| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00866/И |
| Дугаар | 212/МА2025/00006 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 212/МА2025/00006
С.С-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ерөнхий шүүгч С.Ө, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Т нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00943 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч **************** оршин суух хаягтай, У овогт С.С-гийн хүсэлттэй,
“Баян-Өлгий аймгийн Б сумын 01 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, хүсэлт гаргагч С.С-, түүний өмгөөлөгч Я.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие 1985 онд 8 дугаар ангиа төгсөж, илгээлтээр эцэг, эхийнхээ хамт малчин байсан. Дараа нь 1991 онд Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн иргэн Б.Б гэх залуутай гэр бүл болсон. Улмаар бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон боловч таарамжгүй байдлаас болж, 1999 оны сүүлээр 2000 оны эхээр хоёр тийшээ болж салсан. Миний бие тус аймгийн Б сумын Хөх эрэг буюу 01 дүгээр багт байдаг төрхөмдөө буцаж ээж О.Т болон дүү нарын хамт 2000 оноос 2006 он хүртэл мал маллаж, малчин байсан.
1.2. Түүнээс өмнө буюу 1991-1999 он дуустал А суманд өмнөх талийгаач нөхөр Б.Б-тэй хамт байсан хугацаандаа том хүүхдээ хадам талд үрчлүүлсэн тул надад өгөөгүй юм. Миний том хүүхэд 1994 онд төрсөн, харин бага хүүхэд маань 1998 онд төрсөн. Би 2000 оноос 2006 он хүртэл ээжийн хамт амьдарсан. Тийм учраас тэр хугацаандаа би ээжийн хамт мал тоолуулж байсан. Ямар учраас мал тооллогын баримт гарахгүй байгааг өөрөө ч мэдэхгүй байна. Миний ээж бол насаараа мал маллаж ирсэн малчин хүн юм. Би 2006 онд Өлгий суманд нүүж ирж, хоёр дахь гэр бүлээ зохиож Бсүх гэдэг хүнтэй гэр бүл болсон.
1.3. Иймд шүүхээс миний Баян-Өлгий аймгийн Б сумын 01 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг маань тогтоож өгөхийг хүсье.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00943 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч Улаан туг овогт С С-гийн Баян-Өлгий аймгийн Б сумын 01 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж малчин байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх С.С- миний Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр баг буюу Хөх эрэгт багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
3.2. Иргэн С.С- би Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас олгосон эх А дансны хуулбарууд, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, Б сумын Хөх эрэг багт 2000 онд хамт ажиллаж байсан М.Х, Б.С нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтууд, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсоор байхад миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
3.3. Иймээс анхан шатны шүүх иргэний хэрэгт зохих журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамаарА, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь нягтлан үзээгүй байгаа явдалд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
3.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00943 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч С.С-гийн Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хүсэлт гаргагч С.С-гийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Шүүх С.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэг үүсгэж, түүнийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэж, түүний 2000 онд бүтэн жилийн байдлаар малчин байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч С.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүнийг 2000 онд малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтдээ Үндэсний төв архивын 2024 оны 03-08/4484 дугаартай “2000 оны байдлаар өрхийн тэргүүлэгч О.Т болон гэр бүлийн бусад гишүүд С.О, С.С-, С.Н нар Баян-Өлгий аймгийн Б сумын Хөх эрэг багт хамт амьдарч байсан” талаарх лавлагаа, С.С- нь 2004 онд мал тоолуулж байсан талаарх мал тооллогын А дансны бүртгэлийн хуулбар болон С.С-гийн Нийгмийн даатгалын дэвтэр, Б.М төрсний бүртгэлийн лавлагаа, түүнийг үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б.Н-н төрсний бүртгэлийн лавлагаа, С.М төрсний гэрчилгээ зэрэг баримт бичгүүдийн хуулбарыг гаргаж өгсөн, анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж 1996, 1999, 2002, 2004 оны мал тооллогын А дансны бүртгэлүүдийн хуулбар, С.С- болон түүний нөхөр, хүүхдийн ХААТР маягтуудын хуулбар зэргийг шүүхийн журмаар цуглуулж, иргэн М.Х, Б.С нарын бичгээр гаргасан тодорхойлолт буюу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж тэдгээр иргэдийг шүүх хуралдаанд оролцуулан гэрчийн мэдүүлэг авчээ.
6. Түүнчлэн хэрэгт анхан шатны шүүхийн хуульд заасан чиг үүргийн дагуу цуглуулж, шүүхийн журмаар бүрдүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 363 дугаар тодорхойлолтод “Б сумын Мал тооллогын А дансны 2000 оны баримтыг шүүн үзэхэд С.С- болон О.Тгийн нэр дээр мал тоолуулсан тухай баримт гараагүй” талаар тусгасан, хэрэгт хавсаргасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр С.С-г 1987 оноос 1989 оныг дуустал хугацаанд Б сумын Нармандах нэгдэлд малчин байсныг тогтоож, түүний хүсэлтээс тус нэгдэлд 1986 оны 7 дугаар сараас эхлээд мөн оныг дуустал, 1990 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 844 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн “1996 оноос 2000 оныг дуустал хугацаанд А суманд малчин байсныг тогтоолгох” тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж 1996 оноос 1999 оныг дуустал хугацаанд А суманд малчин байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлага болох 2000 онд бүтэн жилийн байдлаар А суманд малчин байсныг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.
7. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар 2000 онд С.С- нь эх О.Т болон дүү С.О, хүү С.Н нартай хамт Баян-Өлгий аймгийн Б сумын Хөх эрэг гэх газарт хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдох боловч энэ нь түүнийг малчин байсныг нотлох шууд нотлох баримт биш байхаас гадна хэрэгт хавсаргасан С.С-гийн 2004 онд мал тоолуулж байсан тухай А дансны хуулбар, эх О.Т-гийн 1996, 2002 онд мал тоолуулсан тухай, Б.Б-ийн 1999 онд мал тоолуулсан тухай А дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.С-г 2000 онд бүтэн жилийн байдлаар Баян-Өлгий аймгийн Б суманд эх, дүү, хүүхдийн хамт мал маллаж, малчин байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, түүний хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
8. Бичгээр тодорхойлолт гарган өгч, тухайн үйлдлийнхээ үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.С “С-гийн эцэг, эх урьд нь Нармандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед С.С- эцэг, эхдээ тусалдаг байлаа. Харин түүний дараа нэгдэл тараад хувиараа мал малладаг байсан. Улмаар С.С- А суманд нөхөрт гараад хэдэн жилийн дараа буюу 2000 онд эхийнхээ гэрт ирээд, ээжийн хамт 2006 он хүртэл ээжийн хамт мал малладаг байлаа” гэж, гэрч М.Х “Миний эцэг Молдаш нь Улсын аварга малчин байсан. Би хүсэлт гаргагчийн эцэг, эхийг сайн танина. Маш олон жил хамт суусан хөрш айлууд. С.С- нь 2000-оос 2006 он хүртэл эхийнхээ хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багт мал маллаж малчин байсан нь үнэн. Түүнээс өмнө С.С- нь А сумын Бэгз гэх залуутай гэр бүл болж улмаар хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд тэд нар үл ойлголцоод гэрлэлтээ цуцалж, С.С- эхийн хамт амьдарсан. Харин дараа нь 2006 онд Б сумын Б гэсэн залуутай гэр бүл болсон. Одоо хүртэл тэд нар тус суманд мал маллаж байгаа малчин хүмүүс юм. Гэхдээ би С.С-гийн одоогийн нөхрийг сайн танихгүй” гэж тус тус мэдүүлдэг боловч эдгээр гэрчүүдийн “С.С- нь 2000 онд эхийнхээ хамт мал малладаг байсан” гэх мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар буюу гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотолгооны бусад хэрэгслүүдээр тогтоогдоогүй, тухайн гэрчүүдийн мэдүүлгийг өөр бусад нотлох баримттай харьцуулан С.С-г 2000 онд мал маллаж, малчин байсан гэх үйл баримтыг тогтоох үндэслэлгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.
9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмаар үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлтийг хангаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргагч С.С-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.
10. Хуульд зааснаар хүсэлт гарагч С.С-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00943 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хүсэлт гаргагч С.С-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.К
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.Т
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.Ө