| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05582/И |
| Дугаар | 4487 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 4487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, 66 байр, 12 тоотод оршин суух, Алаг адуун овогт Өлзийтогтохын Сүрэнхүү /РД:УГ61060801/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Сүрэнхүү нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1980 онд худалдааны техникумын тоног төхөөрөмжийн механикийн ангийг төгссөн. 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс Улаанбаатар хотын 1 дүгээр конторын харъяа 100 дугаар дэлгүүрт жин хэмжүүрийн механикчаар ажиллаж байсан. Гэтэл одоогийн байдлаар тус байгууллагын архивын материал, Нийслэлийн архивын газарт байхгүй байна. Иймд намайг 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хүнсний 100 дугаар дэлгүүрт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Сүрэнхүү нь улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Ө.Сүрэнхүү нь 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрт Жин хэмжүүрийн механикчаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар,
1980 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Худалдааны 1 дүгээр конторын боловсон хүчнээс Өлзийтогтохын Сүрэнхүүд нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Конторын даргын 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 223 тоот тушаалаар “Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрт Жин хэмжүүрийн механикчаар авч ажиллуулав” гэсэн бичилт,
Конторын даргын 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 154 тоот тушаалаар “Багануурын худалдааны конторт ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөн тус конторын мэдэлд шилжүүлэв” гэсэн бичилт зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн Ө.Сүрэнхүүтэй Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрт хамт ажиллаж байсан гэрч Г.Дуламналжирмаагийн “Би 1980 оны 06 дугаар сард Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилд орж, 1985 оны 02 дугаар сар хүртэл Хүнсний 100 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилласан. Ө.Сүрэнхүү нь 1980 оны 07 дугаар сард Худалдааны техникум төгсөөд Хүнсний 100 дугаар дэлгүүрт Жин хэмжүүрийн механикчаар томилогдож ирсэн. Тэр үеэс эхлэн Ө.Сүрэнхүүг таних болсон бөгөөд цуг ажиллаж байсан. Ө.Сүрэнхүү Жин хэмжүүрийн механикчаар ажиллаж байсан бөгөөд хөргөгч, жин хэмжүүр, кассын машин зэргийг засдаг байсан. Ө.Сүрэнхүү нь 1984 оноос Багануурын худалдааны конторт ажиллах болсоноор Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрийн ажлаас гарсан. Тухайн үед Ө.Сүрэнхүү нь ажилдаа сайн нэр хүндтэй ажилтан байсан бөгөөд баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргийг авч байсан. Ө.Сүрэнхүү нь Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрт 1980 оны 07 дугаар сараас 1984 оны 07 дугаар сарыг хүртэл Жин хэмжүүрийн механикчаар ажиллаж байсан нь үнэн”,
гэрч Л.Эрдэнэбилэгийн “Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүр нь анх 1980 онд нээгдсэн бөгөөд би уг дэлгүүр шинээр нээгдэх үед нь нярваар ажилд орсон. Хүнсний 100 дугаар дэлгүүр нь хөдөө аж ахуйн мах сүү болон хүнсний амархан мууддаг бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр авдаг байсан. Тэдгээрийг хадгалах хөргүүрүүдтэй байсан бөгөөд Ө.Сүрэнхүү нь Худалдааны техникум төгсөөд Хүнсний 100 дугаар дэлгүүрт механикчаар 1980 оны 07 дугаар сараас эхлэн орж ажилласан. Тэр үеэс эхлэн Ө.Сүрэнхүүг таних болж, хамт ажиллаж байсан. Ө.Сүрэнхүү Жин хэмжүүрийн механикчаар ажиллаж байсан бөгөөд хөргөгч, жин хэмжүүр зэргийг засдаг байсан. Миний бие Хүнсний 100 дугаар дэлгүүрт 1982 оны 06 дугаар сар хүртэл ажиллаад Хүнсний 60 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллах болсноор Хүнсний 100 дугаар дэлгүүрээс гарсан бөгөөд намайг ажлаас гарах үед Ө.Сүрэнхүү тэндээ ажиллаад үлдсэн. Тухайн үед Ө.Сүрэнхүү нь ажилдаа сайн хариуцлагатай ажилтан байсан бөгөөд баярын бичиг зэргийг авч байсан. Ө.Сүрэнхүү нь Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрт Жин хэмжүүрийн механикчаар ажиллаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Ө.Сүрэнхүүгийн ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд хүсэлт гаргагч Ө.Сүрэнхүүг 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрт Жин хэмжүүрийн механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Алаг адуун овогт Өлзийтогтохын Сүрэнхүү /РД:УГ61060801/-г 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Худалдааны 1 дүгээр конторын харъяа Хүнсний 100 дугаар дэлгүүрт Жин хэмжүүрийн механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Сүрэнхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА