Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 4488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 71 хаягт байрлах “Хүрд” ХК /РД:2061783/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 56/1 байр, 09 тоот хаягт байрлах, Дагшин харгуй ХХК /РД:5455952/

 Гэрээний үүрэгт 44.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Хүрд ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дүгэржав, хариуцагч Дагшин харгуй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хүрд ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дүгэржав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дагшин харгуй ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14/99 тоот албан бичгээр Хүрд ХХК-иас 50.000.000 төгрөгийн зээл хүсч, уг зээлийг 2 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 165 тоот төлбөрийн даалгавраар шилжүүлж авсан. Зээлээ тохиролцсон 1 сарын хугацаанд төлөхгүй явсаар 1 жил 2 сарын дараа 25.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 25.000.000 төгрөгийг төлөлгүй өдий хүрсэн. Зээл хүсэх тухай албан бичгээр хүү, алданги төлөхөөр зөвшөөрсөн. Иймд Дагшин харгуй ХХК-иас үндсэн зээл 25.000.000 төгрөг, хүү 6.500.000 төгрөг, алданги 12.500.000 төгрөг нийт 44.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Дагшин харгуй ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Хүрд ХК-иас 50.000.000 төгрөгийг зээлдэж авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.7-д заасныг тус тус зөрчиж нэхэмжилж байна. Талуудын хооронд хүү, алданги тогтоосон бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Мөнгө зээлэх тухай хүсэлтийг хариуцагч хүргүүлсэн. Харин зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүрд ХК нь хариуцагч Дагшин харгуй ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 44.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Дагшин харгуй ХХК нь нэхэмжлэгч Хүрд ХК-тай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан болох нь зохигчийн тайлбар, зээл хүсэх тухай Дагшин харгуй ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14/99 дугаартай албан бичиг, төлбөрийн даалгавар гэсэн баримтуудаар тогтоогдсон тул зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээхээр заажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “25.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 3 хувийн алданги төлөхөөр албан бичгээр тохиролцсон тул нийт 44.000.000 төгрөгийг гаргуулах”

Хариуцагч “хуульд зааснаар хүү, алданги тооцох гэрээг бичгээр байгуулаагүй тул шаардах эрхгүй” гэж тайлбарлан тус тус маргажээ.

Хариуцагч Дагшин харгуй ХХК нь хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги төлөх нөхцөлтэйгээр мөнгө зээлэх тухай хүсэлтийг Хүрд ХК-нд хүргүүлсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаж зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, Хүрд ХК зээл хүсэх тухай албан бичгийн дагуу санхүүд “Дагшин харгуй ХХК-нд 50.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд энэ бичигт заасныг баримтлахаар” цохолт хийснийг талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхгүй байна.

Хэдийгээр зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон гэж үзэх үндэслэлгүй боловч зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч зээлээс 25.000.000 төгрөгийг төлсөн тул зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөгийг хариуцагч Дагшин харгуй ХХК-наас гаргуулж нэхэмжлэгч Хүрд ХХК-д олгож, үлдэх 19.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Дагшин харгуй ХХК-иас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Дагшин харгуй ХХК-иас 25.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүрд ХК-д олгож, үлдэх 19.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

               

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Дагшин харгуй ХХК-иас 282.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүрд ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч,  хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА