| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0212/Э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 214
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогч Ц.Мөнхбат
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Т.Г
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгэс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т.Г, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдаж ирүүлсэн Э овогт Б.Х нарт холбогдох эрүүгийн 1921002 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
1. Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим “Ханан Булаг” баарны гандаа согтуурсан үедээ Ц.Мөнхбатын шанаан тус газар цохиж “эрүү, ясны хугарал” буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим “Ханан Булаг” баарны гандаа согтуурсан үедээ Ц.Мөнхбатын нүүрэн тус газар цохиж “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим “Ханан Булаг” баарны гандаа согтуурсан үедээ Ц.Мөнхбатын шанаан тус газар цохиж “эрүү, ясны хугарал” буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим “Ханан Булаг” баарны гандаа согтуурсан үедээ Ц.Мөнхбатын нүүрэн тус газар цохиж “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 192168 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оын 03 дугаар сарын 18-ны өдөрийн 20 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ханан булаг паб руу найз Эрхэмбаяр, Цогтбаатар, Мөнхбат, Балдан, Х нарын хамт орж архи ууцгаасан. Балдан, Эрхэмбаяр, Мөнхбат гурав 22 цагийн үед гэртээ харилаа гээд явцгаасан. Харин Цогтбаатар, Х бид гурав үргэлжлүүлэн ганц нэг пиво ууж байхад Х Цогтбаатарыг таксинд суулгаж өгнө гээд гарахаар нь араас нь 20 орчим минутын дараа би тамхи татахаар гарахад Х нь Мөнхбат гэх залуутай маргалдаж байсан. Би очиж тэр хоёрыг салгахад Мөнхбат нь миний үгэнд орохгүй хүн рүү дайрч зодох гээд байхаар нь би Мөнхбатыг хоёр удаа цохисон. Тэгээд байж байхад цаанаас цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн. Мөнхбат нь миний үгэнд орохгүй хүн хүнийг зодох гээд байхаар нь цохисон. Учир нь Мөнхбаттай хуучны танилууд болохоор л салгах гэж бас хэдэн үг хэлсэн боловч миний үгэнд ороогүй юм. БиМөнхбатын зүүн нүд рүү нь нэг удаа, зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. Өөр зодож цохиогүй... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”гэх мэдүүлэг/хх-ийн 59-61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өсгөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ханан булаг паб руу найз Эрхэмбаяр, Цогтбаатар, Мөнхбат, Г нарын хамт орж архи ууцгаасан. Тэгээд 22 цагийн орчимд Цогтбаатар ахыг таксинд суулгах гээд гарах гэтэл Цогтбаатар нь Шинэбаяр гэх залуутай таараад “явна явахгүй” гээд маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгаж байхад Мөнхбат араас гарч ирээд надтай маргалдаад барнаас гарсан. Тэгээд маргалдаад байж байхад Мөнхбат миний баруун шанаа руу цохихоор нь би зөрүүлээд Мөнхбатын зүүн хацар орчимд нэг удаа цохисон. Тэр үед Г гарч ирээд бид хоёрыг салгахаар нь би шууд гэртээ харьсан Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Мөнхбат намайг зодох гээд дайраад байхаар нь цохисон. Би Мөнхбатын зүүн хацар орчим нэг удаа цохисон. Өөр зодож цохиогүй..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/
Хохирогч Ц.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед Мөнхбат, Шинэбаяр, Амартүвшин нартай уулзаж Нарлаг дэлгүүрээс 12 шил 0,5 литрийн пиво авч Бунхан толгой дээр очиж уугаад тэндээсээ замаараа найз Цэдэнжавыг авч 20 цагийн үед Ханан булаг паб орж 2 шил 0,75 литрийн Евок нэртэй архи ууж дуусч байхад бид нар дээр Цогтбаатар гэх намхан залуу ирээд Шинэбаяртай гадагшаа гарахад араас би Лхагваа, Цэдэнжав нарын хамт гарахад Ханан булагийн үүдэнд Шинэбаярыг Х нь унагаагаад доороо хийчихсэн зодож байгаа байдалтай харагдахаар нь би очиж салгахад Х нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. ...Г нь мөн гарч ирээд бид хоёрыг салгах гэж байснаа гэнэтхэн Г нь миний зүүн талын эрүү рүү цохихоор нь би газарт унасан. Тэгээд би 1-2 орчим минут газарт хэвтэж байгаад босоод ирэхэд миний эрүү хугарчихсан, мөн миний урд талын доод шүднүүд маань унасан юм шиг байсан. Би босч ирээд “Г чи намайг яасан гэж цохиж байгаа юм бэ, миний шүд хугарчихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед бол Г намайг цохих үед Х нь байхгүй алга болчихсон байсан. ...Намайг Х нь 1 удаа нүүрлүү цохисон. Х цохиход бол надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин Г нь миний эрүү рүү нэг удаа цохисон. Г цохиход л миний эрүү хугарч шүд маань эвгүй болчихсон. Г цохилтын улмаас миний биед учирсан гэмтлүүд үүссэн. Хэрэг болсны дараа миний бие их зовиуртай байсан болохоор 10 сая төгрөг өг гэж нэхэмжилсэн. Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхлээд сардаа ойролцоогоор 4-5 сая төгрөгийн орлоготой. Тэгээд зодуулсны дараа 1 сар гарны хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан учир нэхэмжилсэн, мөнгө төгрөг авах зорилго байгаагүй. Эмчилгээний зардалд 2880000 төгрөг Т.Г өгсөн. Одоо шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Г.Лхагваа мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цогтбаатар ирээд Шинэбаяртай юм ярьж байхад манай найз Цэдэнжав “ахаа та яв” гэхэд “чи муу намайг хөөдөг хэн юм бэ” гээд Цогтбаатар уурлахаар нь Шинэбаяр гэрт нь хүргэж өгнө гээд аваад гарсан. Тэгээд бид нар араас 10 орчим минутын дараа гарахад Шинэбаяр, Цогтбаатар хоёр үүдэнд юм яриж байхад араас нь Х нь орж ирээд маш өндөр дуугаар “Та нар манай ахыг яах гээд байгаа юм бэ” гээд Шинэбаяртай маргалдахад Мөнхбат нь Шинэбаяр, Х хоёрыг салгаж гадагш гаргахад Х нь Мөнхбаттай маргалдаж байснаа шанаа руу нь цохисон. Тэгэхээр нь Мөнхбат цагдаа дуудахад Х зугтах гэхээр нь явуулахгүй гээд хувцаснаас нь зуурч байхад дахин Мөнхбатыг нүүр рүү нь цохихоор нь би салгасан. Тэгтэл араас Г ах гарч ирснээ Мөнхбат, Х хоёрыг салгаж байснаа Мөнхбатын зүүн шанаа руу цохиод Мөнхбат “Ёооё” гээд газар унаад 1-2 минут орчим газар хэвтээд босч ирэхдээ шүд уначихлаа гэж хэлээд босоод ирсэн. Ярихдаа маш эвгүй дуугарч яриад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Г ахыг аваад явж харин би Мөнхбатын хамт эмнэлэг явсан. Тэр зодооны дараа эмнэлэг явах гэж байхад Мөнхбатын эхнэр Намуунаа нь ирчихсэн Г ахтай маргалдаж байсан... Х, Г хоёрт зодуулсан. Өөр хэн нэгэнд зодуулсан зүйл байхгүй. Х нь Мөнхбатын зүүн шанаа руу 2 удаа цохиход ямар нэгэн гэмтэл учраагүй харахад зүгээр байсан. Харин Х, М хоёрыг Г нь салгаж байгаад Мөнхбатын нүүр рүү нэг удаа цохиж дараа нь зүүн шанаа руу нь маш хүчтэй цохиход Мөнхбат газар унаж ёолоод хэвтээд байсан. Г ахад зодуулаад л Мөнхбатын амнаас нь цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Гэрч Д.Цогтбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Г, Х нар нь ирж хоол идэцгээгээд гарч “Ханан” булаг паб орж 2 шил 0,75 литрийн архи, 12 ширхэг 0,5 литрийн пиво авч архи уунь ууж , пиво уух нь пиво авч уусан юм. Тэгээд 22 цагийн үед би гэрээ харихаар шийдээд гарч байхад Шинэбаяр гээд манай хүргэн дүү найз нартайгаа сууж байхаар нь очиж уулзаад бид хоёр гарч юм яриад зогсож байхад Х гарч ирээд намайг дээрэлхээд байна гэж буруу ойлгоод “Та нар миний ахыг яах гээд байгаа юм бэ” гэхээр нь үгүй ээ зүгээр ээ манай хадам дүү юмаа гэж Х ойлгуулахад Шинэбаяр нь ойлгохгүй, Х нь намайг дээрэлхээд байна гэж ойлгоод Х маргалдахад Шинэбаярын найз нар болох Лхагваа, Мөнхбат, Цэдэнжав нар гарч ирээд Х нь Мөнхбаттай маргалдаж эхэлсэн. Тэгэхэд Шинэбаяр нь Х руу дайрч зодолдох гээд байхаар нь би Шинэбаярыг хорьж хэн нэгэнтэй зодолдуулаагүй. Харин тэр үед Х, Мөнхбат хоёр харанхуйд маргалдаад байсан бгөөд хажууд нь Мөнхбатын хоёр найз болох Лхагваа, Цэдэнжав хоёр салгах гээд байсан. Лхагваа, Цэдэнжав хоёр хэн нэгэнтэй маргалдаагүй. Удалгүй би маргаан болоод байгаа газар нь Шинэбаярын хамт очиход Х байхгүй, Г тойроод Мөнхбат найз нар нь болон эхнэр нь Намуунаа, цагдаа нар ирчихсэн байсан. Мөнхбат нь Г руу “чи намайг цохичихлоо ш дээ” гээд амнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Гэрч Б.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны 18 цагийн үед Мөнхбат, Амартүвшин, Лхагваа нартай уулзаж Нарлаг дэлгүүрээс 12 шил 0,5 литрийн пиво авч Бунхан толгой руу очиж пиво ууж дуусгаад тэндээсээ найз Цэдэнжавын гэр рүү очиж Цэдэнжавыг авч Ханан булаг паб руу 20 цагийн үед орж 2 шил Евок нэртэй архи авч тэрийгээ ууж байхад Амартүвшин гэртээ харьж Мөнхбат, Цэдэнжав, Лхагваа нарын хамт ширээндээ сууж байхад манай хүргэн ах болох Цогтбаатар ирж надтай мэндлээд гадагшаа гарая гэхээр нь хамт хоёулаа гадагш гараад байж байхад Х нь гарч ирээд манай ахыг чи яах гээд байгаа юм бэ гэхэд Цогтбаатар ах зүгээрээ, манай дүү гээд Х бид хоёрыг салгаж байхад Мөнхбат гарч ирээд та нар манай найзыг яах гээд байгаа юм гээд Х шууд барьцалдаад авахаар нь би дундуур орж салгах гэтэл Х нь Мөнхбатын шанаа руу цохисон. Тэгээд шууд Мөнхбат цагдаа дуудаад бид нар Ханан булагийн урд гарцгаажХ руу би очиж чи яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ гээд маргалдаж байхад Мөнхбат ирээд Х дахин барьцалдаж зодолдох гэж байхад Х найз Г нь гарч ирээд тэр хоёрыг салгаж байснаа Мөнхбатыг цохиод газар унаад босч ирэхдээ амнаас нь цус гараад шүд уначихлаа гэж хэлээд босч ирсэн. Ярихдаа маш эвгүй дуугарч яриад байсан. Тэгээд удалгүй цагдаа нарирж Г авч явж харин би Мөнхбатын хамт эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Улаанбаатар хот Шүүхийн шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн №3714 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ц.Мөнхбатын-н эрүү ясны хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
Улаанбаатар хот Шүүхийн шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 05 сарын 17-ны өдрийн нэмэлт 657 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ц.Мөнхбат-н эрүү ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой.
5. Ц.Мөнхбатын биед үүссэн эрүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна”. гэх дүгнэлт /хх-ийн 52 53-р хуудас/,
Шүүгдэгч нарын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагааны /хх-ийн 62, 81, 64, 92 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 192108 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим “Ханан Булаг” баарны гандаа согтуурсан үедээ Ц.Мөнхбатын шанаан тус газар цохиж “эрүү, ясны хугарал” буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим “Ханан Булаг” баарны гандаа согтуурсан үедээ Ц.Мөнхбатын нүүрэн тус газар цохиж “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Г, Б.Х нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Мөнхбатын /хх-ийн 13-14, 15-16 дугаар хуудас/, гэрч Д.Лхагваагийн /хх-ийн 26-28, 29 дугаар хуудас/, гэрч Д.Цогтбаатарын /хх-ийн 30-32/, гэрч Б.Шинэбаярын /хх-ийн 33-34/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Улаанбаатар хот Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3714 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/, мөн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 174-ны өдрийн 657 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь хэн аль архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Г нь хохирогч Ц.Мөнхбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.Х нь хохирогч Ц.Мөнхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд шүүгдэгч Т.Г нь эмчилгээний зардалд 2880000 төгрөгийг хохирогчид өгсөн, хохирогч Ц.Мөнхбат нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ц.Мөнхбат нь эмчилгээний зардал болон олох байсан ашиг орлогын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, хор уршгийг тодорхой тооцох боломжгүй байгаа тул хохирогч нь гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолд тусгалаа.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Г, Б.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Т.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Х мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн Т.Г ЧЙ регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Х ЧЖ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т.Г Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э овогт Б.Х мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Б.Х нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Мөнхбат нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Г ЧЙ регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Х ЧЖ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Г, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН