Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2025/00010

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ө даргалж, шүүгч Д.К, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Т нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00894  дүгээр шийдвэртэй, *****************нэхэмжлэгч Б овогт Д.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч  ******************* /РД:....../ “ХХ” ХХК, Ш овогт К. А нарт холбогдох, 

 

“Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны үнэ 350,000,000 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 123,949,237 төгрөг тус тус гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар П.Ж, нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч Б.Т/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1.Миний бие хариуцагч К.А болон түүний 100% эзэмшдэг “ХХ” ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний 1.1-д заасан Д.С миний бие “ХХ” ХХК-ийн 10 гаруй жил авч чадаагүй барагшун  худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг авч өгөх үүргийнхээ дагуу холбогдох бичиг баримтуудыг хууль журмын дагуу бүрдүүлэн,  холбогдох эрх бүхий байгууллагуудад хандан, улмаар төрийн захиргааны байгууллагаас тавьсан шаардлагуудыг тухай бүрд нь биелүүлэн, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажлуудыг гардан гүйцэтгэсэн юм. Энэ бол нэг удаагийн ажил бус олон удаа захиргааны байгууллагад очиж, холбогдох заавар зөвлөгөө журам дүрмийг судлан, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзах, бүрдүүлэх материалуудыг хугацаанд бүрдүүлэн өгөх, дутуу материалаа нэмж бүрдүүлэн өгөх, тодруулах, хариугаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээг авч ажилласны үр дүнд хүссэн зөвшөөрлийг авч өгч өөрийн үүргээ биелүүлсэн. Хариуцагч “ХХ” ХХК-ийн захирал К.А нь миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, баярлаж талархсанаа илэрхийлэн, тус компани ашиг олоход нь  том гавьяа байгуулсан гээд намайг шагнан урамшуулан, мөн тус компанийн хувьцаа эзэмшигч болгосон. Энэ үйл баримтын талаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгасан.

1.2.Улмаар “ХХ” ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.7-д “Компани нь Б тал болох С-д гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байгаа тул Хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэ 350,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна.

1.3. 2020 оны 11 дугаар сараас хойш хариуцагч нь Ковид гарсныг шалтгаалан борлуулалт хийгээгүй гэж гэрээний дээрх үүргээ биелүүлээгүй явсан бөгөөд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал К.А тул худалдан борлуулалт хийсэн банкны дансны гүйлгээг шалгах боломжгүй байсан. 2023 онд К.А нь борлуулалт хийсэн гэж миний дансанд бага хэмжээгээр төлбөр төлж байсан. Голомт банк дахь “ХХ” ХХК-ийн ************ тоот дансны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн арилжаа хийв гэсэн утга бүхий 46765600 төгрөг, 36700000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ нь гэхэд гэрээний 2.7-д зааснаар гадаад улс руу борлуулалт хийсэн гэдгийг нотолж байна. Миний бие анх гадаад борлуулалт хийсэн болохыг сонссон тул түүнээс байр авч өгөхийг шаардсан боловч шалтаг, шалтгаан хэлсээр үүргээ биелүүлээгүй болно. Бусад банкны дансны мэдээлэл хуулгыг авах боломжгүй тул бусад дансаар өндөр дүнтэй гүйлгээ хийсэн байх боломжтой байсан.

1.4.Мөн “ХХ” ХХК-ийн дүрмийн 5.2-т “Компанийн хувь эзэмшигч Д.С нь борлуулалтын орлогын 15 хувийг эзэмшиж болно” гэж, 8.9-д “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч Д.С-д түүний тус компанид оруулсан хувь нэмрийг үнэлж гурван жилийн хугацаанд борлуулалт бүрээс борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувийг шилжүүлнэ” гэж тус тус заасан боловч хариуцагч “ХХ” ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй.

Гаалийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2/458 тоот албан бичгээр “ХХ” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 23-аас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 398тн барагшуныг нийт 254,430.8 $ доллар-аар экспортод гаргасан байна. Энэ нь Монгол банкны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ханшаар 866,328,253 төгрөг болж байгаа бөгөөд дээрх компанийн дүрэмд заасны дагуу өөрт ноогдох 129,949,237 төгрөгийг нэхэмжилж байна.

1.5.Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны үнэ 350,000,000 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөг тус тус хариуцагч “ХХ” ХХК болон хариуцагч К.А нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч “ХХ” ХХК болон хариуцагч К.А-ийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Миний бие тус “ХХ” ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулж хөл дээр нь босгож бүх хэрэгтэй зүйлүүдийг нь бүрдүүлж албан ёсны болгож 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж 0000******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Улсын бүртгэлийн дугаар нь ************** байна. Тус компани нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж 01 дүгээр шийдвэрээр компанийнхаа дүрмийг баталсан юм. Компанийн дүрмээр хөрөнгийн хэмжээ 1000000 төгрөг ба гишүүдийн тоо нэг бөгөөд би өөрөө юм. Энэ гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин шинээр өөрчилж авсан ба гэрчилгээний арын хуудсанд: Компанийн зүгээс миний хүү болох А.Б..... Хаан банк дахь ***********, **********, ********** дугаарын данснуудаар харилцаж байгаа. Нэмэлт өөрчлөлтөд: К....Аийг захирлаар томилж бүртгүүлсэн. Эцсийн өмчлөгч 1 хүн иргэн гэж бүртгэгдсэн. Хувьцаа эзэмшигчдийн тоо 2 болж өөрчлөгдөж бүртгэгдсэн ба ажилтнууд миний хүү, эхнэр нар юм.

“ХХ” ХХК нь олон жил буюу 17 жил гаруй Монгол Улсын зарим газраас “Мумия” буюу “Барагшуны баас” гэх байгалиас олдох нэг төрлийн түүхий эдийг зөвшөөрлөөр цуглуулах ажлыг хийж ирсэн бөгөөд энэ түүхий эдийг анхны үйлдвэрлэл явуулж, уух түрхэх зэрэг эмийн зориулалтын бараа бүтээгдэхүүн гарган авч, чанар савлагааны үзлэг шалгалтад  оруулж заримаас нь үзэсгэлэн худалдаанд гаргаж байсан юм. Мөн 2007 оноос эхлэн энэ “ХХ” ХХК буюу жижиг дунд үйлдвэрлэлийг би хариуцаж ажиллуулж байгаа. Цаашид өргөжүүлэх, гадаад оронд бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах гэж хичээж байсан.

2.2.Миний бие 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр байх Улаанбаатар хотод очихдоо нэг хүн Д.С-г надтай танилцуулсан юм. Д.С-тай уулзахад тэр өөрийгөө зөнч, илбэч, хувилгаан, бариач эмч, бүтэхгүй байгаа зүйлийг бүтээж өгнө гэж улмаар миний шуунаас барьж судсыг үзээд “чиний бизнест том саад байна. Би аргалж өгнө” гэхэд түүнээс нуулгүй би “Барагшуны асуудлаар барьцтай байна” гэсэн. Тэр “би баттай янзалж өгнө” миний хий гэснийг хий гэсэн юмыг хийж, хэлсэн болгоныг биелүүлнэ гэж амлаарай” гэж шаардлага тавьсан. Би мэргэ төлөг шашны зан үйлд маш их итгэдэг хүн болохоор итгэл хүлээлгэсэн юм. Иймээс миний бие “ХХ” ХХК-ийн захирлын хувьд Д.С-г тус компанид “менежер” “барагшун ялгагч”-аар  ажилд авч ажиллуулахаар, авсан тушаалд Д-гийн хийх ажлыг тодорхой заасан. Мөн тушаалаас өөр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Үүнээс үзэхэд ажил олгогч нь ажилтныг уг тушаалаар дээр дурдсан албан тушаалд авч ажиллуулж хөдөлмөрийн гэрээ хийсэн байдаг.

2.3.Нэхэмжлэгч Д.С нь 2020 оны 10 дугаар сарын дундуур байх миний бүх бичиг баримтууд, компанийн гэрчилгээ, барагшуны бэлэн бүтээгдэхүүн зэргийг авч яваад “ХХ” компанийн бэлдсэн барагшуны бүтээгдэхүүнийг Орос улсад сурталчлах, зарим туршлага судлах, бүтээгдэхүүн солилцох, борлуулах боломжийг хайх зэрэг зөвшөөрөл авахаар боллоо. Иймд би танай компанийн хувьцаа эзэмшигч болох ёстой юм байна. Мөн “ХХ” ХХК-ийн шинэчилсэн дүрэм гарахаар боллоо, би тэр дүрмийн төслийг төлөвлөн бичиж авч ирсэн. Эхлээд дүрмийг бичиж батална. Тэр дүрмээр компанийн үүсгэн байгуулагч нь К.А чи, нөгөө нь би байх болно, чи бид хоёр “ХХ” ХХК эзэн хамтран эзэмшигч болсон тохиолдолд бүх юм сайхнаар болох юм. Түүнээс гадна би энэ бэлдэж бичсэн бичиг баримтаар яам, газар холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг элдэв байдлаар хууран мэхэлж байж өөртөө итгүүлээд зөвшөөрөл авахаар болсон тул миний бичсэнийг болон хэлснийг чи зөвшөөрөх ёстой. Гэхдээ би чамд наалдахгүй ажил дуусгахад яваад өгөх бөгөөд хоёулаа хөдөлмөрийн гэрээ байгуулна. Түүнд ажиллах хугацаа 3 жилээр менежер гэх албан тушаалд ажиллахаар тусгана. Би 2023 оны 7 дугаар сарын 01-нд дуусгаад явах болно. Бүх бичиг баримтыг чинь янзлах болно” гэж хэлж сард 450,000 төгрөгийн цалин авч байхаар тохирч ажилд орсон ба орсон тушаалын нэг хувийн авсан юм.

2.4.Хөдөлмөрийн гэрээнд Д.Сг компанийн нэг гишүүн орлогын 15 хувийн ашгийг авч 350,000,000 төгрөгийн байр түүний мөнгийг өгнө гэж тусгаагүй болно. Тэгэхлээр Д.С нь ажил олгогчийн ажилд авсан жирийн ажилтны статус буюу албан тушаалтан, ажилтан нь байжээ. Жирийн ажилтан Д.С нь “ХХ” ХХК-аас жирийн ажилтан байсны хувьд орлогын 15 хувийн ашгийг авах, мөн 350,000,000 төгрөгийн байрны үнэ нэхэмжлэх эрхгүй болно. Д.С нь ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг мөн хөдөлмөрийн гэрээг гаргаж авсан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа нь тушаал, хөдөлмөрийн гэрээ ба ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэх талаар ямар ч гомдол гаргаагүй байна.

2.5.Иймд Д.С нь ажилд орсон, гарсан тушаалуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Д.С нь ажил олгогчийн гэнэн томоотой, хүнд итгэдэг гүндүүгүй зан, тухайн онуудад бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэж байсныг, монгол хэлээр сайн ярьж чаддаггүй,  бичих чадвараар тааруу зэрэг байдлуудыг нь ашиглан “ХХ” ХХК-ийн олсон орлогын 15 хувийн ашгийг авах тухай гэрээ гэгчийг бас луйвар аргаар бичиж гарын үсэг зуруулж тэмдэг даруулсан гэж үзэж байна. Ингэхдээ урьдчилан бичиж бэлдсэн байгаа бөгөөд Улсын бүртгэлийн газарт компанийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах нэрийн доор бичиг баримт янзлах явцад энэ бичсэн баримтад тэмдэг даруулж гарын үсэг зуруулаад үүнийгээ баталгаатай болгох зорилгоор Улсын бүртгэлд өгсөн баримт материалтай хамт өгсөн гэж үзэж байна.

2.6.Миний бие бичиг цаасны хувьд чадварлаг биш болохоор тэр гэрээ дүрэм гэх бичиг баримтыг Д.С өөрөө боловсруулж надаар гарын үсэг зуруулж улсын бүртгэлд бүртгүүлж янзалж явснаас гадна компани маань зарим ажилд тусалж байсан нь үнэн. Иймээс миний бие Д.Сд итгэж дээрх бичиг цаасны бүрдэлтийн ажлыг даалгасан байсан билээ. Миний бие монгол хэлээр бага сага ярьдаг ч гэсэн сайн бичиж чаддаггүй хаяа архи уучихдаг байдлыг минь далимдуулан Д.С нь намайг ийм байдалд хүргэн хохирохоор дараах баримт материал бүрдүүлсэн байна. Үүнд:

а) “ХХ” ХХК-ийн эзэн захирал миний бие тус компанийн хөдөлмөрийн гэрээ хийж сард 450,000 төгрөгийн цалин өгч ажиллуулж байсан энгийн нэгэн ажилтанд зүгээр байхад нь “Улаанбаатар хотын А бүсээс 3 өрөө байр авч өгнө эсвэл 350,000,000 төгрөг үнийг нь өгнө” мөн “ХХ” ХХК-ийн олсон ашиг орлогын 15 хувийг эзэмшүүлнэ” гэж мөнгө орлогоос өгөх учиргүй, ямар ч үндэслэлгүй юм.

б) Д.С нь надад огт хамаагүй нэгэн бие хүн бөгөөд компанийн энгийн ажилтан. Тэр миний дотнын хүн ч байх боломжгүй, 68 настай эмгэн хүн билээ. Дотно харьцаа үүсгэх үндэслэл ч байхгүй.

в) Түүнээс гадна Д.С нь хувь хүн надад ямар нэгэн үнэт зүйл, мөнгө бусад хөрөнгө өгөөгүй бөгөөд мөн “ХХ” ХХК-нд хөрөнгө оруулалт, мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлээгүй, орлого оруулаагүй аль нэг хуулийн этгээдээс ашигтай байдлаар тус компанид зуучилсан үүрэг гүйцэтгээгүй юм.

г) Д.С нь ямар том гавьяаг “ХХ” ХХК-д байгуулж өгсөн гэж дээрх олон зуун сая төгрөгийг, компанийн 15 хувь ашиг орлогыг авах эрхтэй юм. Би Д.С байтугай өөрийн эхнэр хүүхдүүдэд тэгж “ХХ” ХХК-ийн орлого, хөрөнгийг тараах эрхгүй билээ.

2.7.Нэгэнт компаниас цалин авч байсан ажилтан болохоор Д.Сд компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг идэвх, зүтгэл гаргаж ажиллаж биелүүлэх үүрэгтэй юм. “ХХ” ХХК-ийн гэрчилгээг засаж шинэ болгож байна гэсэн бөгөөд энэ нэрийдлээр Д.С нь өөрийгөө “ХХ” ХХК-ийн нэг эрх бүхий гишүүн болгож улмаар хувьцаа эзэмшигч гэж бичиж бүх бичиг цаасыг эмхэлж улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байна. “ХХ” ХХК-ийн гэрчилгээг шинэчилж нэр, гар утасны дугаарууд эхнэрийн болон хүүхдүүдийн (С, Б) банкны данснууд шинээр нэмж бичих шаардлагатай болоод түүнийг нь засаж нэмж бичих ёстой байсан. Би анх бичсэн ноорогтой нь танилцахад бүх нэр, хаяг, утас дансны дугаар бусад байдал нь зөв байсан. Тэгээд би энэ байдлаар нь бичээд улсын бүртгэлд танилцуулъя гэж компьютерт шивэх, материалыг эмхлэн янзлахыг Д.С менежерт үүрэг болгосон.

2.8.Миний бие аймгийн Улсын бүртгэлийн газарт Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчилсэн, дүрэмд өөрчлөлт оруулсан баримт бичиг, материалыг аваачиж бүртгүүлэхэд менежер Д.С нь монгол хэл мэддэг, бичдэг, овсгоо самбаатай, хөнгөн шуурхай ажилтны хувьд гял цал гарын үсэг зуруулж бичиг баримтуудыг авч гүйгээд Улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Д.С нь “ХХ” ХХК-ийн Улсын бүртгэлийн шинэ гэрчилгээг авах үед болон компанийн дүрэмд өөрчлөлт оруулах баримтуудыг анх надад төслийн эх хувийг танилцуулахад тэдгээр гэрчилгээ, дүрэм дотор ямар ч “С” гэсэн нэр байхгүй байсан юм. Баахан бичиг баримтад гарын үсэг зуруулж тэмдэг даруулах үед Д.С нь өөрийн хорон санаа, заль мэхээ гүйцэлдүүлж Улсын бүртгэлд бүртгүүлэх, өгөх материалыг 2 хэлбэр янзаар бэлдсэн байна гэж үзэж байна. Ингэхдээ нэг хэлбэр хувилбар нь, миний хянасан зөв бичигдсэн байсан компанийн гэрчилгээ, шинэчлэх дүрэмд өөрчлөлт оруулах хувь байсан бөгөөд нөгөө нэг хэлбэр хувилбар нь, Д.С өөрөө найруулан бичиж янзалсан “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгон бичсэн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчлөх, мөн тус “ХХ” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтөд Д.С өөрийгөө дархан эрхтэйгээр “ХХ” ХХК-ийн үйл ажиллагааг удирдан хөрөнгийг захирах,  ашиг шим хувь орлогын 15 хувийг авах, мөн Улаанбаатар хотын “А” бүсээс 3 өрөө орон сууц эсвэл түүний үнэ 350,000,000 төгрөгийг авах зэргээр бичсэн энэ хувилбар хэлбэрийг нь бэлдээд Улсын бүртгэлд өгөх баримт гэж итгүүлэн надаар урьд нь танилцуулсан гэж итгүүлэн бүгдэд нь гарын үсэг зуруулж авч Улсын бүртгэлийн газарт бичиг баримтуудыг өгөхдөө компанийн албан ёсны жинхэнэ хянагдсан баримтуудыг авч үлдээд өөртөө ашигтай болгон бичиж бэлдсэн хувилбар хэлбэрийг өгсөн гэж үзэж байна.

2.9.Миний бие Монгол Улсын хууль тогтоомжууд, тушаал журам, дүрэм, бусад эрх зүйн актуудыг үндэслэж тэдгээрт зааснаар “ХХ” ХХК-ийн нэрийн өмнөөс зохих хууль журмын дагуу баримт материалаа бүрдүүлэн холбогдох яам, газар, агентлаг, байгууллагуудад гаргаж өгч байгаад дараах зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг гаргуулж авсан. Үүнд: Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 06-нд “L20201106 supp02275” бүртгэлийн дугаартай “ХХ” ХХК нь “Цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшун” гаргах эрх авсан юм. Энэ эрхийг хэрэгжүүлэх “Биологийн идэвх бүтэгдэхүүний бүртгэлийн 000********дугаарын гэрчилгээг тус яамны хүний эмийн зөвлөлийн дарга Я.Амаржаргал гэдэг хүн олгосон юм. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн ҮХ-20/23/3927 буюу 000***** дугаартай гэрчилгээг “ХХ” ХХК-нд  2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олгосон. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар нь №0***********, РД:******* юм. Үйл ажиллагааны чиглэл нь “Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох” зорилготой юм. Энэ гэрчилгээг тусгай зөвшөөрлийн комиссын дарга Я.А..... гэдэг хүн олгосон юм.

Эдгээр 2 зөвшөөрлийн гэрчилгээг үндэслэн “Барагшун цэвэршүүлж, өтгөрүүлсэн бүтээгдэхүүнийг улсын хилээр албан ёсоор гаргаж байсан. Д.С нь дээрх 2 эрхийн гэрчилгээг өөрөө гаргаж өгсөн гэж маргаад байгаа нь луйвардсан үйлдэл юм. Эдгээр зөвшөөрлийг холбогдох захиргааны байгууллага нь хяналт тавьж байгаад зохих журмын дагуу олгосон байгаа юм.

2.10.“ХХ” ХХК-ний буюу захирал К.А миний бие зохих холбогдох хууль тогтоомж эрх зүйн акт, тушаал журам дүрмийг баримтлан олон баримт материал бүрдүүлж байж хуульд нийцүүлэн авсан юм. Энэ ажилд “ХХ” ХХК-ийн менежер ажилтай байсан Д.С нь миний өгсөн үүрэг даалгаврын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг зарим ажилд үүрэг биелүүлж ажилласан нь үнэн бөгөөд ингэж үүрэг гүйцэтгэж ажилласан гэж түүнд 350,000,000 төгрөгийн шинэ байр өгөх, “ХХ” ХХК-ийн орлогын 15 хувийн ашиг өгөх нь ухамсартай ямар ч хүний оюун ухаанд багтахгүй юм. Хөдөлмөрийн гэрээнд харин ч компанийн ажилтнаас гүйцэтгэх үүрэгт ажил, мөн эрх нь авах цалин хөлс урамшуулал шагнал зэргийг заавал тусгасан байдаг. Д.С нь харин ч онцгой гавьяа үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд тус “ХХ” ХХК-аас дээрх мөнгө урамшууллыг авсан бол хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх байсан. “ХХ” ХХК нь Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу л үүргээ биелүүлнэ. Д.Сгийн зүгээс намайг хууран мэхэлж, луйвардан байж бичсэн “компанийн дүрэм” гэгчийг нь хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй.

2.11.Нэхэмжлэгч Д.С нь “компанийн дүрэмд бичигдсэн мөн компанийн бүрэн эрхтэй нэг гишүүний хувьд 350,000,000 төгрөгийг авах, компанийн ашгийн 15 хувийг эзэмших эрхтэй” гэдэг нь Иргэний хуулийн 8.16-д үндэслэлгүйгээр эд юмс авах эзэмших эрхгүй юм. 4.4-д заасан “болзол тавьж хийсэн хэлцэлд тооцохгүй, нийцэхгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш, илтэд биелэгдэх боломжгүй болохоор энэ болзол тавьсан хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 51.1-д “зөвшөөрлийг хүчингүй болгож болдог талаар заасан. Компанийн захирал зөвшөөрсөн гэж Д.С нь маргаад байвал би “Д.С нь ямар нэгэн  үр дагавар би болгоогүй” гэж үзэж урьдчилан олгосон зөвшөөрлөө хүчингүй болгох эрхтэй юм байна. Миний бие Д.Сд ямар ч болзол тавиагүй, мөн 350,000,000 төгрөг өгөх, компанийн ашгийг хүртээхээр амлаагүй, зөвшөөрөл олгоогүй. Хэрэв Д.С маргаад байвал би олгосон гэх зөвшөөрлийг хүчингүй болгож байна” гэдгийг хуульд заасан үндэслэлээр мэдэгдэж байна. Иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, энэ зүйлчлэлд олон заалт байгааг шүүх анхаарна уу. Тухайлбал: “...монгол хэл, бичгийг мэддэг гэх, бусад ажил хийх чадалтай гэж итгүүлж, төөрөгдүүлсэн”, Иргэний хуулийн 58.6-д зааснаар Д.С нь шүүхэд “болзол тавьж хэлцэл байгуулсан” гэж нэхэмжлэл өгсөн үед би төөрөгдсөн болохоо мэдсэн. Тайлбартаа зөвшөөрөхгүй тухай бичсэн. Иргэний хуулийн 58.7-д зааснаар хайхрамжгүйгээр ч төөрөгдсөн гэж үзэх үндэслэлийн талаар дээр тодорхой бичсэн. Иргэний хуулийн 59 дугаар зүйлд хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үндэслэлтэй ба хүчин төгөлдөр бус гэж шаардах эрхтэй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар 2007 онд байгуулсан “ХХ” компанийн шударга эзэмшигч нь К.А би өөрөө мөн бөгөөд Д.С нь уг компанийг хамтран эзэмшигч болох ямар ч үндэслэлгүй ба намайг мэхэлсэн нь тодорхой байна. Иргэний хуулийн 93.1-д зааснаар К.А нь “ХХ” ХХК-ийн хууль ёсны эзэмшигч болохоор хэн нэгэн этгээд, хүн нь эд хөрөнгийг авахаар шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 195, 207 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах тухай заалтаар би Д.Стай зөвхөн “Хөдөлмөрийн гэрээ” л байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу л үүрэг хүлээнэ гэж үзэж байна. Харин компанийн дүрэм гэгч нь гэрээ биш бөгөөд хууль бус баримт юм.

Иймд Д.Сгийн ХХ ХХК-аас болон К.Аээс Улаанбаатар хотын “А” бүсэд байрлалтай орон сууцны үнэ 350,000,000 төгрөг гаргуулах болон “ХХ” ХХК-ийн олсон орлогын 15 хувийг авах, эзэмших гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00894 дүгээр шийдвэрээр:

3.1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “ХХ” ХХК-аас Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ  202,130,450 (хоёр зуун хоёр сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун тавин) төгрөгийг, мөн  2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн  барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 40,302,415 (дөчин сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуун арван таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нийт 237,516,372 (хоёр зуун гучин долоон сая таван зуун арван зургаан мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг болон хариуцагч К.Ат холбогдох хэсгийг тус тус  хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,873,596 (хоёр сая найман зуун далан гурван мянга таван зуун ерэн зургаан ) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “ХХ” ХХК-аас 1,370,114 (нэг сая гурван зуун далан мянга нэг зуун арван дөрвөн ) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагч К.Аийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. “ХХ” ХХК-ийн захирал К.А би нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууц буюу байрны үнэ 350,000,000 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны нийт борлуулалтын үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00894 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнээд  “ХХ” ХХК болон Д.С нарын харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувь шилжүүлэх, хамтран ажиллах гэрээний 2.7-д заасан Компани нь Б тал болох Д.Сд гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний эзэмшилд шилжүүлнэ” гэж, мөн 3 жилийн хугацаанд борлуулалт бүрээс борлуулалтын үнийн дүнгийн 15 хувийг шилжүүлэхээр тус тус тохиролцсон боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж түүнээс байрны үнэд 202,130,450 төгрөг, мөн борлуулсан барагшуны үнийн дүнгийн 15 хувь буюу 40,302,415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна.

Учир нь, талуудын хороонд Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүсээгүй бөгөөд Д.С нь “ХХ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан болох нь нэхэмжлэгч Д.Сгийн “ХХ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог боловч анхан шатны шүүхээс Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хороонд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

4.4.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.С тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж үр дүн гаргасан гэх үйл баримтыг үнэлэхдээ зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэг дээр цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгээс өөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох нэг ч нотлох баримт байхгүй ба гэрчийн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад баримтуудаар давхар нотлогдсон байх шаардлагатай. Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн банк болон Гаалийн байгууллагаас бүрдүүлсэн баримтууд нь барагшуныг худалдан боловсруулсан, хилээр гаргасан үйл баримттай холбоотой бөгөөд эдгээр нь нэхэмжлэгч Д.Сгийн талуудын хороонд байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхтэй холбоотой харилцаанд огт хамаарахгүй болно.

Гэтэл шүүхээс дээрх бүх баримтуудыг иш татан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй хамааралтай мэт дүгнэж “...эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.С нь “ХХ” ХХК-д цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөлийг авч өгөхөөр тус компанийн нэрийн өмнөөс холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад хандаж, зуучилж улмаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас №000***** “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ” гаргуулж байсан нь бүрэн нотлогдож байна” гэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна.

4.5.“ХХ” ХХК болон Д.С нарын харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувь шилжүүлэх, хамтран ажиллах гэрээний 2.7-д “Компани нь Б тал болох Д.Сд гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний эзэмшилд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.С тусгай зөвшөөрөл гаргуулах үйл баримттай холбоотой ямар ажил хийж үр дүнд хүрсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байхад шүүхээс дээрх гэрээний 2.7-д заасныг үндэслэн манай компаниас 202,130,450 төгрөг гаргуулсан нь, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 40.302.415 төгрөгийг нэхэмжлэгч Д.Сд өгөхөөр гаргуулсан шийдвэр нь огт үндэслэлгүй байна.

4.6. Нэхэмжлэгч Д.С нь тусгай зөвшөөрөл гаргуулах үйл ажиллагаатай холбоотой шаардагдах баримт материалыг холбогдох байгууллага албан тушаалтанд хүргэж өгөх ажлыг гүйцэтгэсэн болохоос өөрөө бие даан баримт материал бүрдүүлэх ажлыг хийгээгүй, хийх ч эрхгүй мөн боломжгүй болно. Эдгээр үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00894 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул энэ шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Аийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч “ХХ” ХХК-ийн захирал нь К Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00894 дугаартай шийдвэрийг уншиж танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Тус шүүхэд Д.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаагаа зохих үндэслэлтэйгээр “ХХ’’ ХХК-ийн захирал болон өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс олон удаа тайлбар гомдол бичсэн байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн уншиж танилцана уу. Үүнд, өргөдөл, гомдол ба хүсэлтүүдэд иргэн Д.С ба “ХХ” ХХК-ийн захирал К.Аийн хооронд зөвхөн ажил олгогч болон ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцаа л хийгдсэн байгаа юм. Бусад “ХХ" компани дотоод дүрэм гэрээ гэгч баримтууд нь бүгд худал хуурмаг, компани зүгээс зөвшөөрөх боломжгүй зүйлүүд гэдгийг өмнөх тайлбар, хүсэлт зэрэгт тодорхой бичсэн болохоор тэр талаар гомдолд дурдаж бичээгүй. Шүүх бүрэлдэхүүн тодорхой танилцсан гэж итгэж байна.

5.2. Д.С нь шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны  өдөр “ХХ” компанитай амтран ажиллах гэрээ байгуулсан гээд зүтгэдэг ба шүүх үүнд нь итгээд “ХХ” компани болон Д.С нар хамтран ажиллаж байжээ гэж хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, хавтаст хэрэгт “ХХ” компани болон Д.С нарын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ байна. Өөр ямар нэгэн  гэрээ авагдаагүй. Шүүгчийн андуураад гэрээ гээд байгаа нь Д.Сгийн “ХХ” компани захирал К.Ат мэдэгдэлгүй бичсэн “ХХ” хязгаарлагдмал хариуцлагатай компани дүрэм гэдэг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичсэн гэх хэдэн хуудас бичиг байгаа. Үүнийг Д.С нь хамтран ажиллах гэрээ гээд шүүхэд өгсөн бөгөөд энэ бичсэн дүрмийг анхан шатны шүүх нь хамтран ажиллах гэрээ гэж итгэж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан зүйлчлэл гэж андууран шийдвэрлэсэн. Шүүх “ХХ” компани барагшун савлагч-менежер Д.С нар хамтран ажиллах гэрээ гэсэн нэр хаягтай гэрээг огт байгуулаагүй хэрэг доторт ийм гэрээ байхгүй байхад компани дүрмийг хамтран ажиллах гэрээ гэж ойлгон Иргэний хуулийн 476 дугаар зүйл болон бусад хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн.

5.3.  “ХХ” компани захирал К.А нь “Д.Сг компанидаа 450.000 төгрөгөөр цалинжуулж түүний монгол хэл, бичиг үсгийн чадварыг ашиглах зорилгоор менежер гэсэн албан тушаалд ажиллуулсан. Д.Сгаар компани зүгээс зарим бичиг баримтыг янзлуулах барагшун ялгах, шинжилгээнд өгөх, гадаад улсад борлуулах зэрэг ажилд бичиг хэргийн бүрдүүлэлтэд ажиллуулсан” гэдгийг өмнөх тайлбаруудад бичсэнийг эрхэм шүүх бүрэлдэхүүн танилцсан байх. Д.С нь энэ байдлыг ашиглаж Монгол хэл, бичиг мэдэхгүй “ХХ” компани захирал К.Ат “компани гэрчилгээг шинэчлэн янзалж, шинээр дүрэм гаргах, ингэхийн тулд хурал хийх, баримт бүрдүүлэх, бусад бичиг баримтуудыг янзалж ирүүлэхийг тусгай зөвшөөрлийн эрх олгодог байгууллага шаардаж байна. Би тэдгээр баримт бичгийн бүрдэлтүүдийг бичиж, эмхлэн чамаар тэмдэг даруулж гарын үсэг зуруулахад бэлэн болгоно” гэж амлаж хэлснээрээ бичиг баримтуудыг бичиж К.Аээр гарын үсэг зуруулж тэмдэг даруулж улмаар тэд хамтдаа явж Улсын бүртгэлийн газар, Эрүүл мэндийн яам зэрэг хэд хэдэн төрийн захиргааны байгууллагад уг бэлдсэн материалуудыг Атэй хамт очиж өгсөн байдаг. Ингээд Д.С нь “ХХ” компани дүрэм гэдэг баримт бүрдүүлж анхны зөв бичигдэж зохиосон эх хувийг К.Ат үзүүлж танилцуулчхаад, дараа нь компьютероор бичихдээ өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрийгөө компани нэг гишүүн болгож мөн Улаанбаатар хотод 3 өрөө байр буюу 350,000,000 төгрөгийг авах, улмаар компани орлогын ашгийн 15 хувийг хүртэх зэрэг заалт оруулсан хуурамч баримт бүрдүүлэн уг хуурамч дүрмийг мөн бусад баримтыг бүрдүүлэн К.А захиралд танилцуулах үед мэдэгдэлгүй гарын үсэг зуруулсан гэж компани захирал К.А өөрөө хэлж гайхаж байсан. “ХХ" компани захирал К.А нь иргэн Д.Сд “Миний ажилд чи тусалж өгөөч, би чамд тийм байр, эсвэл мөнгө, ашгийн 15 хувийг өгнө” гэж хэлж, хүсвэл мэдээж компани дүрэм бичихгүй. Шууд хамтран ажиллах гэрээ хийж, түүнийгээ нотариатаар гэрчлүүлэх байсан юм. Хамтран ажиллах гэрээ хийж ажиллуулахаар тохирсон бол хамтрагчид хоёулаа эсвэл Д.С нь тэр нууж хаасан компани дүрэм гэдгийг бичихгүй байх байсан юм. Мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах нөхцөлийн хүрээнд гэрээ хийгдэх ёстой байсан. Д.Сгийн компани дүрэм гэж шургуулж бичсэнийг шүүх хамтран ажиллах гэрээ мөн байна гэж итгэж хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.4. Хөдөлмөрийн гэрээний талаар буюу Д.Сг “ХХ” компанид ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээний  хувийг гардуулж өгөөгүй, цалин хөлс олгож байсан нь нотлогдоогүй гэх мэтээр шүүгч нь “ХХ" компани ажилтан авч ажиллуулсан хөдөлмөрийн харилцааг үгүйсгэсэн байна. Энэ тухай шийдвэрийн 9.16 дахь хэсэгт дурджээ.

Д.С нь анх К.Атэй тохирсон дагуу “ХХ” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр захирал К.Аийн ажилд томилох тушаалаар компани менежер гэдэг албан тушаад ажил хийхээр томилогдож сард 450.000 төгрөг авч байхыг уг тушаалд тусгасан байна. Компани дүрмийн хугацаа дууссан өдөр юм байна. Д.Стай хөдөлмөрийн гэрээ хийсэн. Д.Сгийн хүсэлтээр түүнийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Д.Сд тус “ХХ” компанид ажилд орсон, ажлаас гарсан, чөлөөлөгдсөн тушаалуудын болон хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилд орсон, гэрээ хийсэн, ажлаас чөлөөлөгдсөн өдөр хуульд заасан журмаар өгсөн бөгөөд тушаал гэрээний үндсэн нэг хувийг захирал К.А нь шүүхэд нотлох баримтаар өгсөн байна.

5.5. Д.С нь Хөдөлмөрийн маргаан таслах комисс гурван талт хороо мөн шүүхэд “ХХ”ХХК болон К.Аийн талаар хөдөлмөрлөж байхад хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөн гэж ямар нэг гомдол гаргаагүй байна. Энэ нь Д.С ажилд орсон, гарсан тушаал болон хөдөлмөрийн гэрээний нэг хувийг авсан гэж үзэх үндэслэл болж байна. Д.С нь анхан шатны шүүх хуралдаанд ““ХХ” компани захирлын тушаалаар ажилд орсон, хөдөлмөрийн гэрээ хийсэн минь үнэн, захирал К.А нь надад 19 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан” гэж хүлээн зөвшөөрч хэлж шимтгэл төлсөн нийгмийн даатгалын лавлах тодорхойлолтыг шүүгчид үзүүлсэн бөгөөд энэ тухай шүүх хурлын бичлэг камерт тодорхой бичигдсэнийг эрхэм шүүх бүрэлдэхүүн үзэж хянаж шалгана уу.

5.6. Д.Сгийн “ХХ” компанид 450.000-500.000 төгрөгийн цалин авч 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд менежер барагшун ялгагчаар ажилласан нь хэрэгт нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүх нь бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, байсан зүйлийг байхгүй болгон үгүйсгэж нотлох баримтуудыг шууд үндэслэлгүй нэг талыг барьж, хянан дүгнэж, шударга бус хандаж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж байна

5.7. Д.С нь “Би хөдөлмөрлөөгүй, цалин аваагүй, гэрээ хийгээгүй" гэж хэлсэн ч нийгмийн даатгалд Д.Сгийн нэр дээр 2020, 2021, 2022 онуудад 500.000-450.000 төгрөгийн хооронд цалин олгогдож сард 82.000 төгрөгөөс 90.000 төгрөгийн 19 сарын шимтгэл төлөгдөж байсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор нотлогдоно. Д.С нь РД:********** регистрийн дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэх даатгалын байгууллагын лавлагаанд 19 сар шимтгэл төлсөн байдал тодорхой байгааг үзнэ үү. Мөн хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсгийг Д.С нь миний гарын үсэг мөн гэж шүүх хуралд зөвшөөрч хэлсэн байсан.

5.8. Д.Сгийн хөдөлмөрийн гэрээт ажилтан байсан нь нотлогдсоноор Д.Сгийн өөрийгөө “ХХ” компани гэрчилгээнд гишүүн болгож бичиж хууль бусаар компани ашгийг хүртэх гэсэн зорилго нь нотлогдоно.Шүүх болон Д.С нь “ХХ” компани дүрэм гэж бараг Монгол хэл мэдэхгүй бичиж, уншиж чадахгүй К.А захирал бичиж гарын үсэг зурж, зөвшөөрсөн гэх хууль бус баримт мэт бичгийг хамтран ажиллах гэрээ гэж зүтгүүлж, энэ дүрэм гэгчийг үндэслэн шүүх хуулийг буруу хэрэглэж, буруу шийдвэр гаргасан байдал нотлогдоно .Д.С нь сард 500.000-450.000 төгрөгийн цалин авч 19 сар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж байсан жирийн ажилтны хувьд “ХХ” компани захирал К.Ат Монгол хэл мэдэх, бичих чадварынхаа хүрээнд зохих эрхийн гэрчилгээг авахад нь компани ажилтны хувьд тусалж байсан нь нотлогдоно гэж    үзэж байна. Д.С нь “ХХ” компани барагшуныг гадаадад гаргах зэрэг зөвшөөрлийн эрхийн гэрчилгээг төрийн захиргааны буюу Эрүүл мэндийн яамнаас хууль ёсоор авах ажилд компани хөдөлмөрийн гэрээтэй ажилчны хувьд үүргээ биелүүлж тусалсан байдал нотлогдоно гэж үзэж байна.

5.8. “ХХ” компанид тус компани ажилчин Д.С нь ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, бусдад зуучлан хөрөнгө оруулалт хийлгүүлээгүй, хувиасаа мөнгө, хөрөнгө хандивлаагүй зээлж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр 450.000-500.000 төгрөгийн цалин авч 3 жил орчим ажилласан жирийн нэг ажилчин байсан. Энэ хүн нь “ХХ” компаниас яах гэж, юу хийсэн гэж ямар гавьяа байгуулсан гэж 600 орчим сая /600.000.000/ төгрөгийн байрны мөнгө, компани ашиг нэхэх, нэхэмжлэх эрхтэй гэж шаардлага гаргадаг нь ойлгомжгүй бөгөөд хатуухан хэлэхэд луйвар юм.  Д.С нь “ХХ” компани захирал К.Ат мэдэгдэхгүй луйвардаж хийсэн компани дүрэм гэгчийг нэхэмжлэгч гаргаж шүүхэд хамтарсан гэрээ гэж өгсөн ч гэсэн шүүх үүнийг нь үнэлэлгүй, хамтран ажиллах гэрээ биш байна гэж үгүйсгэх ёстой байсан юм.

5.9.  “ХХ” компани дүрэм гэгч нь Д.С болон “ХХ” компани хамтран ажиллах гэрээ биш. ““ХХ” компани захирал К.А албан ёсны байх ёстой баримт бичигт тавигдах шаардлагыг компанийнхаа зүгээс хууль ёсоор бүрдүүлэн цуглуулж, уг материалыг янзалж төрийн захиргааны байгууллага Эрүүл мэндийн яаманд дүрэм, журмаараа өгч барагшун худалдах зөвшөөрлүүдийг авсан бөгөөд зөвшөөрөл авахад нэхэмжлэгч буюу “ХХ” компани цалинтай менежер ажилтай Д.С нь захирал К.Аийн хамт явж зарим баримтуудыг янзлан бичих, шинжилгээ хийлгүүлэх зэрэг менежерийнхээ үүргийг биелүүлж тусалсан нь үнэн. Д.С нь ингэж туслахдаа төрийн захиргааны албан тушаалтан, ажилтнуудад хууль зөрчин хувиараа нөлөөлсөн, ашиг сонирхлын хэрэг зөрчил гаргаж байж барагшуун худалдах эрх авч өгөөгүй. Эрхийн гэрчилгээнүүдийг “ХХ” компани нь хууль журмаар авагдсан бөгөөд бүрэн бүтэн бүрдсэн баримт бичиг материалыг үндэслээд төрийн захиргааны байгууллага нь зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг өгсөн байна гэж дүгнэж байна.

5.10. Тиймээс тэр зөвшөөрлийн бичиг, гэрчилгээнүүд нь компани  менежер Д.Сгийн хийсэн ховс, илбэ, хувилгааны хүч нөлөөгөөр бий болоогүй бөгөөд хууль журмаар бүтсэн болохоор Д.С нь компаниас, К.Аээс 600.000.000 төгрөгийн байрны үнэ, компани ашгийг нэхэмжлэх эрхгүй юм. Үүнийг анхан шатны шүүх нь мэдсээр байж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 болон бусад заалтууд, хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж, шийдвэрийг гаргасан. Анхан шатын шүүхийн 130/ШШ/2024/00894 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд шударга болж чадаагүй байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12 ний өдрийн 130/ШШ/2024/00894 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэгч Д.Сгийн “ХХ” компаниас нэхэмжилсэн байрны үнэ, компани  ашгийн 15 хувийг авах тухай нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Нэхэмжлэл гаргаснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байна. Анхан шатны шүүгчийн гаргасан шийдвэрийг үнэн, зөв гаргасан  гэж хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл миний хийсэн ажил юу юм бэ, юу хийсэн юм бэ гэж ярьж байгаа. Би 2 том хавтаст хэрэг шиг баримт бүрдүүлж, зөвшөөрлийг авсан байдаг. Нотлох баримтууд нь дутуу байна гэдэг үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс буцаагдсан. Буцаагдахдаа 3 баримт эх хувиараа байх ёстой. Дээрээс нь нотлох баримт дутуу байна гэж хэргийг анхан шатны шүүхээс буцаасан байдаг. Тэрийг архиваас аваад хавтаст хэрэгт бүгдийг нь авхуулж, нотлох баримтуудаа бүрдүүлсэн байгаа. Бид хоёр харилцан тохиролцож, би хэлсэн үүргээ биелүүлж өгнө гэсэн гэрчилгээнүүдээ гаргаж өгч дууссаны үндсэн дээр 11 дүгээр сард компанийн нэг гишүүнд болж, дараа нь дүрмийн сандаа өөрчлөлт оруулж, бүх зүйлээ ном журмын дагуу бичиг цаасан дээр буулгасан.

6.2. Урьд нь бид хоёр тохиролцож, надад 2 өрөө байр авч өгнө. Би танд 15 хувиа өгье гэж тохиролцсон учраас энэ хүний ажлыг 2024 оны 4 дүгээр сараас хөөцөлдөж эхэлсэн. 17-18 хүн сууж байж Эрүүл мэндийн газрын хүмүүс миний цуглуулсан бичиг баримт, ажлын байрыг нь хүртэл шалгуулж, шалгасан хүмүүс хуралдаж, танилцуулсан. 17-18 хүн бүх бичиг баримттай уншиж танилцаад ХХ ХХК-д үйлдвэрлэхийг нь зөвшөөрье гэж зөвшөөрөл олгосон. Тэр талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Эхний хэлсэн зүйлээ 7 дугаар сарын 26-ны өдөр бүтээгээд өгсөн. 0 дугаар сард дахиад Улаанбаатар хот руу яваад дахиад хавтаст хэрэг шиг баримт бүрдүүлж, ажлыг нь хөөцөлдөж 11 дүгээр сард Хүний хөгжлийн газраас зуугаад хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, хуралдаанаар ХХ ХХК-д 5 жилийн хугацаатай гадаад руу экспортлохыг зөвшөөрье гэж тусгай зөвшөөрлийг өгсөн. 11 дүгээр сарын 06-ны өдөр би үүрэг даалгавраа биелүүллээ, бид хоёрын ярьж хэлэлцсэн зүйл биелсэн. Одоо хоёулаа яах вэ, тэр талаар бичиг баримтад тусгуулъя. Би танай компанийн 1 гишүүн болъё гэж дүрмийн санд нь өөрчлөлт оруулж, хурлаа хийгээд бүх баримтад гарын үсэг зурж,  11 дүгээр сарын 06-ны өдөр бичиг баримтаа бүрдүүлж дуусгасан. Миний хийсэн зүйл ингээд хүчин төгөлдөр болж байгаа. Энэ хүн надад 2 өрөө байр, 15 хувиа өгнө гэж амласан байсан. Ингээд бид хоёрын дунд байгаа гэрээ 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарч гарын үсэг, тамаг тэмдгээ дарж тохиролцсон.

 

ХЯНАВАЛ:

 

7. Хариуцагч К.А, хариуцагч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нарын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            8. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “ХХ” ХХК болон Х.Ат холбогдуулан (1) Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны үнэ 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны хамгийн доод үнэ 350,000,000 төгрөг байгаа тул урьд нэхэмжилсэн 200,000,000 төгрөг дээр 150,000,000 төгрөгийг нэмж, нийтдээ хоёр өрөө байрны үнэ 350,000,000 төгрөг гаргуулах тухай; (2) 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд “ХХ” ХХК-ийн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж,  үндэслэлээ “Миний бие К.А болон түүний 100% эзэмшдэг “ХХ” ХХК-тай харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Ингээд гэрээний 1.1.-д зааснаар Д.С миний бие үүргээ бүрэн биелүүлж барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч, зээл авахад холбогдох бичиг баримтуудыг нь бүрдүүлэн өгч өөрийн үүргээ биелүүлсэн. Гэрээний 2.7-д “Компани нь Б тал болох Д.Сд гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байгаа тул Хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнээр 350,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна. Мөн ХХ ХХК-ийн дүрмийн 5.2-т Компанийн хувь эзэмшигч Д.С нь борлуулалтын орлогын 15 хувийг эзэмшиж болно гэж, 8.9-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч Д.Сд түүний тус компанид оруулсан хувь нэмрийг үнэлж гурван жилийн хугацаанд борлуулалт бүрээс борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувийг шилжүүлнэ гэж тус тус заасан боловч хариуцагч ХХ ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй. Гаалийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2/458 тоот албан бичгээр ХХ ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 23-аас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 398тн барагшуныг нийт 254,430.8 $ доллар-аар экспортод гаргасан байна. Энэ нь Монгол банкны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ханшаар 866,328,253 төгрөг болж байгаа бөгөөд дээрх компанийн дүрэмд заасны дагуу өөрт ноогдох 129,949,237 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны үнэ 350,000,000 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 129,949,237 төгрөг тус тус хариуцагч ХХ ХХК болон хариуцагч К.А нараас гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, үндэслэлээ нотлохоор 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах” гэх гэрээ”, “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр, дансны хуулга, Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргаж өгчээ.

 

            9. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Д.С надаас асар их хэмжээний буюу олон зуун сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь, Д.С нь намайг хууран мэхэлсэн, Компанийн дүрэм бол миний бичсэн танилцсан баримт биш байна. Д.Сд гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшуулал зэргийг хангалттай өгсөн. Д.Сгийн компанид ажиллах гэрээ нь дуусгавар болсон, компанид ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй жирийн менежер нэрээр туслахаар ажиллаж байсан. Д.Стай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, манай компанид гэрээ ёсоор 3 жилийн хугацаагаар менежерийн албан тушаалд ажилласан. Компанийн бүх бичиг баримтыг янзлах зэрэг ажлуудыг хийгээд сард 450,000 төгрөгийн цалин авч байхаар тохирч ажилд орсон. Миний бие бичиг цаасны хувьд чадварлаг биш болохоор тэр гэрээ дүрэм гэх бичиг баримтыг Д.С өөрөө боловсруулж надаар гарын үсэг зуруулж улсын бүртгэлд бүртгүүлж янзалж явснаас гадна компанийн маань зарим ажилд тусалж байсан нь үнэн. Иймээс миний бие Д.Сд итгэж дээрх бичиг цаасны бүрдэлтийн ажлыг даалгасан байсан. Гэтэл сүүлийн хэдэн жилд Д.С нь компанийн маань бүх эрх мэдлийг авч улмаар янз бүрийн хүмүүсийг дагуулж, хөрөнгийг маань үрэн таран хийж гадаад улс руу явна гэж хэлж орлого санхүүг дур мэдэн зарцуулах болсон ба надыг хэл амаар доромжлон хөрөнгийг чинь авна гэж заналхийлэх болсон. Тэгээд би энэ Д.С гэх авгайд залилуулж, компанийн 2 гишүүний нэг нь болж, компанийн хөрөнгийн талын өмчлөгч болж, эцэст нь компаниа энэ этгээдэд алдаж хохирохоор гэрээ тохиролцоо хийгдсэн болохоор түүний гэрээнд заасан хугацаа дууссаныг үндэслээд цаашид компанид ажиллах хөдөлмөрийн гэрээг нь цуцалж тушаалын нэг хувийг түүнд өгсөн. ауап ХХК-ний буюу захирал К.А миний бие зохих холбогдох хууль тогтоомж эрх зүйн акт, тушаал журам дүрмийг баримтлан олон баримт материал бүрдүүлж байж хуульд нийцүүлэн авсан юм. Энэ ажилд ХХ ХХК-ийн менежер ажилтай байсан Д.С нь миний өгсөн үүрэг даалгаврын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг зарим ажилд үүрэг биелүүлж ажилласан нь үнэн бөгөөд ингэж үүрэг гүйцэтгэж ажилласан гэж түүнд 350,000,000 төгрөгийн шинэ байр өгөх, ХХ ХХК-ийн орлогын 15 хувийн ашиг өгөх нь ухамсартай ямар ч хүний оюун ухаанд багтахгүй юм. Хөдөлмөрийн гэрээнд харин ч компанийн ажилтнаас гүйцэтгэх үүрэгт ажил, мөн эрх нь авах цалин хөлс урамшуулал шагнал зэргийг заавал тусгасан байдаг. Д.С нь харин ч онцгой гавьяа үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд тус ХХ ХХК-аас дээрх мөнгө урамшууллыг авсан бол хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх байсан. ХХ ХХК нь Д.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу л үүргээ биелүүлнэ. Д.Сгийн зүгээс намайг хууран мэхэлж, луйвардан байж бичсэн компанийн дүрэм гэгчийг нь хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 93.1-д зааснаар К.А нь “ХХ” ХХК-ийн хууль ёсны эзэмшигч болохоор хэн нэгэн этгээд, хүн нь эд хөрөнгийг авахаар шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 195, 207 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах тухай заалтаар би Д.Стай зөвхөн Хөдөлмөрийн гэрээ л байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу л үүрэг хүлээнэ гэж үзэж байна. Харин компанийн дүрэм гэгч нь гэрээ биш бөгөөд хууль бус баримт юм. Иймд Д.Сгийн “ХХ” ХХК-аас болон К.Аээс Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай орон сууцны үнэ 350,000,000 төгрөг гаргуулах болон “ХХ” ХХК-ийн олсон орлогын 15 хувийг авах, эзэмших гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж гаргасан тайлбартаа “ХХ” ХХК-ийн менежерийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргаж шүүхэд ирүүлжээ.

 

10. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:

- 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №*********дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Компанийн дүрэм, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “ХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн ********дугаартай /регистрийн дугаар ******/ гэрчилгээнд зааснаар хариуцагч нь компани “барагшун савлах” үйл ажиллагааг эрхлэн явуулдаг,

- Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/381 дугаар “Тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох, хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт хийх, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, хүчингүй болгох” тухай тушаалаар эрүүл мэнд, эм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох байгууллагын нэрсийг нэгдүгээр хавсралтаар, Шинээр тусгай зөвшөөрөл олгох байгууллагын жагсаалтын 1-д “ ...“ХХ” ХХК, РД:*******, үйл ажиллагааны чиглэл: Биологийн идэвх бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох; хаяг байршил: Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 13-р баг, тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил” гэж тусгагдсан,

- Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/4153 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар хурлын тэмдэглэлд “ ...8. Тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт ирүүлж шинжээч дүгнэлт гаргасан байгууллага гэдгийн 32-т “ХХ” ХХК (РД-******), Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 13-р баг, 2020 оны 6 дугаар сарын 10-нд албан бичиг төслийн хамт ирүүлсэн, Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, Аймгийн Засаг даргын тодорхойлолттой, МХЕГ-ын байцаагчийн дүгнэлттэй, УЦУОШТөвийн лабораторийн дүгнэлттэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ерөнхий үнэлгээний дүгнэлттэй). Тус ХХК нь ОХУ-ын технологиор түүхий барагшун нэртэй байгалийн идэвхтэй бодис гарган авч, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилго тавьж жижиг цех байгуулж, үйл ажиллагаа явуулах болсон тул ОХУ-аас түүнд шаардагдах тоног төхөөрөмж авчирч угсарсан ба барагшун нэрэх тусгай зөвшөөрөл зохих журмын дагуу олгож өгнө үү гэж албан бичиг дээрээ дурдсан байна. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 534 албан бичиг, Аймгийн ТЗКомиссын хурлын шийдвэр, шинжээч Д.Пүрэвдаш, Г.Оюунчимэг, Б.Таванжин нар нь 2020 оны 6 дугаар сарын 30-нд ажлын байранд очин ЭМС-ын 2015 оны 264 дүгээр тушаалыг шалгуур үзүүлэлтээр 89%-тай хангалттай гэж үнэлсэн байна. Шийдвэр: Дэмжье...” гэж бичигдсэн байдал,

- Нэхэмжлэгч Д.С болон хариуцагч “ХХ” ХХК-ийн захирал К.А нарын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь А талаас “ХХ” ХХК (цаашид компани гэх)-ийн 15 хувийн энгийн хувьцааг Б талын /Д.С/ компанид оруулсан хувь нэмрийг (тусгай зөвшөөрлүүдийг төрийн байгууллагаас гаргуулан авсан, ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авах бичиг баримтыг бүрдүүлж, зээл авахад хувь нэмрээ оруулсан) үнэлж шилжүүлэхээр тохиролцож, компанийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж харилцан ашигтай хамтран ажиллах юм” гэж, 2.7-д “Компани нь Б тал болох Сд гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан,

- Хариуцагч “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр хариуцагч “ХХ” ХХК-ийн захирал К.А гадаад улсад эхний борлуулалт хийсний дараа Улаанбаатар хотын А бүсэд 2 өрөө байрыг авч өгч Д.Сгийн нэр дээр шилжүүлэх, мөн компанийн хувьцааны 15 хувийг Д.Сд шилжүүлэхээр тохиролцсон,

-Хариуцагч “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “ХХ” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Сг бүртгэж, Компанийн шинэчилсэн дүрэм болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г компанийн шинэчилсэн дүрмийн салшгүй хэсгээр тооцон баталж, Компанийн шинэчилсэн дүрэм болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр тогтоож, тус шийдвэртэй холбоотой компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд холбогдох улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг хувь эзэмшигч Д.Сд олгосон,

-Хариуцагч “ХХ” ХХК нь цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг гадаад улс руу эхний борлуулалтаа 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийсэн нь Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01-1.2/458 дугаартай албан бичгээр,

- “ХХ” ХХК-ийн Голомт банк дахь MNT төгрөг, USD доллар, CNY юань, RUB рубль-ийн данснуудын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулгаар “ХХ” ХХК-ийн дансанд 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 46,765,600 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 36,700,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 900,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 42,540,080 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 46,610,234 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 36,727,880 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 900,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 57,538,978 төгрөг буюу гурван жилийн хугацаанд нийт  268,682,772 төгрөгийн орлого гадаадаас орж ирсэн нь тус тус нотлогджээ.

 

11. Анхан шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээний 2.7 дахь заалт, мөн “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт оруулсан “ХХ” ХХК-ийн дүрмийн 8.9-д зааснаар хариуцагч “ХХ” ХХК нь нэхэмжлэгч Д.Сд өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрлийг авахад нь хамтарч ажилласан ба тухайн ажлын хөлс, шагналд нь Улаанбаатар хотын А бүсээс 2 өрөө байрыг худалдан авч түүний өмчлөлд шилжүүлэхээр, мөн тус тусгай зөвшөөрлийн дагуу борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд борлуулалтын үнийн дүнгийн /ашгийн гэж тусгаагүй/ 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Д.Сд олгохоор талууд харилцан тохиролцсон нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдсон учраас нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. Харин шүүх талуудын хооронд үүссэн уг харилцааг “Д.С болон хариуцагч “Cауап” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан” гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

12. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзсэн нь шаардах эрхийн хууль зүйн үндэслэлүүдийг зөв тодорхойлоогүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл энэ гэрээг байгуулснаар талууд гэрээний гол нөхцөл болох хамтын зорилгыг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээх ба энэхүү үүрэг нь гэрээний талуудын ашиг сонирхлын тулд бус гагцхүү хамтын зорилгыг хэрэгжүүлэх ашиг сонирхолтой холбоотой байна.

Харин Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой бөгөөд үүнийг бие даан, хараат бусаар гүйцэтгэдэг онцлогтой. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх ба гэрээнд талууд хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцож болно.

 

13. Хэргийн үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Д.С нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, Биологийн идэвхтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрлийг компанийн нэр дээр авах” ажил үйлчилгээг гүйцэтгэхдээ  “ХХ” ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлж, бэлтгэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах бичиг баримтыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэх, харин хариуцагч “ХХ” ХХК нь нэхэмжлэгчтэй хэлэлцэж тохирсон дээрх ажлыг хийж, гүйцэтгэсний дараа буюу Биологийн идэвхтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрлийг авснаар түүний ажлын хөлсөнд Улаанбаатар хотын А бүсээс 2 өрөө байрыг худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлэхээр, мөн 3 жилийн хугацаанд тус компанийн гадаад руу хийсэн борлуулалт бүрээс борлуулалтын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг өгөхөөр харилцан тохиролцсон байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч Д.С, хариуцагч “ХХ” ХХК нарт хамтран ажиллах гэрээний хамтын зорилго байгаагүй, гэрээний талууд өөрсдийн ашиг сонирхлын тулд гэрээг байгуулсан, мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.С нь “C” ХХК-нд цэвэршүүлсэн өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл, гадаад худалдааны лицензийг авах ажлыг зохион байгуулахаар тус компанийн нэрийн өмнөөс холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, эрх бүхий байгууллага алба тушаалтнуудад хандах, улмаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас №******* дугаартай Биологийн идэвхтэй бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ гаргуулах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг ажил үйлчилгээг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Хариуцагч К.А, хариуцагч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нар (1) анхан шатны шүүх  иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, (2) нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн,  (3) маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буруу шийдвэрлэсэн гэх үндэслэлээр  давж заалдах гомдлуудыг  гаргажээ.

 

15. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, маргааны  үйл баримтад Иргэний хуулийг хэрэглэж, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй боловч давж заалдах шатны шүүхээс талуудыг хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Хариуцагчийн “талуудын хооронд иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүсээгүй, Д.С нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй учир уг гомдлын үндэслэлийг хүлээж авах хууль зүйн боломжгүй.

Хавтас хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ, “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон №24020002000558 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчээс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуулбарлан хүргүүлсэн Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралт,  Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01-1.2/458 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон 01/286 дугаартай албан бичиг, гэрч Х.А мэдүүлэг, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг үнэлж хариуцагч “ХХ” ХХК-аас орон сууцны үнэ 202,130,450 төгрөгийг, мөн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хариуцагч “ХХ” ХХК-ийн 3 жилийн хугацаанд хийгдсэн барагшуны борлуулалтын нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 40,302,415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нийт 237,516,372 төгрөгийг, мөн нэхэмжлэлээс хариуцагч К.Ат холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.  Энэ талаар гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч К.А, хариуцагч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нарын  “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,370,115 төгрөгийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2024/00894 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  хариуцагч К.А, хариуцагч “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нарын  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,370,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.Ө

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.Т                  

 

ШҮҮГЧ                                                            Д.К