| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05548/И |
| Дугаар | 4489 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 4489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 46 гудамж, 61-В тоотод оршин суух, Боржигин овогт Намжимын Гэрэлмаа /РД:МЗ74092423/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дашбямбын Батчимэг /РД:ЙН66013108/, Буянравжихын Нарангэрэл /РД:ЙЭ66100918/ нарыг эрэн сурвалжлах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оноос Д.Батчимэг, Б.Нарангэрэл нарыг Депод арчих материал өгч байхад танилцаж нөхөрлөсөн. Д.Батчимэг, Б.Нарангэрэл нар өөрсдийгөө Монгол Хятадын хамтарсан оёдлын үйлдвэр ажиллуулдаг, бидэнд мөнгөний хэрэг гараад байна, чи ах эгч хоёртоо тусалж өөрийн орон сууцаа банкны барьцаанд тавьж зээл авч өгөөч, бид чиний амьдрал ахуйг чинь дээшлүүлж, чамайг машин тэрэгтэй болгож өгнө, чи зөвхөн орон сууцаа барьцаалаад зээл аваад өг, бид хоёр “Анод” банкинд танилтай бид зээлийн бүх материалыг төлж барагдуулна гэж гуйгаад байхаар нь итгэж зөвшөөрсөн. Тэд “Анод” банкны захирал Цэрэнпүрэв гэдэг хүнтэй нэг нутаг усны хүмүүс, түүнтэй яриад зээл авах материалаа бүрдүүлээд ирлээ гээд 3 хоногийн дараа ирж одоо чи орон сууцныхаа гэрчилгээ, иргэний үнэмлэхээ аваад бидэнтэй хамт “Анод” банк руу явъя, бүх юмыг яриад бэлэн болгочихсон гэхээр нь итгэж өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус-15, 4 байрны 33 тоот, 3 өрөө орон сууцаа 2006 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Анод” банкинд барьцаанд тавьж өөрийн нэр дээр 10.000.000 төгрөгний зээл авч тэр өдрөө бэлнээр нь өгсөн. Д.Батчимэг, Б.Нарангэрэл нар баярлалаа, амласан зүйлээ саадгүй өгнө, ах эгч хоёр нь зээлээ хугацаанд нь төлнө, чи санаа зовох хэрэггүй гэж яриад зээлийн эхний 4 сарын мөнгийг тушаагаад 5 дахь сараас нь эхлэн худал ярьж шалтаг тооцон бултаж, зугтаад утсаа авахгүй болсон. Энэ тухай Цэрэнпүрэвт хэлж тэр хоёрын байгаа газрыг нь олж очиж уулзахад бид хоёр мөнгө олж зээлийг чинь төлнө, санаа зовох хэрэггүй, бид хоёр итгэлийг чинь алдахгүй гэж хэлээд дахин алга болсон. Зээлийн 1 жилийн хугацаа нь болж орон сууцаа алдахгүйн тулд Д.Батчимэг, Б.Нарангэрэл хоёрын зөвлөгөө зааварчлагаар байр чөлөөлдөг хүмүүсээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байраа чөлөөлүүлж авсан.
Гэтэл Д.Батчимэг би ”Зоос” банкны эдийн засагчийг танина, манай нөхөр Б.Нарангэрэл тус банкинд жолооч хийдэг, чи бид хоёрт итгэ, чамайг дахин эвгүй байдалд оруулахгүй, бид таньдаг эдийн засагчтайгаа ярьж материалыг түргэн бүрдүүлээд зээл авч чиний байрыг чөлөөлж өгье. Чи бид хоёрт итгэж дахин туслаач гэж гуйхаар нь дахин орон сууцаа барьцаанд тавьж, “Зоос” банкны 215-р тооцооны төвөөс 15.000.000 төгрөгийн зээлийг 1 жил 6 сарын хугацаатай авч Д.Батчимэг, Б.Нарангэрэл нар зээл чөлөөлдөг хүнд мөнгийг нь өгсөн. Д.Батчимэг, Б.Нарангэрэл нар зээлийн эргэн төлөлтийг хийхгүй, хүлээж бай, бид байрыг чинь чөлөөлж өгнө” гэж хуурч мэхэлсээр байгаад байрыг минь хураалгасан.
Иймд Д.Батчимэг, Б.Нарангэрэл нараас 3 өрөө байр болон эд хөрөнгийг минь гаргуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Гэрэлмаа нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Гэрэлмаа миний бие хариуцагч Д.Батчимэг, Б.Нарангэрэл нарт холбогдуулан 3 өрөө байр болон эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Д.Батчимэг, Б.Нарангэрэл нар нь нэхэмжлэлд дурьдсан Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 хороолол, 27 байр, 44 тоот хаягт амьдардаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байна. Иймд миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг эрэн сурвалжлуулах болгон өөрчилж байгаа тул эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дашбямбын Батчимэг /РД:ЙН66013108/, Буянравжихын Нарангэрэл /РД:ЙЭ66100918/ нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Д.Батчимэг, Б.Нарангэрэл нараас 3 өрөө байр болон эд хогшилоо гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дашбямбын Батчимэг /РД:ЙН66013108/, Буянравжихын Нарангэрэл /РД:ЙЭ66100918/ нарыг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлд дурьдсан хариуцагч Д.Батчимэг, Б.Нарангэрэл нарын Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 хороолол, 27 байр, 44 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус хаягт Д.Батчимэг, Б.Нарангэрэл нар нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Батчимэг, Б.Нарангэрэл нарын гарын үсэг бүхий “...Намжимын Гэрэлмаагийн байр барьцаалсан мөнгөн дүнгээр 13.000.000 төгрөгийг бэлнээр авсан тул 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэхэд төлж дуусгах болно” гэсэн тодорхойлолт авагдсан байх бөгөөд үүгээр нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдтэй эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Батчимэг, Б.Нарангэрэл нарын оршин суугаа хаяг тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Гэрэлмаа нь Д.Батчимэг, Б.Нарангэрэл нарыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хэргийн нутаг дэвсгэрийн харъяалалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тус шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлснийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Н.Гэрэлмаатай холбоо барих утас 89997424 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Н.Гэрэлмаагийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Дашбямбын Батчимэг /РД:ЙН66013108/, Буянравжихын Нарангэрэл /РД:ЙЭ66100918/ нарыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг болгосугай.
2. Нэхэмжлэгч Н.Гэрэлмаа нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Н.Гэрэлмаатай
холбоо барих утас 89997424 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА