| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0194/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 213
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа,
Улсын яллагч Б.Батсүх,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис,
Шинжээч С.Ганзориг,
Шүүгдэгч У.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт У.Хд холбогдох эрүүгийн 1918001590188 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт У.Х /РД: /, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч У.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Х нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ зах”-ын орчимд ертөнцийн зүгээр баруун талын авто зам дээр 30-27 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох Г.Ц, 1 нас 7 сартай Ч.Мичидмааг тэвэрч явсан Л.Ганцэцэг нарыг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч У.Хы өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөтөл рүү ачаа ачаад явж байсан. Хүнд ачаатай байсан болохоор гэнэт тоормос гишгэхэд машин ямар ч тоормосгүй болсон. Ингээд машинаа араатай нь унтраагаад явсаар байгаад Цэсэнбалыг мөргөчихсөн. Зүүн талаас гарч ирсэн хүүхэд тэвэрсэн хүнийг зүүн талын толиороо цохиж гэмтээсэн гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бийн өгсөн: Шүүгдэгч У.Хаас хүүхдийнхээ тархи, толгойных нь зургийг авахуулсан болон эмчилгээ хийлгэсэн зардлыг нэхэмжилж байгаа. Мөн би энэ явдлаас болж ажлаасаа 10 хоногийн чөлөө авчихсан учраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. Хүүхдийн эмчилгээний төлбөр болон үзлэгийн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин 575 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Цаашид мөн эмчилгээ сувилгаа шаардлагатай байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Шинжээч С.Ганзоригийн: Жолооч У.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн А-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Г.Цын өгсөн: ...авто замын зүүн талаас баруун тал руу чиглээд охин Сарантуяа болон бусад олон хүмүүсийн хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан. Тэгээд бараг замын дунд хэсгээс жаахан өнгөрч байгаад баруун тал руугаа харахад портер машин ирж яваа харагдсан. Тэгээд үүнээс цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд ямар ч байсан эмнэлэг дээр байсан. Миний нуруу хавирга их өвдөж байна, бараг цоорч байна. Гомдолтой байна, эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би одоо хэвтэрт хүний асаргаанд ороод их хэцүү байна, өвдөж шаналж тамир тэнхээ ч барагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Иргэний нэхэмжлэгч У.Эы гэрчээр өгсөн: Миний төрсөн дүү У.Хы жолоодож явсан 30-27 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй боловч манай хоёр гэрийн аж ахуйн ажилд ашигладаг. У.Х над руу машины тормос ажиллахгүй хүн шүргэчихлээ гэж ярьсан. Надад автомашинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
Гэрч Л.Ганцэцэгийн өгсөн: ...Шинэ захаас замын эсрэг талд байдаг 2 дугаар эмнэлэг рүү явган хүний гарцаар дүүгийнхээ хүүхдийг тэврээд гарч байтал хуучин зах талаас цагаан өнгийн бүхээгтэй, портер шиг машин ирээд намайг мөргөсөн. Тэгсэн чинь миний тэвэрч явсан дүүгийн хүүхэд үсрээд 2 метр орчим газарт машины зам дээр унасан. Тэгсэн чинь миний хажуу талд бас нэг эмээ орилоод газарт унасан. Хүмүүс шаваад, удалгүй замын цагдаа ирсэн. Тэнд байсан замын цагдаа бид нарыг машинд суулгаад нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Надтай хамт олон хүн зам хөндлөн гарч байсан. Тэр үед замын 2 талын урсгалын машинууд зогсчихсон явган хүмүүс зам хөндлөн гарцаар гарч байсан. Тэр машин гэнэт л гарч ирээд намайг мөргөсөн. Надад гомдол байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Харин миний дүүгийн охин Мичидмааг эмнэлэгт сайн үзүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
Гэрч Л.Хандсүрэнгийн өгсөн: ...би өөрийн ач хүү Жаргал түүний нэг найзын хамт гэрээ буулгаж машинд ачаад 2019 оны 3 дугаар сарын 01-ний өглөөгүүр Сэлэнгээс хөдөлсөн. Дархан-Уул аймгаар дамжин Хөтөл явах гэж байсан юм. Тэгээд өдөр 14 цагийн үед Дарханы бирж захын ертөнцийн зүгээр баруун талын автозам дээр явж байтал явган зорчигч гарцаар машины хажуугаар гараад ирсэн. Ач хүү Жаргал тормос гишгэсэн боловч машины тормос ажиллахгүй байсан. Тэгээд явган зорчигчийг шүргэсэн. Надад ямар нэг гэмтэл шарх байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сандраад тормос дээрээ гишгэсэн боловч тормос нь барихгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
Гэрч Д.Энх-Амгалангийн өгсөн: ...Тэгээд Дарханд орж ирээд захын баруун талын автозам дээр урд зүгт чиглээд явж байхад найз У.Х нь машин тормосгүй болчихлоо гээд машинаа зогсоох гэсэн боловч зогсохгүй байсан. Тэгээд замын нэгдүгээр эгнээнд явган хүний гарцны өмнө зогсож байсан машины хажуу талаар гараад явган хүний гарцтай хэсэгт замын хоёрдугаар эгнээгээр ороод явган хүний гарцаар гарч байсан нэг настай эмэгтэйг машины баруун талын толь хэсгээр мөргөж унагаасан. Өөр хүн мөргөснийг би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Гэрч Б.Сарантуяагийн өгсөн: ...Хаан банк талын зам дээр 2 жижиг автомашин зэрэгцээд зогсож байсан. Тэгтэл 3 дахь эгнээгээр тухайн портер машин их хурдан явж ирж байсан. Тэгээд хурдтай ирж байна даа гэж бодоод ээж рүүгээ эргээд харах хооронд мөргөөд унагаачихсан. Миний урд талд ч миний хойд талд ч маш олон хүмүүс хамтдаа зам хөндлөн гарч байсан. Тухайн үед ачаалалтай өдрийн цагаар болохоор хөдөлгөөнтэй байсан ч бусад автомашинууд явган хүмүүст зам тавьж өгөөд зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Шинжээч Д.Туяагийн өгсөн: Г.Цын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн шүүх эмнэлгийн үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үүнд: амбулаториор эмчлүүлэгчдийн карт, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн багана нурууны компьютер томограф, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны рентген зураг, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Медтрава” эмнэлгийн MRI зургийн бичлэг бүхий 3 диск зэргийг үзсэн. Г.Цын биед багана нурууны бүслэхийн 2 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал тогтоогдсон. Уг гэмтэл нь эмчилгээний үр дүнд эдгэрэх бөгөөд нугас мэдрэлд нөлөөлөхгүй, хөдөлгөөн хязгаарлагдахгүй, нурууны хэлбэр өөрчлөгдөхгүй, бусад үлдэц уршиг үлдэхгүй тул дүгнэлтэд Г.Цын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж бичсэн гэх мэдүүлэг /хх-ийн 78/,
Хэргийн газрын үзлэг хийсэн: ...хэрэг учрал болсон газар нь Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгт чиглэсэн авто зам байх ба явган зорчигч анх мөргүүлсэн гэх цэгийг “А” гэж тэмдэглэхээр тогтов... “А” нь явган хүний гарцан дээр байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-12/,
Шүүгдэгч У.Хыг согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад 0 хувь гарсан гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/,
Шүүгдэгч У.Хы 911151 дугаартай жолоочийн үнэмлэхийг хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-15/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “иргэн У.Хы жолоодож явсан Хьюндай портер маркийн 30-27 СЭА улсын дугаартай ачааны авто машины зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэлийг арилгахад гарах зардал 50.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-46/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Жолооч У.Хы жолоодож явсан 30-27 СЭА улсын дугаартай Хьюнпай портер маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд автомашины баруун гар талын хойд барабаны жийрэг /сальник/ сэтэрснээс тос хаясан, амортизатор дутуу, хойд тэнхлэгийн ажлын тормосны шингэн гүйх хоолойг бэлчир дээр нь хаасан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Жолооч У.Х нь техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-55/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 211 дугаартай “Л.Ганцэцэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 209 дугаартай “Ч.Мичидмаагийн биед тархи доргилт, доод эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед цохигдох, мөргөгдөх, унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70/,
...Ч.Мичидмаагийн зулайн зүүн талд бага зэргийн хавдартай... гэх “Саран-Элит” клиникийн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн компьютер томографийн оношилгоо, зураг /хх-ийн 71-73/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 231 дугаартай “Г.Цын биед багана нурууны бүслэхийн 2 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Г.Цын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч У.Хы бүрэн бус буюу хойд тэнхлэгийн ажлын тормосны шингэн гүйх хоолойг бэлчир дээр нь хаасан зөрчилтэй тээврийн хэрэгсэл болох 30-27 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ зах”-ын орчимд ертөнцийн зүгээр баруун талын авто зам дээр явган хүний зохицуулдаггүй гарц дээр авто машинаа зогсоож чадалгүй гарцаар гарч явсан явган зорчигч Г.Ц болон Ч.Мичидмааг тэвэрч явсан Л.Ганцэцэг нарыг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь явган зорчигч Г.Цын биед учирсан багана нурууны бүслэхийн 2 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохиролтой, Ч.Мичидмаагийн биед учирсан тархи доргилт, доод эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохиролтой тус тус шууд шалтгаант холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул У.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Цын биед хүндэвтэр хохирол, Ч.Мичидмаагийн биед хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал, унааны зардал, өмгөөлөгчийн хөлс гэх мэт бодит зардалд 2.766.775 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, нь шүүгдэгчээс Ч.Мичидмаагийн эмчилгээний зардалд 575.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Шүүгдэгч У.Х нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрүүдийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 96-98/-ээр нотлогдож байх тул хохирогчийн 2.766.775 төгрөгийн нэхэмжлэлээс 1.400.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1.366.775 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчийн 575.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин сэтгэл санааны хохирлын тооцоог шүүхээс тогтоох боломжгүй тул хохирогчийн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч У.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь “Болд төмөр ерөө” ХХК-ийн уурхайд засварчнаар ажиллах санал ирсэн. Ажилдаа орчихвол хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүгдийг төлж барагдуулах болно. Тийм учраас хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч У.Хы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч У.Х нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан У.Хы ....... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хишинсайханыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Хд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 1.941.775 /нэг сая есөн зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, 1.366.775 /нэг сая гурван зуун жаран зургаан мянга долоон зуун далан тав/ төгрөгийг хохирогч Х овогт Г.Цд, 575.000 /таван зуун далан таван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б овогт Л.Бт тус тус олгож, хохирогчийн сэтгэл санааны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч У.Хы ........ дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР