| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0210/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 217
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ч.От холбогдох эрүүгийн 1918001910230 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Ч.О /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “..........” зочид буудалд угтагч ажилтай, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 27 дугаар байрны 3 дугаар орцны зоорийн давхарт А.Стай маргалдан “ална” хэмээн түүн рүү довтолж, шилний хагархайгаар цээж хэсгийг нь зүсэх үед уг үйлдлийг таслан зогсоохыг оролдсон иргэн Б.Ций гарын хуруунуудыг давхар зүсэж, эрүүл мэндэд нь баруун гарын 2, 3, 4 дүгээр хурууны тэнийлгэх шөрмөсний урагдал, баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...юунаас болсныг мэдэхгүй А.С, Ч.О нар хоорондоо маргалдахаар нь би А.Сыг “боль” гээд тэврэхэд Ч.О миний гарыг зүсэх шиг болсон. Тэгтэл Ч.О нь гартаа жижиг шил барьчихсан зогсож байсан. Тэгээд би эмнэлэг яваад оёдол хийлгээд маргааш нь эмнэлэгт хэвтсэн. Ч.О миний эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй гэх хохирогч Б.Ций өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
-...М бид 2 үүдний хэсэгт ноцолдож байхад Б.Ц “гараа зүсүүлчихлээ” гээд гараас нь цус гарчихсан боож байсан. Тэгэхээр нь “хэн, юунаас болоод зүсчхэв ээ?” гэж асуухад Ч.О нь “би А.Стай маргалдаад шилээр зүссэн чинь Б.Ц хажуу талаас орж ирээд зүсүүлчихлээ” гэж хэлсэн... гэх гэрч Б.Сын мэдүүлэг /хх-ийн 25/,
- ...би 30-40 минутын дараа эргэж ороод үүдэнд тамхи татаж байтал Б.Ц нь гараас нь цус гоожсон байдалтай, гараа даавуугаар ороочихсон гарч ирсэн... гэх гэрч О.Оын мэдүүлэг /хх-ийн 26/,
- ...С бид 2 үүдний хэсэг рүү яваад маргалдаж байхад Б.Ций гараас цус гарчихсан байсан. Тэгээд “яасан бэ?” гэхэд “гараа зүсчихлээ” гээд футболкаар ороочихсон байсан... гэх гэрч Ө.Тын мэдүүлэг /хх-ийн 27/,
- ...Бороогийн /Б.С/ найз охин над руу “чи яахаараа Бороог цохидог юм бэ?” гэж дайраад миний майкнаас татаад зууралдаж байснаа шаазан таваг хагалаад намайг ална гээд барьж байсан хагархай тавгаар цээж рүү зүссэн. Бороогийн найз охин намайг зүсэх үед Б.Ц нь намайг түлхэж холдуулж байгаад гараа зүсүүлчихсэн... гэх гэрч А.Сын мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- ...би цаад өрөөнөөс таваг аваад пааранд цохиж хагалаад А.С луу “ална “ гэж дайрсан. Тэгээд А.Сын цээжинд тавгийн хагархайг хальт хүргэх төдийд Б.Ц намайг болиулах гээд хажуу талаас гараараа хаасан уу, таваг авах гэж байсан уу мэдэхгүй байна гараас нь цус гараад эхэлсэн... гэх шүүгдэгч Ч.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50/,
- ...Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 27 дугаар байр, 3 дугаар орцны зоорийн давхрын зүүн талын хойд өрөөнд ороход шалан дээр дэвссэн ногоон өнгийн хивс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хагалсан тавгийн хэлтэрхий байсныг хураан авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9/,
- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шилэн тавгийн хагархайг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,
- ...урт нь 7 сантиметр, өргөн нь 4.5 сантиметрээс нарийссан товгор хээтэй шилний хагархай нь ирмэг хэсэг нь хурц байх ба голоороо ямар нэг хагархай цуурсан, бохирлогдсон зүйл ажиглагдаагүй гэх эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/,
- А.Сын биед цээжний зүүн өмнө хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 251 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/,
- Б.Ций биед баруун гарын 2, 3, 4 дүгээр хурууны тэнийлгэх шөрмөсний урагдал мэс заслын аргаар залгасан байдал, баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/,
- Хохирогч Б.Ций Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 2587 дугаартай өвчний түүх /хх-ийн 55-70/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Оийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ций биед баруун гарын 2, 3, 4 дүгээр хурууны тэнийлгэх шөрмөсний урагдал, баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Ций “...Ч.О миний эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй гэх...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Р.Мөнхцэцэгийн “...Б.Ц 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Турк улс руу ажил хийхээр 6 сарын хугацаатай явсан. Манай дүү Б.Ц нь Ч.О гэх охинд хандаж ямар нэг гомдол санал байхгүй. Бүх хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/, шүүгдэгч, хохирогч нарын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “...Ч.О нь Б.Цийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 140.000 төгрөгийн хоол зөөж өгсөн. Мөн Ч.О нь эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг Б.Цд бэлнээр төлж хохиролгүй болгосон” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 72/-ээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Оийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 27 дугаар байрны 3 дугаар орцны зоорийн давхарт А.Стай маргалдан “ална” хэмээн түүн рүү довтолж, шилний хагархайгаар цээж хэсгийг нь зүсэх үед уг үйлдлийг таслан зогсоохыг оролдсон иргэн Б.Ций гарын хуруунуудыг давхар зүсэж, эрүүл мэндэд нь баруун гарын 2, 3, 4 дүгээр хурууны тэнийлгэх шөрмөсний урагдал, баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ч.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ч.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.О нь “................” зочид буудалд угтагч ажилтай гэх боловч энэ байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шилэн тавгийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан шилэн тавгийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР