| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2017/0012/З |
| Дугаар | 13 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 13
Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал би Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох, “Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 тушаалаар үүрэгт ажлаас халсан. Миний бие уг Б/03 тушаалыг үндэслэлгүй гэж үзэн хуулийн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны зөвлөл болон Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлд тус тус өргөдөл гаргасан. Намайг халсан Б/03 тушаалд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг үндэслэжээ. Миний бие албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд Төрийн албан хаагчийн хувьд оролцож байгаагүй, мөн уг албан тушаалд ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг жил бүр “В” үнэлгээтэй дүгнүүлж ажиллаж байсан. Төрийн албанд анх 1994 онд орж одоог хүртэл тасралтгүй 21 жил гаруй ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд 2004 онд орж тэнцсэн, 2005 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, 2006 оноос Төрийн албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл авч эхэлсэн. Төрийн албан хаагчийн хориглох зүйл заалтыг зөрчсөн гэснийг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны зөвлөл болон Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус өргөдөл гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1933 тоот албан бичиг, Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 тоот тогтоол тус тус гарсан. Үүний дагуу миний бие Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Г.Батболдтой уулзаж ажилдаа орох хүсэлт, өргөдөл өгсөн. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 25 тоот албан бичгээр Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нь тус хамгаалалтын захиргаанд орон тоо байхгүй гэсэн хариу өгсөн. Уг ажиллах хугацаандаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар Д.Оюунгэрэл надад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгогдож байцаагчийн ажлыг давхар хийж гүйцэтгэж байсан. Иймд Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг төлөөлж, дарга Г.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хамгаалалтын захиргаа нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан журмын дагуу хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Гэтэл хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Оюунгэрэл нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлэхгүй энэ талын мэдлэг боловсрол байхгүй болно. Мэргэжлийн дагуу сургуульд сурах шаардлага удаа дараа тавихад хүлээн зөвшөөрч байгаагүй. 2016 онд Д.Оюунгэрэлд амаар үүрэг өгч байсан. 2017 онд үүрэг өгөхөд зөвшөөрөхгүй гэдгээ 2017 оны 01 сарын 30-ны өдрийн албан хаагчдын хурал дээр суралцаж чадахгүй гэдгээ өөрөө хэлсэн. Д.Оюунгэрэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэжлээ дээшлүүлэх гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай байх явдал мөн гэсэн заалт зөрчсөн. /Бакалаврын зэрэг байхгүй/
Ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагын 1.1-д заасан эрх зүйч, хуульч болон байгаль орчны хяналт шинжилгээний мэргэжлийг эзэмшиж дээд болон бакалаврын зэрэгтэй байх шаардлага хангаж, ажиллаж байх хугацаандаа суралцах үүрэг өгөхөд биелүүлээгүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн. Мөн ажлын байрны тодорхойлолтын Б. Чиг үүргийн 2.4-т заасан ажлын байрны үндсэн зорилтыг хангаж ажиллаагүй. 3. Ажлын байрны гол үйл ажиллагаа Ажлын байрны 4-р зорилтын хүрээнд 4.3 дахь заалтыг биелүүлж байгаагүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байгаа нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Д.Оюунгэрэлийг ажлаас чөлөөлсөн нь хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдсэн болохыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1933 тоот бичгээр мэдэгдсэн. Байгууллагын дотоод журмын 10.6-д зааснаар мэргэжил, мэдлэгээр хоцрох, хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхгүй байх зэрэг зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж тус хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллах санал тавихад хүлээж аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгахыг хүссэн нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад нэхэмжлэгчтэй доорх нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Гэрээт байгаль хамгаалагч албан тушаалд ажилд авч, тушаал гаргах,
2. Ажилгүй байсан хугацааны цалингийн үлдэгдэл 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөх үүргийг хариуцагч Г.Батболд би хүлээнэ.
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл би хариуцагчтай сайн дураар эвлэрч байгаа тул энэ асуудлаар дахин гомдол, санал, нэхэмжлэл гаргахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь “Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дураар эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн болно. Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хариуцагч Г.Батболд нь нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Гэрээт байгаль хамгаалагч албан тушаалд ажилд авч, тушаал гаргах, ажилгүй байсан хугацааны цалингийн үлдэгдэл 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татагалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ