Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 4459

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүл гудамж, Мандал оффист байрлах, “Мандал женерал даатгал” ХХК /РД:5473489/

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Нарлаг таун 23-А байр, 13 тоотод оршин суух, Авга овогт Баасанжавын Санждорж /РД:УС82021118/

Гэрээний үүрэгт 46.317 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Санждорж нь 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мобиком корпорацитай 20181031 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 94017772 дугаар авч ашигласан. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 01-р сар, 2 сарын 01-ний өдөр хүртэл төлбөр нь 30.878 төгрөг болсон. Гэрээний 5 зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 30.878 төгрөг алданги 15.439 төгрөг, нийт 46.317 төгрөг болсон байна. “Мандал женерал даатгал” ХХК нь Мобиком корпораци ХХК-тай төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан.Уг гэрээгээр Мобиком корпорацийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. Мобиком корпораци нь “Мандал женерал даатгал”ХХК-с нөхөн төлбөрт 30.878 төгрөг хүлээн авсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл. 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иймд хариуцагч Б.Санждоржоос 46.317 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Санждоржид холбогдох 46.317 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Санждорж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь хариуцагч Б.Санждоржид холбогдуулан гэрээний үүрэгт 46.317 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Санждорж нь нэхэмжлэлийн шаардлага 46.317 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Санждорж биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нийт 46.317 төгрөгийг хариуцагч Б.Санждорж бүрэн төлж биелүүлснийг баталж,  Б.Санждоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлснийг дурдаж, 2275 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, 2275 төгрөгийг хариуцагч Б.Санждоржоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

 

                                                   

    

 

ШҮҮГЧ                                     Ж.КУЛЬДАНА