| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00771/И |
| Дугаар | 212/МА2025/00008 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 212/МА2025/00008
Ц.Х-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ерөнхий шүүгч С.Ө, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00930 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************** Ц.Х-гийн нэхэмжлэлтэй, ***********хариуцагч Т.Б,**************** С.Ц нарт холбогдох,
“Өөрийн өмчлөлийн газарт орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин орж, гарахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Б-к, нэхэмжлэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч Т.Б, хамтран хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Т.Б, хамтран хариуцагч С.Ц нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн газарт орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин орж, гарахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарласан байна. Үүнд:
1.2. Миний бие 1973 онд Их сургууль төгсөж ирээд, 1974 оноос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт хашаа бариад, дүү нартай хамт эсгийн гэрт амьдарч байсан. Манай ах Б Улаанбаатар хотоос шилжиж ирээд, Цагааннуур тосгонд ажилд ороод, дараа нь Өлгийд шилжин ирж миний өмчлөлийн хашаан дотор байшин барьсан. Тухайн байшинг Дархан хот руу шилжихдээ өөр хүнд худалдсан. Тухайн байшинг худалдаж авсан хүн хариуцагч Т.Б-ын ах нь Т.Б гэдэг хүн байсан.
1.3. Т.Б тухайн байшинг худалдаж авахдаа миний бие энэхүү хашаа миний дээд сургууль төгсөж ирээд, тус аймгийн Захиргааны байгууллагад ажилд орсноос хойш оршин сууж байсан газар юм гэж ойлгуулж хэлсэн. 2023 оны 12 дугаар сард миний хашаанд эсгий гэр авчирч, тэнд амьдарч байсан. Тэнд сурагч жоохон хүүхдүүд байсан учраас тэр гэрийг зөвшөөрөөд буулгасан.
1.4. Би ажлаар явж байгаад ирэхэд хашааны дундуур нь хуваагаад, орц гарцыг хаасан. Тухайн хашаа хуучин төмөр хаалгатай. Хашааны баруун талд орц байна. Зүүн талд ямар ч орж, гарах боломжгүй. Иймд өөрийн өмчлөлийн газарт орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин ороход саад учруулахгүй байхыг буюу орц, гарцыг чөлөөтэй нээж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Иргэний хуулийн 135 дугаар зүйлд хөршийн харилцааг тодорхой зохицуулсан. Түүний дагуу шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагч Т.Б-ын хариу тайлбар, татгалзал:
2.1. Энэ хэрэг маргаан урьд нь газрын маргаантай холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Газрын тухай хууль 2008 онд хэрэгжиж эхлэнгүүт миний эзэмшлийн газрыг Ц.Х өмчлөлд авсан байсан. Би захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, 2018 оны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Ц.Х-гийн өмчилсөн газраас миний эзэмшлийн 310 м.кв газрыг чөлөөлүүлсэн. Түүнээс өмнө нь тухайн хашаа байшинд амьдрах нөхцөл боломж олгоогүй, хашаанд орж, гарах хүртэл хүндрэлтэй. Хамгийн сүүлд жорлонгийн асуудлыг шийдэг гээд газар ухаад байсан чинь Ц.Х ирээд асуудал үүсгэсэн. Ц.Х удаа дараа над руу ирж дайрдаг.
2.2. Газар эзэмшлийн асуудал шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн. Одоо Ц.Х заавал манай хашаагаар дамжин гарах ёстой гэсэн шаардлага тавьж байна. Ц.Х өөрийнх нь хашаагаар цаашаа гарах боломжтой, нийтийн эзэмшлийн зам талбай болон орц, гарц чөлөөтэй байна.
2.3. Иймд би өөрийнхөө өмчлөлийн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийг 10 хэдэн жил ашиглаагүй, ашиглах боломж олгоогүй. Бид цэвэр ус татах гээд цэвэр усны шугам тавьж байхад цэвэр усны шугамын хоолойг нь татаж Ц.Х-гийн гэрийг дамжиж авахаар тохиролцсон. Би тухайн хашаа, байшинг зарахаар болж бусдад үнэ тохироод өгсөн.
2.4. Тухайн хашаа байшинг худалдаж авсан хүн түүнд амьдарч эхлэхэд танай амьдарч байсан газар миний өмчлөлийн газар гээд өмчлөлийн гэрчилгээг үзүүлсний дараа миний бие мэдэж, тэгээд тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж газрын асуудлыг шийдвэрлэж авсан.
2.5. Дамжин өнгөрөх орц, гарцыг хаасан асуудал байхгүй. Нэхэмжлэгч Ц.Х нь орц гарцыг өөрийнхөө хашааны цаад талд нээх бүрэн боломжтой. 1996 онд ах, дүү хоёр нь тухайн газрыг 310 м.кв газраас хувааж авсан. Тухайн үед газрыг худалдах, борлуулах эрхгүй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулж, газрын эзэмших эрхийг шилжүүлдэг байсан. Дараа нь Ц.Х газар болон байшинг бүхэлд нь авна гээд өмчлөлд авсан. 310 м.кв газарт өөрийн гэсэн байшинг барих хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Хамтран хариуцагч С.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. хариу тайлбар, татгалзал:
3.1. Холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу 310.м.кв газрыг С.Ц өмчлөгч байна. Газрын кадастрын зургийг гаргаж өгсөн, мөн шүүхийн журмаар үзлэг хийсэн. С.Ц газрыг өмчлөх эрхтэй. Энэхүү өмчлөх эрхэд нь Ц.Х-гийн зүгээс дамжин өнгөрөх шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
3.2. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ямар нөхцөл байдал тохиолдоход бусдын газраар дамжин өнгөрөх асуудал яригддаг юм бэ гэхээр Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлэх боломжтой. Гэхдээ хэргийн газарт үзлэг хийхэд хуульд заасан эдгээр үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
3.3. Нэхэмжлэгч Ц.Х-гийн хойд талын гудамж, талбай нээлттэй, машин тээвэрлэлт явах боломжтой байсан. Нийтийн эзэмшил тайлбай руу 85 м.кв газар илүү гарсан нөхцөл байдалтай, өөрсдөө нийтийн эзэмшлийг газрыг давхар ашиглаж байгаа, мөн нийтийн эзэмшлийн газартай залгаа гарцтай. Тэгэхээр яагаад С.Ц өмчлөлийн газрыг дамжин өнгөрөх гээд байгаа, ямар урьдчилсан нөхцөл байдал хангагдаж байгаа вэ. Ц.Х-гийн үл хөдлөх хөрөнгө нь ганцхан байшин, бусад нь гэрчилгээгүй. Мөн жорлон байгаа газраар дамжин өнгөрөх боломжтой. Жорлон нь үл хөдлөх хөрөнгө биш юм. Мөн гараашны нөгөө талаас хаалгыг нь гаргах боломжтой нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. 380 шонгийн мод гэдэг асуудал яригдсан. Тэр нь ялгаагүй аль аль талд 5.7 метрийн зайтай 380 шонгийн мод байдаг. Тэгэхээр нийтийн эзэмшил газар дээр нэвтрэх гарц гарах боломжгүй, хүрээлэгдсэн, хязгаарлагдсан зүйл байхгүй. Тиймээс С.Ц-ийн өмчлөлийн 310 м.кв газраар дамжих Ц.Х нийтийн эдэлбэрийн газар руу гарах гарцыг гаргах тухай шүүхээр даалгаж шийдвэр гаргах нь Иргэний хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00930 дугаар шийдвэрээр:
4.1. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Х-гийн өөрийн өмчлөлийн газарт байгаа хашаанд орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин орж, гарахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Миний бие 1973 онд дээд сургууль төгсөж аймгийн Захиргаанд томилогдон ирж 1974 онд Дамчаа гуайн хашааны ард цэвэр газар өөрийн хэрэгцээний амьдрах зориулалтай жижигхэн хашааг материалын олдсонд тааруулан татаж амьдарч ирсэн даруй 50 жил болж байна. 1994 онд Цагааннуурын ХБ ангид ажиллаж байсан ах Б анги тарахад нүүж ирээд миний хашаанд надыг дургүйцсээр байхад ирж буусан, Улмаар 2004 онд Дархан хот нүүхдээ оршин сууж байсан байшингаа Батмөнхөд зарсан байсан.
5.2. Б нь уг байшингаа дүү Б-даа өгсөн Б нь энэ байшинд орж суухгүй байсаар байгаад хуурамч материал бүрдүүлэн газрын кадастр өөрчлүүлэн 2023 оны өвлөөс садангийн дүү нараа /сургуулийн хүүхдүүд/ буулгасан жил хэртэй манай 00, цэвэр ус, хогийн сав ашиглан амьдарч ирсэн, би тэдэнд хэл ам гаргахгүй зохицоод амьдаръя л гэсэн. Намар тэдэнд манай 00 олон жил болсон ханан нурсан бие засахад хүндрэлтэй үнэр танар дийлэхгүй хүүхдүүд 00-ын цаасаа саванд нь хийхгүй зэргээс болж баруун талд тэдний газарт 00 малтахыг зөвлөсөн. Тэд нар ч ёсоор болгосон, гэтэл намар надыг хөдөө яваад хэд хоног яваад, ирэх хооронд хашааг дундуур нь хуваагаад битүүлсэн байсныг Цагдаагийн газар хандаж зөвхөн хүн гарах гарц нээлгэсэн. Улмаар машинаар орж гарах хөдөлгөөн хязгаарлагдсан тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
5.3. Миний шүүхэд хандсан гол асуудал он удаан жил амьдарч ирсэн нэг хашааг хувааж орц, гарцгүй болгосон нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу Иргэний хуулийн 4 дүгээр бүлгийн хөршийн эрхийн харилцааг тодорхой заасан заалтуудыг мөрдлөг болгон шүүхэд хандахад хүргэсэн юм.
5.4. Гэтэл шүүгч энэ асуудлыг эрх ашиг нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг авч үзэхдээ зөвхөн хариуцагчийн эрх ашгийг хамгаалах зорилго агуулан илтэд Иргэний хуулийн 135, 138 дугаар заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, эсэргүүцэж байна. Би шүүхэд газрын болон эд хөрөнгийн ямар нэгэн маргаан гаргаагүй хариуцагчийн амьдрах эрхэнд халдсан зүйлгүй 50 жил орж гарсан хаалгаараа орж гарч байя, үүнийг л шүүх баталгаажуулаад өг гэсэн. Учир нь миний хашааны зүүн талаар орц гарц нээх боломжгүй хэт давчуу, дээр нь 00, үнс, хогоо хаях газаргүй дээр нь хаалга гаргана гэвэл гарааш болон бусад байгууламжийг нураах хашаанд тулж байрласан бетон шонтой кабелийг буулгахад хүрэх ба энэ нь уг хуулийн 135.5-д заасны дагуу боломжгүй гэдгийг харсаар байж үндсэн оршин суугч миний эрх чөлөөг халсан боогдуулсан, хариуцагчийн зүй бус шаардлагыг хамгаалсан илт дэмжсэн шийдвэр гаргасан нь хөршийн эрхийн харилцааг зохицуулсан хуулийн заалтуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Миний тэр хүний эрх ашгийг ямар нэгэн хэлбэрээр зөрчсөн, хөндсөн зүйлгүй зөвхөн хаалгаараа орж гарахыг л одоо байгаагаар нь зөвшөөрсөн шийдвэр баталгаажуулаад өгчих л гэж байгаа.
5.5. Иймд хөршийн эрх ашигт харшлах ямар нэгэн сөргөөр нөлөөлсөн зүйлгүй учир хэн хэндээ хүндрэл учруулахгүйгээр хөршийн харилцааг зохицуулсан хуулийн хүрээнд харилцан бие биеэ хүндэтгэн амьдрахыг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1,135.3,138.1-д заасныг үндэслэн Ц.Х миний эзэмшил газраар орж, гарах хөдөлгөөнд дамжин өнгөрөх замыг хаахгүй байхыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.
5.6. Жич: Гарааш, 00, хогийн сав хоорондын зай 3.4 м, кабелийн шон хашаанд тулсан 35 см байгаа нь түүгээр том оврын машин орж, гарах нүүрс буулгах, хог ачуулах боломж хязгаарлагдана гэдгийг харсаар байж Шүүгчийн ёс зүйн дүрэмд /3,2,3/ хууль дээдлэх, хүний эрх чөлөө,эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, шударга байх, аливаа асуудалд бодитой хандах, төвийг сахих зарчим баримтлан шийдвэрлэнэ гэж заасныг анхан шатны шүүхийн шүүгч баримтлаагүй үндэслэл муутай,бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
6. Хариуцагч Т.Б-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Нэхэмжлэгч Ц.Х нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Миний хувьд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, шүүх өөрөө тухайн газарт очиж хэмжилт хийж эцсийн шийдвэр гаргасан. Би өөрийн эзэмшлийн хөрөнгийг бүрэн эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа. Тухайн байшинг өөрчилж барих гэхээр тийм бололцоо, нөхцөл харагдахгүй байна. Зун жорлон ухах гэхэд нэхэмжлэгч ирээд асуудал гаргасан. Мөн тухайн үед удаа дараа над руу дайрсан. Бас ажил дээр ирж халдсан. Ахмад хүнийг хүндлээд нэхэмжлэгчид иргэний хувьд гомдлоо гарга гэсэн. Нэхэмжлэгчийн хашааны цаад тал нь угаасаа гудамж, талбайтай, зорчих хэсэг нь нээлттэй. Нийтийн эзэмшлийн талбай руу гарах гарц нээлттэй байна.
7. Хамтран хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Хариуцагч С.Ц-ийн хувьд шүүхийн шийдвэрийн дагуу тухайн газрыг эзэмших эрхийг баталгаажуулж, холбогдох байгууллагын гэрчилгээ, захирамжаар газраа эзэмшиж байгаа. Тухайн шийдвэрийн дагуу олгогдсон өөрийнхөө газрыг эзэмшиж авсан байдаг. Тухайн газар дээрээ хүрээлж хашаа татсан асуудалтай холбоотой нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнээс биш шинээр газар, үйл ажиллагаанд нь саад учруулсан, орох, гарах гарцыг нь хаасан асуудал биш байгаа. Тухайн хашаа маань урд, хойд талд хоёр гудамжтай, нэхэмжлэгчийн зүгээс хойд талын гудамжаар нийтийн эзэмшлийн талбай, гудамж руу шууд гарах боломжтой, хил залгаа байгаа. Хариуцагч С.Цийн хувьд урд хэсгээрээ урд талын гудамж руу гарахаар болж, хашааг хоёр хувааж, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан. 3 шатны шүүхийн шийдвэр хэрэгт үндэслэгдсэн газрын кадастрын зураг, бусад бүх зүйл хэрэгт авагдсан байдаг.
7.2. Нэхэмжлэгчийн гол маргаж байгаа, зөвшөөрөхгүй байгаа асуудлыг би ойлгохдоо захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй агуулгатай юм ярьж байгаа. Шүүх шударга үнэнийг буруу тогтоодог газар байна. Анхан шатны шүүх нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдлоо тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, бодит байдалд нийцүүлэн шударга шийдвэр гаргасан. Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалтаар газар, хөршийн эрхийн асуудал зохицуулагдаж байгаа. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гол урьдчилсан нөхцөл нь тухайн эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн нийтийн ашиглалтын зам, талбайд гарцгүй нөхцөл байдал байх ёстой байхгүй юу? Дахин хэлье нэхэмжлэгчийн хашааны хойд тал гудамж, талбайд чөлөөтэй гарахаар байна. Энэ нь үзлэгээр тогтоогдсон. Тэр хэсгээр орж, гарах бүрэн боломжтой. Өөрийн эзэмшил газартаа өөрийн хөрөнгө байрлагдсан байна. С.Цийн татсан хашаа нь түүний өөрийн эзэмшил талбайгаар хүрээлэгдсэн хашаа гэдэг нь тогтоогдсон
7.3. Тиймээс анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй, түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
ХЯНАВАЛ:
8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж, тэдгээрийг хуульд заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоосон, түүнд Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.
9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Х-гийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
9.1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2018/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0200 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаар тогтоолыг[1] үндэслэж Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/406 дугаар захирамжаар[2] Ц.Х нарын Өлгий сумын 8 дугаар багт орших, нэгж талбарын ******** дугаартай 667 м.кв талбайтай өмчилж байсан газраас 310 м.кв талбайтай газрыг хэсэгчилж хүчингүй болгон, уг хүчингүй болгосон 310 м.кв талбайтай Өлгий сумын 8 дугаар баг, Ах хустау тамирчид-2 гудамжны 206 тоот хаягт байршилтай газрыг Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээгээр[3] С.Ц-эд өмчлүүлсэн байна.
9.2. Хамтран хариуцагч С.Ц-ийн өмчлөлийн дээрх 310 м.кв газарт түүний хүү, хариуцагч Т.Б-ын Улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй 51 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө байршдаг нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогджээ.
9.3. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн дээрх шийдвэр гарсны дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/406 дугаар захирамжаар Ц.Х нарт газар өмчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар захирамжийн хавсралтын 55 дахь заалтад тэдгээрийн өмчилж байсан газрын талбайн хэмжээ “667 м.кв” гэснийг “357 м.кв” гэж өөрчилж өмчлүүлсэн байна.
9.4. Улмаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хэмжээнд ийнхүү өөрчлөлт орж, Ц.Х-гийн урьд өмчилж байсан 667 м.кв талбайтай газраас хариуцагч С.Цэд 310 м.кв талбайтай газрыг өмчлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн нөхцөл байдлын улмаас урьд нь 667 м.кв газрыг тойрч татсан нэг хашаатай газраас 310 м.кв газрыг хариуцагч С.Цэд, 357 м.кв газрыг Ц.Х нарт өмчлүүлсэн тул хариуцагч Т.Б болон хамтран хариуцагч С.Ц нар С.Цийн өмчлөлийн 310 м.кв талбайтай газарт, тодруулбал Ц.Х болон С.Ц нарын хөрш залгаа газрын хийлийн заагт модон тулгуур тавьж, дээврийн төмрөөр тусгаарлаж хашаа татсанаас[4] урьд өмнө нь Ц.Х-гийн нийтийн ашиглалтын гудамж, замд хүрэх буюу орц, гарцаар ашиглаж байсан зам хаагдахад хүрч, тэрээр хариуцагч нарт холбогдуулж дээрх “Өөрийн өмчлөлийн газарт орж, гарах дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин орж, гарахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
9.5. Нэхэмжлэгч Ц.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “миний гэр оронд нэвтрэх, өөрийн эзэмшил газарт явган болон тээврийн хэрэгслээр нэвтэрч орж, гарах гарцгүй болж миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн” гэж тодорхойлж Иргэний хуулийн 134, 135, 138 дугаар зүйлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайлбал хариуцагч Т.Б: “Миний ээж С.Ц нь өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглахад хөрш Ц.Х саад болж, хэрүүл маргаан үүсгээд байсан болохоор хашаагаа барьсан. Ц.Х-гийн эзэмшил газарт С.Цийн татсан хашаа нь ямар нэг байдлаар ороогүй, газрын давхцал үүсээгүй. Ц.Х-гийн орон байр болон түүний эзэмшил газраас нийтийн эзэмшлийн талбай руу шууд нэвтрэх боломжтой, тэрээр өөрийн эзэмшил газарт нэвтрэхийн тулд миний ээж С.Цийн газраар дамжин орох шаардлагагүй” гэж[5], хамтран хариуцагч С.Ц: “С.Цийн татсан хашаа нь Ц.Х-гийн газарт ямар нэг байдлаар ороогүй, газрын давхцал үүсээгүй. Ц.Х-гийн орон байр болон түүний эзэмшил газраас нийтийн эзэмшлийн талбай руу шууд нэвтрэх боломжтой, тэрээр өөрийн эзэмшил газарт нэвтрэхийн тулд С.Цийн газраар дамжин орох шаардлагагүй” гэж тус тус тайлбар гаргасан байна.
9.6. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, талуудаас гаргаж өгсөн тухайн маргаантай газрын зураглал[6], зураг, С.Цийн өмчлөлийн газрын кадастрын зураг[7], хамтран хариуцагч С.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Ц.Х-гийн анх өмчилж байсан газар 667 м.кв талбайтай газрыг ягаан зураасаа тэмдэглэсэн ба нэхэмжлэгчид 667 м.кв газраас 357 м.кв талбайтай газрыг өмчлүүлсэн боловч бодит байдалд тэрээр 445 м.кв газрыг буюу аймгийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн газраас 88 м.кв газрыг илүү эзэмшиж хашаалсан, 3 дугаараар тэмдэглэсэн Ц.Х-гийн автомашины гараашны зүүн хойд булангаас түүний өмчлөлийн газрыг тойруулж барьсан хашааны зүүн хойд булан хүртэл 5,7 м зайтай, энэ хооронд нүхэн жорлон байршсан байх бөгөөд нүхэн жорлонгоос автомашины гарааш хүртэл 3 м зайтай, хашааны зүүн хойд булан хүртэл 1,7 м зайтай, Ц.Х-гийн хашаанаас тухайн хашааны хойд тал буюу ар талд байрлах нийтийн эзэмшлийн гудамж талбайн нөгөө талд байрлах бетонон суурьтай цахилгааны шонгоос[8] түүний хашаа хүртэлх зай 5,75м, түүний хашааг дагах байршилтай шилэн кабелийн модон шон хүртэл 5,78 м зайтай болох нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч, хөндлөнгийн хоёр гэрч, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын суурь судалгаа, мониторингийн мэргэжилтнийг байлцуулан хэмжилт хийсэн үзлэгээр[9] тогтоогдсон байна.
10. Нэхэмжлэгч Ц.Х болон хамтран хариуцагч С.Ц нарын өмчлөлийн газрууд нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар хоёр талаасаа харилцан нөлөөлж болох буюу хил залгаа байршилтай хөрш залгаа эд хөрөнгүүд мөн байна. Тиймээс мөн зүйлийн 134.2 дахь хэсэгт зааснаар Ц.Х, С.Ц нар нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх, анхан шатны шүүхийн шийдвэрт тухайлан тэмдэглэсэнчлэн “харилцан хүлцэн тэвчих” үүрэгтэй.
Нэхэмжлэгч Ц.Х нь 667 м.кв газрыг /С.Ц-эд өмчлүүлсэн 310 м.кв газартай хамт/ урьд нь өөрөө өмчилж, талууд нэг орц, гарцаар, хашааны урьд хэсэгт байрлах хаалгаар орж, гарч байсан, дараа нь Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.Хд 357 м.кв газрыг, С.Ц-эд 310 м.кв талбайтай газрыг хуваан өмчлүүлж шийдвэрлэсний дараа хариуцагч нар хөрш залгаа газрын хилийн заагт хашаа татсанаас нэхэмжлэгч нь өмнө нь хэрэглэж байсан орц, гарцаар нийтийн ашиглалтын гудамж, талбайд гарах, өөрийн хашаандаа С.Цийн хашааг дамжиж орох боломжгүй болсон учраас “дамжин өнгөрөх замыг хааж, хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин орж, гарахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах”-ыг шаардсан бол хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрынхаа хойд талаараа хаалга гаргаж, нийтийн эзэмшлийн талбай руу шууд нэвтрэх, өөрийн хашаандаа орж, гарах боломжтой, өөрийн эзэмшил газарт нэвтрэхийн тулд заавал С.Цийн газраар дамжин орох шаардлагагүй” гэж талууд маргасан бөгөөд хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдсон байна.
11. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар өөрийн өмчлөлийн газрыг ашиглахад саад болохооргүй бол нөгөө талын буюу нэхэмжлэгч Ц.Х-гийн зайлшгүй шаардлагатай нөлөөллийг буюу дамжин өнгөрөх үйлдлийг хориглон хязгаарлаж болохгүй. Нөгөө талаар мөн зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х нь өөрийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байна гэж үзвэл, хариуцагч нарын тухайн хөрш залгаа байршилтай газрын хилийн заагт, өөрийн өмчлөлийн газраа зааглан хашаа татсан үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хөршийн газраар дамжин өнгөрөх, уг үйлдэлд нь саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгахыг шаардсан бөгөөд хөршийн газраар дамжин өнгөрөх, зам, шугам хоолой барьж байгуулах харилцааг Иргэний хуулийн 138 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан. Мөн зүйлийн 138.1 дэх хэсэгт “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч Ц.Х-гийн өмчлөлийн газар нь бусдын өмчлөл газраар хүрээлэгдсэн бөгөөд гагцхүү хамтран хариуцагч С.Ц-ийн өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүйгээр нийтийн ашиглалтын зам, талбайд хүрэх гарцгүй нөхцөлд л тэрээр хариуцагч нарын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхийг шаардах эрхтэй, энэ нь мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт зааснаар “хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх” тухай хөршийн эрхийн нийтлэг зарчимд үндэслэгдэх учиртай.
12. Гэтэл нэхэмжлэгч Ц.Х нь урьд өмнө 667 м.кв газрыг /С.Ц-эд өмчлүүлсэн 310 м.кв газартай хамт/ өмчилж байсан үетэй нэгэн адилаар өөрийн өмчлөлийн газарт орж, гарах гарцыг хариуцагч С.Цийн өмчлөлийн газраар дамжин өнгөрч тэдгээртэй хамтран эзэмшинэ гэж үзэж, хамтран хариуцагч С.Цэд 310 м.кв газрыг өмчлүүлсний дараа ч түүний өмчлөлийн газраар дамжин өнгөрөх тухай шаардлага тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй, тэрээр өөрийн хашаа, байшиндаа хариуцагч С.Ц-ийн газраар дамжин /явганаар болон тээврийн хэрэгслээр/ өнгөрөх тохиолдолд хариуцагч Т.Бад үл хөдлөх хөрөнгөө, хамтран хариуцагч С.Ц-эд өмчлөлийн газраа хэвийн ашиглахад бодитой саад учруулах нь үзлэгээр тогтоогдсон, нөгөө талаар Ц.Х нь гагцхүү С.Цийн өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүйгээр нийтийн ашиглалтын гудамж, зам талбайд хүрэх гарцгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр өөрийн өмчлөлийн газрын хойд зүүн булангаас нийтийн ашиглалтын гудамж, зам талбайд хүрэх гарц гаргах боломжтой, эрх бүхий байгууллагаас өмчлүүлсэн газраас илүү талбайг эзэмшдэг, түүний өмчлөлийн газар нь бүхэлдээ бусдын газраар хүрээлэгдээгүй нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зураглал, кадастрын зураг, гэрэл зураг, газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Х-гийн хариуцагч Т.Б, С.Ц нарт холбогдуулан гаргасан “хариуцагч нарын газраар дамжин өнгөрөх замын хааж хашаа барихыг хориглох, хөршийн өмчлөлийн газраар дамжин өнгөрөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт хамаарах шаардах эрхийн үндэслэлийг хэрэглэж, нэхэмжлэгчийн өмчлөлийн газар бүхэлдээ бусдын газраар хүрээлэгдээгүй, нэхэмжлэгч нь нийтийн ашиглалтын замд хүрэх, өөрийн өмчлөлийн газартаа орж, гарах гарцаа хариуцагч Т.Б, С.Ц нарын хашаагаар дамжих бус, харин өөрийн өмчлөлийн газрын хойд талын зүүн хэсгээс гарц гаргах боломжтой учраас хариуцагч нарын хөрш залгаа газрын хилийн заагт хашаа татсан үйлдлийг нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэгдсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Иймд нэхэмжлэгч Ц.Х-гийн давж заалдах гомдлыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 130/ШЗ2024/02732 дугаартай шүүгчийн захирамжийн үйлчлэл буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00930 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч Ц.Х-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.К
ШҮҮГЧ Ж.О
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.Ө