| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0204/Э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 214
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт С.Мт холбогдох эрүүгийн 1918002940238 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ш овогт С.М /РД: /, Дорноговь аймгийн Чойрсүмбэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны 1 дүгээр орцны зоорийн давхарт Л.Птай маргалдан зүүн чамархай орчимд нь хаалганы цоожоор цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...би согтуудаа зоорийн давхраа андуурсанаа мэдсэн бөгөөд С.М нь намайг хараад уурлаж “чи хэдэн жилийн өмнө миний шүдийг цөм цохисон” гэж агсраад халааснаасаа цагаан өнгийн хятад цоож гаргаж ирээд миний зүүн талын чих орчимд цохисон. Тэгэхэд миний чихний орчмоос цус гарч эхэлсэн. Надад гомдол санад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Л.Пын өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- ...ганцаараа нэг шил архи уучхаад гарах гэж байтал хаалга дуугарсан. Очоод онгойлгоход Па буюу П зогсож байсан. Тэгээд 2008 онд П нь миний 2 үүдэн шүдийг цохиод хугалж байсан нь санаанд ороод халаасандаа байсан цоожоор Пын зүүн чамархай руу нэг удаа цохисон... гэх шүүгдэгч С.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- ...Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 6 дугаар байрны 1 дүгээр орцны зоорийн давхрын өрөөний ертөнцийн зүгээр зүүн хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сандал, цагаан ногоон өнгийн буйдан, шал байна... цагаан өнгийн цоож хураан авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,
- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цагаан өнгийн /никел/ хаалганы цоожийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,
- Л.Пын зүүн чамархайд 0.6 сантиметр орчим язарсан шархтай, шархаар артерын судас тасарч, судасны 2 үзүүр няцарч сэмэхрч урагдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Г.Лхагвасүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 20/,
- Л.Пын биед зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн хүний дархлаа, биеийн онцлогоос хамаарч эдгэрэх хугацаа харилцан адилгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Мын үйлдлийн улмаас хохирогч Л.Пын биед зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Л.Пын “...Надад гомдол санад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, “...С.М надаас уучлалт гуйж эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-ийн 41/, “хэргийн материалтай уншиж танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 43/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч С.Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны 1 дүгээр орцны зоорийн давхарт Л.Птай маргалдан зүүн чамархай орчимд нь хаалганы цоожоор цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.М нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 4, сард 1.065.147 төгрөгийн тэтгэвэр авдаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 518 дугаартай албан бичиг /хх-ийн 32/, 0341835 дугаарын тэтгэвэрийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 38-39/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч С.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Мын ам бүлийн байдал, орлогын хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР