Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00511

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00827 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

40,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК нарын дунд 2022 оны 05 сарын 17-ны өдөр байгуулагдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу М100-М400 маркийн бетон зуурмаг 1 м3 зуурмагын үнийг 180,000-240,000 төгрөгөөр тохиролцон нийлүүлэхээр болсон. Талууд зуурмагийн тоо, хэмжээг тогтоогоогүй бөгөөд зуурмагийг давхар өөр газраас авах боломжтой тохирсон ба авсан зуурмагийн хэмжээгээр тооцоо хийхээр харилцан тохиролцсон.

1.2. Гэрээний дагуу захиалагч ******* ХХК өөрсдөө зуурмаг авах өдрөө тогтоож захиалга өгөх бөгөөд захиалгын дагуу манай байгууллага зуурмаг нийлүүлэхээр болсон. Гэрээний төлбөрийн 50 хувийг бэлэн мөнгөөр, үлдсэн 50 хувийг бартераар буюу тухайн төслөөс орон сууц авах тохиролцоотой гэрээ байгуулсан. Хариуцагч ******* ХХК-д гэрээний дагуу 2022 оны 05 сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд М150 маркийн зуурмаг 18 м3, М350 маркийн бетон зуурмаг 90 м.3, нийт 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 м3 бетон зуурмаг нийлүүлсэн.

1.3. Манайх бетон зуурмаг нийлүүлэхдээ насосны машин түрээслэсэн бөгөөд энэ төлбөр нь 1,200,000 төгрөг болсон. Гэтэл хариуцагч ******* ХХК гэрээний дагуу бартерын орон сууц шилжүүлэх гэрээ байгуулаагүй. Мөн гэрээний 3.1-т заасны дагуу бэлэн өгөх төлбөрөө зуурмагын хэмжээгээр тооцож төлбөрийг 2 хоногийн өмнө шилжүүлэх ёстой боловч шилжүүлээгүй. Захиалагч талын ажил зогссон тул манай байгууллага бетон зуурмаг нийлүүлтээ зогсоосон.

1.4. Гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний 4.3-т заасны дагуу алдангийг төлбөр төлөх ёстой байсан 2022 оны 05 сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл тооцоход 515 хоног болж үүнийг гэрээнд заасан 0,3 хувиар тооцоход 1 өдрийн алданги 81,60 төгрөг болж байгаа ба нийт алданги 42,019,500 төгрөг болж байна. Иймээс 42,019,500 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн төлөх ёстой 27,120,000 төгрөгийн тал хувь буюу 13,560,000 төгрөгт тооцон алданги нэхэмжилсэн.

1.5. ******* ХХК-ийн захирал ******* хариуцагч ******* ХХК-ийн захирал *******той амаар тохиролцож гэртээ 8 ширхэг цонх, павильоны 4 ширхэг хаалт суулгуулан хариуцагч талын бетон зуурмагийн төлбөрөөс хасах асуудал захирлуудын хооронд яригдсан. ******* ХХК павильоны 4 ширхэг хаалтыг суулгаж өгөөгүй, ******* ХХК-ийн захирал *******ын гэрт 26 м.кв бүхий 8 ширхэг цонх суурилуулсан, үүний төлбөрт 7,000,000 төгрөгийг хасахыг захирал зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 төгрөгөөр багасгаж байна.

Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 20,120,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 30,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Талууд 2022 оны 05 сарын 17-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь манай байгууллагад бетон зуурмаг нийлүүлсэн хэдий ч нэхэмжлэлд дурдсан 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 м.куб хэмжээний бетон зуурмагийг хүлээлгэн өгөөгүй. Захирал ******* нь манайд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөртөө өөрийн амьдардаг Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 1 дүгээр байр, 55 тоот орон сууцанд шилэн цонх, хаалгыг хийж суурилуулах болон ажлын хөлсийг багтаан тооцуулахаар харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу манай байгууллага 2022 оны 11 сарын 10-ны өдөр гэрт нь очиж хаалга, цонхнуудын хэмжээг аваад 2022 оны 12 сарын 10-ны өдөр бэлтгэж дуусгаад гэрт нь очиж 26 м.кв хэмжээтэй 8 ширхэг цонх, 2 хаалга суурилуулж өгсөн.

Гэтэл харилцан тохиролцсоны дагуу бетон зуурмаг нийлүүлсэн төлбөрт цонх болон хаалга хийж суурилуулах ажлыг гүйцэтгэсэн, өр төлбөргүй болсон байхад бетон зуурмагийн төлбөр болон гэрээний алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс өмнө нь дээрх гэрээтэй холбогдуулан бетон зуурмагийн өр төлбөрийг төлөхийг шаардаж байгаагүй бөгөөд ийнхүү харилцан тохиролцсоны дагуу ажлыг гүйцэтгэж дууссан, өр төлбөргүй болсон байхад уг төлбөрийг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 28,380,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 361,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 299,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс шүүхэд өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд тус хэрэг маргааны шүүх хуралдаан анх удаа товлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан "хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх, өмгөөлөгч авах талаар хүсэлтээ удаа дараа шүүгчид танилцуулсаар байхад шүүгч хангалгүй, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгч хэргийн оролцогчдод эрх үүрэг тайлбарлахдаа өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхийн талаар дурдалгүй хэргийн оролцогчдод эрх, үүрэг дутуу, ойлгомжгүй тайлбарласан. Мөн хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласны дараа ойлгомжгүй, асууж тодруулах зүйл байгаа эсэхийг тодруулалгүйгээр дараагийн үе шат руу орсон. Шүүгчээс өмгөөлөгч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах эрхийг яагаад хэлж танилцуулахгүй байгаа талаар надад эргэлзээ, гайхширал төрж байсан. Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгч авах эрхээр хангагдах боломжтой бөгөөд өмгөөлөгч авах эрхийг зөвхөн хүсэлтийн үе шатанд гаргана гэж зохицуулаагүй. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ танилцуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох зайлшгүй шаардлагатай байсан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү.

4.2. Хариуцагчийн зүгээс өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө туслалцаа авсны үндсэн дээр нэхэмжлэгчээс авсан зуурмагийн бартерт *******ын орон сууцанд цонх суулгасан баримтыг шүүхэд гаргаж өгч, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргах, мэтгэлцэх боломж олгоогүй, анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн. Зохигч талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлж оролцох эрхийг зохицуулсан ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг шүүх зөрчсөн байна.

4.3. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гардан авч хэргийн материалтай танилцсан нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд байх бөгөөд бетон зуурмаг хүлээлгэж өгсөн гэх баримт авагдаж эдгээр баримтыг нэхэмжлэлд хавсаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэзээ ирүүлсэн нь тодорхойгүй баримтуудыг хариуцагчид танилцуулаагүй болох нь хэргийн дугаарлалтаас харагдаж байна. Шүүхээс хариуцагчид тухайн баримттай холбоотой тайлбар татгалзал гаргаж үгүйсгэх боломж олгоогүй. Энэ талаарх нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан эрхээ эдлэх боломжийг шүүхээс хэргийн оролцогч нарт олгоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нийт 108 м3 бетон зуурмаг хүлээлгэн өгсөн болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн байгаагаас харахад шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх зохицуулалтад нийцээгүй. Мөн хүснэгт ******* ХХК-ийн нягтлан бодогчийн гарын үсэг, санхүүгийн тамгатай нэг талын баримт болох нь харагдаж байна. Бетон зуурмаг хүлээлгэж өгсөн баримт дээрх хүлээн авсан хүний нэр, гарын үсэг тодорхойгүй, юу гэж бичсэн нь ойлгомжгүй тухайн маргаанд хамааралтай нотлох баримтад тооцож болох баримт мөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй, нотлох баримтаар үнэлсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүх хөндлөнгийн хараат бус байр суурьтай байх ёстой атал нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй. Хэрэг маргааны нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй. Тухайн 108 м3 зуурмаг хүлээн авсан талаар маргаантай байсан нь хариуцагчийн хариу тайлбарт тодорхой байгаа.

4.4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Үүнд: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид нэхэмжлэлийн хувий гардуулах ажиллагааг шүүгч хийсэн боловч эдлэх эрх, үүргийг бүрэн тайлбарлаагүй. Шүүгч хэргийн оролцогчдод эрх үүргийг тайлбарлан өгөхдөө эрх үүрэг тус бүрийн ач холбогдол, үр дагаврыг хангалттай тайлбарлаагүй, мөн энэ ажиллагаа хийгдсэн болохыг баталгаажуулсан баримтад шүүгч гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, эрх, үүрэг танилцуулсан баримт болон нөлөөллийн мэдүүлгийн баримтад хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулсан боловч шүүгч баримтад гарын үсгээ зураагүйгээс уг ажиллагааг хэн явуулсан нь тодорхой бус байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг 02 сарын 18-ны өдөр гардаж авахдаа хэргийн материалтай танилцахад тус баримтад шүүгч гарын үсгээ зураагүй байсан. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин ИХШХШТХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан ажиллагааг бүрэн хийлгүй орхигдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгт эрх, үүрэг танилцуулж гарын үсэг зуруулалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 3.1-т заасны дагуу бетоны үнийн дүнгийн 50% нь бартер байхаар тохиролцсоны дагуу хариуцагч ******* ХХК нь *******ын орон сууцанд цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад цонхны ажлыг хийж гүйцэтгэсэнг хүлээн зөвшөөрч 7,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хассан. Гэвч гэрээний тохиролцооны дагуу гэрээний үнийн дүнгийн 50% бартераар гүйцэтгэгдсэн байдаг тул талууд эвлэрэхэд зайлшгүй нэмэлт бодит хугацаа шаардлагатай байсан. Зохигчид өөрсдөө харилцан тохиролцох, эвийн журмаар маргаанаа дуусгавар болгох боломжийг танилцуулах үүргийг шүүх хүлээнэ. Гэвч зохигчид аль аль нь эвлэрэх талаар тайлбарласаар байхад эвлэрэн хэлэлцэх боломжит хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулалгүй, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асуухгүйгээр хэт хүчилж, тулгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эдлэх эрхийг хязгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Шүүхийн зүгээс гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг бүрэн хангасан гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 талд ... хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш шүүгчээс татгалзсаныг уг хүсэлт гаргаагүйд тооцож ... гэж бичсэн байна. Шүүгчээс татгалзсан хүсэлтийг шүүгч зөвлөлдөх тасалгаанд оролгүй өөрөө шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 92.6-д заасныг ноцтой зөрчсөн. Хэргийг дангаар хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гарах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар заасан байхад хүсэлт гаргаагүйд тооцож хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна. Иймд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00827 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 25,920,000 төгрөг, алданги 13,560,000 төгрөг, насосны машин түрээслэсэн 1,200,000 төгрөг, нийт 40,680,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээгээр нийлүүлэгч буюу ******* ХХК нь захиалагч буюу ******* ХХК-ийн барилгын талбайд бетон зуурмаг нийлүүлэх, нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг ******* ХХК нь нийт үнийн дүнгийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартераар тухайн төслийн орон сууцнаас өгөх, бүтээгдэхүүний үнийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам талууд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг сүүлийн бетон зуурмаг нийлүүлсэн өдрөөс тооцохоор тохиролцсон.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг бетон зуурмаг нийлүүлсэн боловч 25,920,000 төгрөгийн үнэ бүхий 108 тонн бетон зуурмагийг хүлээлгэн өгөөгүй, ******* ХХК-ийн захирал ******* нь нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөртөө өөрийн амьдардаг орон сууцандаа 26 м.кв хэмжээтэй 8 ширхэг цонх, 2 хаалга суурилуулж өгснөөр төлөх төлбөргүй болсон гэх агуулгаар маргасан.

 

4.1. Хариуцагч ******* ХХК нь дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

4.2. Хэргийн 5, 45, 51 дүгээр тал дахь баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Баян нэгүл ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 150 маркийн 18 м.куб 3,420,000 төгрөгний үнэ бүхий бетон зуурмаг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 250 маркийн 90 м.куб 22,500,000 төгрөгний үнэ бүхий бетон зуурмаг нийт 25,920,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг хүлээлгэн өгсөн болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ.

 

4.3. Мөн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал *******ын амьдардаг орон сууцанд 26 м.кв хэмжээтэй 8 ширхэг шилэн цонх, 2 хаалга суурилуулж өгснийг бетон зуурмагийн өр төлбөрт тооцохоор тохирсон гэж маргасан боловч эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг нотолсон баримтгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 25,920,000 төгрөг, алданги 13,560,000 төгрөг, насосны машин түрээслэж төлсөн 1,200,000 төгрөг, нийт 40,680,000 төгрөг нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад машин түрээслэсэн 1,200,000 төгрөг, ажлын үлдэгдэл хөлс 25,920,000 төгрөг нийт 27,120,000 төгрөгөөс дээрх цонх хийлгэсэн ажлын хөлсөнд 7,000,000 төгрөгийг хасч тооцож үлдэгдэл төлбөрт 20,120,000 төгрөг, алданги 10,060,000 төгрөг нийт 30,180,000 төгрөг гаргуулахаарр нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

5.1. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас насосны машин түрээслэсэн 1,200,000 төгрөг нэхэмжилсэн боловч талууд энэ талаар тохиролцсон, насосны машин түрээслэсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.2. Хариуцагчаас насосны машин түрээслэсэн 1,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардсан бетон зуурмагийн гэрээний үлдэгдэл төлбөр 20,120,000 төгрөгөөс насосны машин түрээслэсэн 1,200,000 төгрөгийг хасч 18,920,000 төгрөг, алдангид 9,460,000 төгрөг нийт 28,380,000 төгрөгийг хариуцагч Баян нэгүл ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгч эрх үүрэг дутуу ойлгомжгүй тайлбарласан, шүүхэд өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсанаар талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн хязгаарлагдсан гэх гомдол үндэслэлгүй.

 

7.1. Хэргийн 35 дугаар тал дахь баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан байна. Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлахдаа өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн зөвлөлгөө авах талаар тайлбарлалгүй, дутуу ойлгомжгүй тайлбарласан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Хэргийн 58-64 дүгээр тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүгч талуудаас шүүхэд гаргах хүсэлт бий эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах, нотлох баримт гаргах талаар хүсэлт гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 08 дугаар 30-ны өдөр гардан авснаас шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл өдөр хүртэл хангалттай хугацаа байсан гэж үзэж шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

 

7.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчээс татгалзсан хүсэлтийг шүүгч зөвлөлдөх тасалгаанд оролгүй өөрөө шийдвэрлэсэн. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар заасан байхад хүсэлт гаргаагүйд тооцож хуралдааныг үргэлжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг татгалзахгүй гэж зохицуулсан тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь үндэслэлгүй. Учир нь, шүүх хуралдааны шатанд хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийг татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэл байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хариуцагчийн хүсэлтийг гаргаагүйд тооцож шүүгч энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй.

 

7.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлд хавсаргаж өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэзээ ирүүлсэн нь тодорхойгүй баримтуудыг танилцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг эдлэх болмж олгоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.5. Шүүх ******* ХХК-ийн Баян нэгүл ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2024 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хариуцагчийг албадан ирүүлэхээр шүүгчийн захирамж гаргасан, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийг эрэн сурвалжлах шүүгчийн захирамж гаргасан, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүртэлх 5 сар гаруй хугацаанд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хууль зүйн туслалцаа авах хангалттай хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

 

7.6. Түүнчлэн, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх ба 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэргийн матералтай танилцах боломжтой байжээ. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцахыг хязгаарласан хориглосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

7.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх боломжит хугацаа өгөлгүй шүүх хуралдаан хойшлуулалгүй, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асуухгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүхээс талуудыг эвлэрэн хэлэлцэх боломжийг олгосон болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ