| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00673/И |
| Дугаар | 212/МА2025/00011 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 212/МА2025/00011
К.Ү нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ө даргалж, шүүгч Д.К, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Т нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00897 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **************оршин суух У овогт К.Ү, С овогт С.Б, Т овогт М.Т, С овогт Ж. А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *********************оршин суух Х овогт Д.С, А овогт С.Д нарт холбогдох,
“Бусдын талбайгаас хадаж авсан 6 машин /тэвш/ өвсний үнэ” гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, орчуулагч А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.А, С.Б бид Баян- Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багт оршин суудаг, мал аж ахуй эрхлэхээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг иргэд байгаа юм.
1.2. Мал аж ахуй эрхэлж байгаа учраас тус сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн "Хадлангийн талбай ашиглуулах тухай" 39 дугаартай захирамж, мөн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн "Хадлангийн газар ашиглуулах тухай" А/32 дугаартай захирамжийн хавсралтад зааж баталгаажуулсан хадлангийн талбай болох "хар тахар" гэх байршилтай газраас нэхэмжлэгч М.Т 1.5 га, С.Б-д 1.5 га, Үт 1.5 га, Ж.А 1.5 га, С.А 1.5 га буюу нийт 7.5 га газрыг тус тус хадлангийн зориулалтаар ашиглуулсан байдаг.
1.3. Гэтэл хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч М.Т нарын ашиглах эрх бүхий нийт 5 иргэний 7.5 га хадлангийн талбайн 3 иргэнд ногдох 4.5 га газрыг 2023 оны 9 дүгээр сард дур мэдэн хадаж аваад "үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” болох нь газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гомдлыг шалгасан тэмдэглэл, ажлын хэсгийн шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож
байна.
1.4.Хариуцагч Д.С, С.Д нарын дур мэдэн, эзэмшигч нарын зөвшөөрөлгүй хадаж авсан 4.5 га хадлангийн талбайн өвс болох 6 машин өвсний үнийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч С.Д, Д.С нар хариу тайлбартаа:
2.1. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нараас гаргаж буй 6 тэвш өвсний үнэ болох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Д.С болон С.Д нар тухайн нэхэмжлэгч нарын газраас өвс хадаагүй. Мөн нэхэмжлэгч нэг жилийн өмнөх буюу 2023 оны өвсний үнийг нэхэмжилж байна.
2.2. 2010 онд С.Б нь газар хуваарилах үед Ба гэх хүнд хуваарилагдсан хадлангийн талбайг өөрөө албан ёсоор нэр дээрээ шилжүүлэн авсан. Тэр хадлангийн талбай нь “Х” хоршооны хадлангийн талбайд хил залгаа байсан. Түүнээс хойш одоо хүртэл С.Б нар манай байшингийн хажууд майхан барьж, сар гаруй хугацаанд хамт өвс хаддаг. Бас 2023 онд ч гэсэн өөрсдийн талбайг бид нартай хамт хадланд буугаад, өвсөө бүхэлдээ хадаж аваад, түүнийг ачаад явчихсан. Бид бүгд дандаа 8 дугаар сарын 10-ны үед хадлангаа хадах ажиллагааг эхэлж, 9 дүгээр сарын сүүлд хадлангаа дуусгавар болгодог. С.Б нарын хадлангийн талбайд “Х” хоршоо, Х.Д, А.А, Х.Р, Д.Б, Д.С, Ж.Х зэрэг хүмүүсийн хадлангийн талбай хил залгаа байгаа. “Х” хоршооны хадлангийн талбай 2010 онд хуваарилагдсан. Тус хоршоо нь тухайн газарт 10 га хадлангийн талбайтай. 2015 оны ИТХ-аар хадлангийн тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гарсан. Тухайн үед “Х” хоршоонд 14.5 га талбайг олгохоор шийдвэр гарсан. Уг ИТХ-аас гарсан тогтоолыг үндэслэн 2019 онд сумын Засаг даргаас захирамж гарсан.
2.3. Д.С хувьд 7-8 жилийн өмнө толгой хэсэгт маш хүнд гэмтэл авсан. Тийм учраас түүнд хар бор ажил хийж болохгүй, одоо хүртэл хүнд ажил хийж байгаагүй. Нэг ёсондоо хадлан хадаж байгаагүй, тийм боломж ч байхгүй. Өөрөө Ногооннуур сумын ахлах сургуульд багшаар ажилладаг. Өөрийн үүрэгт ажил болох багшийн ажлаа хийж гүйцэтгэсэн. Тэр талаар цагийн бүртгэлээ шүүхэд гаргаж өглөө. Хичээлээ зааж сургуульд байгаа хүн хадлан хадах ямар ч боломж байхгүй. Мөн тухайн сарын цалингаа бүтэн авсан. Мөн түүний өвчтэй талаар эмчийн магадалгаа хүртэл хэрэгт авагдсан.
2.4. С.Д хувьд “Х” хоршооны хадлангийн ажилд туслаад, хөлсөнд нь хэдэн машин өвс аваад 4-5 жил болж байна. Нэг ёсондоо зөвшөөрөлгүйгээр хариуцагч С.Д, Д.С нар бусдын хадлангийн талбайгаас өвс хадаж аваагүй. Д.С биеийн байдлыг сумын бүх ард иргэд мэддэг. Тэр бол сонсгол муутай, таталт өгдөг, эмчийн байнгын хяналтад байдаг. Одоо ч гэсэн эмчилгээ хийлгэхээр хот руу явчихсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй.
2.5. Ж.Т, М.А нарт тухайн маргаан бүхий хадлангийн талбайн ойр хавьцаа хадлангийн талбай байхгүй. Тэд нар хаанаас өвс хаддагийг би мэдэхгүй. 2010 онд хадлангийн газар хуваахдаа тэд нарт тухайн газраас хадлангийн талбай хувааж байгаагүй. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын захирамжаар газрын маргааныг хянан шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулсан. Тэр нь миний мэдэхээр 5 хүний бүрэлдэхүүнтэй буюу багийн Засаг дарга нар болон газрын даамлын нэр байсан. Урьд өмнө газрын маргааны тухайн асуудал гарч байгаагүй. Нэг ёсондоо С.Д, Д.С нарт холбогдуулан хэн нэгнээс гомдол ирж байгаагүй.
2.6. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг шүүхэд ирээд хэрэгтэй танилцах үед мэдсэн. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон ажлын хэсгийн тэмдэглэл нь албан ёсны тэмдэглэл биш байна. Учир нь: ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэр нь дурдагдсан гишүүд тухайн маргаан бүхий хадлангийн талбайд очоогүй. Багийн Засаг дарга нар болон газрын даамал бүгд очоогүй. Тухайн үед зөвхөн нэр нь дурдагдсан ганц Н л очсон. Тэр нэхэмжлэгч С.Б төрсөн эгчийн хүүхэд буюу хамаарал бүхий хүн байгаа. 2023 оны 8 дугаар сард өөр Засаг даргын захирамжаар газрын маргааныг хянан шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаагүй байна. Мөн маргаан бүхий газарт очсон цагдаа нарын нэр нь газрын маргаан хянан шийдвэрлэх ажлын хэсэгт нэр нь байгаагүй. Тухайн үед бид хадлангийн талбайдаа өвсөө хадаж байсан. Ажлын хэсэг ирсэн гэдгийг харсан хүн байхгүй. Тэгэхээр сумын Засаг даргын хөтөлсөн ажлын хэсгийн тэмдэглэл нь хууль ёсны биш байна. Түүнийг хуурамчаар үйлдсэн тэмдэглэл гэж үзэж байгаа.
2.7. Хавтаст хэрэгт А гэх гэрчийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. Тэр бид нартай хамт хил залгаа хадлантай. Түүний гэрчийн тодорхойлолт хууль ёсны биш. Учир нь намайг асуухад тийм тодорхойлолт өгөөгүй гэж бид нарт өөрөө гэрчийн тодорхойлолт өгсөн. Сүүлийн хэдэн жил хадлангаас өвс авч чадахгүй байгаа. Нэхэмжлэгч С.Б хэлсэнчлэн нэг айлын хадлангийн талбайгаас 2-3 машин гарна гэдэг нь илт худлаа. Тийм байдлаар өвс гарч байгаагүй. Хамгийн сайн ургасан үед нэг айлын хадлангийн талбайгаас 1 машин өвс гардаг.
2.8. Гэрчээр мэдүүлэг өгсөн С, А нар тухайн маргаан бүхий хадлангийн талбайд хил залгаа байдаг. Гэхдээ тухайн газраас сүүлийн хоёр жил дараалан нэг ширхэг ч машин өвс авч чадаагүй. Бас нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байна. Учир нь хэн чухам хэний хадлангийн талбайг хадсан гэдгийг нотолж чадаагүй. Мөн хэний хадлангийн талбайг өөрөө хадаж аваад, хэний талбайг хариуцагч нар хадаж авсан гэдгийг ч хэлж чадахгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох ёстой. Тухайн маргаан бүхий газарт ерөөсөө хэмжилт хийгдээгүй. Албан ёсоор хэний газрыг хэн хадсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн 6 машин өвсийг 2 хүн хэдэн өдөр хадах ёстой гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэр хоёр хүн 6 машин өвс хадаж байх хугацаанд эсвэл ачаад явах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нар цагдаад мэдэгдэх боломж нь байсан. Мөн цагдаа байтугай тэр хариуцагч нарт хүртэл хэлэх боломжтой. Гэхдээ нэхэмжлэгч нарын хэлж байгаа тийм нөхцөл байдал бодит байдалд болоогүй.
2.9. С.Б бид нартай хамт өөрийн талбайгаа дандаа өөрөө хадаж авдаг. Харин бид нар өөрсдийн хадлангаа өөрсдөө хадаж авдаг. 2023 онд С.Б талбайг маш олон хүн хадаж, дуусгасан. Бид нарт тэд нарын хадлангийн талбайг хадах боломж байгаагүй. Ханахай тухайн газраас С.Д, Д.С нар өвс хадсан гэж мэдүүлээгүй. Тэгэхээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00897 дугаар шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.С, С.Д нараас хадлангийн талбайгаас хууль бус хадаж авсан өвсний үнэ 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү, С.Б, М.Т, Ж.А нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ү, С.Б, М.Т, Ж.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг төлснийг, нэхэмжлэгч Ү, С.Б, М. Тилеухан, Ж.А нарын дутуу төлсөн 16,750 /арван зургаан мянга долоон зуун тавь/ төгрөг нөхөн төлүүлж тус тус улсын орлого болгож, хариуцагч Д.С, С.Д нараас 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д давж заалдах гомдлын агуулга:
4.1...Нэхэмжлэгч нарын хадаж авсан гэх маргаж буй хадлангийн талбай “Бэлчээрийн эх" гэх газар байршилтай хадлангийн талбай. Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглуулах тухай" 39 дүгээр захирамж, мөн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай” А/32 дугаартай захирамж болон захирамжийн хавсралтаар тодорхой дурдаж, нэхэмжлэгч М.Т1,5 га, С.Б 1,5 га, Үд 1,5 га, Ж.А 1.5 га, С.А 1,5 га буюу нийт 7,5 га газрыг тус тус “Хар тахар" гэх газар байршилтай газраас хадлангийн талбай ашиглуулсан. Дээрх захирамжаар “Бэлчээрийн эх" гэх газар байршилтай хадлангийн талбайгаас ашиглуулахаар газар олгогдоогүй, нэхэмжлэгч нарын нотлох баримтаар өгсөн Засаг даргын эдгээр захирамжууд нь маргаан бүхий хадлангийн талбайд гарсан захирамж биш учраас нэхэмжлэлийн үндэслэл болохгүй. Эдгээр захирамжийг шүүх үндэслэж буруу шийдвэр гаргасан.
4.3. ...Маргаан бүхий газарт шүүхийн журмаар албан ёсны шинжээч томилон эдгээр 5 хүнээс маргаан бүхий хадлангийн талбайд чухам хэн хэнээс хэдэн га газар хамаарагдаж байна гэдгийг тогтоогоогүй, ямар нэгэн хэмжилт хийгдээгүй, маргаан бүхий газар чухам хэний эзэмшлийн газар болох нь мөн маргаан бүхий газрыг хэн хадсан болох, хариуцагч нар хадсан гэх 3 иргэнд ноогдох 4,5 га газар нь чухам хэний газар болох, хэний газрыг хэн хадсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргаж, маргаан бүхий газраас өвс хадаагүй иргэн Д.С, С.Д нарыг өвс хадсан гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна.
4.4. Нэхэмжлэгч нар шүүхэд нотлох баримтаар газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн гомдлыг шалгасан тэмдэглэл гэж 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр бичигдсэн хуурамч тэмдэглэл өгсөн. 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шалгасан гэх газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн тэмдэглэл нь маргаан бүхий газраас өвс хадагдаагүй үед хуурамчаар хөтлөгдсөн гүтгэлгийн шинжтэй хуурамч тэмдэглэл байна. Энэ нь 2023 оны 9 дүгээр сард хадагдсан өвсний нотлох баримт болж чадахгүй тул зөвшөөрөхгүй...Засаг даргын захирамжаар албан ёсоор байгуулагдсан комиссын гишүүд болох Нийгмийн бодлогын түшмэл Х.Ш, эрх зүйн ажилтан Т.Ш, газрын даамал Т.М, 8 дугаар багийн Засаг дарга Д.Е нар 2023 онд маргаан бүхий хадлангийн талбайд огт очоогүй, хадаж авсан гэх тухайн газруудад газрын хэмжилт хийгдээгүй, газар дээр нь үзээгүй, бидэнтэй холбоотой газрын талаар маргааны асуудлыг дээрх нэр бүхий хүмүүс шалгаж байгаагүй, бидэнд маргаан гарсан тухай огт мэдэгдэж байгаагүй.
4.5. ... Ногооннуур сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар анх хадлангийн талбайн асуудлыг хэлэлцэж иргэдийн хадлангийн талбайг дахин хуваарилах нь зүйтэй гэж үзэж мөн өдрийн тэргүүлэгчдийн хуралдааны “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоолыг гаргасан. Уг Хурлын тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглах тухай" 55 дугаар захирамж гарч тус сумын иргэдийн хадлангийн талбайг дахин хуваарилах комисс байгуулагдаж, иргэдэд хадлангийн талбайг хуваарилж өгсөн. Ногооннуур сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу уг маргаан бүхий хадлангийн талбай болох, “Бэлчээрийн эх" гэх газар байршилтай газраас хариуцагч Д.С 1.5 га газрыг хуваарилан өгч хадлангийн зориулалтаар ашиглуулснаар өнөөдрийг хүртэл он удаан жил ашиглаж эзэмшиж ирсэн. Үүнийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 05-р сарын 27-ны өдрөөр гаргасан “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 05-р сарын 28-ний өдрөөр гаргасан Хадлангийн талбай ашиглах тухай" 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 05-р сарын 28-ний өдрийн хуралдааны тэмдэглэл мөн 2024 оны 10-р сарын 21-ний өдрөөр гаргасан комиссын гишүүдийн гарын үсэг бүхий гэрчийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.6. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2010 онд иргэдэд хуваарилж өгсөн хадлангийн талбайд ЗДТГ-аас Хадлан ашиглах зөвшөөрлийн бичгийг анх нэг жилийн хугацаагаар Засаг дарга А.А, газрын даамал Б.А нарын гарын үсгээр олгож байсан ба дараа нь уг хадлан ашиглах зөвшөөрлийн бичгийг ард иргэдээс нэг жилийн дараа нэгдсэн журмаар хураан авч ард иргэдтэй хадлангийн талбайг Засаг даргын захирамжаар биш Газрын даамлыг иргэдтэй хугацаагаар “Газар ашиглуулах гэрээ” байгуулж нэг жилийн ажиллуулахаар шийдвэрлэж гэрээнийхээ хугацааг жилээр сунгаж жил жилийн хадлангийн төлбөрийг төлүүлэн ажиллаж ирсэн. Бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ хуваарийн дагуу “Бэлчээрийн эх” гэх газар байршилтай газраас комиссын шийдвэрээр 2010 онд хуваарилуулан авсан 1,5 га хадлангийн талбайг Д.С нь хадлангийн зориулалтаар өнөөдрийг хүртэл ашиглаж жил алгасалгүй хадаж эзэмшиж жил жилийн газрын төлбөр хадлангийн төлбөрийг төлж газрын даамалтай газар ашиглуулах гэрээгээ байгуулан ажиллаж ашиглаж ирсэн. ... энэ талаар жил жилийн төрийн санд төлсөн хадлангийн болон газрын төлбөрийн мөнгөний баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар баримтууд давхар давхар нотолсоор байхад анхан шатны шүүх Д.С нь уг маргаан бүхий хадлангийн газраас хадлан бэлтгэх зориулалтаар газар авсан нь нотлогдохгүй байна гэж гаргасан тул зөвшөөрөхгүй.
4.7. Хариуцагч Д.С, С.Д нар нь дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас 2023 буюу 2024 онд өвс хадаж аваагүй болох нь
-Д.С нь 10 жилийн өмнө толгой тархиндаа бэртэл гэмтэл авч олон жил эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэж ирсэн, ажил хийж бие нь ядрахаар таталт өгдөг, сонсгол муутай, ходоод өвддөг, биеэрээ бор ажил хөдөлмөр хийхэд тэнцэхгүй болсон зэрэг эрүүл мэндийн байдлаас болж сүүлийн жилүүдэд ялангуяа 2023, 2024 онд хоёр жил дараалан хадланд ороогүй байдал, түүний эмнэлгийн байгууллагын амбулаториор эмчлүүлэгсдийн карт,
-Д.С нь Ногооннуур сумын ахлах сургуульд физик, математикийн багшаар ажилладаг. 2023 оны 8 ба 9-р сард өглөө 8 цагаас оройн 19 цаг хүртэл нэг ч өдөр ажил таслахгүйгээр ахлах сургуульд цагаа бүртгүүлэн өөрийнхөө үндсэн ажил болох багшийн үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж цалингаа авч ажиллаж ирсэн байдал, түүний 2022, 2023 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төрийн албаны цалингийн системийн Д.С 2023 оны 8-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 09-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн мэдээллүүдийн эх хувь,
-Тус сумын 8-р багийн оршин суугч Х овогтой Б, 7-р багийн оршин суугч Х овогтой М, 7-р багийн оршин суугч С овогтой Х, 8-р багийн оршин суугч Д.Б, 6-р багийн оршин суугч Е.Д нарын шүүхэд гаргаж өгсөн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулагдсан гэрчийн тодорхойлолт,
-“Х” хоршооны даргын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй гэрчийн тодорхойлолтын эх хувь,
-Тус шүүхэд 2024 оны 10-р сарын 30-ны өдөр өөрийн биеэр дахин хүргүүлсэн гэрчийн тодорхойлолт /Энэ тодорхойлолт нь Д.С, С.Д нар нэхэмжлэгч нарын хадлангийн талбайгаас 2023, 2024 онд өвс хадаж аваагүй болохыг нотолж байгаа ба нэхэмжлэгч нар А-ны өмнөөс шүүхэд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгснийг давхар нотолсоор байхад шүүх буруу дүгнэлт өгч байна./ нотлогдож байна.
4.8. Мөн маргаан бүхий хадлангийн талбай болох “Бэлчээрийн эх" гэх газарт байршилтай газраас 2010 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглах тухай" 55-р захирамжаар сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу ******* регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй “Х” хоршоонд 10 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар ашиглуулсан байдаг. Уг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан 39-р тогтоол, Засаг даргын 55-p захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Үүнийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр гаргасан. “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр гаргасан “Хадлангийн талбай ашиглах тухай" 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын бүртгэлийн газраас “Х” хоршоонд 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон ****** улсын бүртгэлийн дугаартай ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Ногооннуур сумын засаг дарга А.А, газрын даамал Б.А нарын гарын үсэг бүхий “Х” хоршоонд 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон тамга тэмдэгтэй ****** дугаартай хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг болон 2010 онд байгуулагдсан хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр гаргасан өөрсдийн гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулсан гэрчийн тодорхойлолт, тус сумын 7 дугаар багийн Засаг дарга О.Х 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд тус тус нотолно.
4.9. Дараа нь маргаан бүхий хадлангийн талбай болох “Бэлчээрийн эх” гэх газар байршилтай газраас сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдааны 08-р тогтоолын 2-р хавсралтаар буюу Ногооннуур сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн хүчин төгөлдөр ашиглуулах тухай А/88 тоот захирамжаар 14.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар ашиглуулсан байдаг. Хадлангийн талбайг “Х" хоршоонд 5 жилийн хугацаагаар, үүнийг сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдааны 08-р тогтоолын 2-р хавсралт, Засаг даргын 2019 оны 4-р сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр “Хадлангийн талбай ашиглуулах тухай" А/88 дугаартай захирамж, “Х” хоршооны улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 6-р сарын 05-ны өдрийн лавлагаа тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хавтаст хэрэгт авагдсан хуулбарууд нотолно.
4.10. Аж ахуйн нэгж болох “Х” хоршоо мөн адилхан хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын шийдвэр болон Засаг даргын захирамжаар авсан 14,5 га хадлангийн талбайг хадлангийн зориулалтаар өнөөдрийг хүртэл ашиглаж жил алгасалгүй хадаж эзэмшиж жил жилийн газрын төлбөр хадлангийн төлбөрийг төлж газрын даамалтай газар ашиглуулах гэрээгээ байгуулан ажиллаж ирсэн. Үүнийг Газрын даамал И.Оналбекийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй “Х” хоршооны дарга С.А 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, газрын даамал Т.М гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй “Х” хоршооны дарга С.А 2018 оны 12-р сарын 18-ны өдөр, мөн 2022 оны 01-р сарын 06-ны өдрүүдэд байгуулсан “Газар ашиглуулах” гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон Төрийн санд тус “Х” хоршооны хадлангийн төлбөрт төлсөн ХААН Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Х хоршооны 2023, 2024 оны хадлангийн төлбөрт төлсөн 17432 төгрөгийн төлбөрийн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.11. Мөн маргаан бүхий хадлангийн талбай болох “Бэлчээрийн эх” гэх газар байршилтай газраас 2010 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 05-р сарын 27-ны өдрийн “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 05-р сарын 28-ний өдрийн “Хадлангийн талбай ашиглах тухай" 55-р захирамжаар сумын ИТХ-aac баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу иргэн Х.Д 1.5 га газрыг хуваарилан өгч хадлангийн зориулалтаар ашиглуулсан. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан дээрх сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглах тухай" 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл мөн 2024 оны 10-р сарын 21-ний өдрийн комиссын гишүүдийн гарын үсэг бүхий гэрчийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар тус тус нотолно.
4.12. 2010 онд иргэн Х.Д маргаан бүхий хадлангийн талбай болох “Бэлчээрийн эх" гэх газар байршилтай газраас 1.5 га хадлангийн талбай хуваарилагдсан нь газрын даамал И.О гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Х.Д 2017 оны 6-р сарын 15-ны өдөр, газрын даамал Т.М гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Х.Д 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болон 2023 оны 02-р сарын 22-ны өдрүүдэд байгуулсан газар ашиглуулах гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.13. Мөн маргаан бүхий хадлангийн талбай болох “Бэлчээрийн эх" гэх газар байршилтай газраас 2010 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 5-р сарын 27-ны өдрийн “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 05-р сарын 28-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглах тухай" 55-р захирамжаар сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу иргэн Д.Б-эд 1.5 га газрыг хуваарилан өгч хадлангийн зориулалтаар ашиглуулсан. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан дээрх сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглах тухай" 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн комиссын гишүүдийн гарын үсэг бүхий гэрчийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар тус тус нотолно
4.14. 2010 онд иргэн Д.Б маргаан бүхий хадлангийн талбай болох “Бэлчээрийн эх" гэх газар байршилтай газраас 1,5 га хадлангийн талбай хуваарилагдсан нь газрын даамал И.О гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Д.Б 2017 оны 6-р сарын 15-ны өдөр байгуулсан, газрын даамал Т.М гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Д.Б 2018 оны 6-р сарын 15-ны өдөр, 2022 оны 01-р сарын 26-ны өдөр, 2023 оны 02-р сарын 22-ны өдрүүдэд байгуулсан “Газар ашиглуулах” гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2024 оны 9-р сарын 18-ны өдрийн ХААН Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Х.Д, Д.Б нараас 2023, 2024 оны хадлангийн төлбөрт төлсөн 3648 төгрөгийн төлбөрийн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд нотолно. Мөн маргаан бүхий хадлангийн талбай болох “Бэлчээрийн эх” гэх газар байршилтай газраас 2010 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Хадлангийн талбай ашиглах тухай" 55-р захирамжаар сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу иргэн Х.Р 15 га газрыг хуваарилан өгч хадлангийн зориулалтаар ашиглуулсан ба уг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан 39-р тогтоол, Засаг даргын 55-р захирамж нь өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
4.15. 2010 онд маргаан бүхий газраас иргэн Х.Р 1.5 га хадлангийн талбай зохих журмын дагуу хуваарилагдсан нь тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан А.А, газрын даамлаар ажиллаж байсан Б.А нарын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй Хунафия овогтой Ризагийн нэрэн дээр 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр бичигдсэн 0*************** дугаартай “Хадлан ашиглах” зөвшөөрлийн бичиг болон газрын даамал Т.Аманбекийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй X.Р-тай 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Газар ашиглуулах” гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар мөн 2013 онд Х.Р “Х” хоршоо, Х.Д, Д.С нартай хамт хадлангийн төлбөрт төлсөн 17796 төгрөг, 2014 онд Х.Р Д.С, Х.Д нартай хамт хадлангийн төлбөрт 2741 төгрөг, 2015 онд Р.Ж Д.С, Д.Б нартай хамт хадлангийн төлбөрт 2736 төгрөг, 2016 онд Р.Жанибекийн Д.Серикжан, Х.Д, Д. нартай хамт хадлангийн төлбөрт 3648 төгрөгийг хууль журмын дагуу жил жилийн төрийн санд төлсөн төлбөрийн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолно.
4.16. Иймд хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч Ү, С.Б, М.Т, Ж.А нарын хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүйгээр өвс хадаж аваагүй болох нь дээрх үндэслэлүүдээр нотлогдож байгаа тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр гаргасан 130/ШШ2024/00897 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож мөн тус шүүхийн болон нэхэмжлэгч Ү, С.Б, М.Т, Ж.А нарын 2024 оны 08-р сарын 08-ны өдрөөр гаргасан хариуцагч Д.С, С.Д нараас 6 /зургаан тэвш/ машин өвсний үнэ болох 9,000,000 /есөн сая/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Би өнгөрсөн жил өөрийн хадланд өвсөө хадах гээд очиход миний хадланг аль хэдийн хадчихсан байсан. Тэгэхээр нь би нутгийн захиргаанд очиж гомдол гаргасан, захиргаанаас комисс гаргаж өгсөн. Энэ хүний хүүгээс нь яагаад хадчихсан талаар асуухад, “энэ жил болгоомжгүйгээр таны хадланг хадчихлаа, та дараа жил өөрөө хадаад ав, энэ жил ямар нэгэн гомдол гаргаад яахын” гэхээр нь би гаргасан гомдлоо буцаагаад ямар нэгэн гомдол гаргаагүй. 2024 оны 7 сарын 20-ний өдөр миний төрсөн ах насан эцэс болсон. Тэр хүний 7 хоног, буяны ажил гэх ажлуудаар явж байгаад хадландаа очиход 5 гэрийн хэмжээтэй хадлангийн газрыг мань хадчихсан байсан өнгөрсөн жил 3 гэрийн хэмжээтэй тэнцэх хадлангийн газрыг маань хадсан. Өнгөрсөн жил надад “дараа жил чиний газрыг хадахгүй” гэж хэлчхээд хэлсэн амандаа хүрэлгүй хадсан болохоор нь энэ жил хуулийн байгуулгаад гомдол гаргасан.
6.2. Би очиход аль хэдий эсгий гэрээ босгочихсон хүүхдүүдийн хамт трактор ашиглана хадланг маань бүхэлдэн хадчихсан байсан. Өөрөө Ногооннуур суманд амьдардаг байж тэрний улмаас 5,000,000 төгрөгт 5 машин өвс худалдаж авсан Ж гэдэг хүнээс тодруулж асуусан ч болно. Захиргааны комисс 1 машин өвс 1,500,000 төгрөг үнэлгээ хийж үнэ тогтоож өгсөн.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх Ү, С.Б, М.Т, Ж.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.С, С.Д нарт холбогдох 6 машин өвсний үнэ гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн явуулах нь мөн зарчмыг хангах үндсэн нөхцөл болдог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангахгүйгээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй нөхцөл шалтгаан болжээ.
10. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “Мал аж ахуй эрхэлж байгаа учраас тус сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хадлангийн талбай ашиглуулах тухай 39 дугаартай захирамж, мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хадлангийн газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамжийн хавсралтад зааж баталгаажуулсан хадлангийн талбай болох “хар тахар” гэх газар байршилтай газраас нэхэмжлэгч М.Т 1.5 га, С.Б 1.5 га, Үд 1.5 га, Ж.А 1.5 га, С.А 1.5 га буюу нийт 7.5 га газрыг тус тус хадлангийн зориулалтаар ашиглуулсан байдаг. Гэтэл хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч М.Т нарын ашиглах эрх бүхий нийт 5 иргэний 7.5 га хадлангийн талбайн 3 иргэнд ногдох 4.5 га газрыг 2023 оны 09 дүгээр сард дур мэдэн хадаж аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гомдлыг шалгасан тэмдэглэл, ажлын хэсгийн шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.С болон С.Д нар тухайн нэхэмжлэгч нарын газраас өвс хадаагүй. Тэр хадлангийн талбай нь “Х” хоршооны хадлангийн талбайд хил залгаа. Ж.Т, М.А нарт тухайн маргаан бүхий хадлангийн талбайн ойр хавьцаанд талбай байхгүй. Тэд нар хаанаас өвс хаддагийг мэдэхгүй. 2010 онд хадлангийн газар хуваахдаа тэд нарт тухайн газраас хадлангийн талбай хувааж байгаагүй. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын захирамжаар газрын маргааныг хянан шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулсан, 5 хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэр нь дурдагдсан гишүүд тухайн маргаан бүхий хадлангийн талбайд очоогүй, зөвхөн Нурахмет л очсон. Багийн Засаг дарга нар болон газрын даамал очоогүй. Нурахмет нь нэхэмжлэгч С.Б төрсөн эгчийн хүүхэд буюу хамаарал бүхий хүн. Тухайн үед бид хадлангийн талбайдаа өвсөө хадсан. Ажлын хэсэг ирээгүй. Тэгэхээр сумын Засаг даргын хөдөлсөн ажлын хэсгийн тэмдэглэл нь хууль ёсны биш. Түүнийг хуурамчаар үйлдсэн тэмдэглэл гэж үзэж байна. Бас нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байна. Учир нь хэн чухам хэний хадлангийн талбайг хадсан гэдгийг нотолж чадаагүй. Мөн хэний хадлангийн талбайг өөрөө хадаж аваад, хэний талбайг хариуцагч нар хадаж авсан гэдгийг ч хэлж чадахгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох ёстой. Тухайн маргаан бүхий газарт ерөөсөө хэмжилт хийгдээгүй. Албан ёсоор хэний газрыг хэн хадсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн 6 машин өвсийг 2 хүн хэдэн өдөр хадах ёстой гэдгийг тогтоох хэрэгтэй. С. Б бол бид нартай хамт өөрийн талбайгаа дандаа өөрөө хадаж авдаг. Харин бид нар өөрсдийн хадлангаа өөрсдөө хадаж авдаг. 2023 онд С.Б талбайг маш олон хүн хадаж, дуусгасан. Бид нарт тэд нарын хадлангийн талбайг хадах боломж байгаагүй.Тэгэхээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү“ гэж маргажээ.
11. Зохигчийн дээрх тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн үзвэл, хариуцагч нар маргааны зүйл болсон нэхэмжлэгч М.Т 1.5 га, С.Б 1.5 га, Ү 1.5 га, Ж.А 1.5 га, С.А 1.5 га буюу нийт 7.5 га хадлангийн талбайгаас 3 иргэнд ногдох 4.5 га газрыг хариуцагч нарын хэн нь ямар хэмжээтэй хадаж авсан эсэх, эдгээр нэхэмжлэгч нарын хэнийх нь эзэмшдэг талбайгаас, ямар хэмжээтэй талбайг хадсан эсэх, хариуцагч нарын өвс хадаж авсан гэх 4.5 га газар нь чухам аль нэхэмжлэгчийн эзэмшдэг хадлангийн талбай мөн эсэх, нэхэмжлэгч нарын хадлангийн талбай хоорондоо болон хариуцагч нарын эзэмшдэг хадлангийн талбайтай хөрш зэргэлдээ оршдог эсэх, чухам аль хэсгээр нь хилийн зааг тогтоосон эсэх, хариуцагч нар өөрийн эзэмшлийн хадлангийн талбайг хадах явцад нэхэмжлэгч нарын хэн нэгнийх нь хадлангийн талбай руу орж өвс хадах боломжтой эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах замаар тогтоох, эдгээрийг хэрэгт авагдсан хадлангийн газар эзэмшүүлсэн бичмэл баримтуудтай харьцуулж үнэлж, дүгнэх шаардлагатай ба маргааны уг үйл баримтыг бодитой тогтооход шаардагдах нотлох баримтууд хэрэгт авагдаагүй учраас энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нарын шаардлага болон түүний үндэслэлийг анхан шатны шүүх тодруулахгүйгээр, хэргийн үйл баримт бодитой, хангалттай тогтоогдоогүй байхад маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй.
12. Талуудын хооронд үүссэн дээрх маргаантай харилцааны талаар хэрэгт авагдсан баримтууд нь маргааны үйл баримтыг сэргээн тогтооход хүрэлцээгүй, тухайлбал шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан, хэрэгт гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 39 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамж болон захирамжийн хавсралт, мөн сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн газар ашиглуулах тухай” захирамж болон түүний хавсралт, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэл” болон гэрч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримтыг тогтоогдсон, хариуцагч нар дээрх баримтуудыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хангаж, үлдсэн 50 хувийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн болон бодит үндэслэл тодорхойгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчиж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийснийг тэмдэглэх нь зүйтэй.
13. Талуудын хооронд үүссэн эрх зүйн зөрчил, хэргийн үйл баримт, түүнийг тогтооход чухал ач холбогдол бүхий дээр дурдсан хэргийн нөхцөл байдлуудыг сэргээн тогтооход шаардагдах нотлох баримтууд хангалттай бүрдээгүй, нэхэмжлэгч С.Б 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Маргаан бүхий хадлангийн талбайд шүүхийн журмаар үзлэг хийж байршлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2987 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчиж хангахаас татгалзаж шийдвэрлэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчимд нийцээгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд нотлогдон тогтоогдоогүй байхад дээрх зохицуулалтыг тайлбарлаж, хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийн үйл баримт, түүнийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад нөхцөл байдлуудыг тогтоох, шүүхээс дүгнэлт хийх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
14. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэх учраас түүний хэргийн үйл баримттай холбогдуулж гаргасан “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын шүүхийн шийдвэрийг хүчингүй болох үндэслэлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00897 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.Ө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.Т
ШҮҮГЧ Д.К