Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2025/00007

 

Х.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ерөнхий шүүгч С.Ө, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00987 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МБС /захирал Х/-д холбогдох, 

 

“2,000,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь МБСд холбогдуулан тэтгэлгийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.2.  Нэхэмжлэгч Х.М нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймаг дахь МБСд тогоочийн ангид элсэн орж, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тогооч мэргэжлээр тус сургуулийг амжилттай төгсөж, мэргэжлийн үнэмлэхээ авсан.

1.3. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Өлгий суманд тогооч мэргэжлээр хувиараа ажиллаж байгаа. Тус сургуулийн суралцагчдад төрөөс нэг удаа 2,000,000 төгрөг тэтгэлэг олгох журамтай юм байна. Гэтэл Х.Мийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 46 нас хүрсэн гэдэг үндэслэлээр одоо хүртэл түүнд тэтгэлэг болох 2,000,000 төгрөгийг сургуулийн санхүүгээс олгохгүй байгаад гомдолтой байна. Энэ асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Боловсрол, Шинжлэн ухааны яамд гомдол гаргасан боловч өнөөдөр хүртэл хариу ирээгүй байна.

1.4. Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 461 тогтоолын 1 дүгээр хавсралтаар Мэргэжил болон техникийн сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам баталсан байдаг. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд уг журам батлахаас өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр элсэн орсон байдаг. Тэтгэмж авахын тулд суралцагч дараах шаардлагыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт, суралцаж байх хугацаанд 80 дээш хувь ирцийн шаардлага хангасан байх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд энэ шаардлагыг хангаж байгаа. Ёс зүйн дүрмийн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх ёстой байна. Мөн адилхан энэ шаардлагыг хангаж байгаа. Мөн төгсөлтийн үнэлгээ болон дүнгийн хувьд тэнцсэн байх ёстой шаардлага бий. Энэ шаардлагыг мөн хангаж байгаа. Харин дараах суралцагч нарт тэтгэлэг олгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д зааснаас бусад хэлбэрээр ажил эрхэлж, албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлбөл хамрахгүй байна. Хоёрдугаарт, суралцаж байх хугацаанд гэмт хэрэгт холбогдож, холбогдох байгууллагын шийдвэрээр нотлогдсон бол тэтгэмжээс хасагддаг байна. Гуравдугаарт, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээлээ орхисон бол тус тус тэтгэлэг олгохгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд тус сургуульд 45 насандаа элссэн бөгөөд үүгээр тэтгэлэг авах эрх үүссэн гэж ойлгож байгаа. Хөтөлбөрийн дагуу тасралтгүй сурсан, суралцсан тухай холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Боловсролын тухай хууль болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. 1. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн оршин суугч Х.Мийн тэтгэлэг буюу тэтгэмжийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

2.3. 3асгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно” гэж заасан тул 46 нас хүрсэн нэхэмжлэгчийн тэтгэмж олгогдоогүй.

2.4. Манай      байгууллагын зүгээс Х.Мд тэтгэмж олгох хүсэлт болон холбогдох бусад баримт, нэхэмжлэхийн хамт холбогдох дээд байгууллага буюу Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн юм. Тэтгэлгийг Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 3.2-т “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас сургалтын байгууллага, суралцагчид тавигдах шаардлага болон бусад холбогдох шаардлага, мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкин дахь харилцан дансанд тэтгэлгийг шилжүүлнэ” гэж заасны дагуу яам олгодог. Тиймээс манай байгууллага нь Х.Мд тэтгэлэг олгохгүй байгаа асуудал байхгүй.

2.5. Бид суралцагчдын ирц болон дүнг холбогдох системд бүртгээд сургуулийн дээд шатны байгууллага болох Боловсролын Ерөнхий газар, яам руу явуулдаг. Уг байгууллагаас суралцагчдын тэтгэмжийг шийдэж, явуулдаг. Өнгөрсөн жил Х.Мтэй хамт 4 суралцагчийн тэтгэлэг ороогүй байна. Уг 4 суралцагчийн тэтгэлэг яагаад ороогүй тухай Боловсролын Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст албан тоот явуулснаар холбогдох мэргэжилтэн надтай холбогдоод Х.Мийн тэтгэлэг тэрээр 46 нас хүрсэн учир олгох боломжгүй гэсэн хариуг хэлсэн. Мэргэжлийн болон Техникийн байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох тухай журамд зааснаар 45 нас хүртэлх суралцагч нарт тэтгэлэг нэг удаа олгох тухай зохицуулсан. Уг тэтгэлгийг хувьд сургуулиас олгохгүй бөгөөд Ерөнхий газар, Яамнаас шууд олгодог гэжээ.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00987 дугаар шийдвэрээр:

3.1. Боловсролын     ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгч Х.Мийн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь МБСд холбогдуулан гаргасан тэтгэмжийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын      тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Х.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12  дугаар сарын 12-ны өдрийн 130\ШШ2024\00987 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2.Анхан шатны шүүх Х.Мийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох нэг удаагийн тэтгэлэг гаргуулах бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Боловсролын ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэл: Монгол улсын иргэн Х.М нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн мэргэжил эзэмшихээр элсэн орж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тогоочийн мэргэжлээр сургуулийг амжилттай төгссөн. Тус сургуулиас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Х.Мд № ********дугаартай тогоочийн мэргэжил эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх олгосон. Одоо Х.М нь Баян- Өлгий аймгийн Өлгий суманд хувиараа тогооч хийж байна. Тус Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2023-2024 оны хичээлийн жилд суралцах үед нэг суралцагчид төрөөс нэг удаа 2,000,000 төгрөгийн тэтгэлэг буюу тэтгэмж олгох журамтай юм байна. Гэтэл Х.М нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 46 нас хүрсэн гэсэн үндэслэлээр одоо хүртэл уг 2,0 сая төгрөгийн тэтгэлгийг сургуулийн санхүүгээс олгохгүй байгаа асуудлаар шүүхэд хандсан юм.

4.4. Дараах нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх Х.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 2.2.Суралцагч дараах шаардлагыг хангасан байна. Уг журмын 2.2.1 дэх хэсэгт суралцах хугацаандаа онол, дадлагын сургалтад дунджаар 80-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх, 2.2.2 дахь хэсэгт Хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан \эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт\-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмч, эмнэлгийн байгууллагын магадалгаагаар тодорхойлогдож, ирцийг тооцуулсан байх, 2.2.2 дахь хэсэгт ёс зүйн дүрмийн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх, 2.2.4 дэх хэсэгт боловсролын цахим мэдээллийн санд суралцагчийн мэдээлэл бүртгэгдсэн байх, 2.2.5 дахь хэсэгт өгсөлтийн үнэлгээнд тэнцсэн байх. Журамд заасан шаардлагыг суралцагч Х.М хангаж байгаа юм.

4.5. Уг журмын 2.3 дугаар зүйлд дараах суралцагчид тэтгэлэг олгохгүй: 2.3.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д зааснаас бусад хэлбэрээр ажил, эрхэлж албан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж шимтгэл төлдөг бол, 2.3.2 дахь хэсэгт суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож шийтгүүлсэн нь холбогдох байгууллагын шийдвэрээр нотлогдсон бол,  2.3.3 дахь хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөө авсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл, сургалтаа орхисон гэж заасан. Дээрх журамд зааснаар Х.М нь суралцагчид тэтгэлэг олгохгүй байх буюу журмын 2.3 дугаар зүйлийн 23.3.1-2.3.3-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

4.6. Боловсрол ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Гадаадын болон дотоодын мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалт байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд суралцагчийн тэтгэлэг олгоно” гэжээ. Гэтэл Засгийн газраас уг журмыг гаргахдаа тухайлбал уг журмын 1.2 дугаар зүйлд “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол, эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно” гэж хүнийг насаар нь ялгаварлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130\ШШ2024\00987 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Х.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

            5. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Нэхэмжлэгч Х.М нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний тус сургуульд элсэн орж,  2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр амжилттай төгссөн. Х.М нь суралцаж байх хугацаанд нэгэн зөрчил гаргаагүй. Тэтгэлгийн санхүүжилтийг Сангийн яамнаас олгодог. Манай сургуулиас Х.Мтэй холбогдох бүх бичиг баримтуудыг бүрдүүлж төв байгууллага руу шилжүүлсэн. Х.М нь 9 дүгээр сард надад тэтгэлгийг мөнгө орохгүй байгаатай холбоотой тодруулж өгнө үү гэхээр би тодруулсан. Тэгэхээр Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны  суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно” гэж заасан.

            5.2. Иймд нэхэмжлэгч Х.М нь 46 нас хүрсэн байгаа учраас тэтгэлэг олгоогүй. Манай сургуулиас төгсөөд төгсөгчид ажлын байр өөрсдөө бий болгох зорилгоор тэтгэлэг олгодог юм. Манай сургуулиас суралцах орчныг хангах, дадлагаа хийлгэх, суралцах эрхийг нь хангадаг. Түүнээс биш тэтгэлийн мөнгийг бид хариуцахгүй. Бид анх 9 дүгээр сард 45 насанд хүрсэн бол тэтгэлэг олгохгүй гэдгийг анги бүрд ороод танилцуулчихсан. Тэр талаар нэхэмжлэгч Х.М нь мэдээлэлтэй байсан.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан ба шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.

 

7. Нэхэмжлэгч Х.М нь Баян-Өлгий аймаг дахь МБСд холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “1978.02.20-ны өдөр төрсөн, 2023.09.01-ний өдөр 45 настайдаа тус сургуульд тогоочийн мэргэжил эзэмшихээр элссэн, 2024.06.13.-ны өдөр тогоочийн мэргэжлээр төгссөн. Гэтэл 2024.02.20-ны өдөр 46 нас хүрсэн гэсэн үндэслэлээр надад 2,000,000 төгрөгийн тэтгэлэг өгөхгүй байна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 421 дүгээр “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсролын эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно” гэж заасан тул 46 нас хүрчихсэн нэхэмжлэгчид тэтгэлэг олгогдоогүй. Мөн журмын 3.2-т “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргаан байгууллагаас сургалтын байгууллага, суралцагчид тавигдах шаардлага болон бусад холбогдох шаардлага, мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкин дахь харилцах дансанд тэтгэлгийг шилжүүлнэ” гэж заасны дагуу Яам олгодог. Манай байгууллага Х.Мд тэтгэлгийг олгохгүй байгаа асуудал байхгүй. ... тиймээс Яамыг хариуцагчаар татах талаар зөвлөж байна” гэж хариу тайлбар ирүүлсэн бөгөөд уг тайлбартаа Засгийн газрын тогтоолоор баталсан дээрх журмыг хавсаргасан байна.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Х.М нь 1978.02.20-ны өдөр төрсөн, 2023.9.01-ний өдөр 45 настайдаа тус сургуульд тогоочийн мэргэжил эзэмшихээр элссэн, 2024.6.13.-ны өдөр 46 нас хүрсний дараа төгссөн, харин хариуцагчаас суралцагчийн холбогдох мэдээллийг Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийг 2024.02.20-ны өдөр 46 нас хүрсний дараа төгссөн гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын дагуу 2,000,000 төгрөгийн тэтгэлгийг олгоогүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024.6.17-ны өдрийн 111 дүгээр албан бичиг, тус сургуулийн захирлын 2024.6.13-ны өдрийн А/21 дүгээр тушаал, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 202121194 дугаартай Тогтооч мэргэжлийн үнэмлэх, зохигчийн тайлбар зэргээс үзвэл хариуцагч байгууллагаас суралцагч Х.Мд холбогдох мэдээллийг буюу төгсөгчдийн нэрсийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Боловсролын ерөнхий газарт хүргүүлж байсан нь тогтоогджээ.

 

9. Хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх нөхцөл байдлууд, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тухайн маргааны зүйл болсон суралцагчид тэтгэлэг олгох тухай харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 421 дүгээр “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 3.2-т “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргаан байгууллагаас сургалтын байгууллага, суралцагчид тавигдах шаардлага болон бусад холбогдох шаардлага, мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкин дахь харилцах дансанд тэтгэлгийг шилжүүлнэ” гэж заасантай харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч Х.Мийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх журамд зааснаар Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг /Боловсролын ерөнхий газар, эсхүл чиг үүргийнхээ хүрээнд тухайн асуудлыг хариуцвал зохих бусад төрийн байгууллага/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах бодит үндэслэл, шаардлага тогтоогдсон байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцээгүй.

 

10. Нөгөө талаар хариуцагч байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 421 дүгээр “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 3.2-т заасан Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргаан байгууллагыг /хамтран/ хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахыг санал болгосон хүсэлтийг шүүхэд гаргасаар байхад шийдвэрлээгүй, уг тэтгэлгийг олгох эрх бүхий байгууллагын байр суурь, тогтсон жишиг, тайлбарыг авахгүйгээр, энэ талаар эрх бүхий байгууллагаас нь тодруулахгүйгээр уг журмын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсролын эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно” гэж заасан зохицуулалтыг шүүх “тухайн сургуулийг төгсөх үед нэхэмжлэгч нь 46 настай байсан учир тэтгэлэг олгогдохгүй” гэж тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд, мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан “Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэсэн журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх Боловсролын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, суралцагчид тэтгэлэг олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 2023.11.29-ний өдрийн 421 дүгээр “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй буюу хуульд заасан журмыг биелүүлээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж маргааныг шийдвэрлэх боломжгүй учраас шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг баримтлан хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

12. Анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэх учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль тогтоомжийн хэрэглээтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд тус шүүх урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй ба   түүний “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Х.Мийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь тус тус Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.К

 

ШҮҮГЧ                                                            Ж.О

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.Ө