| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 144/2024/00215/И |
| Дугаар | 203/МА2025/00019 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2025/00019
Ч.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/ШШ2025/00033 дугаартай шийдвэртэй,
Ч.*******ийн нэхэмжлэлтэй
******* ******* гэрэл ХХК-д холбогдох
2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №Б-200 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс болох 13 772 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, нэхэмжлэгч Ч.******* нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие нь Оюу толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* ******* гэрэл ХХК-ийн үйлчилгээний үйлчлэгчийн албан тушаалд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Оюу толгой ХХК-ийн шаардлагын дагуу туслан гүйцэтгэгч бүх компаниудын ажилчид жил болгон эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, шинжилгээ өгдөг. Миний бие нь Оюу толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* ******* Эс Монголиа ХХК-нд 2010 оны 04 дүгээр сараас эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд мөн жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байсан. Миний бие нь үе мөчний буюу ревматойдны артрит гэх оношоор 2013 онд групп тогтоолгосон байдаг. Тухайн үе мөчний өвчиндөө уудаг эмээс болж элэгний идэвхжил өндөрсдөг. Жил бүрийн эрүүл мэндийн үзлэгт элэгний идэвхжил их, бага янз бүр гардаг байсан. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамрагдсан эрүүл мэндийн үзлэгээр элэгний идэвхжил өндөр гарсан ба ажилд тохирохгүй, давтан үзлэг шинжилгээ шаардлагатай гэсэн ажилд тохирох талаарх зөвлөмж тайлан гарсан. Гэвч миний бие 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллаад амарсан. 2024 оны 02 дугаар сард шинжилгээ өгөхөд элэгний идэвхжил хэвийн болсон байсан. Ер нь үе мөчний өвчиндөө эм уухаар элэгний идэвхжил ихэсдэг юм. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр давтан шинжилгээ өгөхөд элэгний идэвхжил нь буурсан байсан тул ажилд хязгаарлалтуудтай тохирох гэсэн зөвлөмж, тайлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвөөс гаргасан байдаг. Гэтэл ******* ******* гэрэл ХХК-ийн зүгээс намайг ажилд гаргахгүй янз бүрийн шалтаг тоочсоор 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүний нөөцийн менежер М.Отгонбаяраас ирүүлсэн. Уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар компаний удирдлагад өргөдөл явуулсан боловч хүлээж аваагүй. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд үүнд гомдолтой байна. Гурван сараас өнөөдрийг хүртэлх хугацааныхаа цалинг би компаниас гаргуулж авъя л гэж бодож байна. Хүний нөөц Отгонбаяр нь 06 дугаар сард дуудаад очиж уулзахад та эмчилгээ хийлгэх өргөдөл бичээд өгчих гэсэн би өргөдөл бичих шаардлагагүй гээд тайлбарлаж хэлэхэд та өргөдлөө бич, бичихгүй бол та ажлаасаа шууд халагд гэсэн миний эрүүл мэндийг бодоод байгаа юм болов уу гэж бодсон өөрсдөө чөлөө ав гээд заавал гарын үсгээ зурж байж яв гээд тэгээд би тулган шаардлагаар гарын үсгээ зурсан сүүлд намайг өөрийн хүсэлтээр чөлөө авсан гэж яриад байх юм би тэрийг гайхаад байна. Би тэгж татгалзаагүй шүү дээ би 3,4 сараас хойш ажилдаа оръё гээд удаа дараа очиход өөрсдөө үнэхээр намайг авч хэлэлцээгүй шүү дээ. Ажлаа хийгээд амьдралаа залгуулаад явж байхад гэнэт хөдөлмөр эрхлэх чадваргүй ажилдаа явах боломжгүй гэхээр надад хэцүү байна тэрийг өөрсдөө мэдэхгүй шүү дээ хүн эрүүл болчхоод ажлаа хийх гээд байхад өөрсдөө татгалзана, хүчээр чөлөө өгчхөөд сүүлд нь намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдчихсөн гээд байх юм тийм биш. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөнд 13 772 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компанийн CW/2168478 дугаартай төсөл дээр үйлчилгээний ажилтны ажлын байран дээр ажиллаж байсан Ч.*******ийг Хөдөлмөрийн тухай хууль"- ийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д заасны дагуу ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Иргэн Ч.******* нь эрүүл эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдсон. Үүнд:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЭМТ-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн эмчийн үзлэгт орсон. Энэхүү үзлэгээр ажилд тохирох зөвлөмжийн 3-д хязгаарлалтай буюу хязгаарлалтууд шаардах эрүүл мэндийн онцгой асуудал байна гэсэн. Мөн 4-р заалтаар хүнд юм өргөхгүй байх, дотрын эмчийн үзлэгт 3 сар тутамд хамрагдах гэсэн байна.
2. Дотрын эмчийн үзлэгээр ревматойдны артрит, гепатит буюу элэгний С вирустэй /ревматойдны артритын улмаас хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай/ гэсэн дүгнэлт гарсан.
3. Ч.******* нь 2013 онд ревматойдны артрит гэх оношоор хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай тогтоогдсон бөгөөд жил бүр сунгагдсан. Мөн Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар 12 сараар сунгасан байдаг.
4. Ажилтны хүсэлтээр эрүүл мэндийн байдлыг харгалзан манай компаниас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өДөр хүртэл бие эмчлүүлэх хувийн чөлөө олгож ажлын байрыг хэвээр хадгалан энэ хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж байсан. Ингээд Ч.*******ийн хувийн чөлөөний хугацаа дуусаж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжилгээний хуваарьт оруулсан боловч шинжилгээнд хамрагдахаас шалтгаангүй татгалзсан бөгөөд одоог хүртэл шинжилгээнд хамрагдаагүй. Иймд ажил олгогчоос дахин хугацаа олгож, хүлээх боломжгүй болсон.
5. Ч.*******ийн хувьд биеийн хүчний ажил эрхэлдэг бөгөөд уг чиг үүргээ хэвийн гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдал сүүлийн үед эрс доройтон барьж буй зүйлсээ алдах, асгах зэрэг байдлын тоо давтамж нэмэгдсэн. Дээрх нөхцөл байдлаар Ч.******* нь тус ажлын байранд эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нэгэнт тогтоогдож байна. Мөн иргэн Ч.*******ийг хуваарьт эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахыг шаардсаар байхад уг үзлэг шинжилгээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орохгүй байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1.1, 6.1, 18.2.4, 18.2.8- д тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3, 4.2.5-д заасныг зөрчсөн байна. Ингээд манай компани иргэн Ч.*******т 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах мэдэгдлийг хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу хүргүүлсэн. Тийм учраас гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/200 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.3-д заасантай нийцсэн тул Ч.******* үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд иргэн Ч.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ******* ******* гэрэл ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-200 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.*******ийг урьд эрхэлж байсан ******* ******* гэрэл ХХК-ийн үйлчлэгч /үйлчилгээний ажилтан/-ийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.510.742 төгрөгийг хариуцагч ******* ******* гэрэл ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгохоор, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2024.03.09-2024.10.04-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 13.772.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 4.510.742 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ******* гэрэл ХХК-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* гэрэл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 157.322 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, нэхэмжлэгч Ч.******* нарын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс "******* ******* гэрэл ХХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №Б-200 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Харин ажилгүй байсан хугацаа болон ажилгүй байсан хугацааны цалинг буруу бодож, дутуу тооцсонд гомдолтой байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь 2024 оны 03 дугаар сараас хойш ажилгүй байсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн өдрөөс буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс ажилгүй байсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй ба ингэж үзэхдээ ажилгүй байсан өдрийг 79 хоног гэж буруу тооцсон гэж үзэж байна. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 сар 26 хоног болж байгаа бөгөөд 1 сард ажлын 21 хоног гэж тооцоход 3 сарын 63 хоног, 2025 оны 01 дүгээр сарын ажлын 19 хоногийг нэмэхэд 82 хоног болж байгаа.
Анхан шатны шүүх ажилгүй байсан хоногийг сүүлийн 3 сараар буюу 2024 оны 7, 8, 9 сараар тооцсоныг мөн хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сараас хойш цалин аваагүй, цалин олгоогүй бөгөөд компани зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож төлсөн байдаг. Үүнийг нэхэмжлэгчид цалин хөлс олгосон гэж үзэх боломжгүй юм.
Тиймээс ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо 2024 оны 1, 2, 3 саруудад олгосон цалингийн дунджаар тооцож олгох ёстой байсан гэж үзэж байна.
Мөн 2024 оны 09 дүгээр сард цалин олгоогүй, зөвхөн ээлжийн амралтын мөнгө гэж олгосон байдаг ба хэрэв уг мөнгийг цалин гэж үзвэл дундаж цалин хөлсийг 2024 оны 2, 3, 9 дүгээр сард олгосон цалингаас бодох ёстой гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна, Нэхэмжлэгчийн зүгээс чөлөө авах хүсэлгүй байхад хүчээр чөлөө ав, чөлөө авахгүй бол ажлаас чөлөөлнө гэж хүсэлт бичүүлж авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бичиж өгсөн ба уг хүсэлтэд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс гэж хоног хугацаа огт бичээгүй гэдэг. Энэ талаар буюу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр чөлөө ав, чөлөө авахгүй бол ажлаас чөлөөлнө гэсний дагуу чөлөөний хүсэлт бичиж өгснөө нотлох үүднээс шүүхэд ******* ******* гэрэл ХХК-ний хүний нөөцийн менежер Отгонбаяртай харилцан ярилцсан бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх уг нотлох баримтыг эх сурвалж тодорхойгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.
Тухайн бичлэг нь нэхэмжлэгч Ч.*******тэй хариуцагч компанийн хүний нөөцийн менежер н.Отгонбаяр нь чөлөө ав, авахгүй бол ажлаас халах талаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр харилцан ярилцсан яриаг бичиж авсан байгаа гэдгийг шүүхэд бичгээр болон амаар шүүх хуралдаанд тайлбарласан байхад эх сурвалж тодорхойгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн тухайн бичлэг хийсэн нь ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн, ямар хуулиар бичлэг хийхийг зөвшөөрөөгүй буюу хориглосон байдаг талаар тодорхой тусгаагүй, дүгнэлт хийгээгүй тул хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тиймээс нэхэмжлэгчийг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилгүй байсан 6 сар 19 хоног /ажлын 145 хоног/ ажилгүй байсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд /2024 оны 1, 2, 3 сарын нийт 3 756 647:3=1 252 215 төгрөг /1сарын дундаж цалин/, хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 хоногоор тооцвол 1 ажлын өдрийн цалин 59 629 төгрөг/-ийн буюу нийт ажлын 145 хоногийн цалин 8 646 205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/ШШ2025/00033 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 135 хоног ажилгүй байсан хоногийн цалингаа авмаар байна гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 03 дугаар сарын 09-ний өдөр ажлаас буусны дараа буюу түүнээс хойш эрүүл мэндийн шалтгаанаар ажилд тэнцэхгүй гэдэг байдлаар ажилд гаргаагүй. Ажилдаа явъя гэхээр явуулдаггүй. Ингэж байлгасаар байгаад 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуудаж уулзаад таныг ажилд авах боломжгүй. Тийм учраас та ажлаасаа гар, эсвэл та чөлөө ав гэдэг байдлаар тулган шаардаж байгаад чөлөөний хүсэлт бичүүлж явуулсан. 2024 оны 06 дугаар сард чөлөөний хүсэлтийг бичүүлсэн. Тэгэхдээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд гурван сарын хугацаа авсан мэтээр ийм чөлөөний хүсэлт бичүүлсэн байдаг. Өмнө нь ямар нэгэн тушаал, шийдвэргүй, чөлөөний хүсэлтгүйгээр ажилд гаргаагүй байж байгаад сүүлд нь нөхөж ийм тушаал гаргаад явуулсан нь хууль бус гэж үзэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй учраас гомдол гаргасан. Мөн энэ шаардлагаа нотлох үүднээс шүүхэд хэзээ чөлөөний хүсэлт олгосон юм бэ? ямар учраас чөлөө авсан юм бэ? гэдгээ нотлох үүднээс ******* ******* гэрэл ХХК-ийн хүний нөөц дээр бичсэн бичлэгээ нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл энэ нотлох баримтыг шүүхээс хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлээгүй гэдэг үндэслэлээр нотлох баримтаас хасаж тооцож, үнэлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад нотлох баримтаар үнэлээгүй үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй. Ямар хуулийн, ямар зүйл заалтыг зөрчөөд энэ нотлох баримтыг цуглуулсан юм бэ? гэдэг талаар дүгнэлт хийгээгүй учраас үүнийг хийх ёстой гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс үүнийг ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэгт нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагч тал өөрсдөө бүрдүүлдэг. Хуульд заасан үндэслэл журмаар цуглуулаагүй гэдгийг эрүүгийн хэрэгт хамааралтай гэж үзэж байгаа учраас шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 135 хоног ажилгүй байсан хоногийн цалинд 8,646,205 төгрөг гаргуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чөлөөний хугацаатай холбоотой 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл чөлөө хүссэн байдаг. 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бид нар 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 2, 3 удаа эрүүл мэндийн үзлэгт ирж орооч ээ гээд хүсэлт өгсөн. Манай ажилтан байсан Ч.******* эрүүл мэндийн үзлэгт ороогүй. Эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцсэн тохиолдолд бид нар уурхайн талбайд ажиллуулах бүрэн боломжтой учраас бид нар ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгах санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгах мэдэгдэл өгсөн гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт ажилласан хоногийг дутуу тооцоолсон байна. 79 хоног биш, 82 хоногоор тооцох ёстой байтал шүүх 79 хоног гэж тооцсон нь таарахгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэх агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдагдсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 6 өдрийн хугацаа байгаа юм. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэж эхэлж байх буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд хэрэг хэлэлцэхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Өөрөөр ажилгүй байсан хугацааг яаж тогтоох гэж байна вэ гэхээр нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу ажлаас халагдсанаас нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хугацаа 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 6 хоногийн хугацаагаар тогтоох байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад өөрийн санаачилгаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар шийдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. ...Чөлөө олгосон эсэх асуудал дээр сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч худлаа тайлбар гаргаж байна. ...Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр чөлөө олгож өгнө үү гэдэг хүсэлтийг ажил олгогчид буюу хариуцагчид гаргасан. Энэ чөлөөний хүсэлтийг үндэслээд ******* ******* гэрэл ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/065 дугаар тушаалаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар чөлөө олгож ажлын байрыг хадгалсан байдаг. ...Гэтэл ******* ******* гэрэл ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам хэм хэмжээгээр чөлөөтэй байгаа хугацаанд цалин түүнтэй адилтгах олговрыг олгохгүй гэдгийг зааж өгснийг би сая танилцууллаа. Тэгэхээр үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. ...Ийм шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэж шийдсэн гэдгийг би түрүүнд хэлсэн. Шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан болох өдрөөрөө гаргаж тооцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 3.1.1-д мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ мөн хуулийн 63 дугаар зүйлийн 1.3-т заасан бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол шаардлагын үнийн дүнгийн нийлбэрээр гэж зааж өгсөн. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудсан дээр нэхэмжлэгч Ч.*******ийн гаргаж өгсөн ******* ******* гэрэл ХХК-ийн хүний нөөц н.Отгонбаяртай утсаар ярьснаа баталгаажуулсан гэх бичлэг бүхий флаш нь эх сурвалж нь тодорхойгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно гээд шүүх дүгнэсэн. Шүүхийн дүгнэсэн дүгнэлтийг дүгнээгүй байна. Бид нар гомдолтой байна гэж байгаа нь үндэслэлгүй. ...Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 2-т заасан хуулийн хүрээнд нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар нь авч үзээд үнэлээгүй байна. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Энэ нотлох баримтаар хасуулсан, гомдлын хурлаар хэлэлцүүлсэн асуудал дээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбар ямар хуулийг зөрчсөн юм бэ гэдэг асуудлаар мэдээж мэтгэлцсэн. Энэ нь хуралдааны тэмдэглэлүүд дээр хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйл дээр зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх асуудлыг хууль тогтоогчоос зөрчил гээд тооцчихсон. ...Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй учраас давж заалдах шатны шүүх хуулиараа хэргийг бүхэлд нь хянадаг учраас тэр тооцоолсон хоног бол түрүүн миний тайлбарласнаар зөрүүтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ******* ******* гэрэл ХХК-д холбогдуулан
2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №Б-200 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлс болох 13 772 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. ******* ******* гэрэл ХХК-ийн захирал Б.******* болон Ч.******* нар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2023/004 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж. /хх-32-35/ улмаар ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-6/
4.1. Тодруулбал, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Дотрын эмчийн үзлэгээр ревматойдны артрит, гепатит буюу элэгний С вирустэй /ревматойдны артритын улмаас хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай/ гэсэн дүгнэлт гарсан. Ажилтны хүсэлтээр эрүүл мэндийн байдлыг харгалзан манай компаниас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл биеэ эмчлүүлэх хувийн чөлөө олгож ажлын байрыг хэвээр хадгалан энэ хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж байсан. Ингээд Ч.*******ийн хувийн чөлөөний хугацаа дуусаж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжилгээний хуваарьт оруулсан боловч шинжилгээнд хамрагдахаас шалтгаангүй татгалзсан бөгөөд одоог хүртэл шинжилгээнд хамрагдаагүй. Иймд ажил олгогчоос дахин хугацаа олгож, хүлээх боломжгүй болсон. Ч.*******ийн хувьд биеийн хүчний ажил эрхэлдэг бөгөөд уг чиг үүргээ хэвийн гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдал сүүлийн үед эрс доройтон барьж буй зүйлсээ алдах, асгах зэрэг байдлын тоо давтамж нэмэгдсэн. Дээрх нөхцөл байдлаар Ч.******* нь тус ажлын байранд эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь нэгэнт тогтоогдож байна. Мөн иргэн Ч.*******ийг хуваарьт эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахыг шаардсаар байхад уг үзлэг шинжилгээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орохгүй байгаа гэжээ.
4.2. Энэ талаар анхан шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үзлэг, дүгнэлтэд: Ч.*******ийг ажилд хязгаарлалтуудтай тохирох гэж дүгнэж, хүнд юм өргөхгүй байх, дотрын эмчийн үзлэгт 3 сар тутам хамрагдах зөвлөмжийг өгч, ажилд тохирох талаарх зөвлөмж тайлангийн 4-өөр буюу Ажилд тохирохгүй, давтан үзлэг шинжилгээ шаардлагатай, 5-аар буюу Ажилд тохирохгүй гэж дүгнээгүй, харин 3-аар буюу Хязгаарлалтуудтай тохирох гэж дүгнэж, зөвлөмж тайланг өгсөн байхад түүнийг ажилд тохирохгүй, эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч Ч.*******ийг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн ******* ******* гэрэл ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-200 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.*******ийг урьд эрхэлж байсан ******* ******* гэрэл ХХК-ийн үйлчлэгч /үйлчилгээний ажилтан/-ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
4.3. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн цалинг 1 076 000 төгрөгөөр тогтоосон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг үндэслэж, 2024 оны 07, 08, 09 дүгээр сарын дундаж цалингаар тооцсон нь үндэслэлтэй байхаас гадна ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 4 510 742 төгрөгийг хариуцагч ******* ******* гэрэл ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч ... нэхэмжлэгчийг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилгүй байсан 6 сар 19 хоног /ажлын 145 хоног/ ажилгүй байсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд /2024 оны 1, 2, 3 сарын нийт 3 756 647:3=1 252 215 төгрөг /1сарын дундаж цалин/, хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 хоногоор тооцвол 1 ажлын өдрийн цалин 59 629 төгрөг/-ийн буюу нийт ажлын 145 хоногийн цалин 8 646 205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах... агуулга бүхий гомдлыг гаргажээ.
5.1. Нэхэмжлэгч дээрх хугацаанд ажил олгогчийн гаргасан тушаалаар чөлөөтэй, мөн ээлжийн амралтаа эдэлж байсан ба энэ хугацаанд ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан талаар зохигчид тайлбар гаргаснаас гадна хариуцагч байгууллага түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас хуульд заасан олговор авах эрх үүсэх нөхцөл бүрдээгүй тул анхан шатны шүүх ...Ч.******* нь 2024.03.25-ны өдөр чөлөөний хүсэлт гаргасан болох нь түүний гаргасан чөлөөний хүсэлт, Ч.*******т 2024.03.25-2024.07.17-ны өдрийг хүртэл хувийн чөлөөг олговоргүй олгосон болох нь ******* ******* гэрэл ХХК-ийн 2024.03.25-ний өдрийн Б-065 дугаартай Хувийн чөлөө олгох тухай тушаал, нэхэмжлэгч нь 2024.07.17-2024.10.04-ний өдөр хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй, 2024 оны 09 дүгээр сард ээлжийн амралтаа авч, ээлжийн амралтын мөнгө авсан болох нь зохигчийн тайлбар, Ч.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна... гэж шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэгсийн 41.1.5-т гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төслөн 153,290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/ШШ2025/00033 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэгсийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,290 /нэг зуун тавин гурван мянга хоёр зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР