| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00920/И |
| Дугаар | 212/МА2025/00014 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 212/МА2025/00014
Т.Б-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ө даргалж, шүүгч Д.К, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00998 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч **************** оршин суух М овогт Т.Бийн хүсэлттэй,
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга:
1.1. Хүсэлт гаргагч Т.Б анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд малчнаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
1.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлтийн шаардлагыг дахин тодруулан тодорхойлж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39" нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн болно. Хүсэлт гаргагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Т.Б нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл тус нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй болоод тэрээр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа тул Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан байдлыг тогтоолгохыг зөвлөсөн байна. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.Бийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00998 дугаар шийдвэрээр:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч М овогт Т.Бийн Баян- Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Иргэн Т.Б нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39" нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас олгосон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлийн 70 дугаар дансны 1989, 1991, 1991 онуудын 70-р дансны санхүүгийн баримтаар нотлогдож байна.
3.2. Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлийн 70 дугаар дансны 1989 оны баримтад “Т, К, С, Б /А /” гэж бичигджээ. Энэ архивын баримтад байгаа Т нь Б эцэг, К нь Б-ийн төрүүлсэн эх, С нь төрсөн ах, А нь Бийн төрсөн ах У эхнэр юм.
3.3. Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны баримтад “У, Б " гэж бичигдсэн ба У нь Б төрсөн ах юм. Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлийн 70-р дансны 1992 оны баримтад “Т, М, Б” гэж бичигджээ. Уг баримтад байгаа Т нь Бийн эцэг, М нь Б төрсөн дүү юм.
3.4. Анхан шатны шүүх иргэний хэрэгт зохих журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь нягтлан үзээгүй байгаа явдалд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
3.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00998 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагч Т.Б нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
4. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.
5. Анхан шатны шүүх Т.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
6. Хүсэлт гаргагч Т.Б нь хүсэлтийнхээ үндэслэлийг “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл тус нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй болоод тэрээр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.Бийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэж тайлбарлажээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах боловч энэ нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй гэж хуульчилсан тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах замаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтооход чиглэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан бүхий л боломж, бололцоогоороо явуулах үүрэгтэй.
8. Гэтэл шүүх дээрх хуульд заасан ажиллагааг явуулаагүй буюу “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлийн 70 дугаар дансны 1989 оны баримтад Т, К, С, Б (А) гэж бичигдсэн байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны баримтад У, Б гэж бичигдсэн ба Уап гэдэг нь хэн болох нь тодорхойгүй, мөн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдлийн 70 дугаар дансны 1992 оны баримтад Т, М, Б гэж бичигдсэн ба гүйцэтгэсэн хүн өдөр сараар гэдэгт бичилт хийгдээгүй байна” гэж тухайн баримтуудын эх сурвалжийг нягтлахгүйгээр, архивд үзлэг хийхгүйгээр, бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэхгүйгээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэхдээ энэ журмыг зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
10. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх иргэний хэрэгт зохих журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь нягтлан үзээгүй явдалд гомдолтой. …хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэх давж заалдах гомдол гаргажээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас олгосон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлийн 70 дугаар дансны 1989, 1991 онуудын 70-р дансны санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа гэх боловч дээрх нотлох баримтууд нь эргэлзээтэй, 1991 оны 70-р дансны баримтын нэр засвартай зэргээс үзэхэд гомдолд дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх дээрх баримтуудыг магадлаагүй, архивд үзлэг хийхгүйгээр бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэхгүйгээр нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах журмыг зөрчсөн байдал нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.
Иймд хэргийг дахин шийдвэрлэхээр буцаасан тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Т.Б нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
11. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Т.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00998 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.Ө
ШҮҮГЧ Ж.О
ШҮҮГЧ Д.К