Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01436

 

Х.Э-, А.Э-, Г.У-, И.Г-,

Б.Ц- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

2017 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01378 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1650 дугаар магадлалтай,           

Нэхэмжлэгч Х.Э-, А.Э-, Г.У-, И.Г-, Б.Ц- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургууль, экологийн боловсролын төвд холбогдох,                          

Монгол Улсын Их сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн захирлын А/58 дугаар тушаал, аттестатчиллын түр журам, аттестатчиллын дүн зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э-, Г.У-, Х.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гэрэл, Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэцэг, Б.Энхтайван, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бид МУИС-ийн харьяа тус сургуульд 2007 оноос 2011 онд ажилд орцгоосон, Англи хэл, Нийгмийн ухаан, Монгол хэлний багшийн албан тушаал хашдаг. Манай сургуульд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд МУИС-ийн захирлын А/58 тушаалыг үндэслэн Байгаль эх лицей сургуулийн удирдах зөвлөлийн даргын баталсан түр журмаар багш нарт аттестатчилал явуулж 06 дугаар сарын 10-нд дүнг танилцуулсан. Дүнгээс үзэхэд аттестатчилал бодитой биш, шударга бус явагдсан тул аттестатчиллыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. Үүнд, бидний ажиллаж буй сургууль боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр МУИС-ийн дэргэд байгуулагдсан тусдаа тамга тэмдэг бүхий байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль юм. Багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг, цол авах ажлыг Нийслэлийн боловсролын газар хариуцаж ирсэн. А/58 дугаар тушаал, түүний хавсралтаар баталсан комиссын гишүүдэд болон аттестатчиллын дүн үнэлгээнд тодорхой албан тушаалтнууд нөлөөлсөн, улмаар шударга багш нарыг хоморголон унагасан баримт байгаа нь хүчингүй болгох үндэслэл болно.

МУИС-ийн дотоод журамд заагдсан аттестатчиллын талаарх заалтуудыг үндэслэл болгосон ч эрх бүхий этгээд аттестатчиллын түр журам баталж гаргаагүй. Аттестатчиллын ажлын хэсэг нь багш нарын ажлыг шалгах материалын жагсаалт гаргаж өгсөн хэрнээ түүний дагуу шалгаж үнэлээгүй, багш бүрийг харилцан адилгүй шалгуураар өөр өөр хэлбэрээр, ялгаатай шаардлага тавьж үнэлж, дүгнэсэн ба ил тод, шударга байдлыг хангаж ажиллаагүй, удирдлагын буруу ташаа мэдээлэл, хуурамч, хууль бус бичгүүд үндэслэн дүгнэлт гаргасан. Удирдлагуудын үнэлгээ илт шударга бус, багшийн мэргэжлийн хувьд шууд үнэлгээ өгөх эрх, үүрэггүй этгээдүүд оролцсон, судалгаанд нэг этгээд олон удаа оролцож үнэлсэн. Дээрхээс гадна аттестатчиллын асуулга, явц дүгнэсэн байдлаас үзэхэд мэргэжлийн шалгалтад бүх багш ижил түвшний үнэлгээтэй байхад манай удирдлага “Багшийн ажлын хариуцлага, ёс зүй”-г үнэлж дүгнэхдээ бодлого үйл ажиллагаанд зарчмын асуудал ярьж, болохгүй нь засаж залруулан хамтран ажиллахыг хичээдэг, санал бодлоо илэрхийлдэг багш нараа ялгаварлан гадуурхсан байдлаар хандаж дүнг эрс ялгаатай болгосон. Үүнд захирал Ч.Батцэцэг сонирхлын зөрчилт байдлаар эрх мэдэл албан тушаал, танил талын хүрээгээ ашиглан шууд ба шууд бусаар нөлөөлсөн байж болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн аттестатчиллын комиссын нарийн бичгийн дарга Т.Амартунгалаг тушаал гарч батлагдаагүй сахилгын шийтгэлийг оногдуулж байгаа тухай бидэнд мэдэгдэж байгаа нь ёс зүйгүй, хэт яарч, дарамталсан үйлдэл хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 27-нд нэхэмжлэл гаргасан боловч шийдэгдэхгүй байсаар 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж авах боломжгүй гэх захирамж гардуулсан. Иймд, иргэний хэргийн шүүхэд хугацаа алдан нэхэмжлэл гаргасан тул МУИС-ийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн захирлын A/58 дугаартай тушаал, түүнд уламжлан гаргасан аттестатчиллын түр журам, аттестатчиллын дүн зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

МУИС нь Байгаль эх лицей ахлах сургуулийн сургалтын бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ ажлын хүрээнд МУИС-ийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаар тушаал, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/106 дугаар тушаал, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/58 дугаар тушаалууд батлагдан мөрдөгдөж ирсэн. МУИС-ийн захирлын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/106 дугаар Байгаль эх лицей ахлах сургуулийн талаар авах арга хэмжээг Ч.Батцэцэг, сургалтын албаны дарга Ч.Ундрам нарт үүрэг болгосон ба эдгээрээс ... БЭЛАС-ийн багш нарыг аттестатчлах ажлыг зохион байгуулах, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд МУИС-ийн багш профессоруудыг татан оролцуулах үүрэг өгсөн байдаг. Энэ тушаалын залгамжаар МУИС-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/58 дугаар тушаал гарч Байгаль эх лицей ахлах сургуулийг үндэсний хэмжээний шилдэг ахлах сургууль болгон хөгжүүлэх ажлын хүрээнд тус сургуулийн багш нар тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоож, мэргэжлийн онол арга зүйн мэдлэг, ур чадварын түвшинд шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргах” зорилготой хийгдсэн болно.

Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нарын ажлыг үнэлэх, ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг дүгнэх асуудал нь 2015 оноос хойш үүсгэн байгуулагчийн удирдлагын түвшинд шийдвэрлэгдсэн залгамж чанартай ажиллагаа юм.  Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хуулиар олгосон эрхийн хүрээнд дүгнэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан. МУИС-ийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нарын ажлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны Журам батлах тухай А/293 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журамд заасны дагуу үнэлдэг. Уг журмын “1.3. Багшийн ажлыг үнэлэх үнэлгээ нь түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тооцох, мөн улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно” гэж заасан. Тус сургуулийн багшийн ажлыг энэ журмын шалгуур үзүүлэлтүүдээр улирал бүр үнэлж, гүйцэтгэлийн дүнгээр cap бүр ур чадварын нэмэгдэл /30 хувь/, улирлын мөнгөн урамшуулал /45 хувь/ олгодог. Харин аттестатчлал нь дээрх журмын заалтын дагуу багш нарын ажлын байранд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоож мэргэжлийн арга зүйн мэдлэг, ур чадварын түвшинд шинжилгээ үнэлгээ хийхэд чиглэгдсэн юм. Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т заасан “ажилтны ажил үүргийн гүйцэтгэл, үр дүн, явц, чанар, хөдөлмөрийн болон сахилга хариуцлагын байдалд хяналт тавьж, үнэлэлт өгч, шагнаж урамшуулах, ... арга хэмжээ авах” эрхийн дагуу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан багшийн ёс зүйг сахих, суралцагчдын шинэ мэдлэг эзэмших үйл ажиллагааг удирдах, дэмжих, бие даан ажиллуулах, хүүхэд бүрийн оролцоог хангах, арга, хэрэглэгдэхүүнийг сонгох, үнэлэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн гүйцэтгэж байгаа, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага болох мэргэжил, гадаад хэлээр харилцах, мэдээллийн хэрэгслийн техник ашиглах чадварыг үнэлэхэд чиглэгдсэн юм.

Гомдол гаргасан нэр бүхий багш нарын цалинд ямар нэг өөрчлөлт ороогүй бөгөөд ажлаас халсан буюу сахилгын шийтгэл ногдуулсан тухай Захиргааны шийдвэр огт гараагүй. Байгаль эх лицей ахлах сургуулийн хувьд МУИС-ийг түшиглэн сургалтын үйл ажиллагааг явуулдаг тул их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын явцад оролцож, чадвартай төгсөгчдийг төгсгөж, тэр хэмжээгээр элсэхийг хүсэгчид их байдаг тул сургуульд ажиллаж буй багш нарын мэдлэг чадвар, заах арга зүйг үнэлэх нь зайлшгүй шаардлага бөгөөд цаашид улам боловсронгуй болгон нээлттэй, ил тод явуулах арга замыг сонгон хэрэгжүүлэх нь МУИС-ийн баримтлах бодлогын нэг юм. Байгаль эх лицей ахлах сургуулийн багшийн ажлын үнэлгээний /аттестатчиллын/ түр журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үлгэрчилсэн журмын хүрээнд боловсруулсан ба уг журмыг МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулагдсан аттестатчиллын ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэлэлцэн, ажлын хэсгийн ахлагч, тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга баталсан болно. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11.1-д Удирдах зөвлөл “...холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх...” гэж заасны дагуу Удирдах зөвлөлийн дарга нь баталсан.

Гомдол гаргасан багш нар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр захирал Р.Бат-Эрдэнэтэй уулзаж өөрсдийн гомдлын үндэслэл, шалтгааныг хэлсэн бөгөөд МУИС-ийн захирлын зүгээс дээрх нөхцөл байдлыг бичгээр ирүүлэхийг хүсээд дахин хөндлөнгийн комисс томилуулан ажлыг шалгах болно гэдгийг багш нарт мэдэгдсэн нь уг асуудал эцэслэн шийдэгдээгүй багш нарын эрх ашиг хохирсон, цалинд өөрчлөлт орсон зүйлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9427 дугаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын их сургуулийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургууль, экологийн боловсролын төвийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариуцагч Монгол Улсын Их сургуулийн хариу тайлбарыг дэмжиж, ... БЭЛАС-ийн 15 багшийн ажлыг үнэлэхэд 1 багш “В”, 6 багш “С”, 8 багш “D” үнэлгээ авсан. Нэхэмжлэл гаргаж буй багш нар “D” үнэлгээ авсан 8 багшийн 3 нь юм. Ажлын хэсгийн дүнг МУИС-ийн захиргааны хурлаар хэлэлцэн, гаргасан шийдвэрээ МУИС-ийн цахим сүлжээнд тавьсан /Хавсралт 14/ бөгөөд ажлын хэсгээс /нарийн бичгийн дарга Т.Амартунгалаг/ багш тус бүрийн цахим хаягаар үнэлгээний дүн, МУИС-ийн Захиргааны хурлын шийдвэрийг илгээсэн. Энэхүү шийдвэрээр “В”, “С” үнэлэгдсэн багш нарын цалинг нэмэх, хангалтгүй “D” үнэлгээ авсан 8 багшийн цалингийн нэмэгдлийг бууруулан олгох, даалгавар өгч дахин үнэлэх гэсэн байсан. Гэвч 5 багш МУИС-ийн захиргаанд улмаар Захиргааны хэргийн шүүхэд, тэдгээрээс 3 нь иргэний шүүхэд аттестатчиллын талаар гомдол гаргасан тул МУИС-ийн захирал одоогоор шийдвэр тушаал гаргаагүй байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар “Ажил олгогч ... нь ... ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нарын бичсэнээр сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаал гараагүй тул ажлын хэсгээс /нарийн бичгийн дарга Т.Амартунгалаг/ багш тус бүрийн цахим хаягаар сахилгын шийтгэл бус БЭЛАС-ийн багш нарын ажлын нэгдсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэн гаргасан МУИС-ийн захиргааны хурлын шийдвэрийг илгээсэн байна. Х.Э- нараас МУИС-ийн захирлын А/58 тушаал, багшийн ажлыг үнэлэх түр журам, үнэлгээний дүнг хүчингүй болгуулах шаардлагаар гаргасан нэхэмжлэл бол Иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх харьяаллын маргаан биш бөгөөд Иргэний болон Хөдөлмөрийн хууль, бусад хуульд аттестатчилалтай холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх тухай ямар ч зохицуулалт байхгүй болно. МУИС-ийн удирдлага хөдөлмөрийн гэрээ дэх эрхийнхээ дагуу өөрийн харьяа БЭЛАС-ийн багш нарын ажлыг багшийн ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан ажил үүргийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэхээр гаргасан МУИС-ийн захирлын А/58 тушаал, үнэлгээний түр журам, үнэлгээний дүн нь хууль эрх зүйн актыг зөрчөөгүй болно.

Үнэлгээний ажлын дүнд авах арга хэмжээний талаар МУИС-ийн захирлын тушаал эцэслэн гараагүй байна. Иймээс Х.Э- нарын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах эсхүл холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарган өгнө үү. Нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 07-нд МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн үеэс 6 сарын дараа Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01378 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д зааснаар нэхэмжлэгч А.Э-, Х.Э-, Б.Ц-, Г.У-, И.Г- нарын Монгол Улсын их сургууль, Байгаль эх лицей ахлах сургууль нарт холбогдуулан гаргасан Монгол Улсын их сургуулийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн захирлын А/58 дугаар тушаал, аттестатчиллын түр журам, аттестатчиллын дүн зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1650 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Э-, А.Э-, Б.Ц-, Г.У-, И.Г- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч нарын 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Мөн шүүх хариуцагч нар нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тэдний хууль ёсны эрх ашгийг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй.

...МУИС-ийн захиргааны зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрээр D үнэлгээ авсан багш нарын ур чадварын нэмэгдлийн 20 хувийг хасаж, сургуулийн захиргаанаас 6 сарын хугацаатай үүрэг даалгавар өгч дахин аттестатчилалд оруулахаар шийдвэрлэснийг МУИС-ийн цахим сүлжээнд нийтэлсэн байдаг. Энэхүү шийдвэрээ нэхэмжлэгч нэг бүрт мэйлээр илгээхдээ “... дахин аттестатчилалд орохгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж мэдэгдсэн. Шүүх ажил олгогчийн тайлбарласанчлан нэхэмжлэгч нарын ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, ажлын байранд өөрчлөлт ороогүй байгааг нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тэдний хууль ёсны эрх ашгийг хохироосон нөхцөл тогтоогдохгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар ямар нэгэн байдлаар цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулсан, ажлаас үндэслэлгүй халсан гэх гомдлыг гаргаагүй билээ.

...МУИС-ийн захиралд Байгаль-эх лицей ахлах сургуулийн багш нарыг аттестатчилалд хамруулах, түр журмыг боловсруулах эрх хэмжээ байхгүй. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22-т “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролыг байгууллагын багш, ажилтныг үнэлэх, дүгнэх...журмыг батлах... бүрэн эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эдлэхээр зохицуулсан болохоос МУИС-ийн захиралд энэхүү эрхийг эдлүүлэхээр зохицуулаагүй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 184 дүгээр тушаалаар батлагдсан “Их сургууль, дээд сургуулийн харьяа сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.6-д “Их сургууль, дээд сургууль нь удирдах зөвлөл дэх төлөөллөөрөө дамжуулан харьяа сургуулиа арга зүйн удирдлагаар хангаж ажиллана” гэж зааснаас биш МУИС-ийн захирлыг А/58 дугаар тушаал гаргаж, аттестатчиллыг зохион байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон удирдамжийг батлан “Байгаль-эх лицей” ахлах сургуулийн үйл ажиллагаанд оролцоно гэж огт заагаагүй байна.

МУИС-ийн харьяа Байгаль-эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн дүрмийн 3.1.3-т “МУИС нь БЭЛАС, ЭБТ-ийн сургалтын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, материаллаг баазыг бэхжүүлэхэд туслах ба үйл ажиллагаанд нь хяналт тавина” гэж зааснаар МУИС-ийн захирал “Байгаль-эх лицей“ ахлах сургуулийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй байдаг. Байгаль-эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн дүрмийн 3.1.5, 3.1.6, 3.1.7-д тус тус зааснаар багш нарыг үнэлэх, дүгнэх ажлыг БЭЛАС-ийн өөрийнх удирдлагын үндсэн нэгж хэрэгжүүлэхээр заасан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн БСШУ-ны яамны 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2/5857 дугаар албан бичгээр “МУИС-ийн дэргэдэх Байгаль-эх лицей ахлах сургуулийн багш нарын ажлыг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны журам батлах тухай А/293 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журамд заасны дагуу үнэлж түүнд заасны дагуу хариуцлага тооцон хэрэгжүүлж ажиллах ёстой гэж МУИС-ийн захиралд зөрчлийг арилгуулах талаар үүрэг болгосон нь МУИС-ийн захирлыг ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг аттестатчилалд хамруулах, түр журмыг боловсруулах эрх хэмжээ байхгүй болохыг нотолдог. Байгал-эх лицей ахлах сургууль нь тусгай зөвшөөрөлтэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, бие даасан хуулийн этгээдийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг Боловсролын тухай хууль болон Байгаль-эх лицей ахлах сургуулийн дүрмийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн стандарт хичээлийг заадаг бусад бүх ерөнхий боловсролын сургуультай адил түвшинд боловсрол олгодог ЕБС болно. Харин МУИС-ийн харьяанд байдаг бүрэлдэхүүн сургууль, харьяа лицей сургууль бол 2 өөр сургууль юм. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагаа бол МУИС-ийн нийтлэг дүрэм журмаар зохицуулагддаг. Харин БЭЛАС сургууль дээр гүнзгий болон стандарт гэсэн 2 хөтөлбөр хэрэгждэг бөгөөд нэхэмжлэгч багш нар бид ажлын байрны тодорхойлолтын дагуу стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ЕБС-ийн багш нар юм. Энэхүү хэсэгт дурдагдаж буй асуудалд хариуцагч нар огт маргадаггүй болно.

МУИС-ийн “Байгаль-эх лицей” ахлах сургуулийн багшийн ажлын үнэлгээний /аттестатчиллын/ түр журам нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй.

...Хэрвээ Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/293 дугаар тушаалаар дүгнэгдсэн бол нэхэмжлэгч багш нарын шударгаар үнэлүүлэх эрх нь зөрчигдөхгүй, улмаар нэхэмжлэгч багш нар уг шалгалтанд D буюу хангалтгүй үнэлгээ авахгүй байсан бөгөөд анх ажилд орохдоо ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүгд хангаж орсон багш нар болно.

Байгаль-эх лицей ахлах сургуулийн багшийн ажлын үнэлгээний /аттестагчилсан/ түр журам нь дээрх байдлаар үндэслэлгүй, түүнчлэн шалгалтын агуулга, шалгалтын материалыг хэн батлах, хэн, хэрхэн боловсруулах, хэн дүгнэх, дүгнэх этгээдийг хэн сонгох зэрэг асуудлыг зохицуулаагүйгээс аттестатчлал нь үнэн зөв, шударга, бодитой, ил тод сонирхлын зөрчил, субьектив нөлөөллөөс ангид байдлаар зохион байгуулагдаагүй улмаар А/293 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын 2 дугаар зүйлд заасан багшийн ажлыг үнэлэхэд баримтлах зарчмыг бүхэлд нь зөрчсөн. ...Түр журамд шалгалтанд хамрагдаагүй хүний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалт огт тусгаагүй атлаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээлээ заагаагүй А.Э- багшийн сургалт арга зүйн шалгалтын дидактик сурганы оноог “0” гэж үнэлсэн мөртлөө яг адилхан хичээлээ заагаагүй багш О.Орхонбаатарын гомдлоор ажлын хэсэг хуралдаад комисст байхгүй, өөрийнх нь санал болгосон Д.Оюун-Эрдэнэ багшийг дахин хичээлд нь суулгахаар шийдвэрлэдэг. Түр журмын 3.3 дахь заалтаар багшийн ёс зүй, ажлын хариуцлагын талаар суралцагч, эцэг эх, хамт олноос авсан санал асуулгыг багшийн ажлын байрны тодорхойлолт заавал шаардагдах ур чадвар, ЕБС-ийн багшийн ёс зүйн дүрмийн үзүүлэлтээс сонгож нууц санал асуулгын дүнгээр комисс үнэлнэ гэж зааснаа ч зөрчин комисс үнэлээгүй удирдлага гэх БАЛЭС-ийн захирал Ч.Батцэцэг, нийгмийн ажилтан Д.Оюунгэрэл, сургалтын менежерийг түр орлогч биологийн багш З.Батсайхан үнэлсэн. Оролцогч талын үнэлгээ нийт 20 онооны /XXI16/ 10 оноо нь хамт олон бие биенийгээ үнэлж өгсөн, 10 оноо нь сурагчид багш нарыгаа үнэлсэн байдаг. Гэвч бие биенийгээ мэдэхгүй шинэ багш нар үнэлсэн. Хичээл огт зааж байгаагүй багш нарыгаа сурагчид нь үнэлсэн зэргээс үнэлгээ бодитой болоогүй. Уг судалгаанууд түр журмын 3.3 дахь заалтаар багшийн ёс зүй, ажлын хариуцлагын талаар суралцагч, эцэг эх, хамт олноос авсан санал асуулгыг багшийн ажлын байрны тодорхойлолт, заавал шаардагдах ур чадвар, ЕБС-ийн багшийн ёс зүйн дүрмийн үзүүлэлтээс сонгож нууц санал асуулгын дүнгээр комисс үнэлнэ гэж заасныг багш, сурагчдаар нэр ангийг нь бичүүлж авч зөрчсөн. Санал асуулгыг аттестатчиллын комиссын төлөөлөлгүй, дадлагын оюутнуудад хариуцуулсан, багш болон сурагчдын саналыг битүүмжлээгүй.

...Эрх бүхий биш этгээд болох МУИС-ын захирлын гаргасан тушаалыг үндэслэн, холбогдох Боловсролын тухай хууль болон Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны журам батлах тухай А/293 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журамд нийцээгүй “түр” гэх тодотголтой журмын дагуу аттестатчлалыг шударгаар, бодитой, сонирхлын зөрчил, сүбьектив нөлөөллөөс ангид байдлаар зохион байгуулаагүй ажил олгогчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч багш нар хангалтгүй үнэлэгдэж, сахилгын зөрчил гаргасан гэж тогтоогдон, эрх ашиг нь зөрчигдөж буй нөхцөлийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Монгол Улсын Их Сургууль, тус сургуулийн дэргэдэх Байгаль эх лицей ахлах сургууль, экологийн боловсролын төвд холбогдуулан МУИС-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А\58 дугаар тушаал, аттестатчиллын түр журам, аттестатчиллын дүн зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төв нь МУИС-ийн харьяа сургууль мөн бөгөөд уг сургууль, төвийн дүрэмд зааснаар МУИС нь ахлах сургуулийн зохион байгуулалт, удирдлагын бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн харилцааны хэм хэмжээг зохицуулах эрхтэй байна.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8., 28.1.22.-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам батлах, боловсролын стандарт, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийг аттестатчилах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах бүрэн эрхтэй байхаар заасан нь МУИС-иас өөрийн бүтцийн нэгж харьяа сургуулийн багш нарын аттестатчилах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх МУИС-иас өөрийн харьяа сургуулийн багш нарын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоосон байдлыг ажилтны эрхийг зөрчсөн үйл ажиллагаа гэж үзээгүй, нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх хөндөгдөөгүй учир эрх сэргээлгэх үндэслэл үүсээгүй гэж дүгнэжээ. Хоёр шатны шүүхийн уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэжээ.

Харин ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоосон үнэлгээний буюу эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдахгүй асуудлын талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж,  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01378 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1650 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ  

        ШҮҮГЧ                                                            Ц.АМАРСАЙХАН