| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00778/И |
| Дугаар | 212/МА2025/00012 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 212/МА2025/00012
Т.А-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Т, шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00912 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *****************оршин суух, Ш овогт Т.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч *********************** багт оршин суух, Б овогт А-Мд холбогдох,
“Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүй авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч А.М, орчуулагч А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие Т.А нь Т.А2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан.
1.2.Бид хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Дг хадам аав М.Т, хадам ээж А.М нарт үрчлүүлсэн.
1.3.Би нөхөр Т.Асылбектэй хоорондоо таарамж муутай байсан учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00926 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтээ цуцалж, хүү А.Д, охин А.С нарыг миний асрамжид үлдээж, эцэг нь Т.А-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Тэрнээс хойш Т.А, бид нар тусдаа амьдарч байна. Тухайн үед охин А.Д-г өвөөгөөр овоглож байсан боловч миний асрамжид үлдсэн ба тэрнээс хойш одоо хүртэл миний асрамжид, надтай хамт амьдарч байна.
1.4.Хадам аав М.Т нь 2021 оны 11 дүгээр сард нас барсан ба хадам ээж А.М нь охин А.Д-д 2021 оны 12 дугаар сард тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож мөнгийг одоо хүртэл авч ашиглаж байгаа юм байна. Би үүнийг тухайн үед мэдээгүй байсан бөгөөд 2022 онд хадам ээж А.М намайг дуудаад 5,0 сая төгрөг өгч мөнгийг би авч байя, чамд дараа нь өгч байна гэж хэлсэн. Гэхдээ тэрнээс хойш надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. А.М нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосноос хойш 45 дахь сардаа тасралтгүй тэтгэврийн мөнгө авч ашиглаж байна.
1.5.Би анх А.Д-г үрчлүүлэх үед албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй, ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурж байгаагүй. А.Д нь одоо хүртэл миний асрамжид байж, надтай хамт амьдарч байгаа ба түнхний ясны мултралтай, байнгын асаргаа шаардлагатай, А.Мг огт танихгүй, тэр хүнтэй нэг ч хоног хамт амьдарч байгаагүй. А.М нь миний охин А.Д-г нэг ч хоног асран хамгаалаагүй, өсгөн хүмүүжүүлээгүй атлаа тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь авч ашиглаж байгаад гомдолтой байна. Үүнтэй холбоотойгоор би үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, А.Мн 2021 оны 12 дугаар сараас хойш авсан тэтгэврийн мөнгийг гаргуулан авахыг хүсэж байна.
1.6.Иймд миний хүсэлтийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж охин А.Д-гийн М.Т, А.М нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, А.Мн 2021 оны 12 дугаар сараас хойш авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл мөнгийг надад буцаан олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.Мн хариу тайлбар, татгалзал:
2.1.Миний бие А.М Ногооннуур сумын 6 дугаар багт амьдардаг. Би бэр болох Т.Аийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү болох А болон бэр Т.А нар надаас болж салаагүй. Би бэрдээ болон ач нартаа нэг ч үг хэлдэггүй. Гэр бүл дотор ямар нэгэн зодоон, хүчирхийлэл гардаггүй, зөвхөн нөхөр нь хааяа архи уудаг байсан. Үүнээс болж надад ч мэдэгдээгүй бэр маань салсан байсан.
2.2. Миний бие бэрдээ удаа дараа гэртээ буцаж ирэхийг гуйсан. Бэр маань одоо ч хүрээд ирвэл миний бие хүлээн авахад бэлэн байна. Би бэрээ гэрээс гуйгаагүй.
2.3.Д хувьд хүү А, бэр А нар өөрсдөө зөвшөөрсний үндсэн дээр өргөдлөө бичиж сайн дурын зөвшөөрлийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 тоот захирамжаар хуулийн дагуу нөхөр бид хоёр үрчилж авсан. Мөн Д-г төрсөн цагаас эхлэн миний бие өөрөө асарч өсгөсөн. Охин Д-г бэр Ад өгөөгүй, өөрөө явахдаа бусад 2 хүүхдийн хамт авч явсан байна. Хүүхдүүдийг нааш нь явуулчих, би ач нарыгаа санаж байна гэхэд хүүхдүүдийг явуулахгүй байгаадаа би их гомддог. Д-ийн хувьд миний бие хууль ёсны эцэг эх нь мөн. Би бэрдээ Дг авч яв гэж хэлээгүй, өгөөгүй. Гэрт байсан хүүхдийг өөрөө миний зөвшөөрөлгүйгээр дагуулж явчхаад, буцаж гэрт явуулахгүй байна.
2.4.Охин Дд нөхөр маань нас барсны дараа тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон. Тэр үеэс эхлэн миний бие өөрөө авч байгаа. 2022 онд (Д-гийн) өөрийн нэр дээр байгаа тэжээгчээ алдсаны тэтгэврийг зээлээр урьдчилан бичүүлэн авч Д-д хэрэглээрэй гэж бэрдээ 5,000,000 төгрөг өгсөн. Түүний дараа охиноо нааш нь явуулчих, би өөрөө асаръя гэсэн боловч миний охиныг явуулахгүй байна.
2.5.Одоо Т.А 3 хүүхдийн мөнгө болон хүү А-ийн тахир дутуугийн группийн мөнгийг сар бүр авч байгаа. Т.А-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг гаргах өгөх боломж, бололцоо үнэхээр байхгүй. Өнгөрсөн жил авсан зээлээр хүүхдээ мотоцикл авч өгсөн. Энэ жилийн авсан зээлээр гэртээ засвар хийсэн. Байшиндаа хийсэн засварыг очоод үзэж болно. Хүү маань архинаас гарч засагдаж, бэр болон ач нар маань очоод амьдарна гэвэл би дуртайяа хүлээж авна, тэд нарын төлөө байшиндаа засвар хийсэн. Одоо би үхвэл тэр байшин ач нарт үлдээнэ. Харин хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгож, Т.А-ийн нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2024/00898 дугаар шийдвэрээр:
3.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А овогтой Д өвөг эцэг М овогтой Т, эмэг эх А овогтой М нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч А.М-аас үндэслэлгүй олгогдсон тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар охин Д-г төрүүлсэн эх нь Т.А-ийн асрамжид шилжүүлж,
3.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч А.М-гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэж үзээгүй.
4.2. Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч А.М-гийн ярсан зүйлийг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бүрэн тусгаж бичээгүй юм.
4.3. Хариуцагч А.М нь анхан шатны шүүх хуралдаанд А.Д-гийн тэжээгчээ алдсан тэтгэврийн 2023, 2024 оны мөнгийг зээлээр авч өөрөө хэрэглэсэн гэж ярьсан байхад анхан шатны шүүх дүгнэж үзээгүй, энэ ярьсан байдлыг шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт тусгаагүй, бичээгүй орхигдуулсанд гомдолтой байна.
4.4. Бага насны хүүхэд болох А.Д-гийн эрх ашиг нь зөрчигдсөн ба хариуцагч А. М нь 2023,2024 оны А.Д-гийн тэжээгч алдсан тэтгэмжийг зээлээр авч хэрэглэсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн үгээр тогтоогдсон боловч анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг буруу шийдсэн. А.Д-гийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн мөгийн аараа нь буцааж өгнө гэж А. М өөрөө шүүх хурал дээр хэлсэн, одоо тэтгэмжийг өгөх боломж байхгүй, А. Д-гийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн мөнгийг зээлдээд авсан 2 жилийн хугацаатай гэж А.М хэлсэн байхад шүүхийн шийдвэр дээр тусгаагүй байна. А.М-гийн хэлсэн үг шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа шалгаж үзнэ үү.
4.5. Т.А би өрх толгойлсон ажилгүй, эмэгтэй 3 хүүхдээ асарч, хамгаалж, байгаа 2 хүүхэд хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй асаргаа, шаарддаг хүүхдүүд юм. А.Д-д олгогдох тэжээгч алдсан тэтгэмжийн мөнгө хэдэн төгрөгөөр тогтоогдсоныг мэдэхгүй. Тийм учраас миний амьдралын байдлыг харгалзан үзэж А.Д-ийн тэжээгч алдсан тэтгэмжийг өөрт нь тогтоолгож өгнө үү.
4.6. Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130\ШШ2024\00912 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүх M.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.М-д холбогдох Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүй авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн явуулах нь мөн зарчмыг хангах үндсэн нөхцөл болно. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангахгүйгээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй нөхцөл шалтгаан болсон байна.
8. Нэхэмжлэгч M.А нь хариуцагч А.М-д холбогдуулан Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүй авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслээ “…Би 2013 онд Т.А-тэй гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин А.Д-г хадам аав М.Т, хадам ээж А.М нарт үрчлүүлсэн. Нөхөр Т.А-тэй хоорондоо таарамж муутай байсан учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ба шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээсэн. Охин Д өвөөгөөр овоглож байсан боловч миний асрамжид үлдсэн ба одоо хүртэл надтай хамт байгаа. Хадам аав М.Т 2021 онд нас барсан ба хадам ээж А.М нь Д-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож мөнгийг өөрөө ашиглаж байгаа. 2022 онд А.М намайг дуудаад 5,000,000 төгрөг өгч тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Охин Д нь миний асрамжид байж, надтай хамт амьдарч байгаа. Үрчлэн авагч А.М нь миний охин А.Д-г нэг ч хоног асран хамгаалаагүй, өсгөн хүмүүжүүлээгүй мөртлөө тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь авч ашиглаж байгаад гомдолтой байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож А.Мн 2021 оны 12 дугаар сараас хойш авсан тэтгэврийн мөнгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.
9. Хариуцагч А.М нь “Хүү А, бэр А нар өөрсдөө зөвшөөрсний үндсэн дээр 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Д-г нөхөр бид хоёр үрчилж авсан. Д-г би өөрөө асарч өсгөсөн. А гэрлэлтээ цуцлуулж явах үедээ хоёр хүүхдийн хамт авч явсан. Хүүхдийг миний зөвшөөрөлгүй аваад явчхаад буцааж явуулахгүй байна. Нөхөр нас барсны дараа Д-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон бөгөөд түүнийг миний бие авч байгаа. 2022 онд тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгөнөөс Д-д хэрэглээрэй гэж Ад өгч байсан. Ас, А нарын гэр бүл салалтад би буруугүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А овогтой Д-г өвөг эцэг М овогтой Т, эмэг эх А овогтой М нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч А.М-гаас үндэслэлгүй олгогдсон тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай захирамжаар А. Д-г М.Т, А.М нарт үрчлүүлсэн байх ба 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үрчилсний бүртгэл хийгдэж Т-ын Д болгон төрсний гэрчилгээ олгосон болох нь тогтоогджээ.
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нас барсны лавлагаагаар үрчлэн авагч И овгийн М Т нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь тогтоогджээ.
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор охин Т.Д нь төрүүлсэн эх Т.А-ийн хамт амьдарч байгаа болох нь, мөн Өлгий сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор Т овогтой Д нь 2024-2025 оны хичээлийн жилд тус сургуулийн 5б ангид суралцаж байгаа болох нь тус тус тогтоогдсон байна.
-Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 503 дугаартай албан бичиг болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар А.М нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Т овогтой Д-д 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тогтоолгож авч байгаа болох нь, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэрт нийт 23,188,709 төгрөг олгосон болох нь тогтоогджээ.
-Төрийн банк болон ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас ирүүлсэн хариуцагч А.М-гийн харилцах дансны хуулгаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх харьцсан данс, орлого зарлагын хөдөлгөөн, дансны үлдэгдэл, гүйлгээнүүдийн утга зэрэг нь тогтоогджээ.
-Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00926 дугаартай шийдвэрээр Тилеужаны Асылбек, Т-ын А нарын гэрлэлтийг цуцалж, тэдний хүүхдүүд болох А.Д, А.С нарын Т.А-ийн асрамжид үлдээж, Т.Д нь бусдад үрчлэгдсэн үндэслэлээр Т.А-ийн Т.Д асрамжийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогджээ.
12. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд, шүүх “…хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар Д төрүүлсэн эцэг, эх болох Т.А, Т.А нар 2021 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш Т.Д нь төрүүлсэн эх нь болох Т.А-ийн хамт амьдарч байгаа болох нь тогтоогдож байна. Дээрх байдлаас үзэхэд А.М нь хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй байх ба үрчлэн авагчаас үрчлэлтийг хүчингүйд тооцохыг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А овогтой Д өвөг эцэг М овогтой Т, эмэг эх А овогтой М нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, охин Д-г төрүүлсэн эх нь Т.А-ийн асрамжид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэж дүгнэж үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.
13. Охин Т.Д-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
13.1. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 503 дугаартай албан бичиг болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар хариуцагч А.М нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Т овогтой Д-д 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тогтоолгож авч байгаа болох нь, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэрт нийт 23,188,709 төгрөг олгосон болох нь тогтоогджээ.
13.2. Харин анхан шатны шүүх “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д зааснаар , эсхүл өндөр насны .. тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүн болох үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна. Өндөр насны тэтгэвэр авагч М.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өөр нас барсан байх бөгөөд түүний асрамжид байсан 19 насанд хүрээгүй хүүхэд болох Т.Д- д тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах эрх үүссэний дагуу нийгмийн даатгалын байцагчаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоожээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т 14 ба түүнээс доош насны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д олгоно гэж заасны дагуу 14 насанд хүрээгүй Т.Д-гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг түүний эх болох А.М-д олгож ирснийг хууль бус гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч А.М-гаас үндэслэлгүй олгогдсон тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.” гэж дүгнэж нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
15. Тэжээгч алдсаны тэтгэмж нь төрөөс тэжээгчээ алдсан иргэдийн амьжиргааг дэмжих, тэдний нийгмийн хамгааллыг хангах, насанд хүрээгүй хүүхдийн амьжиргааг хангах зорилготой байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар 14 насанд хүрээгүй Т.Д-гийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг түүний эх болох А.М-д олгож байсан хууль зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд охин Т.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төрүүлсэн ээж болох нэхэмжлэгч Т.А-тэй хамт амьдарч байгаа нь тогтоогдсон ба энэ хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт нийт 23,188,709 төгрөгийг хариуцагч А.М авч өөртөө зарцуулж байсан нь болох нь тогтоогджээ.
15. Нэхэмжлэгч Т.А нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэжээгчээ алдсаны тэтгэвэрт хэдэн төгрөг авч байсан мөнгөний хэмжээг тодорхой мэдэхгүй байсан гэж тайлбарлаж давж заалдах шатны шүүх хуралдаанд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 18,000,000 төгрөг нэхэмжилж байна үүнээс 5,000,000 төгрөг авсан тул одоо 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
16. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д зааснаар , эсхүл өндөр насны .. тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүн болох үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна. Нэгэнт энэ тэтгэвэр нь насанд хүрээгүй хүүхдийн амьжиргааг хангах зорилготой ба уг зорилго биелээгүй хариуцагч А.М нь уг мөнгийг мотоцикл авсан мөн өөр юманд зарцуулсан болох нь түүний тайлбараа тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
17. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А овогтой Д-г өвөг эцэг М овогтой Т, эмэг эх А овогтой М нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, хариуцагч А.М-гаас 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ад олгосугай.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг:
“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагч А.М-гаас 293,150 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А-ийн давж заалдах гомдлын хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч Т.А-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.К
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.Т
ШҮҮГЧ Ж.О