Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 213

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагч Э.Идэрбат,

Шүүгдэгч Б.З өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Н.Ш өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Гэрч Т.Энхболд

Шүүгдэгч Б.З

Шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.З, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулах яллах дүгнэлт үйлдаж ирүүлсэн Х овогт Н.Ш нарт холбогдох 19210033 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт, Дорнод аймгийн  тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Х овогт Б.З /РД: ЖЯ/
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Х сумын  дугаар баг Д тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Х овогт Н.Ш /РД: ЖЮ/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

1. Шүүгдэгч Б.З нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гадна иргэн Н.Ш-тай маргалдаж улмаар түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Н.Ш нь  2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гадна иргэн Б.З-той маргалдаж улмаар түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гадна иргэн Н.Ш-тай маргалдаж улмаар түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Ш нь  2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гадна иргэн Б.З маргалдаж улмаар түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас шүүгдэгч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 19310174 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ш мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр  сарын 27-ны өдрийн  10 цагийн орчимд хамт ажилладаг Т.Энхболд, Х.Баярцогт, Н. нарын хамтаар  Хэрлэн сумын 1 дүгээр баг аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 10 орчим км зайд буюу “28” гэх газарт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гаднах талд шугамын лоткийг засварлаж, шавраар хэвлэж, цутгах ажил хийж байсан юм. Тухайн үед би хамт ажилладаг Баярцогтын хамтаар апалк зангидаж байхад Баярцогт бид хоёрын хийсэн апалканд З, Энхболд хоёр шавар хийж цутгаж байсан бөгөөд тэр үед шавар хийж байсан нэг апалк нь задраад шавар нь асгарчихсан байсан юм. Тэгээд би тэр хоёрт хандан “та хоёр аятайхан шавраа хийхгүй яасан юм бэ, шавраа хүртэл цэвэрлэхгүй” гэж хэлээд Энхболдын хамтаар асгарсан шаврыг нь цэвэрлэж байхдаа “та хоёр шавраа хийхдээ шидээд задалчихсан байна шүү дээ, зүгээр хийчихгүй” гэж хэлэхэд шавар зуурах гээд зогсож байсан З миний хэлсэн үгийг өлгөж аваад учиргүй уурлаад ...миний өөдөөс гүйж ирээд намайг толгойгоороо миний нүүрэн тус газарт мөргөөд цохиод байсан бөгөөд миний хувьд болиулах гээд зууралдах явцад миний хажууд зогсож байсан Т.Энхболд ирээд болиулсан юм. Тэгэхэд З задарсан лоткины хажууд байсан алхыг аваад баруун гартаа барьж мөн зүүн гартаа хүрз бариад намайг цохих гээд дайрсан бөгөөд миний хувьд Б.З гарт байсан алхыг булааж авах гээд зууралдахад Т.Энхболд мөн дундуур орж Б.З зүүн гарт байсан хүрзийг аваад цааш явсан юм. Тэгэхэд би Б.З алхтай гартай зууралдаж байхад   нөгөө гараараа намайг цохиод байсан юм. Тухайн үед Б.З гартаа байсан бээлийгээ тайлаад мөн дайрч байсан бөгөөд энэ үед хажууд байсан Т.Энхболд ирээд салгасан юм. Тэгээд мөн Б.З газарт байсан хоёр алхыг хоёр гартаа нэг нэгээр нь бариад намайг цохих гээд дайрахад Т.Энхболд мөн голоор орж салгаж нэг гарт нь байсан алхыг авсан тэгээд бид хоёр зууралдаж байгаад лоткинд тээглээд газарт унахад ...миний хувьд дээрээс нь дарж унасан бөгөөд тэр үед би шууд дээрээс нь дараад босгохгүй хажууд байсан Т.Энхболдод хандан “чи цагдаагийн байгууллагад дуудлага өг” гэж хэлэхэд миний хэлсэн үгийг тоохгүй та хоёр болио гэж өөдөөс хэлээд Бонго маркийн машины кабенд ороод суугаад байсан энэ үед Б.З надаас мултрах гээд доороос намайг өшиглөж цохиод мөн хараалын үг хэлээд тийчлээд газраар мөлхсөн юм. Ингээд би удаан торгоож чадахгүй байсан учраас Т.Энхболдод хандан эсвэл чи захирал Саранхүүг дууд гэхэд харин Т.Энхболд захирал Саранхүүг дуудсан байсан бөгөөд хамгийн доод тал нь 40 минутын дараа захирал Саранхүү ирсэн юм. ...намайг доромжлоод байхаар нь нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж хамраас нь цус гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралд өгсөн: “...2019 оны 04 дүгээр  сарын 27-ны өдрийн  10 цагийн орчимд хамт ажилладаг Т.Энхболд, Х.Баярцогт, Н.Ш нарын хамтаар Хэрлэн сумын 1 дүгээр баг аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 10 орчим км зайд буюу “28” гэх газарт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гаднах талд шугамын лоткийг засварлаж, шавраар хэвлэж, цутгах ажил хийж байсан юм. Тухайн үед би хамт ажилладаг Т.Энхболдын хамтаар тус газарт Н.Ш ах болон шинээр ажилд орсон Х.Баярцогт хоёрын модоор зангидаж хийсэн апалкан дотор шавар хийж хэвлэж байсан юм. Тэгэхэд би Т.Энхболдын хамтаар зуурсан шавраа хувингаар зөөж модоор зангидсан апалканд хийж байхад уг апалк доод хэсгээр задраад шавар нь гоожсон юм. Тэр үед би Т.Энхболдын хамтаар асгарсан шаврыг нь цэвэрлээд эвдэрсэн модон апалкыг нь янзлах гээд дээд хэсгийн хэдэн модыг нь гаргаад байж байхад тэр модон апалкыг хийсэн Н.Ш ах  ирээд “та хоёр шавраа зөөлөн хийхгүй дээрээс нь цохиж балбаад эвдэлчихсэн байна ш дээ” гээд уурлаад Т.Энхболдыг дээрэлхүү зангаар загнаад байсан бөгөөд миний хувьд шавар зуурч байсан савныхаа хажууд зогсож байсан бөгөөд өөрийнхөө муу хийсэн апалкыг сайн хийсэн гэх мэтээр яриад байхаар нь Н.Ш хандан “та анхнаасаа апалк зангидахдаа урт хадаасаар хадаагүй, хадаасаа сөөлжүүлж хадаагүй мөн гадна талаас нь бэхэлгээ хийх ёстой байсан, тэгж хийгээгүй биздээ” гэж хэлэхэд миний өөдөөс ...Н.Ш ах улам уурлаад миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохихоор нь би зуурж аваад хөлөөрөө дэгээдэж газарт унагаасан юм. Тэгээд Н.Ш ах бид хоёр газарт хэсэг зууралдаад хэвтэж байхдаа ямар нэгэн байдлаар бие биедээ гар хүрээгүй юм. Харин хажууд байсан Т.Энхболд ирээд бид хоёрыг салгахад босч мөн бид хоёр бие биенээ холоос хэлэх хэлэхгүй үгээр хэрэлдэж маргалдсан бөгөөд энэ үед Н.Ш ах газарт байсан хоёр алхыг хоёр гартаа бариад “би ер нь чамайг алаад шорондоо орно” гээд миний өөдөөс дайраад ирэхээр нь би нүүрээ дараад газарт суухад миний дээр гараад өмсөж байсан цамцаар минь хоолой боож байснаа намайг чирээд модон апалканд хүзүүг минь тулгаад хоолой боож шахсан бөгөөд энэ үед би өөрийгөө хамгаалах гэж доороос нь ямар ч байсан гараараа самардаж маажсан. Харин цохисон эсэхээ сайн санахгүй байна. Тэгэхэд Н.Ш ах намайг доош харуулаад зүүн гарыг маань дээш сойж өчөөд миний баруун гарыг өвдөглөж дээрээс суусан юм. Энэ үед би хамт ажиллаж байсан Т.Энхболд ахад хандан миний дээрээс Н.Ш ахыг босгочих гээд уйлаад хэлэхэд Т.Энхболд хажууд ирээд болиулах гэтэл Н.Ш ах үгэнд нь орохгүй байсан бөгөөд ...удалгүй захирал Саранхүү ирэхэд Н.Ш ах миний дээрээс боссон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/,  

Шүүгдэгч Б.З хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...миний хувьд эмчилгээ хийлгэсэн бэлэн 82300 төгрөг, мөн толгойгоо бариачид бариулсан 15000 төгрөг нийт 97300 төгрөгийг Ш нэхэмжилж байна..., би хүнд зодуулчхаад өөрөө шүүгдэгч болоод зогсож байгаадаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Ш хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...гомдолтой байна. Шинжилгээний төлбөр гэж 8000 төгрөг, зураг авахуулсан 20.000 төгрөгийн баримт байна. Би баримт аваагүй зүйл байгаа, сэтгэл санаа, ажил төрөлгүй болсон хохирол гээд олон юм байгаа... нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/, 

Гэрч Т.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хамт ажилладаг Б.З, Н.Ш, шинээр ажилд орсон Баярцогт нарын хамтаар Хэрлэн сумын 1 дүгээр баг аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 10 орчим км зайд буюу “28” гэх газарт Зэвсэгт хүчний 327-р ангийн агуулахын хашааны гаднах талд шугамын лотки сольж шавраар хэвлэж, цутгах ажил хийх гэж очсон юм. Тэгээд миний хувьд Б.З хамтаар шавар зуурж, цутгалт хийж байсан бөгөөд Н.Ш, Баярцогт хоёрын хувьд мөн модоор апалк зангидаж суурилуулж байсан юм. Тухайн үед Б.З бид хоёр зуурсан шавраа апалкан дотор хийхэд зангидсан мод нь доод хэсгээрээ тэлж шавар нь завсраар гойжсон юм. Энэ үед би хамт шавар зуурж байсан Б.З хандан “иймэрхүү зүйл зөндөө байдаг ш дээ” хоёулаа шавраа буцаагаад авчихъя гэхэд за гэж хэлээд зуурсан шавраа буцааж аваад эсрэг талаас нь шавраа хийж эвдэрсэн модон апалкыг гаргаж задлаад тавьсан юм. Энэ үед апалк зангидсан Н.Ш ирээд энэ апалкыг яагаад гаргачихсан юм бэ гэж асуухад нь би “бид хоёрыг шавар хийж байхад доод хэсгээрээ задраад шавар асгарсан тэгээд бид хоёр янзлах гэж гаргасан” гэж хэлэхэд өөдөөс “та хоёр зуурсан шавраараа хүчтэй шидээд эвдэлчихсэн юм биш үү” гэж хэлэхэд Б.З өөдөөс нь “муу юм хийчхээд, олигтой юм хийхгүй” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдсан юм. Энэ үед газарт сууж байсан Б.З ямарч байсан Н.Ш өөдөөс нь очиж байсан бөгөөд миний хувьд доош тонгойж шавар зуурж байсан болохоор яг сайн хараагүй тэгээд нэг харахад тэр хоёр бие биенээ заамдчихсан зогсож байсан бөгөөд миний хувьд тэр хоёрыг очиж салгахад Б.З гартаа алх барьж мөн Н.Ш гартаа хүрз бариад бие биерүүгээ дайраад байсан юм. Тухайн үед би тэр хоёрын гартаа барьж байсан алх, хүрз хоёрыг авахад бие биерүүгээ гараараа цохилцоод байсан бөгөөд хэн нь түрүүлж цохисныг хараагүй хоорондоо зууралдаад газарт унасан. ...Б.З дээр нь гарчихсан зууралдаад хэвтэж байсан. Тэгээд би мөн очиж тэр хоёрыг салгахад газраас босч ирээд хоёулаа гартаа юм барих гээд байсан “тэр үед би тэр хоёрт хандан та хоёр болиоч дээ жоохон юман дээрээс болоод, би даргыг дуудлаа шүү” гэж хэлэхэд миний хэлсэн үгийг тоохгүй мөн бие биерүүгээ хэрүүлийн үг хэлээд маргалдаад байсан юм. Тэгээд мөн тэр хоёр ахин хоорондоо зуурлдаад бие биенийгээ цохилцоод хэрүүлийн үг хэлээд байсан бөгөөд энэ үед мөн би очиж салгахад Н.Ш, Б.З газар унагаад дээр нь гарч суугаад даргыг иртэл ингээд байж байна гэж хэлсэн юм. Миний хувьд өмнө нь захирал Саранхүүд хамт ажилладаг Н.Ш, Б.З хоёр хоорондоо зодолдоод байна гэж гар утсаар мэдэгдсэн байсан учир тэр үед захирал Саранхүүг ирэхэд Н.Ш, Б.З дээрээс боссон юм. ...Миний харснаар Н.Ш ямар ч байсан Б.З нүүрлүү цохисон яг хэдэн удаа гэдгийг нь анзаараагүй тэгээд Б.З хамраас цус гарсан. Мөн Б.З бас өөдөөс нь цохисон яг хэд цохисныг нь анзаараагүй...,  Мөн ямар нэгэн зүйлээр цохиогүй..., би тэр хоёрыг 2 удаа салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Гэрч Х.Баярцогтын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр хамт ажилладаг Б.З, Н.Ш, Т.Энхболд нарын хамтаар Хэрлэн сумын 1 дүгээр баг аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 10 орчим км зайд буюу “28” гэх газарт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гаднах талд шугамын лоткийг засварлаж, шавраар хэвлэж, цутгах ажил хийх гэж очсон юм. Тэгээд миний хувьд Н.Ш хамтаар модоор апалк зангидаж суурилуулж байсан бөгөөд Б.З, Т.Э хоёрын хувьд шавар зуурж, цутгалт хийж байсан юм. Тухайн үед Н.Ш ах намайг мод тайраад ир гээд хэмжээ өгөөд явуулсан юм. Харин намайг мод зүсээл буцаад ирэхэд Н.Ш ах Б.З хоёр заамдалцаад хоорондоо хэрэлдээд зогсож байсан бөгөөд хажууд нь Т.Энхболд салгаад зогсож байсан юм. Миний хувьд шинэ ажилд орсон болохоор танихгүй байсан учраас юм хэлэлгүй өөрийнхөө ажлыг хийгээд байж байсан юм. Тэгээд намайг нэг харахад Н.Ш ах Б.З дээр нь гараад суучихсан захирлыг иртэл ингээд сууж байна гэж хэлж байсан бөгөөд удалгүй захирал Саранхүүг ирэхэд Н.Ш ах Б.З дээрээс боссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.З биед тархи доргилт, духны цус хуралт, зүүн шанааны зулгаралт, баруун нүдний салстын цус харвалт, эрүү, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язрал, баруун мөрний цус хуралт, зулгаралт, цээжний ард баруун, зүүн дал орчмын цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтлүүд нь тархи доргилт нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Н.Ш биед тархи доргилт, дух, баруун шуу, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтлүүдийн тархи доргилт нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн үэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,  

Шүүгдэгч Н.Ш Дорнын оч ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой 2 хуудас баримт, 

Шүүгдэгч Б.З гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн14-15 дугаар хуудас/, хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.З оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын тогтоол /хх-ийн 53-54, 67, 69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Ш иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 19274  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гадна иргэн Н.Ш маргалдаж улмаар түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Ш нь  2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн агуулахын хашааны гадна иргэн Б.З маргалдаж улмаар түүнтэй зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.З /хх-ийн 58-60 дугаар/, Н.Ш /хх-ийн 55-57 дугаар/, гэрч Т.Энхболд /хх-ийн 34-36 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатан болон шүүх хуралдаанд өгсөн, гэрч Х.Баярцогт /хх-ийн 27-28 дугаар хуудас/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 287, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Ш, шүүгдэгч Б.З нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Б.З, Н.Ш нарын биед тус бүр хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.З, Н.Ш нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.З нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардалд шүүгдэгч Н.Ш-аас нийт 97300 төгрөг /эмчилгээний зардал 82300 төгрөг, толгойгоо бариачид бариулсан хөлс 15000 төгрөг/ нэхэмжилж байгаа хэдий ч 62300 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнээс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Мянган сарнай ХХК-ны зарлагын баримтаар 14300 төгрөгийн үнэ бүхий эм авсан гэх баримт нь тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож 48000 төгрөгийг шүүгдэгч Н.Ш-аас гаргуулж Б.З-д,     

Шүүгдэгч Н.Ш нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол, эмчилгээний зардал, ажилгүй болсон хугацааны цалин зэргийг мөнгөн дүнгээр нэхэмжилж байх боловч шүүхэд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа эмчилгээний зардал болох 28000 төгрөгийг шүүгдэгч Б.З-с гаргуулж Н.Ш тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.З, Н.Ш нар нь эмчилгээний зардал болон олох байсан ашиг орлогын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, хор уршгийг тодорхой тооцох боломжгүй байгаа тул  хохирогч нар нь гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолд тусгалаа.  

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ш. Б.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Ш, Б.З нар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл шүүгдэгч нарт тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.З, Н.Ш нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.Ш-ын ЖЮ тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Б.З ЖЯ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б.З, шүүгдэгч Х овогт Н.Ш нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, шүүгдэгч Н.Ш нарыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З Н.Ш нарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З, Н.Ш нарт мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.З /ЖЯ/, шүүгдэгч Н.Шр /ЖЮ/ нарын иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-аас гэм хорын хохиролд 48000 төгрөгийг гаргуулж Б.З, шүүгдэгч Б.З-оос гэм хорын хохиролд 28000 төгрөгийг гаргуулж Н.Ш тус тус олгож, хохирогч нар нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.З, Н.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН