Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2025/00018

 

А.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.К даргалж, Ерөнхий шүүгч С.Ө, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж тусгайлсан журмаар шийдвэрлэсэн, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00037 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..******************** оршин суух хаягтай И овогт И.А, тус аймгийн *****************оршин суух хаягтай Ж овогт Ж.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ************оршин суух хаягтай Э овогт С.Б холбогдох, 

 

Агийн “Тоуоtа Corolla Rumion-Е150” маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4,851,000 төгрөг, Аын “Тоуоtа CamryV40 маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,652,000 төгрөг, нийт 8,503,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф, нэхэмжлэгч А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч А, нэхэмжлэгч Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф, хариуцагчийн өмгөөлөгч Д.А нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар, давж заалдах гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Шүүх А, А нарын Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн гэм хорын хохиролтой холбоотой маргааны үйл баримт, гэм буруугийн талаар /талуудын хэн алиных нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой эсэх/ дүгнэлт хийгээгүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, хэрэгт хамааралтай зарим нөхцөл байдлуудын талаар дурдсаны эцэст талуудын хооронд мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3. Нэхэмжлэгч нар хариуцагч Б-д холбогдуулан гаргасан Агийн “Тоуоtа Corolla Rumion-Е150” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4,851,000 төгрөг, Аын “Тоуоtа CamryV40 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,652,000 төгрөг, нийт 8,503,000 төгрөг гаргуулах тухай хамтран гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын үед нэхэмжлэгч Агийн “Тоуоtа Corolla Rumion-Е150” маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүү Ф.М жолоодож, нэхэмжлэгч А-ийн “Тоуоtа CamryV40 маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэр С.А жолоодож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хөрс” ШТС-ын 3 замын уулзварт замын хөдөлгөөнд оролцож байх хариуцагч Б нь “Porter” маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Агийн “Тоуоtа Corolla Rumion-Е150” тээврийн хэрэгсэл болон А-ын “Тоуоtа CamryV40 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, хохирол учруулсан” гэж тайлбарласан бол хариуцагч Б нь “Надад ямар нэгэн буруу байхгүй, өөрсдөө мөргөлдсөн. Агийн машиныг насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүүхэд барьж, дүрмээ баримтлахгүй надад шахаад орж ирээд мөргөлдсөн. Насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодуулснаас аваар осол гарсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд тухайн үйл баримт дахь зохигчийн хэн алины гэм буруугийн асуудлаар маргасан.

 

4. Гэтэл анхан шатны шүүх маргааны зүйлтэй холбогдуулан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл, шаардах эрхийн урьдчилсан нөхцөлүүд хангагдсан эсэх, хариуцагчийн хариу тайлбар ба түүний үндэслэл, үгүйсгэлийн талаар, маргааны үйл баримт дахь зохигчийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль зүйн шинж, гэм буруу, шалтгаант холбоо, хохирол хор уршигт хүргэсэн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт өгөөгүй байдал нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж, 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж мэтгэлцэх зарчмын агуулгыг тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчид мэтгэлцээгүй буюу байр сууриа илэрхийлээгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй, энэ талаар харилцан тайлбар гаргах замаар мэтгэлцээгүй асуудлаар “хариуцагч Б нь “Porter” маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч биш тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

6. Хэргийн 19 дэх талд авагдсан, Осол гарсан замын байдлын талаарх тэмдэглэлд иргэн Б.Н талаар тусгагдсан байдал нь хариуцагч Бийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Б.Н өмчлөлд байсныг хангалттай нотлох баримт биш бөгөөд Б.Н нэр дээр бүртгэлтэй гэх тээврийн хэрэгслийг хариуцагч нь эзэмшиж, өмчилдөг эсэх, эсхүл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн холбогдох заалтад хамаарах бусад урьдчилсан нөхцөлүүд байгаа эсэхийг тодруулахгүйгээр мөн зүйлийн 499.1 дэх хэсгийг хэрэглэж маргааныг шийдвэрлэхдээ шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Энэ талаар нэхэмжлэгч нарын гаргасан “Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтыг зөрчсөнийг Б хүлээн зөвшөөрсөн. Түүний үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Гэтэл анхан шатны Бийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Нурлан нь уг хохирлыг хариуцах ёстой гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулгатай, хэргийн үйл баримт дахь зохигчийн хэн алины гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршигт хүргэсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн утгатай давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авах нь зүйтэй байна.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээр хэлэлцээгүй буюу дүгнэлт өгөөгүй асуудлаар, тухайлбал хэргийн үйл баримт дахь талуудын гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байхад маргааныг шийдвэрлэх эрх хэмжээгүй, түүнчлэн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол гаргуулах тухай Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэх шаардах эрхийн үндэслэлийн талаар талуудын мэтгэлцээгүй асуудлаар шүүх дүгнэлт хийж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

8. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасан тул хуульд зааснаар нэхэмжлэгч Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф, нэхэмжлэгч А нар хамтарч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 165,916.00 төгрөгийг тэдгээрт тус тус төлсөн хэмжээгээр нь шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгох нь хууль ёсны зарчимд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф, нэхэмжлэгч А нар хамтарч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 165,916.00 төгрөгийг тэдгээрт тус тус төлсөн хэмжээгээр нь шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.К

 

ШҮҮГЧ                                                            Ж.О

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.Ө