Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 206

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Иргэдийн төлөөлөгч О.Энхбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шинжээч эмч Б.Батдулам

Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ш.М холбогдох эрүүгийн 19210 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны 07 дугаар сарын -ны өдөр төрсөн,  настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Дорнод аймгийн” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, ЖГ регистрийн дугаартай, У овогт Ш.М

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У овогт Ш.М нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Улаан нуурын Шанд” гэх газарт нөхөр С.Шинэбаяртай маргалдан улмаар зүүн гуян тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Улаан нуурын Шанд” гэх газар гэртээ нөхөр С.Шинэбаяртай маргалдан улмаар зүүн гуя тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас эрүүгийн 1928 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нөхөр маань согтуу гэртээ ирсэн. Би  гэртээ хүүхэддээ бантан хийчхээд байж байсан. ...гэтэл охиныгоо “миний охин мөн ч юм уу, биш ч юм уу” гээд байсан. Мөн гэдсэн дэх хүүхэд чинь миний хүүхэд биш... ална гэх зэргээр агсам согтуу тавиад байсан. ...Тэгээд надтай маргалдаад гарт тааралдсан эд зүйлээ над руу шидлээд тогоон доторх усыг татаад асгасан. Тэр үед би охины аваад сууж байгаад гэрээс гарах гэтэл намайг нудраад газарт унагах шиг болсон. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд талийгаач орон дээр хэвтэж байсан. Хэн орон дээр хэвтүүлснийг мэдэхгүй, санахгүй байна. Эмч ч юм уу нэг хүн ирээд нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-148 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинбат мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “ ...би талийгаачийн авга ах нь байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчим ... Ш.М нь миний утасруу залгаж “Шинээ согтуу ирээд агсам тавиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би хутгаар хутгалчихлаа, та намайг ирж ав” гэхээр нь ...Шинээгээс цус гарч байна уу гэхэд гарч байна гэсэн. ...би 15 цагийн орчим эмч аваад очиход аль хэдийн нас барсан байсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Б.Батдулам шүүх хуралдаанд өгсөн: “Шүүгдэгч нь хэрэг болох үед сэтгэцийн онцгой байдал болох сэтгэл цочрох байдалд орсон байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь өөр хоорондоо дэс дараалалтай үүсдэг гэж үзээд дүгнэлтийг гаргасан. Нэгдүгээр үед шатанд бэлтгэл үе  гэж нэрлэдэг. Шүүгдэгчийн мэдүүлгээс “Шинэбаяр согтуу орж ирээд гэдсэн дэх хүүхэд нь миний хүүхэд биш. Охиноо ч миний хүүхэд биш гэж хэлээд ална гээд л агсам тавьж дайрч давшлаад гарт нь таарсан зүйлүүдийг над руу авч шидээд, татаж чангаагаад, цохиод байсан” гэж мэдүүлгээс дүгнэхэд сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсний улмаас сэтгэл цочирч эхэлсэн ба айсан, түгшсэн, уурласан зугтаах гэсэн төрх үйлдлүүдийг гаргасан. Шүүгдэгч нь талийгаачийн доромжлол, үйлдэлд гүнзгий анхаарснаас ухамсрын үйл ажиллагаа нарийсч эхэлсэн. Шүүгдэгчийн мэдүүлгээс “...  Ингээд гэрээс гарах гэтэл гаргахгүй байсан ба яаж хийгээд гарсан шиг санаж байна. Тэгээд талийгаач намайг цохисон би тэр үед газарт унасан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна” гэж мэдүүлсэн нь ухамсрын үйл ажиллагаа нарийссан гэдэг нь мэдэгдэж байна. Энэ үед айдас хүйдэс дээд хэмжээндээ хүрч эмгэг цочролд орсон. Улмаар ухаан бүрийтэн балартаж ойгүйдэлд орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Сэтгэцийн эмгэг цочрол буюу сэтгэц түр саринасан онцгой байдал гэдэг нь хэд хэдэн онцгой байдлууд байдаг. Үүний нэг нь эмгэг цочролын хэлбэр ба тухайн хэрэг гарах үед бий болсон байна. Гэрч А.Мөнхтөрийн мэдүүлгээр “би талийгаачийн гэр рүү орох үед гэрийн баруун талын орон дээр Ш.М охиноо тэврээд хана налсан хагас хэвтсэн байдалтай байсан. Харин талийгаач орны хажууд “чи муу зүгээр байгаарай” гэх зэргээр чанга, чанга дуугараад байсан. Яг юу гэж хэлснийг санахгүй байна. Гэр дотор шалаар дүүрэн ус асгачихсан эмх замбараагүй байдалтай байсан. Би талийгаачид “миний хөгшин болио” гэж хэлэхэд Ш.М надад охиноо тэврүүлээд өөрөө гэрээс гарах гэтэл талийгаач араас нь зулгаахад усан дээр халтираад хамт газарт унасан. Би талийгаачийг татаад босгосон. Тэр үед Ш.М талийгаачийн зүүн гуя руу нь хутгаар хатгасан. Шүүгдэгч Ш.М мэдүүлгээс “... Төрөө гэрт байгаагүй. Төрөө хэзээ манай гэрт ирсэн гэдгийг санахгүй байна. Тухайн үед охин л надтай хамт байсан. Өөр хүн байгаагүй гэж бодож байна. Хүүхэд юу болсон талаар мэднэ. Энэ хэрэг надаас болсон гэдгийг мэдэж байна. Нөхрөө алъя гэж бодоогүй. Хаанаас хутга авснаа ч санахгүй байна. Болдог бол тархиа зүсээд би нөхрөө алъя гэж бодоогүй гэдэг бодлоо харуулмаар байна” гэсэн мэдүүлгээр хоёрдугаар үе шат гэдэг нь харагдаж байна. Төгсгөлийн үе шат буюу гуравдугаар үед: сэтгэл цочирдол сульдалын шинжээр солигдсон болох нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд: шүүгдэгчийн мэдүүлгээс “...тэгээд нэг мэдэхэд талийгаач орны хажууд хэвтэж байсан. Хэн орон дээр хэвтүүлснийг санахгүй байна. Мөн эмч юм уу нэг хүн ирээд нас барсан талаар хэлсэн. Нэг хүн ирээд байхгүй болчихжээ гэж хэлэх шиг болсон. Яг юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд нөхрийг маань амьсгалахгүй байна, байхгүй болсон байна ч гэл үү тэгээд л байх шиг байсан”, гэрч Сайнбаярын мэдүүлгээс “...тухайн үед би Ш.М нь хүмүүстэй ямар нэг юм ярихгүй дуугүй л байгаад байсан” бодит асуумжаас: Төрсөн ээж Оюунцэцэг “...хэрэг болсон өдөр би очиход талийгаачийн дэргэд толгой талд сууж байсан. Хавь орчноо мэдэхгүй юу ч дуугарахгүй, гөлөрсөн байдалтай сууж байсан. Намайг хараад уйлж бахирч бос ч ирэхгүй байсан. Орон дээр гар гэхээр, босгох гэхээр босохгүй, бид өргөөд орон дээр гаргах гэхээр дийлэхгүй  байсан”. Комиссын гишүүд дараах дүгнэлтээр Шагдарын Ш.М нь одоогийн сэтгэцийн хувьд F 43.1 “Дасан зохицохын хямрал, сэтгэцийн хүчтэй дарамтанд хариулах хариу урвал. Гэмтлийн дараах дарамтат эмгэг” хэмээх эмгэгтэй байна... гэж дүгнэсэн гэх мэдүүлэг,

            Насанд хүрээгүй гэрч Ш.Ялгуун мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав согтуу ирээд ээжтэй зодолдоод байдаг юм. Өдөр согтуу ирээд ээжтэй хэрэлдээд халуун савтай цай асгаж барьсан. Намайг харахад гэр дүүрэн цус байсан. ...аавын хөлнөөс цус гарсан, ээж цус гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өчигдөр өдөр охин М нь ах Эрдэнэбаатар руу залгаж “та манайд хүрээд ир нөхөр намайг зодоод байна” гэж ярьсан байсан. ...ингээд бид нар 15 цаг өнгөрч байхад гэрт нь очиход талийгаач нөхөр нь зүүн талын орон дээр хэвтэж байсан. Би харахдаа унтаж байна л гэж харсан. Ш.М толгойн талд нь сууж байсан. Мөн хоёр өөр хүн байсан. Би тухайн үед юу болсон талаар асуугаагүй. ...орой  /цагийг нь мэдэхгүй гэх/ эмч ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/

Гэрч Ш.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүү М маань өнөөдөр буюу 2019 оны 03 сарын 10-ны 14-15 цагийн орчим байх миний 935661 дугаарын утас руу өөрийнхөө 98268414 дугаарын утсаар залгаад ахаа хаана байгаа юм бэ Шинээ охин Ялгуун бид хоёрыг ална хядна гээд байна ирж аваач гэхэд нь би утсаа таслаад өөрөө эмчилгээ хийлгэж байсан тул дүү Мөнгөнтуяа, хүргэн Цэдэндамба болон ээж Оюунцэцэг нарыг Булган сум 2 дугаар баг “Бөлтээхэй хургалж” гэх газарт нутаглах дүү Ш.М гэр рүү явуулсан. ...оройхон хэрд ээж Буянцэцэг надруу залгаад ...Шинэбаярыг нас барсан байна гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч А.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Ариукагийн хамт гагнуур хийж байхад буюу 13 цагийн орчим талийгаач Шинэбаярын 6 настай охин над дээр гүйж ирээд “аав, ээж  хэрэлдээд”  байна гэж хэлээд гүйгээд явсан. Талийгаачийг хэзээ гэртээ ирснийг би мэдээгүй юм. Тэгээд мотороо унтраагаад харахад гэрийн гадаа Ш.М охиноо тэврээд зогсчихсон талийгаач хажууд гэртээ “ гэр рүү ор л доо чи” гээд чангаар хашгирч байсан. Би гэр рүү очихоор алхаж байтал талийгаач нь Ш.М түлхээд унагаж байсан тэгээд Ш.М босоод хүүхдээ тэврээд гэр рүү орсон талийгаач мөн араас нь гэр рүү орсон. Би яваад гэрт нь ороход баруун талын орон дээр Ш.М охиноо тэврээд хана налаад хагас хэвтсэн байдалтай байсан орны хажууд талийгаач зогсоод “чи муу зүгээр байгаарай” гэх зэрэг үг чанга хэлээд чанга чанга дуугараад байсан. Гэрт шалаар нил ус асгасан, тогоо шанага нь газарт эмх замбараагүй байдалтай байсан. Би талийгаачийг мөрнөөс нь татаад “болио миний хөгшин” гэж хэлээд хориод байж байхад Ш.М надад “миний охиныг тэвэрч бай” гээд надад охиноо өгөхөд нь би тэвэрсэн. Ш.М хүүхдээ надад өгчихөөд гарах гэхэд эхнэрийгээ түлхэж унагасан. Мөн дараа нь эхнэр нь гэр дотроос гарах гэтэл араас нь татаж унагаасан, мөн өөрөө усан дээр хальтраад хамт газарт унасан. Би хажуунаас нь нэг гараараа талийгаачийг татаж босгосон. Гэтэл Ш.М нь босоогүй сууж байхдаа талийгаачийн зүүн талын гуя руу хутгаар хатгасан.  Би хутгаа хаанаас авсаныг хараагүй, шууд хутгыг нь булааж авахад хүрэн өнгийн модон иштэй хутга байсныг зүүн урд талын хөндий рүү шидсэн. Талийгаачийн гуянаас тэр дороо их хэмжээний цус гарсан. ...бид нар талийгаачийг орон дээр өргөж хэвтүүлсэн. Ш.М        хажууд нь одоо яахын гээд уйлаад байсан. ...16 цагийн үед эмч ирээд ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Гэрч А.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим талийгаач Шинэбаярынд байсан Төрөө 98268414 дугаарын утаснаас манай 98877466 дугаарын утас руу залгаж “Шинээг Чимгээ хөл рүү нь хутгаар хатгачихлаа” гэхээр нь гайгүй юу яаж байна гэхэд “цус алдаад байна” гэж хэлсэн. Ингээд гэрт нь очиход талийгаач зүүн талын орыг нуруугаараа налаад суучихсан 2 хөлөө урагш нь жийгээд жоохон урагшаа хазайгаад суучихсан байж байсан. Тэрээр ухаангүй шахуу байх шиг байсан ямар нэгэн юм хэлэхгүй хөдөлгөөнгүй царай нь цайчихсан байсан. ...би Чимгээгээс “яачихсан юм бэ чи” гэж асуухад тэр намайг гаднаас оруулж ирээд үсдэж зодсон мөн өшиглөсөн, намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байсан” гэж хэлсэн. ...талийгаачийг болохоо байчихлаа гэж хэлэхэд л гэнэт орилж хашхираад Шинээ босоочээ гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч С.Ариунбилэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ялгуунаа ирээд Төрөө ахаа аав, ээж 2 зодолдоод байна гэж хэлэхэд Төрөө ах босож мотороо унтраагаад гэр рүү явсан. Намайг харахад Шинэбаяр ах Чимгээ эгчийг гэр рүү оруулж байсан. Би хашаанд мотоциклын ачааг боогоод байж байхад Төрөө ах “Ариукаа” гээд хашгираад байхад нь гэр рүү яваад ороход Шинэбаяр ах ор руу налаад арагш хэвтэж байсан. Гуянаас нь их хэмжээний цус гарсан байдалтай Төрөө ах даавуугаар боосон Чимгээ эгч гэр дотор баруун талд гар утас бариад зогсож байсан. Би тухайн үед Чимгээ эгчийг Шинээ ахыг хутгалсан юм байна гэж бодсон. Тэгээд Ялгуунаа уйлаад байхад нь би аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч А.Баярбаясгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13 цагийн орчим шиг санаж байна Төрөө манайх руу залгаж “маарал, хөвөн аваад хүрээд ир” гэж их сандарсан байдалтай хэлэхэд нь би хэлснийг нь аваад очиход Шинэбаярын зүүн гуяыг маарлаар боочихсон гэрийн үүдний хэсэг цус болсон байсан. Мөн намайг очиход Ариука, Төрөө 2 түүний хувцасыг нь тайлаад хөлийг нь боосон байсан. Би охиныг нь аваад гэрт авчирчихаад эгч Алтантуяаг аваад очиход Шинэбаяр ах ухаангүй болсон нүүр ам нь хөхөрсөн байсан. ...Шинэбаярыг нас барчихлаа гэсэн чинь М орилж чарлаад Шинээ босоочээ гээд хашхираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/,

Гэрч С.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чинбат ах манай дугаар руу залгаж Шинэбаярыг М хатгасан гээд байна чи ороод үзээдэх гэхээр нь очиход талийгаач нь зүүн талын орон дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. ...М нь хүмүүстэй ямар нэгэн зүйл яриагүй, дуугүй л байгаад байсан. Эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлэхэд уйлж чарлаад нэг хачин болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

Иргэдийн төлөөлөгч О.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтээ: Шүүгдэгч Ш.Мийг “гэм буруутай байна” гэж дүгнэсэн дүгнэлт,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн №44 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаач С.Шинэбаярын цогцост зүүн гуяны артерийг гэмтээж судас бүрэн тасарсан зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны өөхөн эд, булчингийн цус хуралт, зүүн гуяны артерийн судасны цус алдалт, эрүү, баруун гарын сарвууны зулгаралт, баруун гарын 1-р хурууны эсгэгдэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлийн зүүн гуяны артерийг гэмтээж судас бүрэн тасарсан зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны өөхөн эд, булчингийн цус хуралт, зүүн гуяны артерийн судасны цус алдалт, баруун гарын 1-р хурууны эсгэгдэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, эрүү, баруун гарын сарвууны зулгаралт нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрхи гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсэн байх ба нийлбэр байдлаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтлийн зүүн гуяны артерийг гэмтээж судас бүрэн тасарсан, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны өөхөн эд, булчингийн цус хуралт, зүүн гуяны артерийн судасны цус алдалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрхи гэмтлийн зүүн гуяны артерийг гэмтээж судас бүрэн тасарсан зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны өөхөн эд, булчингийн цус хуралт, зүүн гуяны артерийн судасны цус алдалт нь үхэлд хүргэсэн болно.

5. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явцад үхэлд хүргэх архаг хууч өвчин олдсонгүй.

6. Талийгаач С.Шинэбаяр нь зүүн гуяны артерийг гэмтээж судас бүрэн тасарсан зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас барсан болно.

7. Талийгаач С.Шинэбаяр нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

8. Талийгаач С.Шинэбаяр нь А (II) бүлгийн харьяаллын цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

С.Шинэбаярын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 81-82/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалангийн Ш.Мийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн №192 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “... 2. Дээрх гэмтлийн тархи доргилт хуйханд зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., шинэ гэмтэл болно, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/,

БОЭТ-ийн яаралтай тусламжийн дотрын жижүүр эмчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийсэн анхны үзлэгийн: “...эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр жирэмсэн, сэтгэцийн эмчийн үзлэгээр сэтгэл гутралын хам шинж” гэх тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1809 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 95-97 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Мөнхбатын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1808 дугаартай дүгнэлт /хх-ийн 98 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тэнүүний 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2044 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-103 дугаар хуудас/,

БОЭТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай комиссын дарга ахлах зэрэгтэй эмч Г.Мөнхжаргал, гишүүдэд тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Батболд, ахлах зэрэгтэй эмч Б.Батдулам нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. Шагдарын М нь одоо сэтгэцийн хувьд F 43. 1 “Дасан зохицохын хямрал, сэтгэлийн хүчтэй дарамтанд хариулах хариу урвал. Гэмтлийн дараахи дарамтат эмгэг” хэмээх эмгэгтэй байна.
  2. Сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй байна.
  3. Өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хор уршгийг ухамсарлах, үйлдлийг удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно.
  4. Гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн онцгой байдал болох эмгэг сэтгэл цочирдолд орж сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан буюу сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байна.
  5. Хэрэг хариуцах чадваргүй байна.
  6. Бусдад аюул учруулах боломж байхгүй байна. Шинжилгээний явцад сэтгэцийн байдалд сэтгэл түгшил, сэтгэл гутрал, амиа хорлох бодол, айдас зэрэг шинжүүд илэрч байгаа бөгөөд өөртөө аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /комиссын дарга Г.Мөнхжаргал ахлах зэрэгтэй эмч, гишүүд: Б.Батболд тэргүүлэх зэрэгтэй эмч, Б.Батдулам ахлах зэрэгтэй эмч/ /хх-ийн 106-115 дугаар хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-19 дүгээр хуудас/,

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 155 дугаар хуудас/, Цагдан хорих байранд хоригдож буй Ш.Мийн өдөр тутмын үзлэгийн бүртгэл /хх-ийн 153 дугаар хуудас/, өвчний түүх /хх-ийн 157-168 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 149 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 36-38/, гэрч Ш.Мөнгөнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/, гэрч Б.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1921000000058 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай комиссын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд шүүгдэгч Ш.М нь “...сэтгэцийн хувьд F 43. 1 “Дасан зохицохын хямрал, сэтгэлийн хүчтэй дарамтанд хариулах хариу урвал. Гэмтлийн дараахи дарамтат эмгэг хэмээх эмгэгтэй”, Сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй, Гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн онцгой байдал болох эмгэг сэтгэл цочирдолд орж сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан буюу сэтгэцийн хэвийн байдал алдагдсан, бусдад аюул учруулах боломж байхгүй” гэх дүгнэлт, шинжээч ахлах зэрэгтэй эмч Б.Батдулам гаргасан дүгнэлттэй холбогдуулж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Шүүгдэгч нь хэрэг болох үед сэтгэцийн онцгой байдал болох сэтгэл цочрох байдалд орсон байна гэсэн дүгнэлт гаргасан. ...талийгаачийн үг ...Мийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсний улмаас сэтгэл цочирч эхэлсэн ба айсан, түгшсэн, зугтаах гэсэн төрх үйлдлүүдийг гаргасан. ...шүүгдэгч нь “...талийгаач намайг цохисон би тэр үед газарт унасан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна” гэж мэдүүлсэн нь ухамсрын үйл ажиллагаа нарийссан гэдэг нь мэдэгдэж байна. Энэ үед айдас хүйдэс дээд хэмжээндээ хүрч эмгэг цочролд орсон. Улмаар ухаан бүрийтэн балартаж ойгүйдэлд орсон ...Мт ...цочролын байдал тухайн хэрэг гарах үед бий болсон байна...” гэж дүгнэсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн мэдүүлэгт “...Шинэбаяр согтуу орж ирээд гэдсэн дэх хүүхэд нь миний хүүхэд биш. Охиноо ч миний хүүхэд биш гэж хэлээд ална гээд л агсам тавьж дайрч давшлаад гарт нь таарсан зүйлүүдийг над руу авч шидээд, татаж чангаагаад, намайг цохиод байсан...” гэх мэдүүлэг

Гэрч А.Мөнхтөрийн мэдүүлэгт “...би талийгаачийн гэр рүү орох үед гэрийн баруун талын орон дээр М охиноо тэврээд хана налсан хагас хэвтсэн байдалтай байсан. Харин талийгаач орны хажууд “чи муу зүгээр байгаарай” гэх зэргээр чанга чанга дуугараад байсан. ...гэр дотор шалаар дүүрэн ус асгачихсан эмх замбараагүй байдалтай байсан. ...М надад охиноо тэврүүлээд өөрөө гэрээс гарах гэтэл талийгаач араас нь зулгаагаад цохиод усан дээр халтираад хамт газарт унасан...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Ариунтуяагийн мэдүүлэгт: “...би Чимгээгээс “яачихсан юм бэ чи” гэж асуухад тэр намайг гаднаас оруулж ирээд үсдэж зодсон мөн өшиглөсөн, намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байсан” гэж хэлсэн. Дуугүй л суугаад байсан ...талийгаачийг болохоо байчихлаа гэж хэлэхэд л гэнэт орилж хашхираад Шинээ босоочээ гээд байсан...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлэгт: “... хэрэг болсон өдөр би очиход талийгаачийн дэргэд толгой талд сууж байсан. Хавь орчноо мэдэхгүй юу ч дуугарахгүй, гөлөрсөн байдалтай сууж байсан. Намайг хараад уйлж бахирч бос ч ирэхгүй байсан. Орон дээр гар, босгох гэхээр босохгүй, бид өргөөд орон дээр гаргах гэхээр дийлэхгүй  байсан...” гэх мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан шинжээч эмчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан, сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан, өөртөө хяналт тавих чадваргүй болсон болох нь нотлогдож байх бөгөөд Талийгаачийн зүгээс доромжилсон үг хэллэг хэлсэн, зодож, цохисон хууль бус үйлдэл нь 7 сартай жирэмсэн байсан шүүгдэгч Ш.Мийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдах нь сэтгэцийн өвчин биш бөгөөд хэрэг хариуцах чадваргүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд Дорнод аймгийн Прокурорын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Ш.Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч У овогт Ш.М нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Улаан нуурын Шанд” гэх газарт байх гэрт нь хүч хэрэглэсэн, хүндээр доромжлогдсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас нөхөр С.Шинэбаярын зүүн гуя тус газарт нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ш.М /хх-ийн 141-148 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинбат /хх-ийн 31-33 дугаар хуудас/, шинжээч эмч Б.Батдулам нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ш.Ялгуун /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Б.Оюунцэцэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, гэрч Ш.Эрдэнэбаатар /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч А.Мөнхтөр /хх-ийн 44-46 дугаар хуудас/, гэрч А.Ариунтуяаг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч С.Ариунбилэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч А.Баярбаясгалан /хх-ийн 58-60 дугаар хуудас/, гэрч С.Сайнбаяр /хх-ийн 55-57 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн №44 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/, С.Шинэбаярын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 81-82 дугаар хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалангийн Ш.Мийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн №192 дугаартай дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/, БОЭТ-ийн яаралтай тусламжийн доторын жижүүр эмчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийсэн анхны үзлэгийн: “...эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр жирэмсэн, сэтгэцийн эмчийн үзлэгээр сэтгэл гутралын хам шинж” гэх тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1809 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 95-97 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Мөнхбатын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1808 дугаартай дүгнэлт /хх-ийн 98 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тэнүүний 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2044 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-103 дугаар хуудас/, БОЭТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай комиссын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийн 1-4, 6 дугаар хэсэг /хх-ийн 106-115 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-19 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-23 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 155 дугаар хуудас/, Цагдан хорих байранд хоригдож буй Ш.М-ийн өдөр тутмын үзлэгийн бүртгэл /хх-ийн 153 дугаар хуудас/, өвчний түүх /хх-ийн 157-168 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинбат нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ш.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.М-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “...учруулсан хохирлыг төлсөн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Шүүгдэгч Ш.М нь 1 сартай хүүхэдтэй болох нь шүүгдэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 хэсэгт “...жирэмсэн эмэгтэй, 3 хүртлэх насны хүүхэдтэй эх...”-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Мт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.М-ийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А1 дугаартай арчдас 1 /нэг/ ширхэг, талийгаач С.Шинэбаярын хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн эсгий түрийтэй хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн футболка 1 ширхэг, саарал өнгийн хос оймс, 55х90 см хэмжээтэй хөх цэнхэр өнгийн даавууны тасархай, 55х55 см хэмжээтэй хөх эрээн өнгийн даавууны тасархай, 50х60 см хэмжээтэй хөх эрээн өнгийн даавууны тасархай, 55х55 см хэмжээтэй хөх эрээн өнгийн даавууны тасархай, 55х110х27 см хэмжээтэй хөх цэнхэр өнгийн даавууны тасархай,Ороож хуйлсан цагаан өнгийн маарал, ороож хуйлсан 4 ширхэг цагаан өнгийн ариун цэврийн цаас, 2 ширхэг хутгыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖГ--2 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас шүүгдэгч Ш.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй. 

2.  Шүүгдэгч У овогт Ш.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-т 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Ш.М-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А1 дугаартай арчдас 1 /нэг/ ширхэг, талийгаач С.Шинэбаярын хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн эсгий түрийтэй хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн футболка 1 ширхэг, саарал өнгийн хос оймс, 55х90 см хэмжээтэй хөх цэнхэр өнгийн даавууны тасархай, 55х55 см хэмжээтэй хөх эрээн өнгийн даавууны тасархай, 50х60 см хэмжээтэй хөх эрээн өнгийн даавууны тасархай, 55х55 см хэмжээтэй хөх эрээн өнгийн даавууны тасархай, 55х110х27 см хэмжээтэй хөх цэнхэр өнгийн даавууны тасархай,Ороож хуйлсан цагаан өнгийн маарал, ороож хуйлсан 4 ширхэг цагаан өнгийн ариун цэврийн цаас, 2 ширхэг хутгыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М-ийн ЖГ- тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                                                            ДАРГАЛАГЧ                        Б.БАТСАЙХАН

                                                            ШҮҮГЧИД                            Л.БАТЖАРГАЛ

                                                                                                         Д.ГАНЗОРИГ