Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2025/00017

 

З.И-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ерөнхий шүүгч С.Ө, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00978 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***************оршин суух Ш овогт З.И-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У сумын ЕБС-д /захирал Х.Б /-т холбогдох, 

 

Баян-Өлгий аймгийн У- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие У- сумын ... дүгээр багт эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой, Улсын багшийн Их сургуулийг 2002 онд физик, математикийн багшаар, бакалавр зэрэгтэй төгссөн. Төгссөнөөс хойш буюу 2002 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн У- сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар орж ажиллаад 22 дахь жилдээ тус сургуульд тасралтгүй ажиллаж байсан юм. 4 хүүхдийнхээ 1 нь дөнгөж Их сургууль төгссөн, нэг хүүхэд маань 4 дүгээр курсийн оюутан, 3 дахь хүүхэд маань 12 дугаар ангийн сурагч, бага хүүхэд маань 8 дугаар ангид суралцдаг. Сургуулийн аварга багш, заах аргач багш. ахлах багш. багшийн алдар, тэргүүний залуу зэрэг цол тэмдэг, Яамны жуух бичиг зэрэг багш хүний авах ёстой бүх шагналуудыг хүртэж ажиллаж байсан. Бүсийн аймагт бэлтгэсэн сурагчид маань удаа дараа байр эзэлж, тэргүүлдэг байсан тул Улсын олимпиадад мөн хэд хэдэн удаа оролцож байсан.

1.2. Миний бие 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу хичээл сургууль амарсан, ээлжийн амралттай байх хугацаанд нөхцөл байдлыг буруу ойлгож, бусдын гэр орноос зөвшөөрөлгүй эд зүйл авч гарсан эх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан ба 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхээс надад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Мөн Улсын дээд шүүхээс надад оногдуулсан хорих ялыг багасгаж Ховд аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр сулласан.

1.3. Миний бие 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хугацаандаа ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байсан ба энэхүү асуудлаас болж сэтгэл санааны гутралд ороод ходоодны шарх сэдэрч эхэлсэн. Би сургуулийн захиралд ходоодоо эмчлүүлэх шаардлагатай болсон гэсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын сүүлээр хүсэлт гаргаж, жилийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн байсан. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт эхэлсэн байсан ба сургуулийн захирлаас миний хүсэлтийн дагуу надад чөлөө өгсөн гэдгээ мэдэгдэж, эмчилгээг сайн хийлгээрэй, шүүх дэх маргаанаа шийдвэрлүүлж чөлөө дууссан үед ажилдаа бэлэн байгаарай, олон жил ажилласан, тус сургуульд оруулсан гавьяаг харгалзан үзнэ гэж хэлсэн.

1.4. Тэгээд     миний бие 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хорих ангиас суллагдаж шууд сургуулийн захирал Х.Б очиж ажилдаа орохоор ирлээ гэхэд “чиний оронд хүн авсан байгаа, тушаалыг чинь гаргаагүй байна. Тушаалыг чинь бэлэн болсон үед өгнө” гэж хэлсэн. Тэгээд надад сургуулийн бичиг хэргийн ажилтан Ж.Б намайг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дуудаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг гардуулж өгсөн. Уг тушаалын огноо нь 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөр бичигдсэн байсан ба “ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй” болсон гэж бичсэн байсан.

1.5. УИХ-ын   сонгууль 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явагдсан бөгөөд бүх нийтийн амралтын өдөр байсан. Сургуулийн захирал Х.Б мөн ээлжийн амралттай байснаас гадна тэрээр УИХ-ын сонгуулийн У- сумын 10 дугаар баг Даяны сонгуулийн хэсгийн хорооны даргаар ажиллаж байсан. Уг баг нь сумын төвөөс 100-аад километр зайтай ба сонгууль эхлэхээс 7 хоногийн өмнө тус хэсэгт очиж ажиллах ёстой. Намайг ажлаас чөлөөлөх тушаалыг ажлын бус өдөр, өөрөө ээлжийн амралттай байх хугацаанд, бүх багш нар амарсан үед гаргаж намайг “ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй” гэсэн шалтгаанаар чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Энэ жилийн хичээл 9 дүгээр сарын 02-ны өдөр эхэлсэн ба би мөн өдөр хорих ангиас суллагдсан билээ. Би ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой байхад миний оронд өөр хүнийг авч ажиллуулахын тулд намайг ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна.

1.6. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлээр шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

1.7. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн У- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн У- сумын Ерөнхий боловсролын  сургуулийн захирал Х.Б тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч З.И нь У- сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллаж байхад 2023 оны намраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байрны хулгайн гэмт хэрэгт холбогдож шалгагдсан. Сургуулийн захирлын зүгээс тухайн үед шүүхийн эцсийн шийдвэр гарахыг хүлээж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

2.2. Нэхэмжлэгч З.И нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлж тухайн өдрөөс цагдан хоригдсон. З.И нь дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Улмаар З.И нь магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялын хэмжээг багасгасан боловч хорих ялыг хэвээр үлдээсэн. Эдгээр мэдээллүүдийг Баян-Өлгий аймгийн шүүхийн болон Улсын Дээд шүүхийн цахим хуудаснаас харж танилцаж байсан.

2.3. Нэгэнт     гурван шатны шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон учир сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, ажил үүргээ үргэлжлүүлэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тухайн өдрөөс дуусгавар болгосон.

2.4. Нэхэмжлэгч З.И нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхээс хорих ял шийтгүүлж цагдан хоригдсон учир 2024 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл ямар нэгэн цалин хөлс гараагүй. Харин сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/20 тоот тушаалаар багш, ажилчдын ээлжийн амралтын хуваарийг баталсан ба тухайн тушаалаар З.Ит ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Тэрний дагуу сургуулийн нягтлан бодогч 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр З.И-ийн ажилласан хугацаанд (2023 он 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны) ногдох цалин 1537706 төгрөгийг түүний Төрийн банк дахь 291101857408 тоот дансанд шилжүүлсэн.

2.5. Сургуулийн захирлын зүгээс З.Ит чөлөө олгосон асуудал байхгүй. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхээс хорих ял шийтгүүлж, цагдан хоригдсон хүнд чөлөө олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй. З.И нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхээс хорих ял шийтгүүлж цагдан хоригдсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгохоор хуульчилсан тул эцсийн шийдвэр гарахыг хүлээж байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан асуудлын тухайд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж шүүхийн эцсийн шийдвэр гарсан. З.И-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг маргааш нь буюу 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Учир нь, тухайн өдрөөс сургуулийн захирлын ээлжийн амралт эхлэх гэж байсан, мөн маргааш нь сонгуулийн хэсгийн хороонд ажиллах байсан учир сургууль дээр ирж дээрх тушаалыг гаргасан байсан. Сургуулийн бичиг хэргийн ажилтан тушаалын огноог тавихдаа буруу тавьснаас болж амралтын өдөр гаргасан байдалтай болсон байна. Гэхдээ энэ процессын шинжтэй зөрчил нь шүүхээс хорих ял шийтгүүлсэн ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00978 дугаар шийдвэрээр:

3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн У- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ш овогт З.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын      тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч З.И-ийн өмгөөлөгч С.Н  би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00978 дугаартай шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр гарангуутаа авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.2. Хариуцагч Х.Б нь ээлжийн амралтад байх үедээ буюу УИХ-ын 2024 оны сонгуулийн өдөр буюу бүх нийтээр амрах өдөр тушаал шийдвэр гаргаж З.Иийг ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан атлаа тушаалын огноог өнгөрсөн хугацаагаар бичсэн. Ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан үед хорих ялаас чөлөөлөгдсөн бөгөөд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой байхад “ажил үүргээ үргэлжлүүлэн хийх боломжгүй” гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргасан.

4.3. Гэтэл шүүхээс ял шийтгүүлсэн ажилтныг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00978 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгч талын зүгээс давж заалдах шатны шүүхэд 2 үндэслэлээр гомдол гаргасан гэж ойлголоо. З.И нь тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар шүүхийн тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Дараа нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад, давж заалдах шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Дараа нь хяналтын шүүхэд гомдол гаргаад, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор шийдвэрт өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэг жил болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь заалтад ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэдгийг үндэслэсэн гэж байна.

5.2. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр З.И ял шийтгүүлснийг сургуулийн захирал мэдэж байсан. Гэхдээ шат шатанд гомдол гаргаад явж байсан учраас 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүлээлттэй байгаад, тухайн өдөр Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тухайн үед З.И нь нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Гэхдээ ажил олгогчийн зүгээс ажил олгогчийн зүгээс 9 сарын дараа магадлангаар гарах боломжтой гэдгийг мэдэх боломжгүй.  Шүүхийн шийтгэх тогтоол хүчин тогтоолоор, ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон учраас гаргасан тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

5.3. 2023 оны 12 дугаар сард чөлөө өгсөн гээд байна. З.И  2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ял шийтгүүлсэн, маргааш нь буюу 01 дүгээр 05-ны өдөр өргөдлийг авчирсан. З.И нь хорих ял шийтгүүлсэн учраас боломжгүй гэдэг хариу өгсөн. Тэр талаар өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын карт, холбогдох материалууд авагдсан. Түүнээс биш  З.Ит 2023 оны 12 дугаар сард нэг жилийн хугацаагаар чөлөө олгосон асуудал байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримттын хүрээнд зөв дүгнэлт хийж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх З.И-ийн Баян-Өлгий аймгийн У- сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан, тус сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай, анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Хэргийн материалаас үзэхэд, зохигчоос гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрх зүйн нийтлэг зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

8. Нэхэмжлэгч Ш овогт З И нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ДШМ/09 дүгээр магадлал, хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ХШТ/91 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн биечлэн эдэлж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ХМШЗ/74 дүгээр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө суллагдсан нь тогтоогджээ.

 

9. З.И нь гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тооцогдож, хорих ялаар шийтгүүлэхээс өмнө, 2002 оноос 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж эхлэх хүртэл Баян-Өлгий аймгийн У- сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллаж байсан, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдэлсэн учир 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд гэмт хэрэг үйлдсэний улмаас математикийн багшийн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол гармагц ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь заалтад “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж зааснаар 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр шийдвэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг албажуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

10. Ажилтан З.И нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэж, эмчлүүлэхээр болсон” гэх бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар цалингүй чөлөө олгохыг ажил олгогчоос хүссэн боловч ажил олгогч Баян-Өлгий аймгийн У- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/03 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээж аваагүй тухай хариуг ажилтны гэр бүлийн гишүүнд гардуулсан нь тус тус хэргийн баримтаар тогтоогдсон учраас З.И-ийн “ажил олгогчоос чөлөө олгосон тухайгаа амаар мэдэгдсэн” гэсэн агуулгатай гомдол үндэслэлгүй.

            Түүнчлэн нэхэмжлэгчээс “ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй, энэ жилийн хичээл 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлсэн ба би мөн өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байсан” гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ажилтан З.И түүнд хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс, хорих ялаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдэлсэн учир энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан бөгөөд түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа, тэрээр суллагдахаас өмнө  2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болох хуульд заасан үндэслэл бий болсон байна.

 

            11. Ажил олгогчоос ажилтан З.Ит холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь заалтаар дуусгавар болгосон тушаалаа бүх нийтийн амралтын өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр гаргасан, энэ талаар хариуцагч Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж шүүхийн эцсийн шийдвэр гарсан. З.И-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг маргааш нь буюу 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Учир нь, тухайн өдрөөс сургуулийн захирлын ээлжийн амралт эхлэх гэж байсан, мөн маргааш нь сонгуулийн хэсгийн хороонд ажиллах байсан учир сургууль дээр ирж дээрх тушаалыг гаргасан байсан. Сургуулийн бичиг хэргийн ажилтан тушаалын огноог тавихдаа буруу тавьснаас болж амралтын өдөр гаргасан байдалтай болсон байнагэж тайлбарлажээ.

 

            12. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж, 9.2 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж, 9.4 дэх хэсэгт “Ээлжит болон ээлжит бус сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын 2 дахь заалтад “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосугай” гэж зааснаас дүгнэвэл, ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нь бүх нийтийн амралтын өдөр мөн болох нь тогтоогдсон байна.

Гэвч ажилтан З.И-тэй холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6 дахь заалтад зааснаар бодит үндэслэлтэй; түүнчлэн мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тухай мөн зүйлийн 78.1.1-78.1.9 дэх заалтад заасан хууль зүйн факт бий болсон тохиолдолд хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох эрх зүйн үр дагавар үүсэхээр хуульчилсан учраас бүх нийтийн амралтын өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр энэ талаар албажуулж тушаал гаргасан ажил олгогчийн үйлдэл нь тухайн эрх зүйн актыг бүхэлдээ хууль бус гэж үзэж, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй учраас ажилтны гомдлыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ажил олгогч ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан атлаа огноог өнгөрсөн хугацаагаар бичсэн, ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан үед З.И нь хорих ялаас чөлөөлөгдөж, ажлаа хийх боломжтой байсан” гэсэн давж заалдах гомдол бодит байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ажил олгогчийн шийдвэр хожим 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, З.И нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоол гарснаар мөн өдрөөс эхлэн хорих ялыг биечлэн эдэлж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ХМШЗ/74 дүгээр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө суллагдсан, ажил олгогч түүнийг суллагдахаас өмнө 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон хууль зүйн фактыг албажуулсан зэргээс дүгнэвэл “ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан үед З.И нь хорих ялаас чөлөөлөгдөж, ажлаа хийх боломжтой байсан” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Хуульд зааснаар өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Иийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.К

 

ШҮҮГЧ                                                            Ж.О

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.Ө