Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 4515

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 12/2 байр, 28 тоотод оршин суух, Самырау овогт Камбарын Зейнеш /РД:ХА68020462/

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 72-А байр, 9 тоотод оршин суух, Сүхбаатарын Тулга /РД:ЦБ81040178/

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 347.939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К.Зейнеш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Тулга нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний дүү Б.Мэндбаяртай 15/00129 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулан, миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 12/2-28 тоот 3 өрөө орон сууцыг иж бүрэн тавилгын хамт түрээсэлж, Америкийн 3 иргэнийг суулгасан. Хөлслөгч С.Тулга нь орон сууц хөлслөх гэрээний дагуу 1.000.000 төгрөгийг 1 сарын барьцааны хамт гэрээ байгуулах өдөр төлсөн. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлөх ёстой байсан 2.000.000 төгрөгийг төлөхгүй байсан тул утсаар нь олон удаа мэдэгдсэн ч төлөөгүй. Дээрх 2.000.000 төгрөгөөс өөр төлбөр нэмж төлөөгүй, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул арга буюу орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч бас гарахгүй байсан. Ингээд арга буюу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орон сууцыг хүлээн авсан. Бүрэн бүтэн байсан дараах тавилга, эд хогшлууд хүлээн авах үед эвдэрч гэмтэж, алга болсон байсан. Үүнд: гал тогооны түшлэгтэй сандал-50000 төгрөг, унтлагын өрөөний том хувцасны шкафны хаалганы модыг хуулсан 25000 төгрөг, паалантай хар савны таг хугарсан 5000 төгрөг, хутга хугалсан 5000 төгрөг, ширээний бүтээлгийг тамхины цогоор 3 газар түлсэн 10000 төгрөг, хивс хөлдөөж, бохирдуулсныг цэвэрлэхэд төлсөн            20000 төгрөг, 2 хүний том орны хөл эвдэрснийг засуулахад төлсөн 30000 төгрөг, интернетийн төхөөрөмжийг шинээр авсан мөртлөө үний нь төлөөгүй 20300 төгрөг, цэнхэр том бүтээлэг байхгүй 30000 төгрөг, 1 жижиг, 2 том халбага, юүлүүр байхгүй 5000 төгрөг, шинэ буйданг бохирдуулсныг цэвэрлэхэд төлсөн 20000 төгрөг буюу бүгд 220.300 төгрөг. Мөн интернет, цахилгааны төлбөрийг хөлсөлж байх хугацаанд төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд би өөрийн зардлаар төлсөн 127.639 төгрөгийн хамт нийт 347.939 төгрөгийг С.Тулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч К.Зейнеш шүүхэд гаргасан хүсэлтдээ: К.Зейнеш би С.Тулгаас 347.939 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Тулга нь нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан. Иймд миний бие үлдэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч К.Зейнеш нь хариуцагч С.Тулгад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 347.939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Тулга нь нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсантай холбогдуулан нэхэмжлэгч К.Зейнеш нь хариуцагч С.Тулгад холбогдуулан гаргасан 347.939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11100 төгрөгийн 5550 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч К.Зейнешт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч К.Зейнеш нь хариуцагч С.Тулгад холбогдуулан гаргасан 347.939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11100 төгрөгийн 50 хувь болох 5550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 5550 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч К.Зейнешт олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА