Ган-Эрдэнэтэй хамт орж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах явцад нотариатч уг итгэмжлэл шаардлага хангахгүй тул иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулах боломжтой гэсэн талаар хавтаст хэрэгт байдаг. Тэгэхээр хуурамчаар үйлдсэн итгэмжлэлд үндэслэж зээлийн гэрээ үйлдээгүй. Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаарын сарын 26-ны өдрийн 13 тоот тайлбарын 10 болон 11 дүгээр заалтад залилан мэхлэх гэмт хэргийн тухай тайлбарласнаар Т.Ган-Эрдэнийн үйлдлийг Иргэний хэрэг гэж үзэхээр байна. Залилан мэхлэх гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргад үндэслэн, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилготой байдаг бол иргэний эрх зүйн харилцаанд биелэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр залилан мэхлэх гэмт хэргийг зээлийн гэрээ буцааж төлөх баталгаагүй. Тухайлбал барьцаалах хөрөнгөгүй байсан ч эрх нь зөрчилтэй, тухайн эд зүйлийг бүрэн өмчлөх эрхгүй этгээд барьцаалсан бол Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдгаараа өөр юм. Тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх нь Т.Ган-Эрдэнэд байгаа тул өөрт оногдох хэсгээр хохирлыг төлөх боломжтой гэсэн мэдүүлгийг түүний эмээ Г.Хажид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн. Тэгэхээр Т.Ган-Эрдэнэ, Г.Рэнцэнханд нарын хооронд хийсэн гэрээ иргэний зээлийн гэрээ байх тул Т.Ган-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 208 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.

Ялтан Т.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэрээ нь иргэд хоорондын зээлийн гэрээ юм. Харин хуурамч итгэмжлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Уг зээлийг Т.Ган-Эрдэнэ хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэж хийгээгүй. Тухайн зээлийн гэрээг итгэмжлэлд үндэслэж байгуулаагүй. Үл хөдлөх хөрөнгө нь 4 хүний нэр дээр байхад хохирогч Г.Рэнцэнханд зөвхөн Т.Ган-Эрдэнийн ээж, ах нартай холбогдсон. Тухайн байранд оршин суух эмээтэй нь холбогдоогүй байдаг. Хэрэв эмээтэй нь холбогдсон бол итгэмжлэлийг хуурамч гэдгийг мэдэх боломжтой байсан. Нотариат дээр очиход итгэмжлэлийг хуулийн шаардлага хангахгүй гэдгийг хэлсэн. Хохирогч хангахгүй гэдгийг мэдсэн хэрнээ барьцаагүй иргэд хоорондын гэрээ байгуулсан. Иймд иргэний журмаар шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна. Т.Ган-Эрдэнийн хуурамч итгэмжлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул түүнд сонсгосон гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийн бүрдэл бүрэн тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Т.Ган-Эрдэнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч Ц.Майбаярын хэлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй. Учир нь тухайн хуурамч итгэмжлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа, 27.000.000 төгрөгийг олох гэж, хохирогчийг төөрөгдөлд оруулж итгэмжлэл үйлдэн, хуурамч итгэмжлэлийг ашиглаж авсан байдаг. Энэ нь Т.Ган-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх арга нь юм. Хохирогч шүүх хуралдааны явцад хэлэхдээ “хуурамч итгэмжлэлийг нотариатч Туул итгэмжлэлийг шаардлага хангахгүй гэж хэлээд явуулахад Т.Ган-Эрдэнэ, хохирогчтой машинд сууж байгаад дахин нотариатч Туул дээр оръё гэсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Гэтэл Т.Ган-эрдэнэ энэ “гэрээг өнөөдөр хийхгүй бол болохгүй гэж ярьсан” байдаг. Ингээд нотариатч Наран, нотариатч Оюунжаргалаас гуйхдаа “Т.Ган-Эрдэнийн ээж нь удахгүй ирнэ. Тэр үед дахин гэрээ хийх боломжтой” гэж хэлээд зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед хохирогч Т.Ган-Эрдэнэд “ээжийгээ ирэхээр дахин барьцаатай гэрээ хийнэ шүү гэж хэлэхэд”, Т.Ган-Эрдэнэ “тэгнэ” гэж хэлээд 27.000.000 төгрөгийг авсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Ялтан Т.Ган-Эрдэнэ нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60 дугаар байрны 53 тоот орон сууцыг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүдийнхээ зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, дээрх хуурамч итгэмжлэлээ ашиглан 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Г.Рэнцэнхандыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, 27.000.000 төгрөгийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Г.Рэнцэнхандын “...2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Т.Ган-Эрдэнэ гэх залуу зарын дагуу яриад уулзсан. Түүнтэй уулзаад зээлийн барьцаанд тавина гэсэн байрыг нь үзэхэд хуучин гэрчилгээтэй, барьцаанд авах боломжтой 4 өрөө байр байсан. Тэгээд хуучин гэрчилгээгээ шинэ болгочих, хамтран эзэмшиж байгаа хүмүүстэйгээ уулзаад бэлэн болохоороо хэлээрэй гэж хэлээд салсан. 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр над руу залгаад “Та манайд хүрээд ирэх үү, шинэ гэрчилгээ гарчихсан” гэхээр нь очиход Т.Ган-Эрдэнэ гэртээ ганцаараа байсан ба үл хөдлөхийн гэрчилгээгээ үзүүлээд “эхийгээ Оюу-Толгойд ажилладаг, 14 хоног ирээд 14 хоног амардаг, бусад нь энд байгаа дуудахад хүрээд ирнэ, та юу ч гэсэн ээжтэй ярих уу” гээд өөрийнхөө утаснаас нэг дугаар луу залгаад “ээж ажилтай байгаа юм шиг байна, утсаар ярих боломжгүй байх шиг байна, та 5-ны өдрийг хүлээхгүйгээр мөнгө өгөх боломжтой юу, миний түрээслэн ажилуулах гэж байгаа “Пирамид” лоунжийг алдчих гээд байна” гэхээр нь би мөнгөө бэлдээд 5-нд уулзъя гээд салсан. 9 дүгээр сарын 5-ны өдөр 13 дугаар хорооллын нотариат дээр уулзаад ээж, ах хоёрыгоо дуудах уу гэхэд “итгэмжлэл хийлгэсэн байгаа, та ээжтэй ярих уу” гээд нэг эмэгтэй хүнтэй яриулсан. Тэр эмэгтэй ярихдаа “манайхаас ганц гайгүй явж байгаа нь хүү маань юм аа, эгч нь дэмжиж байгаа, очиж байгаад уулзъя, итгэмжлэлээ үлдээсэн байгаа” гэж хэлсэн. Т.Ган-Эрдэнийн үзүүлсэн итгэмжлэл дээр захиран зарцуулах, худалдах худалдан авах гэсэн итгэмжлэл байсан болохоор ээжид нь энэ итгэмжлэл дээр барьцаанд тавих талаар алга гэж хэлээд утсаа тасалсан. Ах нь гээд нэг хүн залгаад “ээжтэй сая ярилцсан, хаана очиж уулзах вэ, юу нь болохгүй байгаа юм бэ” гэж хэлээд утсаа салгасан. Үүний дараахан “Пирамид” лоунжны захирал гээд нэг эрэгтэй хүн залгаад “чи мөнгө зээлэх гэж байгаа юм бол зээлээд, зээлэхгүй бол боль, би асуудлаа хурдан шийдмээр байна, бараг сар гаруй наад хүнийг чинь хүлээлээ, шаардлагатай гэвэл ажил дээр одоо ирээд уулз” гэж хэлсэн. Т.Ган-Эрдэнэ “Надад олдож байгаа ганц боломжийг байхгүй болгох гээд байна, байрыг үзсэн, шинэ гэрчилгээгээ гаргуулсан, итгэмжлэл хийлгэсэн, “Пирамид”-ын захирлыг хүлээлгэсэн, ганцхан ээж байхгүй болохоор нотариатаар орж болохгүй байна, та надад туслаачээ, дахиад ээжтэй ярь даа” гээд ээжтэй нь яриад итгэмжлэл чинь болохгүй байна гэхэд “би 21-нд Улаанбаатар хот руу очно, 25-ны өглөө нотариат дээр уулзъя, чи гэрчилгээ итгэмжлэл зэргээ аваад үлдчих, миний хүүд тусалчих найдвартай” гэхээр нь уг нотариат дээр Т.Ган-Эрдэнэтэй зээлийн гэрээ хийгээд, 9 дүгээр сарын 25-ны өдөр дахин уулзахаар болоод мөнгийг Т.Ган-Эрдэнийн данс руу 13 дугаар хорооллын автобусны буудлын ард талын “Хаан банк”-наас 27.000.000 төгрөгийн шилжүүлсэн. Ээж чинь 25-нд ирээд уулзахад үлдэгдэл 3.000.000 төгрөгийн өгье гэхэд Т.Ган-Эрдэнэ “би 10 сард хүү өгч чадахгүй болохоор та авчих, 11 дүгээр сараас хүүгээ хугацаанд нь өгье” гээд салсан. Үүнээс хойш уулзаж чадалгүй 10 дугаар сарын 1-ний өдөр Т.Ган-Эрдэнэ миний утсыг блок хийсэн байсан болохоор нь гэрт очиход эмээ, ээж, ах нь байсан ба болсон асуудлыг ярихад мэдэхгүй байсан. Итгэмжлэлийг үзүүлэхэд наадах чинь хуурамч байна, ийм гарын үсэг зураагүй, Т.Ган-Эрдэнэ гэртээ ирэлгүй сар гаран болж байна гэсэн...” /хх-15-16/,

гэрч Г.Хажидын “...2016 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр нэг хүүхэн залуу хоёр манайд орж ирж хэлсэн. Тэгэхэд нь хэргийн талаар мэдсэн. Надад тэр хоёр хүн хэлэхдээ Т.Ган-Эрдэнийг 30.000.000 төгрөг зээлж авсан гэж хэлсэн. Тэр үед Т.Ган-Эрдэнэ гэртээ байхгүй байсан. Энэ талаар сонсоод түүн рүү залгахаар утсаа авахгүй, гэртээ ирэхгүй байсан. Ах нар нь энэ асуудлаас болж айлгаж, сүрдүүлээд гэртээ ирэхгүй байсан юм шиг байна лээ. Т.Ганбаяр дүүтэйгээ холбогдож байгаад Т.Ган-Эрдэнэ гэртээ ирсэн. Өөрийнх нь хэлсэнээр “Ресторан, баар түрээслэж ажиллуулна гэж мөнгө зээлсэн” гэж хэлсэн. Мөнгө зээлсэн хүмүүс манайд ирэхдээ ресторан, баар түрээслэж ажиллуулна гэж хэлээд зээлдүүлсэн гэсэн. Уг мөнгөнөөс огт аваагүй...” /хх-17-19/,

гэрч Т.Ганбаярын “...Энэ тухай 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр мөнгө зээлсэн хүмүүсээс сонсож мэдсэн. Мөнгө зээлсэн хүмүүс итгэмжлэлийг үзүүлэхээр нь харахад бид нарын гарын үсэг, утасны дугаар биш байсан. Т.Ган-Эрдэнэ Тэрэлжид ажиллаж байхдаа мөнгө зээлэх боломжтой, мөнгөтэй бол ресторан нээж ажилуулмаар байна гэж ярьдаг байсан. Байр барьцаанд тавьж зээл авъя гэж ярьж байгаагүй...” /хх-20-21/,

гэрч Ч.Тунгалагийн “…Би Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 1-ний орой ээжээс сонсож мэдсэн. Намайг ирснээс хойш 3-4 хоногийн дараа Т.Ган-Эрдэнээс мөнгө зээлсэн гээд хүмүүс ирээд байрны гэрчилгээ, хуурамч итгэмжлэл үзүүлээд 30.000.000 төгрөг зээлсэн гэж хэлсэн. Т.Ган-Эрдэнэ тухайн үед гэртээ ирэхгүй байж байгаад саяхнаас ирсэн. Тэр мөнгөнөөс нь огт аваагүй...” /хх-23-24/,

гэрч Л.Халиуны “...Би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр амралтаа аваад нэг сар амарсан. Энэ итгэмжлэлийг хийж гэрчлээгүй буюу миний итгэмжлэлийн дугаар нь 839 ч хүрээгүй байгаа, мөн гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний 279 дугаартай тамга бас биш байна. Тамга тэмдгээ өөр хүнд шилжүүлээгүй...” /хх-22/,

гэрч Н.Мөнхжаргалын “...Манай хүү Мөнхжин ОХУ-д сурдаг. Зуны амралтаараа ирэхэд түүний найз Т.Ган-Эрдэнэ манайхаар ирдэг байсан. Мөнхжинг буцах үед 2.000.000 төгрөг хэрэгтэй болоод Т.Ган-Эрдэнэд хэлэхэд “дүү нь зээл хөөцөлдөөд авч байгаа, та худлаа гэвэл энэ дугаар луу залгаад асуу, “Пирамид”-аас ярьж байна, Т.Ган-Эрдэнэ гэх хүн зээл авч байгаа нь үнэн юм уу” гэж хэлээд асуучих гэхээр нь 91-тэй дугаар луу залгаж ярихад “тиймээ 2 хоногийн дараа зээл гарна” гэж хэлсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа Т.Ган-Эрдэнэ рүү ярихад эмээгээ хүлээж байна, банк бус дээр байна, эргээд залгая гээд түүнээс хойш холбогдохгүй болохоор нь зээл олгох хүн рүү залгахад “Т.Ган-Эрдэнэ 2 хоногийн өмнө зээлээ авсан, тантай очиж уулзаагүй юм уу” гэхээр нь “уулзаагүй, утсаа ч авахаа больсон, та нар гэр орноор нь очиж гэрийнхэнтэй нь уулзсан юм уу” гэсэн чинь “үгүй” гэхээр нь “наадах чинь худлаа юм байна шүү, та нар яаж зээл өгсөн юм бэ” гэхэд “яаж олноо” гэхээр нь “мэдэхгүй” гээд утсаа тасалсан. Тэгээд би өөр хүнээс мөнгө зээлж хүүгээ явуулсан...” /хх-25-26/,

гэрч С.Бямбажавын “...Би багад нь таньдаг, манай хүүгийн найз гээд багадаа манайхаар хааяа орж ирдэг байсан. Наадмын дараахан намайг гэртээ ганцаараа байхад манайд орж ирээд хавтас барьчихсан та надад тус болооч таны хэрэг болоод байна гэж хэлэхээр нь “би чамд яаж туслах билээ” гэхэд хавтаснаасаа үл хөдлөхийн гэрчилгээ,  эхийнхээ гарын үсэгтэй бичиг гаргаж ирээд “хүнээс мөнгө зээлэх гэж байгаа юм, ээж зөвшөөрсөн” гээд “ээж Оюу-толгойд тогооч хийдэг, арваад хоногийн дараа ирнэ, утас нь холбогдохгүй байна, надад мөнгө өгөх гээд байгаа хүн маань ээжтэй чинь яръя гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би “ээж чинь болж ярьж чадахгүй ээ” гэхэд “ээж мэдэж байгаа та яриад өгөөч, энэ мөнгө надад яаралтай хэрэгтэй байна, ээжийг хүлээж болохгүй байна” гэхээр нь “ээж чинь мэдэж байгаа юм бол яриад өгье, юу гэж ярих юм бэ” гэхэд надад юу гэж ярихыг зааж өгснийх нь дагуу би тэр хүнтэй ярьсан...” /хх-27-28/,

Гэрч Н.Оюунжаргалын “...Барьцаагүй зээлийн гэрээ хийсэн. Итгэмжлэл бариад орж ирээд үзүүлсэн, тухайн итгэмжлэл нь утга агуулгын хувьд шаардлага хангахгүй байсан учраас эхлээд би буцаасан. Гэтэл зээлдүүлэгч Г.Рэнцэнханд нь буцаж орж ирээд энэ хүүхэд гуйгаад ямар ч байсан түрүүлээд барьцаагүй зээлийн гэрээгээ хийчихье гэж хэлээд Т.Ган-Эрдэнээс ээжийгээ ирэхээр нь яаралтай үл хөдлөхөө барьцаалаад барьцааны гэрээгээ хийгээрэй гэж хэлэхэд нөгөө хүн нь тэгнээ гэж хэлсэн. Тэгээд энэ 2 хүний хүсэлтийн дагуу барьцаагүй зээлийн гэрээг хийж танилцуулан гарын үсэг зуруулж гэрчилсэн. Г.Рэнцэнханд хааяа манайхаар орж ирж үйлчлүүлдэг, Т.Ган-Эрдэнийг танихгүй...” /хх-29/,

Т.Ган-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Г.Рэнцэнхандаас 27.000.000 төгрөгийг хуурамч итгэмжлэл хийж авсан. Уг мөнгийг зарцуулах болсон шалтгаан нь ресторан түрээсэлж ажиллуулах бодолтой байсан. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш судалгаа хийхэд тоног төхөөрөмж, хэрэглэлүүд нь үнэтэй байсан. Тэгээд ажил хийхээр Сингапур улс руу явж цалингаараа сар бүрийнхээ зээлийн хүүг төлье гэж бодсон. 10.000.000 төгрөгийг Сингапур улсын Бигус гэх зах дотор хоол идэж байгаад алдсан. Визний асуудлаас болж ажилд орж чадаагүй, зээлж авсан мөнгөө Монголд байхдаа буудалд байж, Сингапурт унаа, зочид буудал зэрэгт хэрэглэж дууссан. Би гэрийнхэндээ мэдэгдэлгүй хуурамч итгэмжлэл хийсэн. Итгэмжлэлийг интернэтээс хайгаад тамгыг скайнердэж хийсэн, иргэний үнэмлэхний хуулбарыг гэрээсээ авсан. Тэгээд “Алтай” хотхоны тоглоомын газар ганцаараа хийсэн. Намайг байр барьцаалаад зээл авна гэхээр манай гэрийнхэн зөвшөөрдөггүй байсан. Би өөрөө бүх гарын үсгийг зурсан...” /хх-65-66/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6727 дугаар шинжээчийн “Нотариатч Л.Халиуны тамга, тэмдгийн дардас болон гарын үсэг, бичгийн хэвийн загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2201004030 тоот улсын бүртгэлийн дугаартай, 0037425 тоот гэрчилгээтэй, 44 м.кв 4 өрөө талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, хувь хүнтэй гэрээ хийх, барьцааны үндсэн зээлдэгчийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийн талаар итгэмжлэлийн “Төлөөлөн итгэмжлэгч” хэсэгт “Ч.Тунгалаг, Т.Ганбаяр” гэсэн нэрний ард байрлах гар бичвэр Т.Ган-Эрдэнийн бичгийн хэвийн загвартай, “Т.Ган-Эрдэнэ” гэсэн нэрний ард байрлах гарын үсэг Т.Ган-Эрдэнийн гарын үсгийн туршилтын загвартай гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий, хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Итгэмжлэл дээрх нотариатчийн тамга, баталгааны тэмдгийн дардас нь нотариатч Л.Халиуны хэрэглэдэг тамга, баталгааны тэмдгийн дардастай тохирохгүй байна. Өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Гэрээн дээрх нотариатчийн баталгааны тэмдгийн дардас дээрх гарын үсэг нь нотариатч Л.Халиуны гарын үсгийн загвартай бүтцийн хувьд тохирохгүй. Дээрх гарын үсэг, гар бичвэрт хэвлэн олшруулах төхөөрөмж болон механик арга ашиглан хуулбарласан хэвлэсэн шинж илрэхгүй байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт /хх-48-50/, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-114-117/, хуурамч итгэмжлэл /хх-30/, эд зүйлийн үнэлгээ /хх-129/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтуудын хүрэлцээ хангалттай, эдгээр хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар Т.Ган-Эрдэнэ бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх Т.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн төдийгүй, ял оногдуулах нийтлэг зарчимд үндэслэгдсэн байх бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Хохирогч Г.Рэнцэнханд нь давж заалдах шатны шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул Т.Ган-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, Т.Ган-Эрдэнийн анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Ялтны өмгөөлөгч Д.Тунгалаг “гэрч С.Бямбажав, Н.Мөнхжаргал нар нь Т.Ган-Эрдэнэтэй санаа зорилгоороо нэгдээгүй боловч үйлдлээрээ нэгдсэн байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...Т.Ган-Эрдэнэ, Г.Рэнцэнханд нарын хооронд хийсэн гэрээ иргэний зээлийн гэрээ тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Т.Ган-Эрдэнэ нь гэрч Н.Мөнхжаргалын 2.000.000 төгрөг хэрэгтэй байгаа байдлыг нь ашиглан “...дүү нь зээл хөөцөлдөөд авч байгаа, та худлаа гэвэл энэ дугаар луу залгаад асуу, “Пирамид”-аас ярьж байна, Т.Ган-Эрдэнэ гэх хүн зээл авч байгаа нь үнэн юм уу” гэж хэлээд асуучих...” гэж хохирогч Г.Рэнцэнхандтай яриулж, мөн өөрийн хамтран өмчилдөг орон сууцныхаа үл хөдлөхийн гэрчилгээ, хуурамч итгэмжлэл зэргийг гэрч С.Бямбажавт үзүүлэн итгэл төрүүлж түүнийг эхийнхээ өмнөөс Г.Рэнцэнхандтай яриулж, “...Хамтран өмчлөлийн орон сууцаа барьцаалан зээл авах эрхийг уг байрны хамтран өмчлөгч нар өөрт олгосон, зээл авсан мөнгөөрөө үйлчилгээний газар түрээслэн ажиллуулж ашиг олох гэж байгаа...” мэт зохиомол байдлыг үүсгэж, Г.Рэнцэнхандаас 27.000.000 төгрөгийг нь хуурч мэхлэн авсан Т.Ган-Эрдэнийн үйлдэл бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

Ялтан Т.Ган-Эрдэнийн эх, эмэг эх нар нь цалингийн болон тэтгэврийн зээл авч, мөн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьж байж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нь нөхөн төлсөн байх тул Т.Ган-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих үндэслэлгүй юм.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.” хэмээн заасан байх бөгөөд Т.Ган-Эрдэнэ нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх чадваргүй учир анхан шатны шүүхээс түүнд хорих ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын гарцаагүй байх зарчимд нийцсэн гэж үзлээ.

Иймд ялтан Т.Ган-Эрдэнийн “хорих ялыг өөр төрлийн ялаар өөрчилж өгөх”, өмгөөлөгч Д.Тунгалагийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх” талаарх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “…Т.Ган-Эрдэнийг бусдыг хуурч мэхлэх бусдын эд зүйлийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж хуульд заасан үг хэллэгээр бичилгүй ойлгомжгүй дүгнэсэн нь хуульд үл нийцэж байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөв. Энэ нь ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Т.Ган-Эрдэнийг бусдыг хуурч мэхлэх бусдын эд зүйлийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Т.Ган-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж олж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Т.Ган-Эрдэнээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Т.Ган-Эрдэнээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Ган-Эрдэнэд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Ган-Эрдэнэд оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Т.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Т.Ган-Эрдэнийн учруулсан хохирол 27.000.000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

           ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                               Н.БАТСАЙХАН