| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/04560/И |
| Дугаар | 4473 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 4473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 123 тоотод оршин суух, 1969 онд төрсөн 47 настай, Тангуд овогт Дагвасүмбэрэлийн Одсүрэн /РД-ЦЖ69022701/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Одсүрэн, прокурор Н.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний өвөг эцэг болох Аюушийн Чойсүрэн нь 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Онцгой бүрэн эрхт 17 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47, 48 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн юм. 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дээд шүүхийн цэргийн коллегийн 164 дүгээр магадлалаар цагаатгагдсан юм. Иймд цагаатгалын нөхөн олговрын мөнгө болох 1.000.000 төгрөгийг зээ охин Д.Одсүрэн надад олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Мөнхцэцэгээс гаргасан тайлбартаа: Д.Одсүрэн нь хэлмэгдэгч А.Чойсүрэнгийн зээ охин гэдэг нь нэхэмжлэлд хавсаргагдсан баримт, холбогдох лавлагаа болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул нөхөх олговрыг олгох үндэстэй байна гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Одсүрэн нь хэлмэгдэгч Аюушийн Чойсүрэнд олгох нөхөх олговрыг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Архангай аймгийн Хангай сумын харъяат Аюуш овогтой Чойсүрэн нь улс төрийн хилс хэрэгт баривчилж 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 17 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47, 48 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн хэрэг эрхэлсэн коллегийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 164 тоот тогтоолоор холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж 16806 тоот үнэмлэхийг олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/1125 дугаартай архивын лавлагаа, магадлал, цагаатгалын үнэмлэх гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Одсүрэн нь хэлмэгдэгч Аюуш овогтой Чойсүрэнгийн зээ охин болох нь Үндэсний төв архивын 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1637 тоот архивын магадлагаанд Сүрэнгийн Санжсүрэн эр 37 настай, эхнэр Чойсүрэнгийн Бадам 27 настай, Санжсүрэнгийн Хумбадай эр 10 настай, Санжсүрэнгийн Марууш 6 настай эм гэсэн бүртгэл, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн иргэний баримтын төв архивын 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 17902 дугаартай Должинжавын Давагсүмбэрэл, Санжсүрэнгийн Марууш нарын 1965 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 9263 дугаартай Санжсүрэнгийн Марууш нь Дагвасүмбэрэлийн Одсүрэнгийн эх мөн болохыг тодорхойлсон төрөл садангийн тухай лавлагаа, Дагвасүмбэрэлийн Одсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтуудаар тогтоогджээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Зууны мэдээ” сониноор дамжуулан нийтэд түгээсэн “Зууны мэдээ сонин”-ы 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №65 /5251/ дугаарт нийтлэгдсэн 2016 оны 03 дугаар сарын нэрсээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ач зээ нарын нэрсийн 2 дугаарт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг Дагвасүмбэрэлийн Одсүрэн хэлмэгдэгч Архангай аймгийн Аюушийн Чойсүрэнгийн зээ охин гэсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгчийн нэр бүртгэгдсэн байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар хэлмэгдэгч Аюушийн Чойсүрэнгийн нөхөх олговрыг түүний зээ охин Д.Одсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Аюушийн Чойсүрэнгийн нөхөх олговор 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Баянгол дүүргийн төрийн сангийн хэлтсээс гаргуулж, зээ охин Тангуд овогт Дагвасүмбэрэлийн Одсүрэнд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, прокурор нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА