| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06054/И |
| Дугаар | 4474 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 4474
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 хороолол, Энхтайваны өргөн чөлөө 57 хаягт байрлах, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны зам, Улаанбаатар төмөр замын ХҮҮТөвийн 3 тоотод байрлах, “Мөнгөн Хөдөлгүүр” ХХК /РД:5070716/
Татварын өр төлбөрт 140.650.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
5070716 тоот регистрийн дугаартай “Мөнгөн хөдөлгүүр” ХХК нь “Төмөр замын зүтгүүр ба хөдлөх эд анги үйлдвэрлэл моторт тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, моторт тээврийн хэрэгслийн худалдаа” чиглэлээр 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус татварын хэлтэст бүртгүүлсэн.
“Мөнгөн хөдөлгүүр ”ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 1.065.000 төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 75.841.345 төгрөгийн, аж ахуйн нэгжийн албан татвар 63.744.096 төгрөгийн, нийт 140.650.442 төгрөгийг төлөөгүй, Татварын албаны шаардлагыг биелүүлээгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.1 дэхь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1.4 дэхь заалт “татварын хууль, тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн тул “Мөнгөн хөдөлгүүр” ХХК-иас 140.650.442 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Тус компанид Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Үүнд: 2015 оны 3 дугаар сарын 27-нд 2403150327001 тоот мэдэгдэх хуудсыг гардуулж, 2015 оны 04 дүгээр сарын 22-нд Голомт банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан болно гэжээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Мөнгөн хөдөлгүүр” ХХК-иас Татварын өр төлбөрт 140.650.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Мөнгөн хөдөлгүүр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Мөнгөн хөдөлгүүр” ХХК-д татварын өр төлбөрт 140.650.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Мөнгөн хөдөлгүүр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 140.650.442 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Мөнгөн хөдөлгүүр” ХХК биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 140.650.442 төгрөгийг хариуцагч “Мөнгөн хөдөлгүүр” ХХК биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч “Мөнгөн хөдөлгүүр” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 430.601 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА