| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06598/И |
| Дугаар | 210/МА2025/00539 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00539
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/00413 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч *******тай түүний сонгуулийн сурталчилгааны зураг, богино бичлэг, танилцуулга зэргийг хийх буюу сонгуулийн сурталчилгааны эх бэлтгэх ажлыг 64,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Гэрээг бичгээр байгуулаагүй ч төслийг ******* хаяг руу илгээж, талууд утсаар ярьж, нөхцөлийг харилцан зөвшөөрсөн. Гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ба гэрээний 3.2-т ...захиалагч ажлыг эхлэхээс өмнө нийт төлбөрийн 60 хувь болох 38,950,000 төгрөг, үлдэгдэл 40 хувь болох 25,550,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны дотор шилжүүлнэ гэж заасан ч захиалагч ажил эхлэхийн өмнө бэлнээр 27,000,000 төгрөг өгсөн.
Би тус ажлыг зурагчин *******, зураглаач ******* нартай хамтран гүйцэтгэхээр ярилцаж тохирч бид 2024 оны 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд *******, түүний сонгуулийн багтай хамт Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн төв, хэд хэдэн сумдаар хамт явж сонгуулийн сурталчилгааны зураг авах, бичлэг хийх, хэвлэлийн эхийг бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн. 60 хувийн дутуу хөлсийг авахаар *******гийн сонгуулийн санхүү хариуцсан хүнтэй 2024 оны 6 дугаар сарын 14-ний Улаанбаатар хотод ирээд уулзах гэсэн боловч өнөө маргааш гэж хүлээлгэсний эцэст надтай уулзаагүй.
1.2. Ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай хэрэгсэл авах зорилгоор өөрийн камер, компьютерийг ******* ломбарданд 5,500,000 төгрөгөөр барьцаалж, нэр бүхий 2-3 хүнээс мөнгө зээлж үйл ажиллагаанд зарцуулах санхүү 10,000,000 төгрөг бүрдүүлж аваад Төв аймаг руу буцаж ажлаа үргэлжлүүлсэн. Сонгуулийн санхүү хариуцсан хүн надад 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 23,000,000 төгрөг өгснөөр би нийт 50,000,000 төгрөгийн ажлыг хөлс авсан боловч үлдэгдэл 14,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй. 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан боловч бодит байдалд нийцэхгүй тайлбар хэлж, төлбөрийг барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн.
Зураглаач, зурагчны ажлын хөлсийг төлөх, зээл төлөх зорилгоор 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ломбарданд 5,500,000 төгрөгөөр компьютер барьцаалсан, мөн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ломбарданд 6,000,000 төгрөгөөр камер барьцаалсан өнөөдрийг хүртэл 3,500,000 төгрөгийн хүү төлж хохирсон.
1.3. Бид үүргийг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар ажлын хөлс болон хохирлыг шаардах эрхтэй.
Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,500,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 3,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Би 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ардчилсан намын гишүүнээр элсэж ******* ерөнхийлөгчөөр сонгогдож, 2024 оны ******* тойрогт нэр дэвших эрх авсан. ******* нь ******* хөдөлгөөнд оролцсоны улмаас эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж цахим гав зүүж байгаа тул цалин орлогогүй байгаа, контент хийх хамтарч ажиллах саналыг тэр өөрөө гаргасан. 2024 оны 2 дугаар сараас эхлэн миний бичсэн Ухаалаг ходоод, Аз жаргал ба стресс номын агуулгын хүрээнд цуврал 20 реелс хийлгэж нүүр номын сошл хаягтаа байршуулсан. Энэ ажлыг бид амаар тохиролцож хийлгэсэн. ******* уг ажлыг гүйцэтгэх хугацаанд олон удаа хариуцлагагүй хандан цөөнгүй алдаа гаргаж 2 номоороо реелсээ хийлгэж чадаагүй. Өмнөх гүйцэтгэлдээ хариуцлагагүй хандсан тул УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар *******тай хамтарч ажиллахгүйгээр шийдсэн.
2.2.Харин түүний 4 ажил гүйцэтгэсэн хөлсөнд 20,000,000 төгрөгийг төлсөн. Миний зүгээс болон манай санхүү хариуцан ажиллаж байсан аас 50,000,000 төгрөгийг *******ад өгөөгүй. Өөрөөр хэлбэл, манай клубын дэмжлэгээр орж ирсэн хандивыг ******* өөрөө очиж хүлээж авсан. Нэгэнт санхүүгийн эх үүсвэрийг авсан тул гүйцэтгэх гэрээг нарийвчлан хийх, хариуцлагаа өндөр байлгах талаар *******ад удаа дараа хэлсэн, түүний хувийн сошл хаяг руу мессежээр 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр сануулж байсан. Гэвч гэрээ хариуцаж байсан менежер тэй албан ёсоор гэрээ хийгээгүй явсаар сонгуулийн сурталчилгааны үе эхэлсэн. Сонгуулийн дараа менежер тэй уулзаад ажлын гүйцэтгэлийн акт бүрдүүлж тайлангаа өгөөд ажлаа дүгнэх, хийсэн ажил нь байгаа бол түүнээ нотлоод нэхэж буй мөнгийг өгч болох талаар хэлж, уулзъя гэхэд ирээгүй. Гэтэл ******* нь твиттер хуудсаараа намайг олон нийтийн сүлжээнд гүтгэж нэр төрийг гутаасан. Харин ажлаа хийгээгүй хүнд түүний үлдэгдэл төлбөр гэж нэрлэж байгаа 14,500,000 төгрөгийн хөлс өгөх нь шударга бус зүйл гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******гаас 4,608,858 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,391,142 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88,692 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг фэйсбүүкийн чатаар хүлээн авч, урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байх тул ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 43.2.2 дахь заалтын дагуу бичгээр хийгдсэн хэлцэл гэж үзнэ, мөн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан байх шаардлагыг хуулиар тавьдаггүй бөгөөд ийм хэлбэрийг хангаагүй нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй... гэж тус тус дүгнэж хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээний гарын үсэг зурагдаагүй төслийг хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ гэж үнэлж ажлын хөлс, гэрээний дагуу гүйцэтгэх ажил, талуудын эрх, үүрэг гэх мэт гэрээний нөхцөлүүдийн дагуу хэргийг шийдвэрлэсэн.
Тус гэрээний төслийн 6.2-т хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндэсний ба Олон Улсын худалдааны арбитраар эцэслэн шийдвэрлүүлэх бөгөөд арбитрын ажиллагаанд тус арбитрын маргаан хянан шийдвэрлэх журмыг баримтална гэж хэргийн маргааны харьяаллыг тусгасан байтал гэрээний төслийн бусад нөхцөлүүдийг хүчин төгөлдөр гэж үнэлж маргааныг шийдвэрлэсэн хэдий ч хэргийн харьяаллын талаарх зохицуулалтыг үнэлэлгүйгээр хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ, мөн хуулийн 13.3-т Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн.
4.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, мөн тус гэрээний төслийн 3.2-т ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэвэл зохих нийт ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгэж захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгч тайлагнах бөгөөд... гэж ажлын үр дүнг хүлээлгэн өгч, тайлагнах талаар тус тус дурдсан бөгөөд гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчид ямар ч ажлын үр дүн болон тайланг хүлээлгэн өгөөгүй байтал нэхэмжлэлийн үнийн дүнгээс 4,608, 858 төгргийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн шүүхээс дээрх дүнг хариуцагчаас гаргуулахаар тооцоолохдоо ...хийх ажилд нэг бүрийн үнэлгээ гаргаагүй тул шүүхээс нэг өдөрт ногдох ажлын хөлсийг тооцон гаргах боломжтой. Ийнхүү тооцвол сонгуулийн сурталчилгааны эх бэлтгэх хийх ажлын үнэлгээ өдрийн 3,225,000 болох юм гэж тодорхойлсон нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн, талуудын хооронд тохиролцоогүй хэлцлийн агуулга юм.
Учир нь гэрээний төслийн хавсралтад гэрээт ажлын нэг бүрийн үнэлгээг дурдсан байтал тус хавсралтын нөхцөлийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Талуудын хооронд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр тооцож хөлс төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байтал ажилласан хоног, өдөр, цаг хугацаагаар тооцож хөлс төлдөг хөлсөөр ажиллах гэрээтэй адилтгаж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
4.3. Шүүхийн шийдвэрт ....гэтэл хариуцагч бэлтгэлгүй байгаа шалтгаанаар татгалзсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба үүнийг хариуцагч үгүйсгээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т захиалагч нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэхээр бэлэн байсныг харгалзан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ажлын үнэлгээг 20 хувиар буюу 645,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэжээ. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгааны хугацаа маш богино буюу 2024 оны 06 дугаар сарын 10-наас 26-ны хооронд 16 хоног л үргэлжилсэн. Гэтэл хамгийн чухал ач холбогдолтой цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 13, 14, 15-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй гэдгийг шүүх өөрөө үндэслэх хэсгийн 8-д тодорхой дүгнэж дурдсан байгаа нь нэхэмжлэгч гэрээний үүргээ эөрчсөн төдийгүй Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1.4 -т заасан ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй гэдгийг тодорхой харуулж байна. Энэ нь эсрэгээрээ сонгуульд нэр дэвшигч миний сонгуулийн ажилд муугаар нөлөөлсөн, санаатайгаар чанаргүй ажлын үр дүнг авчирч илт хохироосон үйлдэл юм.
4.4. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан барьцаалан зээлдүүлэх газрын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагад нийцээгүй тул шүүхээс эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй ... гэж дурдсан хэрнээ тус хэсэгт мөн ... харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг харьцуулан үзэж зөөврийн компьютерийг барьцаалж зээл авсны хүүд ...төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэлээ гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан бөгөөд энэ талаар шүүх үндэслэх хэсэгт дүгнэлт хийж нэхэмжлэгчийн гарган өгсөн барьцаалан зээлдүүлэх газрын баримтууд нь дээрх хуулийн шаардлагад хийцээгүй гэж дүгнэсэн боловч түүний тайлбараар нотлогдож байна гэж үзэж барьцаанд тавьсан эд зүйлсийн хүүг хохиролд шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Түүнчлэн, шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэж буй гэрээний хавсралт хэсэгт бэлдэх зүйл нөүт бүүк 5,000,000 төгрөг, бусад 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг гэж бичсэн. Гэтэл хариуцагч нь ажлын урьдчилгаанд 27,000,000 төгрөг ажил эхлэхээс өмнө өгсөн гэдгийг нэхэмжлэгч тайлбартаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь ажлын бэлтгэлийг хангахад шаардагдах зардлыг захиалагч тал болох хариуцагч хангалттай өгсөн бөгөөд бэлтгэл ажил хангахын тулд өөрийн компьютер, камерыг барьцаанд тавих шаардлага байгаагүй гэдгийг тодорхой харуулж байна. Мөн дээрх гэрээний 6.1-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой алданги тооцох талаар зохицуулалт ч тусгагдсан. Гэтэл энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхгүйгээр шаардлагагүй нөхцөл байдалд өөрийн эд зүйлийг өөрийн сайн дураар ломбарданд тавьж хохирол хэмээн тооцож байгаа нь тус тус үндэслэлгүй. Нэмж дахин дурдахад энэ бол 4 жилд нэг удаа болдог үйл явцад оролцож буй онцгой үйл явцад хамаарах ажлын гэрээ байсан.
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн хоног өдөр, сурталчилгаа бүгд хуульчилсан хугацаатай. Энэхүү хугацаанд чанартай гүйцэтгэлтэй ажил хийж, үр дүн авчрах нь энэ гэрээний гол зорилго байсан. Энэ бол дуртай хугацаандаа ирж ажиллаад цалингаа аваад явдаг ажил биш гэдгийг дурдах нь илүүц юм. Гэтэл нэхэмжлэгч нь чухал цаг үед ажлаа хаяж явсан хариуцлагагүй үйддэл гаргасан. Үүгээрээ миний сонгуулийн үр дунд муу нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний дагуу чанаргүй үр дүн бий болоход шууд нөлөөлөх үйлдлийг ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч өөрөө хийсэн атлаа түүндээ тохирсон хариуцлага, эрсдэлээ үүрэхгүй гэрээний үүргийг бүрэн, доголдолгүй биелүүлсэн мэт бүтэн ажлын хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй төдийгүй ёс зүйгүй үйлдэл юм.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан тайлбар болон шүүхийн бус үед хийсэн уулзалтаар миний өөрийн зүгээс шалтгаалах алдаа дутагдал байсныг харилцан ойлголцсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг, хохиролд 3,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 4,608,858 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,391,142 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь ...хариуцагчийн гаргасан тайлбар болон шүүхийн бус үед хийсэн уулзалтаар миний бие өөрийн зүгээс шалтгаалах алдаа дутагдал байсныг харилцан ойлголцсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
5. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/00413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг, хохиролд 3,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ