Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2024/0135

 

И-Ө” ХХК-ийн гомдолтой, Өвөрхангай

     аймгийн Татварын газрын татварын улсын

     байцаагч Б.Б-д холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    М.Батсуурь    

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа  

Шүүгчид:                      Д.Батбаатар  

                                         Ц.Цогт                               

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ                 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 121/ШШ2024/0025 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/0618 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2024/0463 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” эсэхийг хянах үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага:

Гомдол гаргагч “И-Ө” ХХК-аас Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан “... татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0044296 дугаар актыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Иргэн В.Б-ийн Өвөрхангай аймгийн Татварын газарт гаргасан гомдлын   дагуу   тус  газрын  татварын  улсын  байцаагч  нь  “И-Ө”  ХХК-д

холбогдуулан зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

2.2.Улмаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “төлбөрийн баримт олгоогүй” зөрчил гаргасан нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж “И-Ө” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т зааснаар 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Гомдол гаргагч гомдолдоо “... Иргэн В.Б болон “И-Ө” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах харилцаа бий болсон. Гэрээний дагуу биет байдлын доголдолгүй орон сууц хүлээлгэн өгсөн. Харин В.Б нь орон сууцны үнийг бүрэн гүйцэд төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүнд НӨАТ-ын баримт авах эрх үүсээгүй. Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч нь манай компанийг олоогүй орлогодоо татвар ногдуулж НӨАТ-ын баримт олго гэж шаардаж, улмаар зөрчлийн хэрэг үүсгэн, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь 2 хоног тасарсан. Зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш бүтэн 2 хоног хугацаа алдаж шийтгэл оногдуулсан нь компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн шийтгэлийн хуудаст оролцогчийн эрхийг хангаагүй буюу гомдол гаргах шүүхийг эрүүгийн шүүх гэж төөрөгдөлд оруулсан ноцтой зөрчил гаргаж, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

4.Хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “... “И-Ө” ХХК, иргэн В.Б нарын дунд ямар нэгэн төлбөр тооцооны маргаан байгаагүй нь тогтоогддог. Иргэн В.Б-ээс бичгээр ирүүлсэн гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч тайлбар, мэдээллийг авсан. Прокурорт гомдлыг нэн даруй мэдэгдэж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. “И-Ө” ХХК-ийн захирал Б.И-ийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудсан боловч хүрэлцэн ирээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, ... худал мэдээлэл өгч ажиллагааг удаашруулсан. Тус компаниас зөрчлийн удирдах албан тушаалтан буюу дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч хяналт тавьсан прокурор, аймгийн ерөнхий прокурорын хяналт шалгалтаар зөрчлийн шинжтэй хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг хүргүүлсэн байна. Зөрчил үйлдсэн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэж маргасан.  

5.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 121/ШШ2024/0025 дугаар шийдвэрээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.11 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “И-Ө” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0044296 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:  

5.1.“... Орон сууц захиалгаар бариулсан иргэн төлбөрөө төлсөн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд “И-Ө” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг хүлээнэ. Тодруулбал, дээрх хуульд зааснаар борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээхийг татвар төлөгч аж ахуйн нэгжид үүрэгжүүлсэн байхад гомдол гаргагч нь хуулиар хүлээсэн төлбөрийн баримт хэвлэж өгөх, цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан байна.

5.2.Гэвч хариуцагч нь тухайн компанийг зөрчил гаргасныг шалган тогтоосон ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно.

5.3.Зөрчлийн хэргийн баримтуудаас үзэхэд, хариуцагч татварын улсын байцаагч нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн, хуульд зааснаар энэ өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацааг тоолоход эрх бүхий албан тушаалтны шалгах 14 хоногийн хугацаа нь 05 дугаар сарын 13-ны өдөр дууссан, энэ өдрөөс удирдах албан тушаалтан 14 хүртэл хоногоор сунгахад 05 дугаар сарын 27-ны өдөр, энэ өдрөөс прокурор 30 хүртэл хоногоор сунгахад 06 дугаар сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацаа дуусахаар байх бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор хугацааг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 14 хоногоор, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хугацааг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 30 хоногоор тус тус сунгаж, эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нь хуульд заасан хэрэг бүртгэлтийн хугацааг 1 хоногоор хэтрүүлж 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шийтгэлийн хуудас гаргасан, энэ тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.11 дүгээр зүйлийн 1-д нийцээгүй, хууль бус шийдвэр байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/0618 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

7.Хариуцагч Б.Б хяналтын журмаар  гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

7.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, процессын тухайд: ... Зөрчлийн хэрэг нээх эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын зөрчлийн ахлах прокурорт хүргүүлсэн. Уг тогтоолыг Прокурорын газар хүлээн авч хянан, зөрчлийн хэргийн 2426000390 дугаарыг олгож 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн уг өдрөөс зөрчлийн хэргийн хугацааг тоолох учиртай. Зөрчлийн хэргийн холбогдогч нь төлбөрийн баримт олгоогүй зөрчил үйлдсэнээс орлого дутуу бүртгэгдэж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зөрүүтэй байх шууд шалтгаант холбоо үүсэх учир холбогдогчийн зөрчил үйлдсэн хугацааны өмнөх тайлант сарын борлуулалтын орлогыг тодорхойлох үүднээс арилжааны банканд эзэмшиж буй дансны орлого, зарлага зэргийг шүүж тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч тухайн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу шийтгэлийн хуудсаар 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж зөрчлийн хэргийг танилцуулж “И-Ө” ХХК-ийн захирал Б.И, өмгөөлөгч Б.Х нарт гардуулан өгсөн.

7.2.Зөрчилд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх тухайд: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1-д “ зайлшгүй байх”, 5.1.3-т “шударга байх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж тус тус заасан.

7.3.Зөрчилд холбогдогч нь бараа худалдан авсан иргэн В.Б-ийн буюу албан татвар төлөгчийн орон сууцны захиалгын гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болон ипотекийн зээлээр төлж барагдуулахад төлсөн албан татварыг суутган төлөх, албан татвар төлөгчид төлбөрийн баримт олгох үүргээ биелүүлээгүй хууль тогтоомж зөрчсөн. Зөрчилд холбогдогчийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь бусад баримтаар илэрхий нотлогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс татварын хууль тогтоомж зөрчсөн, үүргээ биелүүлээгүй талаар дүгнэсэн атлаа зөрчил шалгах хугацааг буруу тодорхойлон процессын 1 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр зөрчлийг үгүйсгэж байгаад гомдолтой. Өөрөөр хэлбэл, нэгэнт зөрчил үйлдэгдсэн нь илэрхий байхад тухайн зөрчлийг шалгахдаа хугацааг буруу тоолсон гэж шүүх хугацааг хуульд зааснаас өөрөөр тоолон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Түүнчлэн зөрчлийн хэрэг нээх тогтоолыг хэзээ хүргүүлж, прокурорын байгууллагаас хэзээ дугаар олгосон талаар дүгнээгүй, хариуцагчаас тэр талаар тайлбарласан боловч уг асуудлыг шалгаж дахин шийдвэрлэх ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.   

8.Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн утгатай тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

9.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

10.Хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан боловч эдгээр үндэслэл тогтоогдсонгүй.

11.Гомдол гаргагч “И-Ө” ХХК нь нэр бүхий иргэнд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12.Гэвч хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчжээ.

13.Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно”, 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, мөн зүйлийн 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа нь хэрэг нээсэн өдрөөс хойш 58 хоног байна.

14.Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн, энэ өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацааг тоолоход 06 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан; гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нь хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлж, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий актыг гаргасан нь хууль зөрчсөн. Энэ тохиолдолд зүй нь хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байжээ.

15.Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлтийн хугацаа, түүнийг хэтрүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг ийнхүү тодорхой заасан байх тул зөрчлийг шалган шийдвэрлэж буй аливаа албан тушаалтан (эрх бүхий албан тушаалтан, удирдах албан тушаалтан, прокурор) хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй.

16.Иймд “... зөрчилд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ, татварын харилцаанд “зайлшгүй байх”, “шударга байх” зарчим үйлчилнэ, зөрчилд холбогдогч “И-Ө” ХХК нь нэр бүхий иргэнд төлбөрийн баримт олгох үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн нь илэрхий нотлогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэсэн атлаа зөрчил шалгах хугацааг 1 хоног хэтрүүлсэн гэх үндэслэлээр зөрчлийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.2-7.3-т заасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

17.Хууль тогтоогчоос зөрчлийн хэргийн шинж, нийгмийн хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан (гэмт хэргээс ялгаатайгаар) Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “хэрэг бүртгэлтийн хугацаа”-г зааж, уг хугацаа хэтэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан; иймд Зөрчлийн тухай хуульд заасан “шударга ёсны зарчим”-ын хэрэгжилт нь энэхүү хуульд заасан хугацаагаар хязгаарлагдах учиртай, өөрөөр хэлбэл “эрх бүхий албан тушаалтан хуулийн хугацаанд зөрчлийг шалган тогтоож, зохих хариуцлагыг оногдуулснаар шударга ёсны зарчмыг хэрэгжүүлнэ” гэж тайлбарлаж болохоор байна.

18.Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно” гэж хоёрдмол утгагүй заасан, хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “И-Ө” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, хэргийн дугаарыг тавьсан байх тул “... уг хэргийг Прокурорын газар хүлээн авч хянан, зөрчлийн хэргийн 2426000390 дугаарыг олгож 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн энэ өдрөөс эхлэн зөрчлийн хэргийн хугацааг тоолно ...” гэх (Тодорхойлох хэсгийн 7.1) хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

19.Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 121/ШШ2024/0025 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/0618 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.БАТСУУРЬ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА

                 ШҮҮГЧИД                                                         Д.БАТБААТАР    

                                                                               Ц.ЦОГТ  

                                                                                       Г.БАНЗРАГЧ