Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 218

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,

Шүүгдэгч Б.Ц нарыг ор,,олцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Цид холбогдох эрүүгийн 1918003080248 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Ц /РД: /, Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, наводчик /буудагч/ мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ... ангид буудагч ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Ц нь дэд ахлагч цолтойгоор Зэвсэгт хүчний ... ангид наводчикаар ажиллаж байх хугацаандаа байгууллагаас олгосон 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны хүртэл чөлөөний хугацаа дууссаны дараа цэргийн ангидаа эргэж ирээгүй болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Цийн өгсөн: Манай эхнэр 3 дугаар сарын 20-нд амаржиж хүүтэй болсон. Ар гэрийн гачигдлаар 7 хоногийн чөлөө аваад хугацаандаа ирж амжаагүй. Миний бие 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө бичээд Улаанбаатар хот руу явсан. Хүү маань өвдсөн байсан учир яаралтай явсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Зэвсэгт хүчний ... ангийн хууль ёсны төлөөлөгч Г.Ан өгсөн: Манай ангийн наводчик ажилтай дэд ахлагч Б.Ц нь 2010 онд тус ангид томилогдож ирсэн. Б.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны үеэр ээлжийн амралтаа авч Улаанбаатар хот руу яваад ээлжийн амралтын хугацааг 3 хоног хэтрүүлсэн. Б.Ц нь ирэхдээ “эхнэр маань жирэмсэн амаржих гэж байгаа” гэж хэлэхээр нь штабаас түүний ар гэрийг дэмжиж 10 хоногийн цалинтай чөлөө олгосон. Үүнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа ирэхэд миний бие уулзаж ярилцахад “мөнгөний өр шир ихтэй болоод Улаанбаатар хотод хэд хоног ажил хийж байгаад ирсэн” гэсэн тайлбар өгсөн. Б.Ц нь ажил таслах, чөлөөг хэтрүүлэх зөрчлийг удаа гаргахад нь сануулж сахилгын шийтгэл авч байсан. Б.Ц нь сүүлд ирэхдээ ажлаасаа гардаг юм билүү? гэхээр нь “ажлаас гарах нь чиний эрх. Өргөдлөө өгөөд ажлаасаа гар” гэсэн зөвлөгөө өгсөн. Б.Ц өргөдлөө бичиж ирье гэж хэлээд одоог хүртэл ямар нэгэн холбоо бариагүй, сураггүй байна. Манай байгууллага нь Б.Цаас байрладаг байрных нь цахилгаан, ус, дулааны төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /хх-ийн 15, 17/,

Гэрч Б.Бийн өгсөн: Миний хариуцсан салбарын наводчик албан тушаалтай дэд ахлагч Б.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны үед ээлжийн амралт авч яваад ээлжийн амралтын хугацааг 3 хоног хэтрүүлж ажилдаа орсон. Тэгээд удалгүй эхнэр нь төрөх гэж байна гээд удирдлагаас ар гэр дэмжих 10 хоногийн чөлөө аваад чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ирээгүй. Тэр үед хээрийн сургалтад гарах байсан боловч ажилдаа ирээгүй, гар утас нь холбогдох боломжгүй байсан. Б.Ц нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа хальт ирчхээд буцаад алга болсон. Б.Ц нь өнгөрсөн онд 4 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр арга хэмжээ авахуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч О.Бийн өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын эхээр хээрийн сургалтад  явахдаа Б.Цийн гэрт очоод “явъя” гэж хэлэхэд “чи явж бай. Би анги руу яваад очъё” гэж хэлсэн. Түүнээс хойш Б.Цтай уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрч Б.Баийн өгсөн: Б.Ц нь 2019 оны 02 дугаар сард ээлжийн амралтаараа надтай хамт байж байгаад амралтаа дуусгаад Дархан руу ажил руугаа явсан. Мөн намайг төрсний дараа гэр бүл дэмжих 7 хоногийн чөлөө аваад чөлөөгөө дуусгаад Дархан руу ажилдаа явсан. Дарханд ажилдаа очсон эсэхийг би мэдэхгүй байна. Сүүлд 2019 оны 4 дүгээр сарын эхээр ангийн дарга болон найз нар нь над руу залгаад “танай хүн чинь ажлаа таслаад ирэхгүй байна. Хэрвээ ингээд таслаад байх юм бол цэргийн албанаас зайлсхийсэн гэж цагдаагийн байгууллагад хандах болно” гэж хэлсэн. Энэ талаар би Б.Цид хэлэхэд ямар нэгэн юм хэлэхгүй байгаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Зэвсэгт хүчний ... ангид ахлагчийн алба хаах тухай гэрээ /хх-ийн 5-6/,

Шүүгдэгч Б.Цийн 2019 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын ирцийн бүртгэл, цалингийн тодорхойлолт /хх-ийн 7-8/,

Шүүгдэгч Б.Цийн ажлын үнэмлэх /хх-ийн 39/,

Шүүгдэгч Б.Ц нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалж, цэргийн албан хаагчийн бэлэн байдлыг алдагдуулсан шалтгаанаар Зэвсэгт хүчний ... ангийн захирагчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/196 дугаартай тушаалаар сануулах, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай тушаалаар албан тушаалын ндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус авагдсан тухай тушаалын хуулбарууд /хх-ийн 42-43/,

Шүүгдэгч Б.Цид 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөө олгосон тухай чөлөө хүсэх өргөдөл /хх-ийн 44/,

Шүүгдэгч Б.Цийг Зэвсэгт хүчний ... ангид наводчикаар томилсон Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 582 дугаартай тушаал /хх-ийн 45/,

...дэд ахлагч Б.Ц нь 2019 оны ээлжийн амралтын хугацааг 3 хоног хэтрүүлсэн, ар гэрийг дэмжих зорилгоор олгосон 7 хоногийн чөлөөний хугацаа дууссан байхад ажилдаа ирээгүй, ангийн хээрийн сургалтад гарах үүргийг биелүүлээгүй... гэх салааны захирагч ахлах дэслэгч Б.Бийн тайлбар /хх-ийн 48-49/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Цийн дэд ахлагч цолтойгоор Зэвсэгт хүчний ... ангид наводчикаар ажиллаж байх хугацаандаа байгууллагаас олгосон 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны хүртэл чөлөөний хугацаа дууссаны дараа цэргийн ангидаа эргэж ирээгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Б.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нь цэргийн албанаас оргон зайлсан боловч Зэвсэгт хүчний ... ангийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хууль ёсны төлөөлөгч Г.Ан “...Манай байгууллага нь Б.Цаас байрладаг байрных нь цахилгаан, ус, дулааны төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /хх-ийн 15/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь цэргийн албан 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж хорих ялаас чөлөөлж тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР