Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2025/00016

 

Х.Б нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ерөнхий шүүгч С.Ө, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00038 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *************** оршин суух хаягтай Т овогт Х. Бын нэхэмжлэлтэй, хариуцагч **************** багт оршин суух хаягтай Д овогт А.Б холбогдох, 

 

“Тоёота алион” маркийн **** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 6,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Х.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Сд холбогдох “ ...“Тоёота алион” маркийн **** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 6,500,000 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулж гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар, анхан шатны шүүхийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч А.Сд холбогдуулж “ ...“Тоёота алион” маркийн **** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 6,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ 2024 оны 7 дугаар сарын үед “Тоёота алион” маркийн **** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгийг солиулахаар засварт өгч, засварын хөлсийг 2,500,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг өгсөн. Надад 8 дугаар сарын сүүлээр ирээрэй гэсэн. 8 сарын сүүлээр очиход А.С нь миний машины бүхээгийг солиогүй, өөрөө унаад явж байсан ба кузов солих боломжгүй, машинаа надад зарчих гэхээр нь би зөвшөөрч, машинаа 10,500,000 төгрөгөөр үнэлж худалдахаар тохиролцсон. 2024.8.20-ны өдөр А.С нь надад “Машины үнэ 10.500.000 төгрөгийг 2024.10.15-ны өдөр хүртэл төлж өгнө” гэж баримт өгсөн ба 2024.11.16-ны өдөр 4,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгсөн, харин үлдсэн 6,500,000 төгрөгийг төлж өгөхгүй байна гэж тайлбарласан.

 

Харин хариуцагч А.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ Х.Б нь “Тоёота алион” маркийн **** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг, 2 хаалга, крылог солиулж бүтэн будаг хийлгэхээр манай засварын газарт хандсан, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн үнэд нийт 3,500,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаанд 2.000,000 төгрөг төлсөн. Түүний машиныг засварласны дараа уг машиныг зараад өгөөч, надад үлдэгдэл төлбөрт өгөх мөнгө байхгүй гэсэн. Би түүний машиныг 10,500,000 төгрөгөөр худалдаж өгөхөөр тохиролцсон. Би түүний тээврийн хэрэгслийг бусдад тээврийн хэрэгсэл оролцуулан худалдсан ба түүний машиныг худалдан авсан хүний бэлнээр өгсөн мөнгө буюу 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгөнд өөр машин тооцож авсан. Х.Бтай үлдэгдэл тооцоогоо хийхээр болж, засварын мөнгөний үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хасаад, үлдсэн 5,000,000 төгрөгийг шилжүүлж өгье гэхэд засвар үйлчилгээний мөнгө илүү өндөр байна гэж маргаан үүсгэсэн. Анх 3,500,000 төгрөгөөр тохиролцсон засварын үнэ хөлсөнд маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй. Би түүнд тусалж тээврийн хэрэгслийг худалдан борлуулж өгсөн болохоос түүний мөнгийг өгөхөөс татгалзсан зүйл байхгүй. Би түүнд /нийт 6,500,000 төгрөг үлдсэнээс засварын хөлсний үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хасаж/ үлдсэн 5,000,000 төгрөгийг одоо ч шилжүүлэн өгөхөд бэлэн” гэж тайлбарлан хариу тайлбар ирүүлсэн.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хооронд нь харьцуулж үнэлээд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4. Х.Б, А.С нарын хооронд нэхэмжлэгч Х.Бын өмчлөлийн “Тоёота алион” маркийн, **** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгөөр хариуцагч А.С худалдаж авахаар харилцан тохиролцсон худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь зохигчийн тайлбар болон хариуцагчийн 2024.8.20-ны өдөр үйлдсэн, хэргийн 4 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэргээс үзвэл, худалдагч нь худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлсэн буюу худалдан авагч уг тээврийн хэрэгслийг хүлээж авсан төдийгүй бусдад худалдсан гэж тайлбарлах ба худалдан авагч А.Сгээс тээврийн хэрэгслийн үнэд 4,000,000 төгрөгийг 2024.11.16-ны өдөр худалдагч Х.Бын ХААН банк дахь харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. Харин хариуцагч буюу худалдан авагч А.С нь худалдаж авсан тээврийн хэрэгслийн үнийг худалдагчтай 10,500,000 төгрөгөөр тохиролцож, үүнээс 4,000,000 төгрөгийг төлсөн талаар маргадаггүй боловч тухайн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх хөлсийг нийт 3,500,000 төгрөгөөр тохиролцож байсан, үүнээс 2,000,000 төгрөгийг Х.Б нь өгсөн боловч үлдэгдэл 1,500,000 төгрөгийг өгөөгүй учраас түүнээс худалдаж авсан тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 6,500,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөс татгалзахгүй гэжээ.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй учраас Х.Бын хариуцагч А.Сгээс тээврийн хэрэгслийн үнэд 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. Хариуцагч А.Сд анхан шатны шүүх, тухайн хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх явцад 2024.12.17-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, мөн өдөр түүнд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг нь тайлбарлаж, баталгаажуулсан байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцуулахаар, нэхэмжлэгч Х.Баас тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний хөлсний үлдэгдэлд 1,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй атлаа “засвар, үйлчилгээний хөлснөөс үлдсэн 1,500,000 төгрөгийг төлөөгүй учир тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 6,500,000 төгрөгөөс уг мөнгөн дүнг хасаж, 5,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзахгүй” гэх хариу тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч тухайн тээврийн хэрэгслийг ажил гүйцэтгүүлэгч Х.Бын хүсэлтээр, түүнтэй тохиролцсоны дагуу 3,500,000 төгрөгийн засвар, үйлчилгээг хийсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчаас гаргаж өгсөн хэргийн 19 дэх талд хавсаргасан баримтаар тухайн тээврийн хэрэгсэлд 3,500,000 төгрөгийн засвар, үйлчилгээ бодитой хийгдсэн эсэх, 20 дахь талд хавсаргасан баримтаар тухайн “Тоёота алион” маркийн, **** УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл, гэмтлийг тодорхойлсон эсэх нь тодорхойгүй, тухайн тээврийн хэрэгсэлд 3,500,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсний дараагаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг ажил гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгч, улмаар засвар үйлчилгээ, хийгдсэн тээврийн хэрэгслийг худалдаж авсан талаар үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн “8 сарын сүүлээр очиход А.С нь миний машины бүхээгийг солиогүй, өөрөө унаад явж байсан” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлуудыг хооронд нь харьцуулан дүгнэхэд хариуцагчийн “засварын мөнгөний үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хасаад үлдсэн 5,000,000 төгрөгийг шилжүүлж өгье” гэсэн агуулгатай хариу тайлбар үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул; түүнчлэн дээр дурдсан үндэслэлүүдээр, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад хамаарах анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 6,500,000 гэснийг 5,000,000 гэж өөрчилж өгнө үү” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдэнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.К

 

ШҮҮГЧ                                                            Ж.О

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.Ө