Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0094

 

 

 

 

 

 

 

 

   “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Б.С, Л.И, өмгөөлөгч Л.Б, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, тус яамны “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн  47.2.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга хот байгуулалтын яамны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/1912 дугаар  “А Б Э А Ж Э Б Э” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 03/1909 дүгээр “З Л Ж Э Б Э”  компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах, захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч дүгээр “З Л Ж Э Б Э”  компанитай байгуулсан 2019/148 дугаар Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон  шалгаруулах үүрэг бүхий Тендерийн үнэлгээний хорооны хурлыг дахин хуралдуулж, “А Б Э А Ж Э Б Э” компани, “З Л Ж Э Б Э”  компанийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс төсвийн орлогод 70200 төгрөгийг хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 100200700941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж давж заалдах гомдолдоо: “... 1. Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/10 дугаар албан бичгээр тендерийн хугацааг сунгасан тухай тендерт оролцогч компаниудад мэдэгдсэн бөгөөд уг захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүх хянаж үзэлгүйгээр шийдвэрлэсэн.

 Шүүхийн шийдвэрийн 22 дахь талд “Захиалагчийн зүгээс Тендерийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу хандсан тендерт оролцогчийн гомдлыг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 54.4-д зааснаар тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан уулзалт зохион байгуулж, шийдвэр гаргасан нь Тендерийн хуульд нийцэж байна гэж дүгнэлээ” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно” гэж заасан бөгөөд тендер хүлээн авах хугацааг сунгахыг зөвшөөрсөн зохицуулалт уг хуулийн 24 дүгээр зүйлд тусгагдаагүй төдийгүй, захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт тендер хүлээн авах эцсийн хугацаа нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичигт тендер хүлээн авах эцсийн хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минут байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд хуульчдын заасан захиалагчийн есөн эрх, үүрэг “тендер хүлээн авах, нээх хугацааг сунгах” эрх, үүрэг тусгагдаагүй болно. Өөрөөр хэлбэл, захиалагчийн хугацаа сунгасан албан бичгийг тендерийн хуулиар зохицуулагдсан, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн захиалагчийн үйл ажиллагаа гэж дүгнээд, шүүх шийдвэртээ улмаар “ийнхүү хуульд нийцүүлж ажиллаж байгааг хянах, гарсан зөрчлийг арилгуулах, арга хэмжээ авах эрх /46.1.2/ захиалагчид байна” гэжээ. Захиалагчид үнэлгээний хорооны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хэрхэн хянасан нь тодорхой бус, “тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх”, “тендерийн баримт бичгийг монгол хэлнээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэх” үүргээ зөрчсөнийг арилгуулах үүргээ биелүүлээгүй байхад “захиалагчийг хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн аль зүйл, хэсэг заалтаар зохицуулсан, бүрэн эрхийн хүрээнд хамаарсан болохыг бүрэн, үндэслэлтэй тодорхойлоогүй болно.

Тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байхад гомдол хянан шийдвэрлэх гэдэг шалтгаар тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас 1 өдрийн өмнө хууль зүйн үндэслэлгүйгээр тендер хүлээн авах хугацааг сунгасан. Мөн энэ шийдвэрээр тендерийн баталгааны хугацааг хууль, тендерийн баримт бичигт заасан журмыг зөрчиж сунгасан. Ийнхүү сунгасан нь нэхэмжлэгч манай компанийн хугацаандаа тендер бэлтгэж хүргүүлсэн эрх ашгийг зөрчиж, бусад компаниуд давуу байдал олгосон болно. Манай компани тухайн үед гомдол гаргаж байсан бөгөөд уг гомдлыг Барилга, хот байгуулалтын яамнаас уулзалт зохион байгуулан шийдвэрлэснийг шүүх эцсийн, хууль ёсны шийдвэр мэт үзсэн. Тендер хүлээн авах эцсийн хугацааг үндэслэлгүйгээр сунгасан хугацаанд гуравдагч этгээд тусгай зөвшөөрлөө 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр авсан байдаг.  

2. Тендерийн үнэлгээний хороо тендер нээх, тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмын дагуу хийсэн эсэхийг нягталж, үзэлгүй шүүх шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн 24 дэх талд “... үнэлгээний хороо тендерийг хянан үзэх ажиллагааг хийгээгүй гэж дүгнэх боломжгүй байна” гэжээ. Шүүх уг дүгнэлтийг өгөхдөө, тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлээс гишүүн У.Б, Р.Д нарын үгнээс “хэсгийг” салгаж авсан, улмаар маягт №6 тендерийг хянан үзэх хүснэгтийг үнэлгээний хорооны таван гишүүн тэмдэглэгээ үйлдэж, гарын үсэг зурсан байгаа гэх нөхцөл байдалд үндэслэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хянан үзэх харилцааг тодорхой зохицуулсан байх бөгөөд 27.1-д чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэсэн гурван “бүлэг”, шаардлагыг хангасан эсэхийг тус бүрээр нь хянаж үзэхээр, 27.2-т гурван “бүлэг” шаардлагыг хангасан эсэхийг хянахад удирдлага болгох шалгуур үзүүлэлт тус бүрийг нарийвчлан тусгасан. Эдгээр гурван бүлэг шаардлагын эхнийх болох чадавхийн шаардлагыг хангасан эсэхийг хуулийн 14 дүгээр зүйлд заасан ерөнхий нөхцөлийг магадлах, 15 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхийг үнэлэх, 16 дугаар зүйлд заасан техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх гэсэн гурван дэд шалгуураар дахин хянах ёстой. Ерөнхий нөхцөлийг магадлахад тендерт оролцогч компаниудаас ямар баримт бичиг шаардсан болох, эдгээр шаардсан баримт бичгийг тендерт оролцогч ирүүлсэн эсэх, уг ирүүлсэн баримт бичиг нь тендерийн хэддүгээр хуудсанд байгаа, уг баримт бичгийг шаардлагад нийцсэн баримт бичиг мөн гэж үзэх эсэх зэрэг асуудлаар тендерийн үнэлгээний хороо тендерт оролцогч хоёр компанийн тендер дээр нэг бүрчлэн ярилцаж тендерийг хянан үзэх үе шатыг хууль, журмын дагуу хийсэн эсэхийг шүүх нягталсангүй, шүүх зөвхөн “хурлын тэмдэглэл нэртэй” шаардлага хангахгүй баримтад тулгуурлан үнэлгээний хороог тендер хянан үзэх үе шатыг хуулийн дагуу хийсэн мэт дүгнэсэн нь учир дутагдалтай болно.

Тэгсэн хэдий ч, үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд “үнэлгээний хорооны гишүүн У.Б “З л” компанийн хувьд тендерийн баримт бичгийн ТШӨХ-д заасан шаардлагыг хангаагүй дараах зүйлүүд байна гэж шаардлага хангаагүй зүйлийг нэг бүрчлэн дурдсан байдаг”, О.Г “Ажлаа явуулах үүднээс гэх бол бага үнийн саналтай компанийг нь шалгаруулаад явбал илүү маргаан гарах магадлал бага байх болно”, “ ... адилхан алдаатай байгаа, детальчилсан юм ярихгүйгээр шууд бага үнийн саналтайг нь шалгаруулаад явчихвал боломжтой гэж үзэж байна” гэх зэргээр тендерийг хянан үзэх үе шатыг хийгээгүй нь нотлогдоод байхад шүүх уг баримтыг анхаарсангүй.

Үнэлгээний хороо тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж бага харьцуулах үнэтэй тэндерийг сонгох зарчмаар шалгаруулсан гэдэг нь шүүхийн шийдвэрийн 9, 10, 11 дэх талд байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар мөн нотлогдож байдаг.

3. Шүүхийн шийдвэрийн 25 дахь талд “ТОӨЗ-ийн энэхүү заалт болон түүнийг тодруулсан ТШӨХ-ийн заалтыг нэхэмжлэгч компанийн хувьд тендерт ирүүлсэн материал /эх хувь/-иын 112 дугаар хуудсанд авагдсанаар, гуравдагч этгээдийн тендерт ирүүлсэн материал /эх хувь 4 хавтас/-ийн 175 дугаар хуудсанд авагдсанаар харьцуулалт хийхэд нэхэмжлэгч нь хангаагүй байна” гэжээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн 20 дахь талд “ ... зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн болно” гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн 18, 19 дэх талд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг нягталж үзэхэд, нэхэмжлэлийн 5 шаардлагад “харьцуулалт хийлгэх” гэсэн шаардлага байхгүй болно. Эндээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн болох нь нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, захиргааны хэргийн шүүх өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан “тендерийг хянан үзэх, үнэлэх” гэсэн үнэлгээний хорооны чиг үүргийг хэрэгжүүлсэн байна.

4. Шүүхийн шийдвэрийн 25 дахь талд “Түүнчлэн ТОӨЗ-ийн 6.3 (а) заалтад заасан шаардлага нь тендерт ерөнхий гүйцэтгэгчээр оролцогч байгууллагын хувьд хамаарна хэмээн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1055 дугаар албан бичгээр тодруулга хийж тендерт оролцогч хоёр компанид хүргүүлж байжээ” гэжээ. Тодруулга нь тендерийн баримт бичигт байгаа нөхцөлийг нэмж тайлбарлах, хэрхэн ойлгох талаар тендерт оролцогч нарт ижил ойлголт, зөвлөгөө өгөх зорилготой болно. Гэтэл уг тодруулгын хариу нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон, тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг зөвхөн ерөнхий гүйцэтгэгчээс шаардана, туслан гүйцэтгэгчээс огт шаардахгүй гэж хуулийг илтэд гуйвуулан тайлбарласан байхад шүүх үүнийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.

5. Шүүхийн шийдвэрийн 28 дахь талд “ “М с к” ХХК-д ажлын туршлага байхгүй, зураг төслийн тусгай зөвшөөрлүүдийг сүүлд авсан, уг компанийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж байгаа гэхчлэн асуудалд дүгнэлт өгсөнгүй. Учир нь хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон үнэлгээний хорооны гол зорилго нь тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчийн өмнө байгуулсан гэрээгээрээ хариуцлагаа хүлээх ба харин захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн хариуцлага байхгүй байна” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 5.1.6-д ““тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гээд, 5.1.6 “б”-д  хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн  этгээд гэж тус тус заасан.

Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр нэг тендер ирүүлсэн 2 этгээд гэдгийг шүүх анхаарсангүй, тендерийн баримт бичгээр шаардсан баримт бичиг бүрийг 2 компани тус бүртгээ ирүүлж байгааг мөн шийдвэр гаргахад харгалзан үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөл,  санхүүгийн чадавхи, техникийн чадавхи болон туршлагын шаардлага тэдгээр 2 компанид уг хуулийн дагуу ижил байдлаа тавигдаж байгааг шүүх “үгүйсгэсэн” дүгнэлт хийсэн.

6. Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ... шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг  ноцтой зөрчсөн дүгнэлт болно. Уг хуульд тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдаагүй бөгөөд худалдан авах ажиллагааны дараалал, үнэлгээг хэрхэн хийх процессийг тодорхой тусгасан.

7. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, журмыг зөрчсөн болохыг шүүхийн шийдвэрт тогтоосон байдаг. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн 27 дахь талд “ ... хэдийгээр захиалагчийн зүгээс нэхэмжлэгч компанид “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийн талаар, тендерт оролцогчийн хувиар өөрийнх нь ирүүлсэн тендер яагаад шалгараагүй талаар хангалттай үндэслэл бүхий хариу өгөөгүй байгаа боловч ...” гэж дүгнэсэн.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42.1.3-д “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэж заасан нөхцөл байдал үүсгэсэн байгааг шүүх бодитой, үнэн зөв тогтоосонгүй.

8. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 22, 23 дугаар хуудсанд “ ... нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа нь учир дутагдалтай ...” гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь төрийн захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан манай компанийн эрх ашгийг “шүүх өөрөө ноцтой, бүдүүлгээр” зөрчсөн үйлдэл юм.

Нэхэмжлэгч манай компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа тендерийн үнэлгээний хороо, захиалагч төрийн байгууллагын тендерийн хууль зөрчсөн, албан ажилдаа хариуцлагагүй хандсан хууль бус үйлдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар нотолж байгаа болохоос “гуравдагч этгээдийн эрхээс миний эрх илүү хамгаалагдах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн удаа байхгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0762 дугаар шийдвэр нь “шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

          Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Австри улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл” нэртэй “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлыг зураг, төсөв боловсруулах, бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” тендер сонгон шалгаруулалтыг Барилга, хот байгуулалтын яамнаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зарлан, Үнэлгээний хорооны 3 дугаар тэмдэглэлээр “хамгийн бага үнийн санал” ирүүлсэн “З Л Ж Э Б Э” ХХК-ийн тендерийг шалгаруулсны дагуу захиалагч 2018/148 тоот гэрээ байгуулж, нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” компанид 2019 оны 05 дугаар сарын 24-ний 03/1912 дугаар албан бичгээр тендерээс нь татгалзсаныг мэдэгджээ.

          Нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч давж заалдах гомдолдоо “захиалагч нь хуулиар эрх олгоогүй байхад тендер нээх хугацааг хууль зүйн үндэслэлгүйгээр сунгасан, энэ хугацаанд гуравдагч этгээд тусгай зөвшөөрлөө 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр авсан” гэжээ.

Захиалагч Барилга, хот байгуулалтын яам нь уг тендер шалгаруулалтыг анх зарлахдаа 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14.30-д нээхээр товлосон боловч тендерийн бичиг баримтыг худалдан авсан “З Л Ж Э Би Э” компаниас 04 дүгээр сарын 10-ны өдөр захиалагчид хандаж гаргасан “тендерийн баримт бичиг англи хэл дээр олгогдоогүй, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны зураг байхгүй тооцоо судалгаа дутуу тул шаардлагатай бүх мэдээллээр адил тэгш, бүрэн шуурхай хангаж өгнө үү” гэсэн гомдолтой холбогдуулан тендер нээх хугацааг 10 хоногоор сунгаж, тендерийн бичиг баримт худалдаж авсан талуудад мэдэгджээ.

Тендер нээх хугацааг үндэслэлгүй сунгасан талаар нэхэмжлэгчээс захиалагчид хандаж, гомдол гаргасан тул 04 дүгээр сарын 22-ны өдөр тус компаниудын төлөөлөгч нарыг оролцуулан уулзалт зохион байгуулж, тендерийн баримт бичгийг англи хэл дээр үйлдэж, 4 дүгээр сарын 10-нд хүргүүлсэнтэй холбоотой тендер нээх хугацааг 04 дүгээр сарын 29-ний өдөр болгосныг мэдэгдсэн байна.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендер нээх хугацааг сунгах талаар зохицуулаагүй боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэхээс өмнө бэлэн болгосон байхыг, 23 дугаар зүйлийн 23.1.1-д “тендерийн баримт бичиг, урилгыг ... гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ” гэж тус тус үүрэг болгосон байна.

Гэтэл захиалагч нь гадаадын этгээд оролцох уг тендерийн баримт бичгийг англи хэл дээр бэлэн болголгүй дээрх хуулийг зөрчсөн байх бөгөөд уг алдааг засахаар тухайн тендерт зөвхөн Австри улсын эрх бүхий байгууллагаас авсан батламжтай этгээд оролцох шаардлагын дагуу батламж авсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэж, тендер нээх хугацааг сунгажээ.

Захиалагч буюу захиргааны байгууллагын хувьд тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад гарсан процессын алдааг тухайн үед нь залруулах боломжтой бол засах үүрэгтэй бөгөөд хуулиар зохицуулаагүй гэх шалтгаанаар процессын алдааг залруулж тендерийн баримт бичгийг англи хэл дээр бэлтгэх шаардлагыг хангахгүй бол тендерт оролцогч гадаадын этгээдийн хувьд тендерийн талаарх бүрэн мэдээлэл авч, тендерт оролцох ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байна. Иймд захиалагч алдаагаа засаж тендерийн баримт бичгийг англи хэл дээр тараасантай холбоотой тендер нээх хугацааг сунгасныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин уг захиргааны байгууллагын алдааны улмаас хохирол учирсан бол нэхэмжлэх эрхтэй бөгөөд гомдолд дурдсан нэхэмжлэгчийн “баримт бичгээ хугацаандаа бэлтгэн ирүүлсэн”-тэй холбоотой хохирол учирсан бол нэхэмжлэх эрхтэй. 

Гуравдагч этгээд “З Л Ж Э Б Э” компанийн тендерийн материалд ТОӨЗ-ний 4.4 в-д заасан туслан гүйцэтгэгчээр оролцох “Магнус сентурион констракшн” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг ирүүлсэн байх бөгөөд Захиалагчийн дээрх алдаагаа засаж тендер нээх хугацаа сунгасан нь зориуд гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл авах боломж олгох зорилготой байсан эсэхийг  захиргааны хэргийн шүүх тогтоох боломжгүй бөгөөд захиалагч нь бусдад давуу байдал олгосон эсэх асуудал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоох асуудал тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... шүүх ...  Үнэлгээний хороо хуулийн дагуу тендерийг нэг бүрчлэн хянан үзэж үнэлээгүй байхад үнэлсэн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай”  гэжээ.

Тендерийн Үнэлгээний хорооны хурлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, Гишүүдийн үнэлгээний хүснэгтэд гишүүн тус бүр шаардлага хангасан эсэх талаар тендер тус бүрээр тэмдэглэгээ хийсэн зэргээс үзэхэд Үнэлгээ хороо тендерийг хянан үзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн гомдолд “... нэхэмжлэгч нь шаардлага хангаагүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн” гэжээ.

Захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллагын бүхий л хууль бус үйл ажиллагааг хянаж, зөвтгөхийг даалгах үүрэггүй, гагцхүү захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хамгаалах  үүрэгтэй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс ирүүлсэн тендер нь “шаардлага хангасан” эсэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, хүснэгтийн “сүүлийн гурван жил гүйцэтгэсэн ажил, гэрэлтүүлгийн борлуулалт дунджаар 3 сая ам доллараас багагүй байх” шаардлагыг болон “төслийг гүйцэтгэх ерөнхий инженер нь олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан” талаар баримтыг тендертээ хавсаргаагүй, шалгуур үзүүлэлтийг тус тус хангаагүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй тул Үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэр, гэрээг хүчингүй болгож, дахин тендер үнэлэхийг даалгасан ч нэхэмжлэгчийн тендер шалгарахааргүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Мөн гомдолд шүүх “... туслан гүйцэтгэгчээс шаардахгүй гэж илтэд гуйвуулан тайлбарласан” гэжээ.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 6.5-д “Тендерт оролцогч чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлоход түүний туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, санхүүгийн нөөц бололцоог харгалзан үзэхгүй. Гэвч туслан гүйцэтгэгчийн гүйцэтгүүлэх ажилд тусгай зөвшөөрөл шаардагдах бол туслан гүйцэтгэгч уг шаардлагыг хангасан байвал зохино” гэж зааснаас үзвэл Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт заагаагүй зүйлээ тендерт оролцогчоос шаардах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх “гуравдагч этгээд “З Л Ж Э Б Э” компанийн туслан гүйцэтгэгчээр оролцох “Магнус сентурион констракшн” ХХК-ийн ажлын туршлага байхгүй, тусгай зөвшөөрлийг сүүлд авсан, төлөөлөх эрхгүй гэх зэргээр маргасанд дүгнэлт өгөхгүй, захиалагчийн өмнө гэрээгээр хүлээх хариуцлага байхгүй” гэж үзсэнийг нотлох баримтыг буруу үнэлсэн, хэт нэг талд гуйвуулан дүгнэлт хийсэн гэж үзэхээргүй байна.

Мөн давж заалдах гомдолд “... хуульд Үнэлгээний хороо олонхийн саналаар шийдвэрлэх талаар зохицуулаагүй байхад шүүх олонхийн саналаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт боллоо” гэх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох мэдээллийг агуулсан байна” гэж заасан байх тул гомдол үндэслэлгүй байна.

          Давж заалдах гомдолд “... шүүх “Захиалагч нь нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” компанид яагаад шалгараагүй талаар хангалттай үндэслэл бүхий хариу өгөөгүй гэж шийдвэртээ дүгнэсэн нь хууль, журмыг зөрчсөнийг тогтоосон. ... энэ нь хуулийн 42 дугаар зүйлд заасан “журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендерт шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэх нөхцөл байдал үүсгэсэн байхад шүүх бодитой дүгнээгүй” гэжээ.

          Захиалагч Барилга, хот байгуулалтын яам нь нэхэмжлэгчид 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/1912 дугаар албан бичгээр “... “хамгийн бага үнэтэй харьцуулах тендерээр шалгараагүй тул татгалзаж байна” гэсэн  хариу өгсөн, харин нэхэмжлэгчээс ирүүлсэн тендер нь шаардлага хангаагүй талаар заагаагүй боловч энэ нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд нөлөөлөх алдаа гаргасан гэж үзэхээргүй байх тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

          Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомлыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.