| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0195/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 195
2019 07 08 2019/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэрлэн Номин худалдааны төвд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, 57-14 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.2, 216.1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасаж, 6 /зургаа/ сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, Сартуул овогт Дагвадоржийн Баянбат. /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Дагвадоржийн Баянбат нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд иргэн ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд иргэн ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг ******* эхнэр *******, хүү*******, охин нарын хамт амьдардаг. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед эхнэр, хүүхдүүдтэйгээ Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-д байх найз Батжаргалын гэрт нь ирж манай эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэж 0.75 литрийн Соёрхол архийг Батжаргал болон түүний эхнэр Туяа, нарын хамт ууж дуусаад тэндээсээ 18 цагийн үед бүгдээрээ Хэрлэн гол очиж 2 шил архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Тухайн үед нилээн согтсон байсан учир нэг мэдэхэд Мустанг бааранд ирсэн байсан. Улмаар маргааш нь манай эхнэр надад хэлэхдээ Мустанг бааранд зөөгчтэй нь маргалдаад зөөгчөөс нь авсан архиа нэхээд байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Мустанг баар орж зөөгч залуу болох маргалдсан талаараа мэдсэн. ... маргалдаад түүний нүүрэн тус газарт нэг удаа цохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол, төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Хохирогч Д.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг бааранд зөөгчөөр ажилладаг юм. 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед нилээд хүмүүс манай бааранд орж ширээ дүүрсэн бөгөөд 6 дугаар ширээн дээр 2 эмэгтэй, 2 эрэгтэй орж ирж суусан бөгөөд 1 шил Улаанбаатар архи, 2 шил Сэнгүүр пиво, савтай ус захиалсан. Ингээд ажлаа хийж байтал 6 дугаар ширээнд сууж байсан хар фудболкатай ах ирээд манай ширээн дээр байсан архи байхгүй байна гэхээр нь би бусад хүмүүстэй харьцаж тооцоо хийж байсан болохоор ширээн дээрээ очоод сууж бай би удахгүй очно гэж хэлэхэд тэр ах шууд над руу дайраад миний нүүрэн тус газарт цохисон. Би эмнэлэгт очиж үзүүлж уруулдаа 2 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 403 дугаартай:
1. Д.Бат-Эрдэнийн биед уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн.
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн15 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийгдсэн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 28 дугаар хуудас/,
Хохирогч Д.Бат-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 39 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Дагвадоржийн Баянбат нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд иргэн ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Бат-Эрдэнэ /хх-ийн 08-09 дүгээр хуудас/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээч шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч *******ыг Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Дагвадоржийн Баянбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Дагвадоржийн Баянбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дагвадоржийн Баянбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН