| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05886/И |
| Дугаар | 4486 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 4486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 63/2 байр, 1 тоотод оршин суух, Очирваань овогт Тогтохсүрэнгийн Оюунцэцэг /РД:ЧЛ61040589/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Оюунцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Оюунцэцэг нь 1985 онд Анагаах Ухааны дээд сургуулийг төгсөж яамны томилолтоор 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Уушигны сүрьеэ өвчнийг эмчлэх больницид хүний их эмчээр орж ажилласан. Уушигны сүрьеэг эмчлэх больницид хүний их эмчээр 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь 144093 тоот хөдөлмөрийн дэвтэрт бичээстэй байгаа боловч тамганы ард Оюунцэцэг нэр байгаа боловч овоггүй бичигдсэн байсан. Иймд Т.Оюунцэцэгийг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Уушигны сүрьеэг эмчлэх больницид хүний их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Оюунцэцэг нь улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Т.Оюунцэцэг нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Уушигны сүрьеэ өвчнийг эмчлэх больницид хүний их эмчээр ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар,
1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Анагаах Ухааны дээд сургуулийн боловсон хүчнээс Тогтохсүрэнгийн Оюунцэцэгт нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт Уушигны сүрьеэг эмчлэх больницийн даргын 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 70 тоот тушаалаар “1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Уушигны сүрьеэг эмчлэх больницид их эмчээр авч ажиллуулав” гэсэн бичилт,
1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 70 тоот тушаалаар “1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Уушигны сүрьеэг эмчлэх больницийн их эмчийн ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Уушигны сүрьеэ өвчнийг эмчлэх больницийн даргын 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 32 тоот тушаал зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Мөн Т.Оюунцэцэгтэй Уушигны сүрьеэ өвчнийг эмчлэх больницид хамт ажиллаж байсан гэрч Ч.Энэбишийн “Би 1979 онд Анагаах Ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид орсон. Тэр үеэс эхлэн Т.Оюунцэцэгийг таних бөгөөд бид нэг курсийн оюутнууд байсан. Бид 1985 онд Анагаах Ухааны дээд сургуулийг төгсөөд нэг эмнэлэгт хувиарлагдаж ажилласан. Би Улаанбаатар хотын Уушигны сүрьеэг эмчлэх больницид Эмэгтэйчүүдийн тасагт их эмчээр, Т.Оюунцэцэг нь Менингитийн тасагт эмчлэгч их эмчээр тус тус хувиарлагдан хамтдаа ажиллаж байсан. Би 1991 оны 03 дугаар сараас Ардын эмнэлгийн клиникт их эмчээр шилжин ажиллах хүртэл Т.Оюунцэцэгтэй хамт ажиллаж байсан. Намайг 1991 оны 03 дугаар сард шилжин ажиллахад Т.Оюунцэцэг нь Уушигны сүрьеэг эмчлэх больницод их эмчээр ажиллаад үлдсэн. Т.Оюунцэцэг нь ажилдаа хариуцлагатай нэр хүндтэй эмч байсан. Тухайн үед Т.Оюунцэцэг нь 5 жилийн гавшгайч, хүндэт самбарт тавигдаж байсан, сайшаалын үнэмлэх зэрэг авч байсан. Т.Оюунцэцэг ажилдаа сайн, нэр хүндтэй ажилтан байсан. Т.Оюунцэцэг нь Уушигны сүрьеэг эмчлэх больницод их эмчээр 1985 оноос намайг ажлаас шилжин гарах хүртэл буюу 1991 он хүртэл ажиллаж байсан нь үнэн”,
гэрч Д.Оюуннэмэхийн “Би 1986 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хотын Уушигны сүрьеэг эмчлэх больницод 2 дугаар тасгийн эмчлэгч их эмчээр шилжин ирж ажиллах болсоноос эхлэн Т.Оюунцэцэгийг таних болсон. Тухайн үед Т.Оюунцэцэг нь Менингитийн тасагт эмчлэгч их эмчээр ажиллаж байсан бөгөөд 1985 онд Анагаах Ухааны дээд сургуулийг улаан дипломтой төгссөн гээд гардан эмчилгээ сайтай, манай тэргүүний эмч нарын нэг нь байсан. Би 1987 оноос Уушигны сүрьеэг эмчлэх больницод 2 дугаар тасгийн эрхлэгч их эмч, 1990 оноос Эмнэлэг эрхэлсэн орлогч даргаар тус тус дэвшин ажиллаж байсан бөгөөд 1991 оноос би Сүрьеэ, уушигны нэгдсэн төвд Эрдэм шинжилгээний ажилтнаар шилжин ажиллахад Т.Оюунцэцэг нь Уушигны сүрьеэг эмчлэх больницод ажиллаад үлдсэн. Тухайн үед Т.Оюунцэцэг нь наймдугаар 5 жилийн гавшгайч, хүндэт самбарт тавигдаж байсан ажилдаа сайн, нэр хүндтэй ажилтан байсан. Т.Оюунцэцэг нь ажиллаж байх хугацаандаа Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлэг, 1 дүгээр эмнэлэг, төрөхүүдэд сүрьеэгийн менингетийн чиглэлээр зөвлөгөө өгдөг байсан. Т.Оюунцэцэг нь Уушигны сүрьеэг эмчлэх больницод их эмчээр ажиллаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Т.Оюунцэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд хүсэлт гаргагч Т.Оюунцэцэгийг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Уушигны сүрьеэ өвчнийг эмчлэх больницид хүний их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Очирваань овогт Тогтохсүрэнгийн Оюунцэцэг /РД:ЧЛ61040589/-ийг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Уушигны сүрьеэ өвчнийг эмчлэх больницид хүний их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Оюунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА