| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00680/И |
| Дугаар | 212/МА2025/00009 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 212/МА2025/00009
Х.С-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ерөнхий шүүгч С.Ө, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Т нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/01010 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******************хаягтай, М овогт Х.Сн нэхэмжлэлтэй, хариуцагч *********************** Ш овогт Т.Б холбогдох,
“Тээврийн хэрэгслийн үнэ 8,900,000 төгрөг, гэрээг цуцалсантай холбоотой гарсан зардал 250,000 төгрөг, нийт 9,150,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “хөдөлгүүрийн үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч С.А, орчуулагч А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед хариуцагч Т.Баас “**** БӨН” улсын дугаартай “Тоёото Прадо-95” машиныг 8,900,000 төгрөгөөр худалдаж авсан.
1.2. Тухайн өдөр Бугын голд байдаг хадлангаа үзэхээр И.А гэх хүнтэй хамт явж Өлгий руу буцах замд уурхайн замын даваанд буюу худалдаж аваад 4-5 цагийн дараа машин эвдэрсэн. Уг машиныг хариуцагчийн гэрийн гадна чирч авчраад хариуцагч Х.Бад “машинаа буцааж аваарай” гэхэд “авахгүй” гэж цагдаа дуудсан. Цагдаа ирж, иргэдийн хоорондын асуудал тул бид шийдвэрлэхгүй, иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн.
1.3. Тухайн үед хариуцагчид ямар доголдлын улмаас эвдэрсэн эсэхийг хамт явж тогтоолгож, доголдлыг янзалж өгвөл тээврийн хэрэгслээ буцааж авахаар санал гаргахад хариуцагч зөвшөөрөөгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.4. Анх би хариуцагчийн машиныг 9,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байсан боловч авах үед хариуцагч Т.Б аккумлятор муу гэснээр 100,000 төгрөгийг хасаж 8,900,000 төгрөг өгсөн.
1.5. Одоо шүүхээс хариуцагч Т.Баас машины үнэ 8,900,000 төгрөг, бусад зардал болох шинжээч дүгнэлт гаргахын тулд засварын газарт машин чирч хүргэсэн 50,000 төгрөг, засварын газраас мотор задалсны хөлсөнд төлсөн 200,000 төгрөг, нийтдээ 9,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.1. 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ирж миний “**** БӨҮ” улсын дугаартай “Тоёото Прадо-95” машиныг сонирхсон. Харин 10-ны өдрөөс эхэлж хэд хоног үзэж явсаар 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өрхийн эмнэлгийн тэнд байдаг зуслан хүртэл унаж явж үзээд миний машиныг худалдаж авахаар тохиролцсон.
2.2. Тухайн үед миний машины ганц дутагдал аккумлятор байсан бөгөөд үүнээс болж бид тохиролцсон үнээс 100,000 төгрөг буулгаж, машинаа 8,900,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг нэхэмжлэгч Х.С нь Төрийн банкнаас шууд гаргаж өгсөн. Төрийн банкнаас гараад шууд аймгийн Авто тээврийн газарт машинаа шилжүүлж өгөхөөр очсон боловч улсын бүртгэгч өнөөдөр машины гэрчилгээ байхгүй байна, маргааш ирээд аваарай гэснээр бид явсан.
2.3. Тухайн үед би “**** БӨҮ” улсын дугаараа өгч чадахгүй, “**** БӨҮ” гэсэн улсын дугаар өгье гэж нэхэмжлэгчтэй тохирсон. Тухайн үед нэхэмжлэгч шууд даатгалын газарт очиж “**** БӨҮ” улсын дугаарт жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн. Гэхдээ би тухайн үед нэр дээрээ шилжүүлж аваагүй байж яаж жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн бэ гэж асуухад би нэгэнт авч байгаа учир асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд аймгийн Авто тээврийн газраас гараад машин худалдаж авсны мялаалга гээд нэг шил архи авч өгөөд явсан.
2.4. Тухайн үед А- гэх залуутай хамт явсан. Ингээд шөнө 22 цагийн үед над руу Х.С залгаж “машины мотор цохисон, буцааж аваарай” гэж хэлсэн. Тухайн үед би найран дээр байсан учир “та тэгвэл машиныг гэрт авч ирээрэй” гэж хэлээд гэртээ очсон. Гэрт иртэл Х.С архи уусан, хүний үг ойлгохооргүй согтуу байдалтай, машиныг аваад ирсэн байсан. Тэгж байтал миний унаж ирсэн Портер машиныг унаж зугтсан асуудал бий. Тухайн асуудал гарснаар би цагдаад дуудлага өгсөн. Хэрвээ тухайн үед цагдаагаас ном журмаараа шийдвэрлэсэн бол өнөөдөр бид шүүхэд ирэхгүй байсан. Энд цагдаагийн байгууллагын хариуцлагагүй байдал бас бий. Тухайн үед нэхэмжлэгч согтуу байсныг харсан хүмүүс байгаа. Машиныг чирч авчраад хашааны гадна үлдээсэн. Хашааны гадаа 1 сар 15 хоног байсан. Нэхэмжлэгчийн худалдаж авсан машиныг би олон жил унасан, нэхэмжлэгчид худалдахаас өмнө Ах-Су рашаанд асуудалгүй яваад ирсэн, ямар нэгэн доголдолгүй машин байсан. Иймд шүүхээс хүсэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.1.Нэхэмжлэгч надаас ямар нэгэн асуудалгүй машин аваад явсан. Надад асуудалгүй машин авчирч өгөх ёстой байтал мотор нь цохисон машин авчирч өгсөн. Өмнө нь тухайн машиныг удаан хугацаанд унахад моторт нь ямар нэгэн асуудалгүй байсан. Одоо шүүхээс нэхэмжлэгчээс моторын үнийг гаргуулахыг хүсэж байна. Нэхэмжлэгч машиныг шилжүүлж авахад моторын тос хэмжигчээр тос, тосолгоог нь шалгаж авсан.
3.2. Миний машины эвдэрсэн шалтгаан нь нэхэмжлэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой бөгөөд машины моторын тос дууссаныг мэдэхгүйгээр хэтэрхий хүчилснээр мотор цохисон /гацсан/. Түүнээс биш миний машины моторын 4 тахир гол зэрэг эвдрэх ёсгүй байсан. Эвдэрвэл нэг л тахир гол нь эвдрэх байсан.
3.3. Дахин хэлэхэд нэхэмжлэгч шал согтуу, учиргүй давхиснаас болж ийнхүү мотор нь цохисон гэж үзэж байгаа. Шинжээч бас энэ тухай хэлэх байх. Моторын үнийг асууж, шинжээчийн дүгнэлт хийлгэхэд 8,000,000 төгрөг гэсэн тул хариуцагчаас 8,000,000 төгрөг гаргуулж, түүний надад өгсөн мөнгөнөөс 900,000 төгрөгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин үлдсэн 8,000,000 төгрөгөөр моторыг нь янзална.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзал:
4.1. Машиныг авахад хариуцагчаас ямар нэгэн асуудалгүй гэж хэлснээр түүнд итгээд авсан. Тухайн үед мотор, хропын тосыг шалгаж аваагүй. Мөн А- гэх залуутай хамт явж байгаад машиныг авсан. А- хариуцагчийн сайн найз учир би эд нарт итгээд авсан.
4.2. Би Т.Баас асуухад зөвхөн аккумлятор муу гэж хэлсэн. Тэгээд аккумляторын үнийг хасаад авсан. Мөн машин авч байхад Т.Б би найрт явах гэж байгаа, бүх юмыг зассан байгаа гэж хэлсэнд итгээд авсан.
4.3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тэгээд ч машины үнэ 8,900,000 төгрөг байтал мотор нь 8,000,000 төгрөг гэдэг нь утгагүй хэрэг. Мөн машин дотор архи уусан гэдэг худлаа, машин дотор байсан архины шилний зураг дараад авсан байна. Тэр архины шил биднийх байгаагүй, архи уусан гэж гүтгэж байгаа. Хэрвээ би архи уусан бол тухайн үед ирсэн цагдаа нар намайг баривчлах байсан. Мөн жолоочийн хариуцлагын даатгалыг хариуцагч өөрийн таньдаг залуугаар хийлгүүлээд ирсэн. Түүнээс биш би жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй. Хариуцагчийн хэлж байгаа зүйлүүд нь бүгд худлаа.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/01010 дугаар шийдвэрээр:
5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Т.Баас автомашины үнэ болон бусад зардлын хамт нийт 9,150,000 /есөн сая нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож, хариуцагч Т.Бын нэхэмжлэгч Х.Сд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
5.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,100 төгрөг, хариуцагч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас улсын тэмдэгтийн хураамжид 161,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч Т.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Х.Сг хэдэн жилийн өмнөөс сайн таньдаг ба зах дээр хувиараа бизнес хийдэг над дээр Х.С нь өнгөрсөн зунаас хойш хэд хэдэн удаа ирж “Чиний “Прадо-95” машиныг би авах гэж санаархаад байна. Чи надад худалдаач” гэж хэлж байсан. Би түүнд “Миний ганц гамнаж унадаг машин болохоор худалдахгүй” гэж хэлсэн. Хамгийн сүүлд би уг “Прадо-95” загварын улсын ****БӨН дугаарын тээврийн хэрэгслийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Аймгийн авто тээврийн газарт аваачаад үзлэг хийдэг автын инженер Е.Жанатханд үзүүлж иж бүрэн үзлэг хяналтад оруулсан. Е.Жанатхан инженер нь “Прадо-95” загварын миний тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тосны шупыг сугалан гаргаж харж үзээд “мотор, тос сайн байна” гэж хэлж үзлэгт тэнцсэн гэж тэмдэг дарсан. Үзлэгээр миний энэ “Прадо-95” тээврийн хэрэгсэл орж гарсан үед Х.С ах дахиж үзээд “Чи машинаа зарчих” гэхээр нь “олон ч удаа хэллээ, бас би ч гэсэн өөр машин авъя” гэж бодоод Х.С ахад “10.000.000 төгрөгөөр авбал ав” гэж хэлсэн. Тэгээд Х.С ах байнга үзэж сонирхож байдаг байсан миний “Прадо-95” загварын ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны 14:00 цагийн үед хуучин онгоцны буудлын баруун талын хүн оршуулгын орчимд байдаг манай гэрт ирж миний хэлсэн 10.000.000 төгрөгөөр биш хоорондоо ярилцан үүнээ буулгаж 9.000.000 төгрөгөөр авахаар болж тохирсон. Тэгээд Х.С ах гадаа гарч миний “Прадо-95” тээврийн хэрэгслийг үзсэн.
Уг тээврийн хэрэгслийн моторын хөдөлгүүрийн тосны шупыг сугалж үзсэн, асааж, гэрэл дохио, гэрэлтүүлэг, дуу чимээ зэргийг үзээд уг тээврийн хэрэгслийг гэрийн ойр хавьд явж шалгаад надад “Чиний энэ аккумлятор хуучивтар байна үүнээс өөр согог, гэмтэл мөн засварлуулах, эд анги солиулах зүйл гэх зэрэг нь чиний энэ машинд алга. Чиний машин бүрэн бүтэн сайхан болоод миний санаанд тохирч нийцлээ. Тийм учраас аккумляторын 100.000 төгрөгийг хасаад чамд 8.900.000 төгрөг өгнө” гэж хэлсэн ба би зөвшөөрөөд Х.С нь 8.900.000 төгрөгийг миний дансанд шилжүүлээд бид хоёрын дунд наймаа дууссан. Уул нь Х.С нь хүнсний комбинатад 30 жил тээврийн хэрэгсэл барьж байгаад тэтгэвэрт гарсан “Микро автобус” хот дотор ажилдуулдаг мэргэшсэн жолооч хүн, жолоодож, засаж угсарч, задалж байсан мэргэшсэн тээврийн хэрэгслийн жолооч мэргэжилтэй билээ.
6.2. Х.С нь “Прадо-95”-г урьд өмнө үзэж шинжилж байсан, худалдаж авахдаа бүрэн бүтэн байдлыг дахин үзэж, нягталж авсан, улмаар доголдол, гэмтэл илэрч магадгүй гэж намайг хажуудаа суулгаад шинэ онгоцны буудлын харалдаа Ховд голын эрэгт байдаг оршуулгын газрын хажууд байдаг Т.Б миний хашаанаас Бугат сумын хажууд байдаг эсгий гэрийн унь зардаг хүний гэр хүртэл 11 км газрыг, тэндээс 6 км орчимд байрладаг Авто тээврийн удирдах төв, мөн тэндээс буцаад Т.Б миний гэрт очоод намайг буулгадаг ба энэ замын хоорондох зай хэмжээс нь 20 хэдэн км болж байгаа бөгөөд худалдан авагч Х.С нь уг авч буй тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл доголдолгүй гэдгийг мэргэшсэн жолоочийн хувьд мэдэрч мэдсэн.
6.3. Хэрэв тэр үед ямар нэг доголдол гэмтэл ажиглагдаж мэдрэгдсэн бол худалдан авагч Х.С нь Иргэний хуулийн 254.1-д зааснаар “худалдагчид доголдол, гэмтлийг зас гэж шаардах эсвэл худалдан авахаасаа татгалзах байсан” гэж бодож байна. Харин тус хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан зүйлчлэл нь “Худалдан авсан эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн биед урьд өмнө гэмтэл, доголдол учирсан байсан нь тодорхой харагдаж, мэдэгдэж байсан” байдлаар тайлбарлагдана. Тодруулбал, худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийг худалдагчид үзүүлж “өмнө нь бий болсон гэмтэл, доголдол байна гэж үзүүлж мөн засах арилгахыг, эсвэл гэрээг цуцлах, учирсан хохирлыг арилгах” гэсэн байдлаар шаардах эрхтэй. Гэтэл шүүх нь дээрх хуулийн 253.1, 256.1-ээр зүйлчилснийг хэрэглэснээс гадна уг зүйлчлэлийг буруу тайлбарласан.
6.4. Шинжээчийн шүүх хуралд гэрчээр өгсөн мэдүүлэгт “... хөдөлгүүрт их ачаалал ирж тос хөдөлгүүр халахад хөдөлгүүрийн холбосон жийргэвч хайлж задарснаас тэр хэсгүүдээр тос гоожоод гадагш урссан ба түүнээс болж хөдөлгүүрт тоос бага болсон байна гэж үзэж болно” гэсэн. Мөн “... тос болон /төмөр/ хөдөлгүүр хэт халснаас болж түлэгдсэн тос харлаж өнгөө алддаг”, “... тээврийн хэрэгсэлд тос бага байсан байх гэж үзэж байна. Тос багадсан тохиолдолд самбар дээр улаан гэрэл тосны банкны зураг гарч мэдэгдэнэ. Жолооч нь байнга бензин тос, ус бусад тог зэргийг хянаж үзсэний үндсэн дээр хөдөлгөөнд оролцох үүрэгтэй” зэрэг тайлбар хэлсэн байдаг.
6.5. “... Прадо-95” загварын уг тээврийн хэрэгслийн 4 поршин нь шатахууныг зуурч бат бөх барьсан байсан тухай шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд Х.С /эсвэл бусдад бариулсан/ нь ухаангүй согтуугаар тээврийн хэрэгслийг хүчээр жолоодон явуулж эвдсэн байдал нь шинжээчийн дүгнэлтээр ч тодорхой байна. Энэ тохиолдолд уг худалдагдсан эд бараа хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл нь худалдагч Б надаас худалдан авагч Х.Сд шилжих үед бүрэн бүтэн ямар нэгэн гэмтэл, согог, доголдолгүй байсан.
6.6. Х.С ах “Хоёулаа явж, Авто тээврийн газар очиж энэ машиныг миний нэр дээр буулгая, бичиг баримтаа ав” гэхээр нь би техникийн болон иргэний паспорт бусад холбогдох баримтыг авч, Х.С ахад би танд энэ машины **-** БӨА гэсэн дугаарыг өгөхгүй, та энэ дугаарыг авна гэвэл хэдэн сая төгрөг нэмж өгөх болно. Харин миний “Тоёото королло” загварын **** БӨҮ Улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг би өгье, та зөвшөөрөх үү” гэж хэлсэн ба Х.С ах “Тэр дугаарыг чинь авъя, **-** БӨА дугаараа өөрөө ав” гэж хэлээд бид тохироод “Прадо-95” тээврийн хэрэгслийг Х.С ах унаад манай гэрийн хашаанаас (онгоцны буудлын харалдаа Ховд голын эргийн оршуулгын газрын хажууд “Цагаан эрэг” гэдэг газраас) яваад Х.С ах Бугат сумын хажууд нэг айлд очсон. Гэрийн унины мод авдаг айл гэсэн. Манайхаас тэр хүртэл 11 орчим км байсан. Тэндээс Авто тээврийн төвд ажил тараагүй байхад очиход 16:30 цаг дөхөж байсан. Бид хоёр тэнд ажилладаг даатгалын хүмүүстэй уулзаж Х.С ах уг “Прадо-95” загварын машиныг надаас авсан тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр миний “Тоёото королло” тээврийн хэрэгслийн дугаараар бүртгүүлж даатгалын мөнгийг нь өгч даатгуулсан. Тэгээд тээврийн хэрэгслийг нэр дээрээ буулгаж бүртгүүлэх, үнэмлэх авах гэхэд үнэмлэх буюу техникийн паспорт дууссан маргааш ир” гэж байцаагч хэлсэн. Тэгээд маргааш нэр дээрээ буулгуулан бүртгүүлэхээр болж тохироод намайг буцааж гэрт минь хүргэж өгсөн ба замд намайг “машинтайгаа салах ёс хий” гээд ятгасаар нэг шил 500 граммын архи авхуулсан.
Тодруулбал миний “Прадо-95” тээврийн хэрэгслээр хот дотор 20 хэдэн км яваад хөдөө явна гэж хэлээд явсан. Тэр үед миний тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн гэрэл дохио бусад ажиллагаа нь сайхан ажиллаж байсан юм.
6.7. Маргааш нь шилжих шөнө 24:00 цагийн үед Х.С нь “Прадо-95” тээврийн хэрэгслийг өөр машинаар чирээд өөрөө шал согтуу байсан бөгөөд манай хашаанд авч ирээд танхайрч, миний гадаа байсан Портер ачааны тээврийн хэрэгслийн дотор нь орчхоод асааж зугтах үед дүү Б уг портерын кабинд зууралдан чирэгдэж байгаад гараа цонхоор шургуулж унтраасан. Бид цагдаа дуудахад цагдаа нь “Прадо-95” тээврийн хэрэгслийг чирч ирсэн байна. Жолоодох үед архи уусан байсныг тогтоох боломжгүй гэж шалгаагүй. “Прадо-95” тээврийн хэрэгсэл дотор олон архины шил уугаагүй бүтэн, тал архи байсан. Одоо ч байсаар байна.
6.8. Тэр үед Х.С нь архи ууж согтуугаар уг “Прадо-95” загварын машинаар хөдөө “Бугын гол Табалтай”-н ой модон доторх айл хэсэж талдаа 35 км явж байгаад буцахдаа уурхай явах замын давааны цаад талд уг тээврийн хэрэгсэл эвдэрч зогссон байна. Энэ тухай Бугат сумын Засаг даргаар ажиллаж байгаад гарсан Х болон түүний хажууд явсан 2 эмэгтэй хэлэхдээ “Нүүрсний даваагаар бид уруудаад Бугын гол-Табалтай” тийш /Х-ын/ тээврийн хэрэгслээр явж байтал Цагаан өнгийн Прадо машины дэргэд нэг хүн гар өргөж зогсоосон. Хажуудаа нэг хүн хоёулаа шал согтуу байсан ба Х.С нь бидний энэ машиныг чирч Өлгийд хүргэе, эсвэл намайг даваан дээр аваачаад утсаар яриул, би чирэх унаа авхуулъя” гэхээр нь Х.Сг даваан дээр аваачаад утсаар яриулаад буцаад авч ирээд машиных нь хажууд буулгаад явсан” гэж хэлж энэ тухай шүүхэд тодорхойлолт ч бичиж өгсөн. Шүүхэд Х.С нь согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгүүрт хэт их ачаалал би болгоод эвдсэн байх магадлалтай. Архи уусныг нь тогтоолгохын тулд эдгээр гэрчүүдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй. “Х.С нь манай хашаанд ирж согтуугаар танхайрсан шалгаж өгнө үү” гэсэн миний ээж Ч.С-ын өргөдлийн хариуг цагдаагаас 2024 оны 12 дугаар сарын 11-нд №32/7061 тоотоор өгснийг шүүхэд өгч “С нь цагдаагийн мөрдөгчид “Машин авч баярлаад архи уусан минь үнэн” гэж мэдүүлжээ. Шүүхийн журмаар авч өгнө үү?” гэхэд наад албан тоотыг авахгүй хүсэлтийг хангахгүй. Өөрсдөө ав” гэж нотлох баримтыг авч өгөөгүй.
6.9. Шинжээч томилуулахад Э.Ж нь “Моторт тос бага, байсан 1,2,3,4 дүгээр голууд зуурсан, мотор цохисон” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуралд шинжээчид олон асуулт тавихад дараах байдлаар хариулсныг хурлын видео бичлэг тод харуулна. Үүнд, шинжээч нь “Моторт буюу хөдөлгүүрт их ачаалал ирсэн. Хэт их ачааллаар халсан мотор нь моторын жийргэвчийг хайлуулж зад татаад моторын тосыг гадагшаа асгасан. Тосгүй мотор халаад поршин гол шатахуун нь зуурсан. Тос байхгүй болтлоо машины мотор халж явсан ба моторын /хөдөлгүүр/ жийргэвч задарч тос их халахад харлаж түлэгдээд гадагш асгардаг” гэсэн тайлбарыг хэлсэн байдаг.
Тодруулбал, “Прадо-95” загварын машинаар “Бугын гол Табалтай” гэдэг ой мод, дов сондуултай, бартаат замд явах үед согтуурсан жолооч нь /С/ хөдөлгүүрт хэт их ачаалал өгч халаасан ба хөдөлгүүрийн тос хэт халж ууршсан. Улмаар хөдөлгүүрт догол гэмтэл гарч болзошгүй үед хөдөлгүүрийг хөргөөхгүйгээр зүтгүүлж буцаж, Өлгий ирэх замд байгаа /уурхай явах/ хөтөл дээр хөдөлгүүрт улам их ачаалал өгснөөс хөдөлгүүрийн холбоос жийргэвч задарч хэт их буцлам халсан түлэгдэж харласан тос холбоосоор гадагч задарч асгаран тосгүй болсон хөдөлгүүр 4 голоороо зуурч гэмтсэн гэж үзэж байна. Зүй нь хөдөлгүүрт ачаалал өгөх үед хянах самбарт улаан гэрэл асаж тосны савны зураг гардаг. Согтуурсан жолооч нь түүнийг ч харах хэмжээний эрүүл яваагүй нь тодорхой. Шүүхэд Х.Стай хамт явсан гэх А- “тээврийн хэрэгслийг би жолоодсон юм аа” гэж мэдүүлсэн нь бодит үнэнд нийцэхгүй, Жолоодох эрхгүй эсвэл жолоодож байгаагүй, мэргэжлийн мэдлэггүй хүн ч гэсэн мотор хөдөлгүүрийг хайр найргүй халааж гэмтээж эвдэхийг шүүх анхаараагүй.
6.10. Насаараа тээврийн хэрэгсэл жолоодож одоо “Микро-автобус” ХХК-ыг ажиллуулж хот дотор тээвэр хийлгэдэг Х.С нь миний худалдахаас өмнөхөн автын үзлэгт оруулсан, бүрэн бүтэн ажиллагаатай, “Прадо-95” загварын тээврийн хэрэгслийг минь өөрийн жолооч мэргэжлээрээ маш сайн хянан үзэж харж, намайг хот дотор 20 хэдэн км газарт авч явж нягтлан шалгаж авсан. “Бүрэн бүтэн сайн машин байна” гагцхүү аккумлятор нь хуучивтар тул 100.000 төгрөг үнэлгээнээс хасна” гэж авчхаад архи ууж согтуурч биеэ болон тээврийн хэрэгслийг жолоодох чадваргүй болсон үедээ тээврийн хэрэгслийг хайр найргүй хүчлэн жолоодож эвдэн сүйтгэчхээд шүүхээр 8.900.000+161.350=9.513.500 төгрөг төлүүлэхээр болж намайг хохироолоо.
6.11. Бусдын эд хөрөнгийг ч гэсэн түр хэрэглэхээр аваад эвдэж сүйтгэж авч ирвэл төлөх ёстой тухай хүн төрөлхтөнд бичигдээгүй, харин хуульд бичигдсэн хуульчлагдсан хүнлэг зарчим байдаг. Гэтэл бүрэн бүтэн байсан тээврийн хэрэгслийг минь худалдаж авлаа гэж мөнгийг нь өгч наймаа тохирч эргэлт буцалтгүйгээр авч явчхаад, согтуудаа эвдчихээд чирч авч ирээд гэрийн гадаа хаяж “наадахаа ав, мөнгийг минь өг” гэж, хэлэх нь ёс зүй, хуульд нийцэхгүй байна.
6.12. Анхан шатны шүүх нь хэрэг маргааныг буруу шийдвэрлэсэн. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн талд зориуд ажилласан гэж бодож байна. Бидний хүсэлтийг хангаагүй, гаргаж өгсөн нотлох баримтыг, тайлбарыг үнэлээгүй, шийдвэр нь хууль зүйн үндэслэлүүдийг зөв тодорхойлоогүй бөгөөд хууль ёсны шударга болж чадаагүй. Шүүх нь Иргэний хуулийн 254.1, 256.1 дүгээр зүйлийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
6.13. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол уг доголдлыг арилгах эсвэл солих үүрэгтэй” гэж заасан. Тухайн үед Х.С нь худалдаж авч буй эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг үзэж шалгаж “ганцхан аккумлятораас бусад нь сайн байна. Миний санаанд нийцэж байна. Аккумляторын үнэ 100.000 төгрөгийг чамд төлөх ерөнхий үнээс хасаж би өөрөө шинийг худалдаж авна” гэж хэлж 9.000.000 төгрөгөөс хасаж 8.900.000 төгрөгийг эд хөрөнгө, барааны үнэ гэж төлсөн. Ингэснээр уг “Прадо-95” тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн доголдол арилсан байгаа.
Иргэний хуулийн 254.1-д заасан зүйлчлэлийг дараах байдлаар ойлгон тайлбарлаж байна. “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах эрхтэй” гэснийг “Х.С нь тээврийн хэрэгслийг худалдаж авахаар болж түүнд өөрөө үзлэг шалгалт хяналт хийх явцад уг эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн доголдол илэрвэл тэр доголдлыг худалдагчид /Т.Б надад/ арилгуулах, солиулах эсвэл уг төрлийн эд хөрөнгийн үнэ, солиулах үнийг нэмж авах мөн төлөх үнээс хасуулахыг шаардах эрхтэй байсан. Тэр шаардсаныг нь худалдагч /Б би/ биелүүлээгүй бол худалдан авахаас татгалзах байсан гэж ойлгож тайлбарлах нь зөв юм. Шүүх үнэлж дүгнээгүй. Учир нь Х.С нь уг тээврийн хэрэгслийг аваад хот дотор 20 хэдэн дараа нь “Бугат гол-Табалтай” орчимд талдаа 30 км хоёр талдаа 50 гаруй км нийт 70-аад км-ийн зам туулсан байх ба уг тээврийн хэрэгсэл уурхай явах замын Өлгийгөөс гарах давааны цаад талд өгсүүр газарт эвдэрсэн гэхэд тээврийн хэрэгслийг тэр хэсэгхэн 10 хэдэн км-ийн замд дэндүү хүчээр шахаж их ачаалал өгснөөс эвдсэн гэх дүгнэлтэд хүрч байна.
6.14. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдсан уг эд хөрөнгө болох “Прадо-95” тээврийн хэрэгсэл нь биет байдлын хувьд доголдолгүй байсан. Тус хуулийн 242.1, 242.2-д зааснаар худалдах, худалдан авагчид үзэж шалгуулж хүлээлгэн бүрэн бүтэн эд хөрөнгийг өгсөн ба авсан. Тус хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар “Худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заажээ. Х.С нь эд хөрөнгө болох уг тээврийн хэрэгсэл “Прадо-95”-ийг худалдаж аваад 70 гаруй км явсан байх ба авсан уг машинд хайр найргүй, хатуу ширүүн, харьцаж масло-тос-ус халах, холилдох хөдөлгүүрт 4 поршин шатун наалдах хүртэл явж тээврийн хэрэгслийг эвдсэн гэж үзэж байна.
6.15. Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/01010 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Нэхэмжлэгч Х.Сн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Би Т.Баас машиныг авсан нь үнэн. Уг машин нь хуучин эвдрэлттэй машин байсан юм байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь доголдолтой байсан гэдэг нь Авто тээврийн газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Архи уусан асуудал байхгүй. Хариуцагч худлаа ярьж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
8. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Тээврийн хэрэгслийн доголдолтой холбоотой шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Уг шинжээчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь одоо хүртэл Х.Бын үндсэн хөрөнгө нь байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х.Сн хариуцагч Т.Б холбогдуулан гаргасан “тээврийн хэрэгслийн үнэ 8,900,000 төгрөг, гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохирол 250,000 төгрөг, нийт 9,150,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Т.Бын нэхэмжлэгч Х.Сд холбогдуулан гаргасан “тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзэхэд шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
10. Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Т.Б холбогдуулан нийт 9,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2024.8.12-ны өдрийн 17 цагийн үед **** БӨҮ улсын дугаартай Land Cruiser Prado-95 загварын тээврийн хэрэгслийг 8,900,000 төгрөгөөр худалдан авч, Бугын голд байдаг хадлангаа үзээд буцаад Өлгий сум руу буцах замд /худалдаж авснаас 4-5 цагийн дараа/ машин эвдэрсэн тул машиныг чирүүлж, буцаагаад худалдагчийн гэрийн гадаа хүргэсэн. Тиймээс машиныг худалдан авсан үнэ 8,900,000 төгрөг, онош тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд засварын газарт машиныг чирүүлж хүргэсэн зардал 50,000 төгрөг, засварын газарт мотор задалсны хөлс 200,000 төгрөг, нийт 9,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж,
хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “2024.8.12-ны өдөр Х.С нь **** БӨҮ улсын дугаартай Land Cruiser Prado-95 загварын миний машиныг 20 гаруй км унаж, сайн шалгаж, харж үзээд худалдаж авсан. Тухайн үед миний машины ганц дутагдал аккумлятор муу байсан бөгөөд үүнээс болж бид тохиролцсон үнээс 100,000 төгрөг буулгаж, машинаа 8,900,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг Төрийн банкнаас шууд бэлэн гаргаж өгсөн. Шөнө 22 цагийн үед Х.С над руу залгаж “машины мотор цохисон /гацсан/, буцааж аваарай” гэж хэлсэн. Тухайн үед би найран дээр байсан учир “та тэгвэл машиныг гэрт авч ирээрэй” гэж хэлээд гэртээ яваад очсон. Машиныг чирч авчраад хашааны гадна үлдээсэн. Нэхэмжлэгч надаас ямар нэгэн асуудалгүй машин аваад явсан. Надад асуудалгүй машин авчраад өгөх ёстой байтал надад мотор нь гацсан машин авчраад өгсөн. Нэхэмжлэгч машиныг шалгаж авах үедээ хөдөлгүүрийн тосыг тос хэмжигчээр шалгаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс моторын үнийг гаргуулахыг хүсэж байна, моторын үнэ 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэж маргажээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...маргаан бүхий Land Cruiser Prado маркийн улсын **** БӨН дугаартай тээврийн хэрэгслийг хүлээж аваад 4-5 цагийн дараа эвдэрсэн байх бөгөөд эвдэрсэн шалтгаан нь хөдөлгүүр ажиллагаагүй гацсан байх ба уг гэмтэл нь хөдөлгүүрийн тос болон радиаторын хөргөлтийн антифриз нь тус тус зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин бага, тосны ашиглах хугацаа хэтэрч, тослог чанар алдагдан өтгөрч, тунадас үүссэн, мөн хөдөлгүүрийн тосыг удаан хугацаанд солиогүй ажиллуулснаас болж үүссэн хуучин гэмтэл болох нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №23 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шинжээч Е.Жанатханы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, маргаан бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь нэхэмжлэгчид шилжих үед доголдолтой байсан, худалдан авагч буюу нэхэмжлэгч Х.С маргаан бүхий автомашиныг шалгаж авсан хэдий ч эд хөрөнгийн доголдолтой гэх үндэслэлээр татгалзаж, энэ тухайгаа худалдагч талд мэдэгдэж тухайн тээврийн хэрэгслийг чирч гэрийн гадаа аваачсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй. Харин эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед ч, ашиглалтын явцад ч илрэх магадлалтай тул доголдолтой эд хөрөнгө худалдсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,
сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “хариуцагч буюу худалдагч нь доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулж давж заалдах гомдол гаргасан, харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, дүгнэлттэй холбогдуулж давж заалдах гомдол гаргаагүй тул энэ хүрээнд хэргийг хянаж үзлээ.
12. Хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд 2024.8.12-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр нэхэмжлэгч буюу худалдан авагч Х.С нь хариуцагч буюу худалдагч Т.Баас **** БӨҮ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн тээврийн хэрэгслийг 8,900,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, гэрээний дагуу худалдан авагч төлбөрийг төлж, тээврийн хэрэгслийг хүлээн авсан, худалдан авагч нь автомашиныг хүлээн авснаас хойш 4-5 цагийн дараа эвдэрч, тухайн эд хөрөнгөд биет байдлын доголдол буюу эвдрэл, гэмтэл илэрсэн үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгч нь худалдагч талыг худалдсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл худалдсан гэж, харин хариуцагч нь худалдан авагчийг уг эд хөрөнгийн эвдрэл гэмтэлд буруутай гэж тус тус маргасан бөгөөд худалдсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болсон байна.
13. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаантай үйл баримтад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээс дүгнэвэл, худалдан авагч Х.С нь хариуцагч Т.Бад холбогдуулж худалдаж авсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд шилжүүлсэн 8,900,000 төгрөг, мөн гэрээг цуцалсантай холбогдуулан өөрт учирсан хохиролд 250,000 төгрөг, нийт 9,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ.
14. Х.С, Т.Б нарын хооронд амаар байгуулагдсан Т.Бын өмчлөлийн **** БӨҮ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийн чанарын талаар тухайлан тохиролцоогүй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжтой тохиолдолд эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч Х.С нь 2024.8.12-ны өдөр тээврийн хэрэгслийг Т.Баас худалдаж авсан өдөрт нь, худалдаж авсан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тос болон хөргүүрийн шингэн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин бага, тосны ашиглах хугацаа хэтэрч, тослог чанар алдагдсан, өтгөрсөн, тунадас үүссэнээс хөдөлгүүр ажиллагаагүй болсон доголдлын улмаас тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон буюу **** БӨҮ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн тээврийн хэрэгсэл эд хөрөнгийн биет байдлын доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
15. Хариуцагч Т.Бын худалдсан эд хөрөнгийг, худалдсанаас 4-5 цагийн дараа биет байдлын доголдол илэрсний улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон учраас тухайн эд хөрөнгийн биет байдлын доголдлыг оношлуулах, мэргэжилтнээр тогтоолгох зорилгоор худалдан авагч нь түүнийг засварын газарт чирүүлж тээвэрлэн хүргэсэн, улмаар хөдөлгүүрийг мэргэжлийн хүнээр задлуулсан ажлын хөлсөнд нийт 250,000 төгрөг төлсөн талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн байна. Худалдаж авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээг нэг талын буюу худалдан авагчийн санаачилгаар цуцалж, гэрээний үнэ 8,900,000 төгрөгийг; мөн эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой, тухайн доголдлыг тодорхойлох, оношлуулах, улмаар доголдлыг арилгах боломжтой эсэхийг тогтоолгоход гарсан буюу худалдан авагчид учирсан хохиролд 250,000 төгрөг, нийт 9,150,000 төгрөгийг хариуцагч буюу худалдагчаас шаардсан нэхэмжлэгч Х.Сн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байх тул түүнийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
16. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтад худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах бөгөөд энэ талаар хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа, мөн давж заалдах гомдолдоо тус тус “худалдан авагч Х.С нь уг тээврийн хэрэгслийг худалдаж авах үед үзэж харж, 20 гаруй км унаж, мөн моторын тос болон бусад зүйлсийг сайтар шалгаж авсан” гэж, түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Т.Б нь **** БӨҮ улсын дугаартай Land Cruiser Prado-95 тээврийн хэрэгслийг 2024.6.20-ны өдөр, 2024.8.12-ны өдөр Х.Сд худалдахаас өмнө техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулах үед тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тосыг шалгуулсан ба хэвийн байсан гэж тайлбарлаж мэтгэлцжээ.
Т.Бын өмчлөлийн **** БӨҮ улсын дугаартай Land Cruiser Prado-95 тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон биет байдлын доголдол нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүр гацаж, ажиллагаагүй болсноор тогтоогдсон бөгөөд тухайн биет байдлын доголдлыг худалдан авагч хөрөнгийг хүлээж авах үедээ мэдээгүй, мэдэх боломжгүй юм. Учир нь тухайн эд хөрөнгийн биет байдлын уг доголдол үүсэх болсон гол шалтгаан нь хөдөлгүүрийн тос болон хөргүүрийн шингэн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин бага байснаас гадна тосны ашиглах хугацаа хэтэрч, тослог чанар алдагдан өтгөрч, хөдөлгүүрт тунадас үүссэнтэй шууд холбоотой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хөдөлгүүрийн тос болон хөргүүрийн шингэний хэмжээг худалдан авагч хөрөнгийг хүлээж авах үедээ шалгах боломжтой хэдий ч тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүр гацаж, ажиллагаагүй болсон гол шалтгаанууд болох хөдөлгүүрийн тосны ашиглах хугацаа хэтэрсэн, тослог чанар алдагдаж, өтгөрсөн, хөдөлгүүрт тосны тунадас үүссэн байдлыг хөдөлгүүрийн тосны түвшнийг хэмжигчээр /шуп гэх/ шалгаж тогтоох, мэдэх боломжгүй учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хязгаарлалт үйлчлэхгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
Хариуцагч Т.Б нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдахаас 2 сар гаруйн өмнө 2024.6.20-ны өдөр Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд техникийн үзлэг хийлгэсэн нь хожим тухайн тээврийн хэрэгсэлд үүсэх хөдөлгүүр гацаж, ажиллагаагүй болсонтой холбоотой биет байдлын доголдол хийгээд түүнд хүргэсэн нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй учраас энэ талаар гаргасан хариуцагчийн хариу тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
17. Хариуцагч Т.Баас нэхэмжлэгчид худалдсан тээврийн хэрэгсэлд гарсан биет байдлын доголдлыг худалдан авагч Х.Сн шууд буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж, нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан өдөр согтуугаар жолоодож, “тухайн автомашиныг хэт хүчилж, хайр найргүй, хатуу ширүүн харьцаж” тээврийг хэрэгслийг эвдсэний улмаас хөдөлгүүр гацсан гэж давж заалдах гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа дээрх үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба хэрэгт цугларсан нотлох баримтаар худалдан авагч Х.С нь хариуцагч Т.Баас худалдаж авсан **** БӨҮ улсын дугаартай Land Cruiser Prado-95 тээврийн хэрэгслийг 2024.8.12-ны өдөр согтуугаар жолоодож, тухайн тээврийн хэрэгсэл стандарт бус жолоодлогын улмаас эвдэрсэн гэх нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй учраас хариуцагч болон түүний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.
18. Харин хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн үзлэгийн инженер Е.Жанатханы 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай “...тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллагаагүй гацсан байдалтай байна. Тоуоta Landcruiser Рrаdo J90 маркийн **** БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг задалж үзэхэд 3,5л орчим хөдөлгүүрийн /7,0л тостой байх ёстой/ тос гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин бага ба уг тосны ашиглах хугацаа хэтэрч тослог чанар алдагдан өтгөрч, тунадас, үүссэн нь хөдөлгүүр эвдэрч гэмтэхэд шууд нөлөөлсөн байна. Радиаторын хөргөлтийн шингэнийг юүлж үзэхэд 4л орчим антифриз /8л байх ёстой/ гарсан шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна. Шинжилгээний объект болох тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт илэрсэн эвдрэл гэмтлийг засахын тулд хөдөлгүүрийн доод ангийг бүхэлд нь солих, аль эсвэл хөдөлгүүрийг солих шаардлагатай байна. Тоуоta Landcruiser Рrаdo J90 маркийн **** БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт үүссэн гэмтэл нь хөдөлгүүрийн тосыг удаан хугацаанд солиогүй ажиллуулснаас болж үүссэн” гэсэн шинжээчийн дүгнэлт,
түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон тус шинжээчийн “...Хөдөлгүүр тосгүй явснаас болж тахир гол гацаж, таг зогссон байна. Шалтгаан нь хөдөлгүүрийг хэт халааснаас болсон. Учир нь радиатораас гарсан шингэн нь байх ёстой хэмжээнээс 2 дахин бага байсан. Мөн 7 литр тостой байх ёстой байтал 3,5 литрийн тос гарсан. Тухайн үед бага хэмжээтэй тостой явснаас буюу тос нь хүрэлцэхгүйн улмаас хөдөлгүүр нь эвдэрсэн байна. Жийргүүд нь сэтрээд гадна талд тос хаясан, их бохирдолтой байсан. Хөдөлгүүрийн тосыг 5000 километр яваад солих ёстой. Гэтэл тухайн машины мотороос гарч ирсэн тос нь их бохирдолтой, тослог чанар алдагдсан, тунадастай, солигдоогүй их удсан, хугацаа хэтэрсэн тос байсан. Одоо хүртэл уг тос нь манай байгууллагын агуулахад байгаа. Хөргөх шингэн мөн адилхан зөвшөөрөгдсөн хэмжээнээс доогуур, агаарт ууршсан байна...” гэсэн мэдүүлэг,
мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед шүүгчээс “хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Хотгор явах замд байдаг даваанд автомашиныг хэт хүчилснээс болж мотор цохисон. Моторын тос багассаныг жолооч согтуу байсан учир мэдээгүйн улмаас мотор цохисон гэж тайлбарлаж байгаа. Моторын тос нь хэдэн цагийн хугацаанд багасах, мөн Хотгорын замд байдаг даваанд хүчилснээр цохиж болох уу” гэсэн тодруулгад шинжээчээс “Боломжгүй. Хэт хүчилснээс болж моторын тос харлаж, бохирдол үүсэж тунадас үүсэхгүй. Хөдөлгүүрийн тос болон радиаторын хөргөлтийн антифриз нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин бага байсан. Моторын тосны ашиглах хугацаа хэтэрч, тослог чанар алдагдан өтгөрч, тунадас үүссэн, мөн хөдөлгүүрийн тосыг удаан хугацаанд солиогүй ажиллуулснаас болж үүссэн хуучин гэмтэл байсан...” гэсэн хариулт бүхий мэдүүлэг зэргээс дүгнэвэл, тухайн тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтэл буюу биет байдлын доголдол нь худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, харин хөдөлгүүр гацаж, ажиллагаагүй болоход хөдөлгүүрийн тосны ашиглах хугацаа хэтэрч тослог чанар алдагдан өтгөрч, тунадас үүссэн байдал шууд нөлөөлсөн нь тогтоогдсон байна. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, 254.7 дахь хэсэгт эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж тус тус хуульчилжээ.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч худалдаж авсан эд хөрөнгөө 2024.08.12-ны өдөр хүлээн авч, доголдлыг мөн өдөр буюу боломжит богино хугацаанд, даруй илрүүлж, худалдагчид мэдэгдсэн байх тул худалдан авагчийг дээрх хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
20. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч гэрээг цуцалсантай холбогдуулан өөрт учирсан 250,000 төгрөгийн хохирлыг автомашины үнэд төлсөн 8,900,000 төгрөгтэй хамт, нийт 4,150,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
21. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж, Иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэж, шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
22. Хуульд зааснаар хариуцагч Т.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/01010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.К
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.Т
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.Ө