Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 605

 

 

                                                           

 

 

 

 

 

  2019         07         30                                    2019/ШЦТ/605

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Хохирогч О.Баярболд,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хас овогтой Дунгаагийн Дангаад холбогдох эрүүгийн 1911009450608 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1952 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физик, математикийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бул 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 0327 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хас овгийн Д Д /РД: ...........,

 

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 13-0327 тоотод иргэн О.Баярболдтой маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай хүүгийн гражид жолооч нар машинаа тавьдаг. Төгсөө манай хүүгийн найз болохоор би таньдаг байсан. Хэрэг гарсан өдөр Энхбаатар манай хүүгийн гражид машинаа тавих гэж ирээд манай хүүгээс аав чинь байгаа юу гэж асуугаад байгаа гэхээр нь манай гэрт орж ирээд надтай золгосон байсан. Энхбаатар манайд хоол унд идэж, бид хоёр архи хувааж уусан. Тэгж байгаад Энхбаатар гадаа гарсан. Би араас нь ариун цэврийн өрөө орох гээд гарахад чимээ шуугиан гараад байхаар нь очоод харахад хохирогчийн охин ирсэн байсан.  Тэгээд  аавыгаа халтар гэж хэлснийг охин нь сонсоод яагаад миний аавыг халтар гэж хэлдэг юм бэ гээд уурлаад байсан. Гражид хүмүүс маргаад байхаар нь ороод хархад Энхбаатар газар уначихсан Төгсөө хажууд нь байж байсан. Тэгээд би халамцуу байсан учраас тэр хүмүүсийг салгах гээд ноцолдсон. Тэр хооронд Дангаа ах цохичихлоо гэж нэг нь хэлсэн. Би цохисон эсэхээ мэдэхгүй байгаа ч цохиж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би иргэний үүргээ гүйцэтгэж болж байсан зодооныг салгасан. Дараа нь манай эхнэр гарч ирээд та нар яв гээд тэнд байсан хүмүүсийг явуулсан ...” гэх

Хохирогч О.Баярболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Энхбаатар Дангаа хоёрын мэдүүлэг зөрж байгаа. Бид нар 3-4 жилийн турш гражид нь машинаа тавьж байгаа. Энэ хугацаандаа бид нар байнга маргадаг байсан. Энэ удаа юу ч хэлэхгүй өнгөрч болох байсан ч бид нарын хооронд дахиад маргаан гарсан байсан. Тухайн үед би нөхөртөө хоол өгөх гээд охинтойгоо ирчихсэн. Намайг дотор хоол аягалаад сууж байхад Төгсөөд Энхбаатар би чамайг халтар гэж хэлэхэд танай охин манай аавыг доромжиллоо гээд намайг загнаад байна гээд хэлж байсан. Тухайн үед маргааныг салгах гэж 10 минут орчим болсон. Гаднаас Д.Д орж ирээд нилээн удсан. Тэд нар 2 талд ноцолдоод байсан. Зодооныг салгах явцад Д.Д миний нүд рүү цохисон. Миний нүд наашаагаа бүлтрээд гараад ирсэн байсан. Тэгээд би Д.Дд миний нүдэнд эмчилгээ хийлгэж өгөөч гэхэд намайг тоогоогүй. Д.Д хэрэг гарснаас хойш надтай огт яриагүй. Хүү нь болон Энхбаатар нар л надтай миний нүдийг асууж ярьсан. Миний нүд харвалт өгч магадгүй гэж эмч хэлсэн. Би одоо эмнэлгээр их явж эмчилгээ хийлгэж байгаа. Д.Д намайг ерөөсөө тоохгүй уучлалт гуйхгүй байсан болохоор нь би их гомдсон. Миний эмчилгээний мөнгийг гаргаж өгөх юм бол надад гомдол, санал байхгүй ...” гэх

Хохирогч О.Баярболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр микро автобус барьдаг бөгөөд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын дулаан гражид машинаа тавьдаг юм. Тухайн өдөр манай нөхөр Гантөгс автомашиныхаа моторыг сольж байсан бөгөөд нөхөртөө би, охин Алтанцэцэгийн хамт хоол аваачиж өгсөн юм. Тухайн үед оройн 20 цаг орчим болж байсан бөгөөд манай охин хашаанд нь өөрийнхөө машинд сууж үлдээд би хоолыг нь аваад гражруу ороод хоолыг нь аягалж өгсөн юм. Удалгүй гаднаас Энхбаатар кондуктор Төмрөөгийн хамт орж ирээд Энхбаатар танай охин чинь намайг “Та яагаад манай аавыг халтар гээд байгаа юм мотороо янзлаад л халтар болсон юм байгаа биз” гээд хэллээ гэснээ шууд манай нөхөр Гантөгсийг барьж аваад цохиод бас өшиглөөд заамдаад авсан. Тэгсэн чинь Төмөрөө гэх залуу салгах гээд зууралдаад байсан салахгүй болохоор нь би Энхбаатарын куртикны малгайнаас зулгаагаад татсан бөгөөд тэгэхэд Энхбаатар эргэж хараад миний үснээс зулгаасан юм удалгүй гаднаас Дангаа гүйж орж ирээд та муу нар яаж байна манай гражнаас зайл гэж хэлээд орилоод та нар болиоч гээд миний зүүн нүүр хэсэгт нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би доошоо нүүрээ дараад суугаад уйлаад цагдаа дуудсан юм. “...Энхбаатар намайг үсдээд дарсан байхад та нар яаж байнаа манай гражнаас зайл гэж хэлээд миний зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

Гэрч Д.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...Би өөрийнхөө микро автобусаа гражид нь тавьдаг айлын эзэн болох Дангаа гэдэг ахын гэрт 17 цагийн үед очсон юм. Дангаа ахын гэрт бид хоёр 1 шил 0.75 граммын архи хувааж уусан бөгөөд би тэдний гэрт байж байгаад явахаар гарсан бөгөөд гадаа Төмөрөө гэдэг кондуктор залуутай таарахад Төгсөө гражид юм хийж байгаа гэхээр нь би Төмрөөгөөс асууж тодруулах зорилгоор Халтар Төгсөө юу гэж хэлсэн чинь Төгсөөгийн охин гадаа байж байхдаа сонсчихсон юм байна лээ тэгээд Төгсөөгийн охин нь намайг чи манай аавыг доромжиллоо халтар гэж хэллээ гээд Төгсөөгийн машинаа засаж байгаа гражруу түлхээд оруулсан юм. Гражид ороход Төгсөө болон түүний эхнэр Баярболд нар байж байсан ба охин аав, ээж хоёртоо энэ хүн таныг халтар гээд байна таныг доромжиллоо гээд хэлсэн юм тэгтэл Төгсөө, Баярболд нар надруу яахаараа хүн доромжилдог юм халтар гэж хэллээ гэж гээд надруу дайрах гээд байхаар нь би Төгсөөгийн гэдэс хэсэгрүү нэг удаа цохисон чинь намайг Төгсөөгийн эхнэр юм уу охин нь аль нэг нь намайг газарт түлхэж унагаасан бөгөөд би газарт уначихсан байх хооронд миний нуруу хэсэгрүү Төгсөө гараараа нэг удаа цохисон юм. Энэ хооронд Дангаа ах орж ирээд намайг газраас босгосон тэгээд Төгсөө надтай зууралдаад байхад эхнэр нь болох Баярболд надаас зуураад байхаар нь би Баярболдын куртикнээс нь татсан юм. Дангаа ах Төгсөө, Баярболд нартай хэрэлдээд байсан юм. Тэгээд Баярболд цагдаа дуудсан бөгөөд би согтуу байсан болохоор намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн юм...”, “...Дангаа ах би хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд харин Төгсөө, Баярболд нар эрүүл байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22х/,

Гэрч Ч.Гантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...тэгтэл гаднаас гражын эзэн Дангаа орж ирээд үгийн зөрүүгүй манай эхнэр Баярболдын мөрөн дээрээс татаад нэг гараараа зүүн нүдрүү нэг удаа цохиод авсан юм. Тэгтэл манай эхнэр Баярболд Дангаа миний нүдрүү цохьчихлоо гээд уйлаад удалгүй цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

Гэрч Г.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...10 орчим минутын дараа манай аав Гантөгс гарч ирээд утсаа өгч бай цагдаа дуудаадхья гэсэн юм тэгэхээр нь юун цагдаа яасан гэж дуудах гэж байгаа юм бэ гэтэл аав ээжийг чинь зодчихлоо гэж хэлсэн юм тэгэхээр нь би сандраад хартал удалгүй араас нь ээж гарч ирээд би ээжийг машинд суулгаад харахад манай ээжийн зүүн нүд нь улайгаад хавдчихсан нүднээс нь нөж шиг юм гарчихсан байсан. Гражаас нөгөө бие засах газрын хажууд юм яриад байсан хөгшин эрэгтэй болон гражийг хариуцдаг эзэн гэх нилээн хөгшин ах гарч ирсэн бөгөөд цагдаа дуудаж байна гэсэн чинь чи намайг цагдаад өгч чадах уу гээд манай аавруу хашгираад байсан гэсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №2345 дугаартай “...О.Баярболдын биед зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36х/ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч О.Баярболд нь өөрт учирсан хохиролд нийт 427.700 төгрөгийг зарцуулсан баримт хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Дгаас нийт 427.700 /дөрвөн зуун хорин долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Баярболдод олгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Хас овогтой Д. Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дгаас нийт 427.700 /дөрвөн зуун хорин долоон мянга долоон зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 64-866 тоотод оршин суух бүртгэлтэй О.Баярболд /ДЮ73031707/-д олгосугай.  

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД