Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0547/З |
Дугаар | 221/МА2020/0100 |
Огноо | 2020-02-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2020/0100
“Т э П” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Х.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 620 дугаар шийдвэртэй, “Т э П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 620 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан “Т э П” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, XV-012991 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “… Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ “Захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн 7/5417 дугаартай албан бичигт “Т э П” ХХК-ийн бүртгэлтэй хаягийг “Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Жанжин гудамж 24 баяр 487 тоот” гэж тэмдэглэсэн байх ба харин Ашигт малтмалын газраас нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлж буцсан хаяг нь “Баянзүрх дүүрэг, 12 дугаар хоро, 24 дүгээр байр 479 тоот” гэж бүртгэлтэй хаягаас өөр хаяг буюу 24-487 гэхийг 24-489 гэж илгээсэн болох нь тогтоогдож байна” гэж үзсэн хэдий ч үүнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй хэмээн хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэжээ.
Захиргааны ерөнхий хуулиар захиргааны нийт байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг тогтоосны нэг нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим болно. Үүнээс үзэхэд захиргааны байгууллагын шийдвэр гаргахдаа баримтлах зарчим 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг гаргахад алдагдсан байна. Энэхүү зарчим алдагдснаар зөвхөн нэхэмжлэгч талын эрх ноцтойгоор зөрчигдөөд зогсохгүй Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулах, 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх зарчим аль аль нь алдагдсан. Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ХV-012991 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 20 тоот шийдвэр нь нөхцөл байдлыг бодитоор үнэлсэн, нотлох баримтад тулгуурласан, үндэслэл бүхий шийдвэр биш гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын ерөнхий газрын кадастрын хэлтэс нь сонсох ажиллагаа хийхгүй байх нь өөрийн үзэмжийн асуудал биш бөгөөд гарцаагүй тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хэд хэдэн эсхүл аль нэг нөхцөл байдал бий болсон гэдгийг захиргааны байгууллага нотлох үүрэгтэй хэдий ч энэ талаар хариуцагч тал маргаагүй байдаг нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг зөрчснийг баталж байна.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 620 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч “Т э П” ХХК-ний хүчингүй болгуулахыг хүссэн Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-д заасныг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах өргөдлөө гаргаагүй, хуульд заасан хугацаанд ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Т э П” ХХК-ийн хайгуулын XV-012991 дүгээр зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах өргөдлөө тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хуульд заасан хугацаанд гаргаагүй, мөн хугацаа сунгуулах хүсэлтэд хавсаргах байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, төлбөр төлсөн баримтыг хавсаргаж өгөөгүй, энэ талаар мэдэж байсан атлаа энэ байдалд өөрөөс нь үл хамаарах шалтгаан нөлөөлсөн талаар хүсэлт өгөх үедээ захиргааны байгууллагад мэдэгдэж байгаагүй зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
Давж заалдах гомдолд “хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрээ мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, хаяг буруу хүргүүлсэн, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг гарцаагүй хийх ёстой, шүүх өөрийн үзэмжээр уг ажиллагааг хийх боломжтой мэтээр хуулийг буруу тайлбарласан” гэжээ.
Маргаан бүхий захиргааны акт нь тусгай зөвшөөрлийг “төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр цуцлаагүй тул хариуцагч захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэггүй, уг хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.
Харин хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/172 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан талаарх мэдэгдлийг Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 24 дүгээр байр, 487 тоотыг “489” тоот гэж хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т хугацаа сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж маргаан бүхйи акт гарсан талаар мэдэгдээгүй боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Захиргааны байгууллагын уг алдааны улмаас маргаан бүхий актын талаар гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь хөндөгдөх боловч энэ эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Хариуцагч Кадастрын хэлтэст “хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд бүрдэл хангаж гаргаагүйн улмаас хугацаа сунгахаас татгалзах үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлэх үүргийг Ашигт малтмалын тухай хуульд заагаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох, мэдэгдэх ажиллагаа” явуулаагүй гэх боловч сонсох ажиллагаа явуулсны үр дүнд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон бодит нөхцөл байдлыг үгүйсгэх ач холбогдол бүхий үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... хэрэв сонсох ажиллагаа явуулсан бол 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөрөө төлчихсөн байсныг нотлох боломж байсан” гэх боловч хэрэгт авагдсан Хаан банкны 2018 оны 29/11108 дугаар албан бичгээр” 5003687662 тоот дансаас 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сан руу гүйлгээ хийгдээгүй” гэх, Сангийн яамны 2018 оны 12-2/7298 дугаар албан бичгээр “Хаан банкин дахь 5003687662 тоот данснаас 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 2017 оны 01 дүгээр сарын 02 хүртэл гүйлгээ хийгдээгүй, төрийн сангийн дансыг 12 оронтой болгосон боловч үүнээс шалтгаалж гүйлгээ саатаагүй” гэх лавлагаануудаар тогтоогдоогүй.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй, хавсаргах ёстой баримтыг бүрэн бүрдүүлж өгөөгүй байх тул уг нөхцөл байдалд тохируулан шийдвэрлэсэн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.